Монгол араншингийн ясны гажиг өөдлөх боломжийг маань үрэн таран хийж, шүүмжлэх тусам гаарч уршиг нь хүн амаа хоосруулав. Яах вэ? Бичээд бичээд нэмэр алга. Сургуулийн минь хайрласан мэргэжил, гэдэс тэжээсэн ажил минь дон болж архагшаад салах янзгүй. Дэмий суухаар элийрч байя гээд хэдэн муу хуучин нийтлэлээ тавив. Сонирхох зугаацах хүн гарвал энд тэндээс нь ч атугай уншина биз. Муу муухайгаа эгүрт хаяхсан. Дутагдалдаа эмзэглэх зовиурыг хошин мэдрэмж гэж бүдүүвчлээд үз. Хошин мэдрэмж бол муугаас сэрэмжлэх дархлаа. Хувь хүн болоод нийгэм харш зуршлаа жигшиж, үтэр түргэн орхивол дорвитой үсрэлт болно гэж итгэсээр насыг элээв.
1960-аад онд хоёр зуу мянга орчим хүн ам, задгай жорлон, эсгий гэрээс бүрдсэн, халаалтын шугамгүйгээс нүүрсний утаанд бүрэлзсэн хөөрхийлөлтэй нийслэлээ, хот үзээгүй нүүдэлчид Азийн цагаан дагина гэж бахархсан нь нэг бодлын өрөвдөлтэй. Харин өдгөө хуучнаа магтах гэж тэч ядагчид “Азийн цагаан дагина гэж алдаршсан Улаанбаатар минь ардчиллын үед Утаанбаатар болгов” гэж гаслах нь хошин мэдрэмжээр бол инээдэмтэй. Гадаад жуулчин манай хотын тухай бичсэн нь: Хүн дүрстэй олон малын бөөгнөрөл. Тэнд соёлын талаар яриад ч утгагүй. Байшин хашаа руугаа сарина. Хүн бүр шүлс нус цэрээ хандсан зүг рүүгээ нулимна. Хотын дүрмийн талаар яриад ч хэрэггүй.
Ямар сонсогдож байна Чингисийн монгол гуай? “Монголчуудын дунд тэдний дэг журмыг өчүүхэн төдий зөрчихөд тэд бүгд омойрон дайрдаг тийм журамлаг ард түмэн” гэж биднийг гадныхан магтдаг, амьдрал дээр Монгол үнэхээр тийм дэгтэй улс болбол би л хувьдаа ХIII зуунд монголчууд дэлхийн талыг эзэлж явсан гэж онгирохоос хамаагүй илүү нүүр бардам бахархана.
Монгол даргын галбир
Социализмд өрсөлдөөн ганц байв. Тэр нь дарга болох. Бидэнд хүчээ сорих өөр бизнес байсангүй. Үйлдвэрт нормчин, нэгдэлд малчин болохоос зугтана. Дарга болбол жирийн олноос арай давуу. Томорвол тусгай хангамж яригдана. Дарга болохын төлөө үнэнч андаа матах энүүхэнд. Дарга болж онгирох дон монгол хүнд ясных агаад аль ч нийгэмд балаг тарьсаар иржээ. Хаад ноёд чухам яаж даварсныг нүдээр үзээгүй ч социалист урлаг уран зохиол тэднийг үнэмших аргагүй ой гутам шившиглэснээс үүдэж итгэх бүү хэл өмөөрөх эргэлзээ дагуулсан. Харин коммунист дарга нарт дарлуулж, доромжлуулж явсны хувьд тэднийг гадарлана. Тэдэнд бухимдавч 40-50 мянгаараа хэлмэгдсэн шарх аниагүй тул мань зориггүй-үхээнц. Дотроо бөөн гомдол тээсэн хулчгар маниус дээрэлхүү дарга нараа магтаж, огт үзээгүй хаад ноёдыг “хоцрогдлын бузар үндэс” гэж зүхэж жүжиглэнэ. Даргын суудал горилж яваа нь тэр.
