x

Тагнын Урианхайн хязгаар буюу ТУВА (I)

Тува нь СССР-ийн бүрэлдэхүүн орсноосоо хойш өдий хүртэл Оросын хамгийн ядуу районд тооцогдсоор ирлээ. 2017 оны статистикаар хүн амын 40 гаруй хувь нь ядуурлын доод төвшинд хүрчээ. Тус улсад хүүхдийн ядуурал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна. Хүн амын бүтцэд хүүхдийн тоо 35 орчим хувьтай байгаа бөгөөд ажлын байргүйн улмаас ихэнх гэр бүл тэтгэмж халамжаар амьдардаг. Ажилгүйдэл 20%. Орос улсын эдийн засагт Тувагийн эзлэх хувь: Аж үйлдвэрт-0.0%, Хөдөө аж ахуйд 0.2%, Бараа эргэлтэд 0.1%, Хөрөнгө оруулалтаар 0.0%. Оросын холбоон дотроо хөрөнгө оруулалтын эрсдэлээр 81 дүгээр байр, хөрөнгө оруулалтын чадамжаар 81 дүгээр байр, Тувад орон сууцны барилгажилт бараг явагддаггүй, авилга болон гэмт хэрэгийн үзүүлэлт Оросын холбоондоо хамгийн өндрийн нэг. Жалгархах, нутагрхах хамаатан саднаараа бүлэрхэх хандлага маш өндөр үзүүлэлттэй.

АЛБАН ЁСНЫ ТУВА

Бүгд найрамдах Тува улс гэсэн албан ёсны нэртэй Оросын холбооны хязгаар нутаг нь Сибирийн холбооны тойрогт багтдаг. Мөн Дорнод Сибирийн эдийн засгийн районд хамаарна. Тува нь Оросын холбооны Алтай, Хакас, Красноярск, Эрхүү, Буриадтай хиллэнэ, өмнө талаараа Монгол улстай хөрш. 1944 оны 10-р сарын 14-нд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орж Тувагийн автономт тойрог болсон ба 1991 оноос Тувагийн бүгд найрамдах улс гэж нэрлэгдэх болсон.

Хүн ам 350 мянга, үүнээс тува үндэстэн 82%, энэ үзүүлэлтээр Оросын холбооны субъект дотор уугуул үндэстний эзлэх хувиар тэргүүлдэг. Тува Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орсны дараа хүн амд эзлэх оросууд бараг талд нь хүрч байсан боловч 1991 оноос тэдний тоо эрс цөөрчээ. Нийслэл Кызыл 125 мянган оршин суугчтай. Тува үндэстэн Красноярскт 3 мянга, Эрхүү мужид 1500, Буриадад нэг мянга оршин бүртгэгдсэнээс гадна Монголд 3000-5000 (мончог, цэнгэлт, цаатан ороод), Хятадад 14 мянган тувачууд амьдардаг.

Тувачууд бол түрэг угсааны, саяан бүлгийн нүүдэлчин хүмүүс. Тэдний тухай Хятад эх сурвалжид VI зуунаас бичсэн байдаг. Тэд Монголын өндөрлөгт ноёлж байсан Уйгар, Хиргис, Хятан улсын бүрэлдэхүүнд багтаж байв. 1207 онд Зүчийн цэрэг ойн иргэдийг эзэлснээр тувачууд үүнээс хойш монголчуудтай хувь заяагаа нэгтгэжээ. Нууц товчоонд тэдний тухай “оорцог”, ”ойн”, ”хойн” гэх мэтээр дурссан байдаг. Хожим нь тэд хотгойдын Алтан ханы мэдэлд байжээ. Зүүн гарын хаант улсын бослогыг дарснаар 1766 онд бусад ойрд аймгийн нэгэн адил Манж Чин улсын харъяанд оржээ. 

ЖИНХЭНЭ УРИАНХАЙЧУУД

Тувачууд хэзээ ч өөрсдийгөө “урианхай” гэж нэрлэж байгаагүй, энэ бол монголчуудын тэдэнд өгсөн нэр. Тува өөрсдийгөө “тува”, ”тыва”, ”соёд” гэх мэтээр нэрлэнэ.[i] Энэ алдаатай нэр Манжийн үед засаг захиргааны өөрчлөлт хийх үед үүсчээ. Урианхайчууд бол уугуул монголчууд. Монгол үндэстэн эртний шивэй аймгаас үүссэн ба Их шивэй нь тайчууд[ii], мэнгү шивэй нь хамаг монгол[iii], олохну шивэй нь урианхай гэж таамагладаг. Урианхай аймгаас нэрт цэргийн жанжин Сүвээдэй, Зэв нар төрсөн гэдэг. Монгол улсыг нэгтгэсэн Даян хаан Батмөнхийн үеэс Монгол нь түмэн өрх бүхий зургаан том аймгаас бүрдэнэ. “Түмэн өрх” гэдэг нь 10 мянган цэрэг гаргаж чадах нийтлэг гэсэн утгатай байсан авч яваандаа овог, аймгийн нэгдлийн нэгж болон хувирчээ. Энэ үеэс “Зургаан түмэн Монгол” гэсэн нэршил буй болсон юм. Зургаан түмнийг “баруун гурван түмэн”, “зүүн гурван түмэн” гэж хоёр хуваана. Зүүн гурван түмнийг цахар, халх, урианхай гэсэн гурван түмэн бүрдүүлнэ.[iv]1538 онд Урианхайд бослого гарахад Баруун түмэн, Зүүн түмэн хоёр нийлж байгаад Урианхайг бут цохиж аймгийг нь тараагаад хүн амыг нь бусад аймгуудад ийш тийш тараан хуваарилжээ. Үүнийг далимдуулан Халх аймаг Хэнтийн нуруунаас баруун тийш бэлчээр нутгаа тэлэн Хангайн нурууг дамналдуулан нутаглах болов.[v] Цохигдсон урианхайчууд Алтай нуруу ба Хөвсгөл орчим руу зугтан нутаглах болсон. Эндээс алтайн урианхай, хөвсгөлийн урианхай гэх нэр бий болсон байна. Явсаар “урианхай” гэсэн үг хязгаар нутаг гэсэн утга давхар агуулах болжээ. 

1731 онд Халх-Ойрдын хил хязгаарыг тогтоох хэлэлцээгээр хоёр тал өнөөгийн Монгол улсын баруун хэсгээр Завхан аймгийн зүүн үзүүрээр урсдаг Буянт голоор хиллэж, ойрдууд Алтайн нуруу давж нутаглаж болохгүй, Халх аймгийн бэлчээр нутаг нь зөвхөн Алтайн нурууны араар байж уулын өмнөх халхууд зөвхөн Завханы нутгаар дамжин нүүж суух болжээ.[vi] Үүний учир нь Алтайн нуруу дамнасан Урианхайн долоон хошуу нь Ойрдод бус Монголд хамаарч байсан юм.

Канси хаан Гадаад Монголыг 34 хошуу болгон жижиглэсэн ба цаашид энэ үйл явц хүчтэй үргэлжлэн Түшээт хан аймаг 20 хошуутай, Cэцэн хан аймаг 23, Засагт хан аймаг 19, Сайнноён хан аймаг 24, Халх нийтдээ 86 хошуутай, Дөрвөд хоёр аймаг нийлээд 16 хошуутай, Алтайн урианхай нийт 7 хошуу, торгууд 2, мянгат 1, өөлд 1, захчин 1, Хөвсгөлийн урианхай 1, Урианхайн хязгаарын Тагна тува 7 хошуу гээд нэмэхээр Гадаад Монгол нь 125 хошуунд хуваагдах ажгуу.[vii]Ингэж Енисэй мөрний эх газар, Сияаны нуруу тэр чигээрээ Урианхайн хязгаар нэртэй болсон юм.

Нэрчүүгийн гэрээгээр Орос Хятад хоёр Номхон далайгаас эхлэн ерөнхийдөө Манжуур дахь хил хязгаараа тогтсон байлаа. Халх Манж Чин улсад дагаар орсны дараагаас Зүүнгарын хаант улс буюу Алтайн нуруу хүртлэх Халхын хуучин хил эзгүйрлээ гэсэн үг. Энэ үеийг оросууд далимдуулан Тагна Урианхайн хязгаар, Хөвсгөлийн хязгаарыг өөртөө авахаар оролдож эхэлжээ.

ОРОСЫН СОНИРХОЛД ОРСОН УРИАНХАЙН ХЯЗГААР

1727 оны Хятад-Оросын Буурын (Хиагтын) гэрээгээр оросууд Буриад Монголыг авсан боловч Урианхайн хякгаар нь Монголын бусад аймгийн нэгэн адил Чин династид харьяалагдсан тул оросуудад огт хамаагүй юм. Энэ гэрээний дагуу Шавийн даваанаас Авгайт хүртэл Орос-Хятадын хилийн шугамыг тогтоож хилийн 87 багана босгон, хилийг Сияны нуруугаар тогтоосон юм. 1761 оноос баруун Тагнын урианхайн тувачууд Ховдын амбанд захирагдаж, 1769 оноос зүүн Тагнын тувачуудын 5 хошуу Засагт хааны бүрэлдэхүүнд орон Улиастайн амбанд захирагдсаар иржээ. XVIII зууны эцэс гэхэд Урианхайн хязгаарын хүн ам 40 мянга орчим байв.

1857 онд генерал-губернатор Н.Муравьёв-Амурский Урианхайн хязгаар руу хүн илгээж, энэ хязгаар нутгийг Орост нийлүүлэх санал тавьжээ. Харин Ховдын амбан үүнд ихэд эмзэг хандан ирсэн оросуудыг зөвшөөрөлгүй гэдгээр нь шалтаглан баривчилж байжээ. Санкт-Петербург ч асуудалд нэг их улайрч хандсангүй. Харин орос иргэд Урианхайд дээрэлхүүлж байна гэдгээр шалтаглан 1867 онд Дорнод Сибирийн генерал-губернатор князь Алакидзе Урианхайн хязгаарт ирснээр энэ нутгийг Орост нэгтгэх санаа “албан ёсны” болж хувирсан байна. Дорнод Сибирийн губернатораас 1898 онд Санкт-Петербургт бичихдээ “Стратегийн болон эдийн засгийн зорилгоор Оросын хилийг Танну уулаар, бүр болж өгвөл Өмнө Алтайгаар шинэчлэн тогтоох нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн байдаг.[viii]

1914 он гэхэд Гадаад Монголд 1 500 – 3 000 оросууд байнга амьдарч байсны ихэнх нь Урианхайн хязгаарт байв.[ix] Оросууд Урианхайн хязгаарт улам ихээр нүүн сууршиж буй нь үндэсний үзэлт тува, монголчуудын эгдүүцлийн төрүүлж, улмаар тэд Жа ламыг хүрээлэн цэрэгт нь нэгдсэн аж. 1911 оны үндэсний тусгаар тогтнолоо сэргээх үйлсэд тувачууд идэвхтэй оролцон, хятадын худалдааны 25 цэг салбарыг эзлэн өрийн дансыг нь шатааж байсан ба хошуудаас гурван зуу гаруй эрс Магсаржавын цэрэгт хүч нэмэн орж Ховдыг чөлөөлөлцсөн тул хошуу ноён Буянбадрахыг Богдын зарлигаар гүн цолоор шагнаж байв. Хүрээнээс очсон Магсаржав, Дамдинсүрэн нар чухам л энэ Жа ламын тусламжаар Ховдыг чөлөөллөө. Энэ хувилгаан гэгдэх халимаг лам өөрийн нэр хүнд, сүр хүчээр бүхий л баруун Монгол, Тагна Урианхайн хязгаарыг хөдөлгөж Монгол дахь Манж Чин улсын сүүлчийн тулгуур болсон Ховдын хэрмийг дайрчээ. 

Монголын Урианхайн хязгаар байгалийн баялгийн хувьд ч, стратегийн хувьд ч нэлээд эртнээс Оросын сонирхлыг татаж эхэлжээ. 1881 оны Санкт-Петербургийн гэрээгээр оросууд Монголд гаальгүй худалдаа хийх эрх олж авснаар тэд Енисейн эх болох Тагнын орчмын үзэсгэлэнт газар ирж суурьших үүдийг нээжээ. Минусинск, Енисей, Эрхүүгийн губернийн худалдаачид Урианхайн хязгаарыг шинэ Эль Дoрaдо гэж харж байлаа. Алтны эрэлчид газар онгичин, араас нь тариачид ирж сууршиж эхлэв. 1896 оны байдлаар хоёр зуу орчим орос тариачин хэдийнээ газраа хагалан амьдарч эхэлсэн бол 1910 он гэхэд хоёр мянга гаруй орос зуу орчим гацаа тосгонд сууршсан байв. Алтны гуч орчим орд газраас оросууд 1914 онд жил тутам 1 440 пүү алт олборлож байжээ .[x] Тийм өгөөжтэй сайхан газар оросуудын шуналыг хөдөлгөжээ. 1907 онд Оросын худалдаачдын Урианхайн хязгаарт гүйцэтгэсэн худалдааны нийт хэмжээ 2 сая рубльд хүрч, нутгийн худалдааны тэн хагасыг хангаж байсан бол 1912-1913 он гэхэд Урианхайн хязгаарын бүх зах зээлийг тэд эзэлжээ.[xi]

Урианхайн хязгаарт амьдрах болсон Сафъянов гэгч 1903 онд Санкт-Петербург очиж Оросын ГЯЯ-нд нэгэн гомдол тавьжээ. Урианхайд амьдардаг оросууд нутгийн ноёд феодалуудын байнгын дарамтанд байдаг тул Оросын төр тэднийг хамгаалж ивээлдээ аваач ээ гэсэн байна. ГЯЯ үүнийг нь тоосонгүй. Гэтэл Урианхайн хязгаарын хэргийг II Николай хаан өөрөө ихэд шохоорхож асар их ач холбогдолтой энэ хязгаарыг Оросын бүрэлдэхүүнд оруулах юмсан гэдэг байжээ. 1911 онд Коростовец Монголын тухай илтгэлээ яаманд оруулахад сайд Сазонов Урианхайн хязгаарын асуудлыг дотор нь багтаасанд ихэд дургүйцэж байсан байна.[xii] Асуудал магадгүй II Николай хааны нөлөөгөөр дорхноо эргэн 1911 оны арваннэгдүгээр сард Санкт-Петербург хотноо Хаант Оросын Сайд нарын Зөвлөлөөс гаргасан шийдвэрт дараах байдлаар оржээ. Үүнд: 

Урианхайн хязгаар бол үржил шимт хөрстэй, ургац сайн бэлчээртэй, янз бүрийн ашигт малтмал, ялангуяа алт элбэгтэйгээр бидэнд онцгой чухал колонийн район мөн юм. Тус хязгаарыг судлахад 5 сая рубль гаргах нь зүйтэй гэж үзэж, тэнд 400 мянган тариачин нүүлгэн суурьшуулах бодлого баримтлана.[xiii]

Үүнийг II Николай хаан 1912 оны хоёрдугаар сарын 3-нд батламжлав. Мөн оны дөрөвдүгээр сард Усинскийн тойргийн захирагчид II Николай хаанаас илгээсэн бичигтээ: “Сүүлийн үед Монгол-Хятадын харилцаа муудаж Урианхайн хязгаараас хятадын худалдаачныг хөөсөн тул энэ орон зайг нь Оросын худалдаачин бушуухан эзлэн авах хэрэгтэй” хэмээн тушаажээ. Оросууд алсдаа Урианхайн хязгаарыг өөртөө нэгтгэх бодлого чухам энэ үеэс эхэлсэн нь тодорхой байна. 

Коростовецыг Монгол руу явахад нь Урианхайн хязгаарын асуудлыг огт сөхөж болохгүй, хэрэв асуудал дэвэрвэл, энэ бол Оросын онцгой сонирхлын бүс гэж тайлбарлаарай гэсэн заавар өгч байжээ. Мэдээж халхууд энэ асуудлыг сөхөж таарна. Да лам Цэрэнчимэд “Монголыг Гадаад, Дотоод болгон хуваасан, Баргыг Манжуурт нэгтгэсэн зэргийг улс төрийн шалтгаантай гэж бодъё, гэтэл Урианхайн хязгаарыг Монголоос салгачиж байгаа нь ёстой ойлгомжгүй байна” гэжээ.[xiv]

Үүнээс өмнө 1911 оны хоёрдугаар сарын 28-нд Эрхүүгийн ерөнхий губернатор Л.М.Князовын* удирдлага дор Эрхүү хотноо Урианхайн хязгаарын асуудлыг буурьтай авч хэлэлцжээ. Энэ зөвлөлгөөнөөр Урианхайн хязгаарыг хэрхэн Оросын бүрэлдэхүүнд оруулах арга замын тухай хэлэлцсэн аж. Урианхай хязгаар тийш нүүх оросуудын шилжилтийг идэвхжүүлэх, тэднийг хамгаалахын тулд хилийн цэргийг чангатгах шийдвэр гаргав. Гэвч гол хүндрэл нь шилжин очиж буй оросууд газар эзэмших болохоор бэлчээрээ харамласан нутгийн нүүдэлчин тувачуудтай хурц зөрчилд ороод буй тул цэргээр айлгах хэрэгтэй гэж үзлээ. 

1914 ондОрос улс Урианхайн хязгаарыг протекторат болгосноо зарлалаа. Учир нь, Хүрээний эрх баригчид Урианхайн хязгаарын асуудлаар туйлын гомдолтой байсан тул тува нарыг Оросын эсрэг тухирч өөрснөө янз бүрийн явуулга үйлдэх болсон нь эрс ихэссэн тул Оросын Гадаад явдлын яам нэн яаралтай арга хэмжээ авчээ.[xv] Тэнд нэгэн тосгоныг засаг захиргааны төв болгон Белоцарск гэж нэрлэснээр хэнд хамаатайг нь тод болгож өгөв. Хожим большевик оросууд ирж тосгоны нэрийг Красный (Улаан) гэж сольсноос бусдаар Хаант Оросын бүх шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзжээ. 

Ханддорж нар Оросын Гадаад яамны сайд Сазоновын амнаас анх удаа Урианхайн хязгаарын талаарх оросуудын санаархлыг сонслоо. Үүнд:

Танай бичиж өгсөн хуудсанд Урианхайн хязгаарын хэд хэдэн хошуу цөм танай Монгол улсад дагаар орсон гэжээ. Урианхайн хязгаар болвоос уулаас танай монгол овогтон бус, шашны суртал ч ихэд өөр тул танай Монгол улс тэднийг нэгэнт дагаар орсон гэж бодож болохгүй…[xvi] Тувачууд бол монгол овогтон биш, шашин нь хүртэл өөр учраас та нар тэднийг өөртөө дагаар орсон гэж үзэж болохгүй”.[xvii]

Үнэхээр ч дараа жил нь буюу 1914 онд оросууд Тагна Урианхайн хязгаарыг өөрийн протекторат гэж зарласан билээ

Гэвч 1919 онд Монголын автономыг устгасны дараа Хятадын Засгийн газрын шийдвэрээр Алтай мужийг Шиньжаанд нийлүүлж. Урианхайн хязгаарыг Гадаад Монголд буцаан нэгтгэв.[xviii]

ЗӨВЛӨЛТИЙН ҮЕИЙН ТУВА

1921 оны 3 дугаар сард Оросын Троицкосавскт Ардын түр Засгийн газар хэмээн нэрлэгдсэн хууль бус Орогнолын Засгийн газар байгуулагдав. Тэргүүлэх даргаар Чагдаржав, гишүүдэд Сүхбаатар Бодоо, Билэгтсайхан, Сумъяа, Чойбалсан нар томилогдсон ба нэг үлдсэн орон тоог Урианхайн хязгаараас суулгахаар онгорхой орхив. Гишүүн гэгдэх Бодоо Хүрээнд хууль ёсны Засгийн газарт алба хааж байсан шүү дээ! 1921 оны долдугаар сарын 1-нд Монголын Орогнолын Засгийн газрыг төлөөлж Бэгзеев, Хорлоо нар Москвад Чичеринтэй уулзахдаа Урианхайн хязгаарын асуудлыг сөхөж тавив. Шумяцкий Чичеринд зөвлөхдөө “Урианхайн хязгаарыг Монголд нийлүүлэх асуудлыг одоохондоо шийдэлгүй нээлттэй үлдээх нь зүйтэй” гэв. Урианхайн хязгаарт хувьсгалын ажилд тусалж улмаар ирээдүйд Урианхайн хязгаар нь Монголын холбооны бүрэлдэхүүнд багтана гэж Коминтерний товчоо үзэж байлаа. Иймээс Урианхайн хязгаар нь удалгүй эргээд Ардын Монголын нэг хязгаар болох юм байна гэсэн ойлголттойгоор мөнөөх төлөөлөгчид нутаг буцав.[xix]

1921 оны намар Бодоогийн ардын Засгийн газрыг төлөөлж Данзан тэргүүтэй төлөөлөгчид Москва орон Зөвлөлт Оросын Гадаад яамны төлөөлөгчидтэй уулзан хэлэлцээ хийжээ.Монголын талын мэдэгдлийн 3 дугаар зүйлд Тагна Урианхайн хязгаар хэтээс Монгол улсын харьяат нутаг болохыг түүхэн маргашгүй баримтаар яруу тод нотлоод Монгол, Урианхайн хязгаар хоёр нэгэн угсаат мөний учир гагцхүү нэгэн улс болон тогтвоос Урианхайн хязгаарт энх төвшин байдал тогтоно хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. 

Үүний хариуд Зөвлөлт Оросын Гадаад харилцааны ажилтан Духовский Урианхайн хязгаарын талаар мэдэгдэхдээ “Тагна Урианхайн хязгаарын асуудлаар… Монголын төлөөлөгчийн дэвшүүлсэн санал Оросын хөдөлмөрчин олны энхийн хүсэл эрмэлзэлтэй нийцэж байна. Оросын Засгийн газар Тагна Урианхайн хязгаарын газар нутгийн талаар ямар нэгэн санаархал байхгүй, тува ард түмэн хувь заяагаа өөрөө шийдэх эрхийг дэмжиж байна.”[xx] гэжээ. Гэтэл үүнээс сар гаруйн өмнө оросууд Урианхайн хязгаарт нэгэн тоглоомын улс байгуулаад Бүгд Найрамдах Танну-Тува улс гэж нэрлэчихсэн байлаа. Түүнээс гадна Урианхайн хязгаарт суурьшсан оросууд Оросын өөрөө удирдах хөдөлмөрийн колонийн хязгаарын хувьсгалт хороо гэдгийг байгуулаад ЗОУ-ын Үндсэн хуулинд л захирагдаж байх шийдвэр гаргасан байв.[xxi]

Үргэлжлэл бий...

Б.Баабар

* Князов, Леонид (1851-1929) Оросын төрийн зүтгэлтэн, Тобольск, Курлянд, Эрхүүгийн амбан захирагч

[i]Потанин, Григорий Николаевич «Очерки Северо-Западной Монголии» 1883

[ii]Oyunchimeg Bayangaa.VII—XII зууны үеийн монгол аймгууд.[Mongolian Tribes in VII-XII centuries]

[iii]Егунов Н. П.Прибайкалье в древности и проблема происхождения бурятского народа. (Бурятское книжное изд-во, 1984) c-207 [Egunov N.P. The Baikal region in antiquity and the problem of the origin of the Buryat people. )Buryat book publishing house, 1984)] p- 207

[iv]Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х- 113 [Miyawaki Junko Last Empire of nomads]

[v]Мияаваки Жүнко Монголын түүх: Өнө эртний нүүдэлчдээс өнөө үеийн Монгол улс хүртэл (Улаанбаатар 2017) х- 155[Miyawaki Junko History of Mongolia]

[vi]Мияваки Жунко Хамгийн сүүлчийн нүүдэлчний эзэнт гүрэн (УБ 2014) х-187 [Miyawaki Junko Last Empire of nomads]

[vii]Содномдавга, Ц. Манжийн захиргаанд байсан үеийн Ар Монголын засаг захиргааны зохион байгуулалт (1691-1911) (Улаанбаатар 1961) х-96 [Sodnomdagva, Ts. The Administrative Structure of Outer Mongolia under Manchu rule, 1691-1911]

[viii] Дацышен, В. Г. Очерки истории Российско-Китайксой границы во второй половине XIX вв (Кызыл 2000) стр-108-116

[ix] Кузьмин, Ю. В., Дэмбэрэл.К. Русская колония в Урге (1861-1920) (Иркутск 1994) х-118[Kuzmin, Yu.V., Demberel, K. Russian colony in Urga (1861-1920) (Irkutsk 1994)] pp-118

[x] Нямаа, А. Орос дахь Монгол угсааны улсууд, Бүгд Найрамдах Тува улс (УБ 1995) х-91 [Nyamaa, A. Ethnic Mongols in the Russia: Repulic of Tuva]

[xi] Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц учир (Бээжинд 1993 онд хэвлэгдсэний монгол хэлээр орчуулсан хэвлэгдээгүй гар бичмэл) х-234 [The Secret of Outer Mongolia`s independence]

[xii] Коростовец, И. Я. От Чингис хана до Советской республики (Издательство “Эмгэнт” Улаанбаатар 2004) стр-255-56 [Korostovets, I. Ya From Genghis Khan to the Soviet Republic (Ulaanbaatar 2004)] p-255-256

[xiii] Нямаа, А. Орос дахь Монгол угсааны улсууд, Бүгд Найрамдах Тува улс (УБ 1995) х-92 [Nyamaa, A. Ethnic Mongols in the Russia: Repulic of Tuva]

[xiv] Коростовец, И. Я.От Чингис хана до Советской республики (Издательство “Эмгэнт” Улаанбаатар 2004) стр-249 [Korostovets, I. Ya From Genghis Khan to the Soviet Republic (Ulaanbaatar 2004)] p-249

[xv] Коростовец, И. Я. От Чингис хана до Советской республики (Издательство “Эмгэнт” Улаанбаатар 2004) стр-258 [Korostovets, I. Ya From Genghis Khan to the Soviet Republic (Ulaanbaatar 2004)] p-258

[xvi] Ханддорж, Чин ван. Аливаа хэрэг зүйлийг товчлон тэмдэглэсэн данс (Үнэн сонин 1991) [Khanddorj Chig Wang Concise notes of all events]

[xvii]Тачибана Макото Монголын мартагдсан түүх. Богд хаант Засгийн газар (1911-1921) (Улаанбаатар 2011) х-128 [Tochibana Makoto Forgetten history of Mongolia: Government of the Bogd Khan]

[xviii] Болд. Равдангийн Монголын тусгаар тогтнол ба Америкийн нэгдсэн улс (1910-1973) (Nepko publishing паблишин 2008) х-87 [Bold, Ravdangiin. [Mongolian independence and USA]

[xix] Лузянин, С. Г. Россия, Монголия, Китай в первой половине XX в. (изд-во Института Дальнего Востока РАН, Москва, 2003) стр-111 [Luzyanin, S.G. Russia, Mongolia and China in thefirst half of the 20th century]

[xx] Гадаад харилцааны төв архив ф-117 х/н 01 [The Ministry of foreign relationship`s central archive]

[xxi] Нямаа. А. Орос дахь Монгол угсаатны улсууд, Бүгд найрамдах Тува улс (УБ 1995) х-97 [Nyamaa, A. Ethnic Mongols in the Russia: Repulic of Tuva]

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 7 цаг 9 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top