Даргын угшил-жанжлах. Жанжнаас дарга арай боловсон. Жанжин “Муусайн юмнуудад дүрээ нэг харуулъя. Хийморь нь сэргэг” гэж ханхалздаг байсан бол дарга олныг цуглуулаад “Намын бодлогод эргэлзэгч хэн байна, тэр этгээд гараа өргө” гэж шаардаж сүнс зайлуулна. Жанжин үеэ өнгөрөөж, даргын зуун ингэж эхлэв. Дарга нар жирийн ардыг дорд үздэг дээрэлхүү зангаа нуух авч тэр нь ил. Зориуд шахсан аргил дуугаар “Хэн гэнэ ээ чамайг?” гэж хүний нэрийг дүлий балай мэт дахин дахин хэлүүлнэ. Орос хэлийг хэт сурвал монгол хэлээ мэдэхээ больдог гэх моодоор гангараад ч байх шиг янзтай. Нэг орос үг хэлчхээд “Монголоор орчуулж би чадахгүй байна. Юу ч гэмээр юм бэ дээ” гэж өөрөө монгол атлаа орос хүн болох гэдэг бөгөөд бусдыг “зөвлөлтийн эсрэг үзэлтэн” гэж хардаж айлгадаг арга барилтай. Нүдээ голдуу аниатай байлгах авч хагас аниатай дээд доод зовхныхоо завсраар ажилтнаа тагнаж зүрхийг үхүүлнэ. Ийм марзан дүртэй дарга нар МАХН-д зуун жил боловсорч-өргөмжлөгдөн хүчээ авсаар толгойд асчээ.
Яагаад ийм бүдүүлэг дарга үүсэв гэвэл харц ардаа хуулийн хяналтгүй дураараа жанжилдаг дов жалгын хаад ноёдын авир биднээс салаагүй нь дэвсгэр болсон байх. Үйлчлүүлэгчээ тоодоггүй өдгөөх албан хаагчдын дээрэлхүү зан бол омог бардам хаад ноёдоос эхтэй гэх гээд байна би. Гэхдээ монголчууд адгийн амьтад бус бүх үндэстэнд ийм адгуусалга угшил нуугдаж буйг зохиолчид бичсээр иржээ. Дарга гэгч сэтэртээ онгирсон гар үйлчлүүлэх гэсэн иргэнээ дарамталж, хааж, боож таашаал авна. Мунхаг таашаалаа олдошгүй сэнтийн онцгой эрх гэж сагсуурдаг гангараа Монголд хуучраагүй байна. Ийм бүдүүлэг ааш авиртай монголчуудаас олигтой түшээ төрөх үү. Үйлчлүүлэгчээ хохироодгоо нам засгаа хамгаалж буй эх оронч сонор сэрэмж гэж мунхаглан оодордог гээч. Дарга сэтэр зүүмэгц ард олноосоо эрх дархаар томров гэж онгирох тэнэглэл ХХI зуунд амжилт олох бүү хэл ад болж эхэлсэн нь олзуурхам. Үүнийг мэдэрч, даргалах бус үйлчлэх учиртайг ухаарсан түшмэд л чухал байна.
Хөгийн дүртэй дарга нарын дор социализмыг гардан байгуулагчид нь бас их янзтай. Хуурамч үзүүлэлтээр зориуд мандуулсан улсын аварга малчин, ажилчин, тариачин гэх онгироо “гарууд” хөөрсөндөө хэнхэг өвчинд солиороод нутаг ус үйлдвэр цехийнхээ хамт олныг “Миний амжилтад хүрэхийн төлөө урагшаа” гэж хөлдөө чирнэ. Амьд плакат болсон малчин энгэр дүүрэн одон эзгүй хээр яралзуулж мал сүрэгтээ гайхуулна. Тэдний рекорд хүрэхийн аргагүй өндөр. Нам засаг тэдний рекордыг зохиож, “Аварга ийм амжилтад хүрч чадсан байхад адил нөхцөлд ажиллаж буй та нар яагаад чаддаггүй юм бэ” гэж бусдыг дарамтлах шахаа болгоно.
Шахуулж буй масс нь харанхуй гэж хачин. Сохроор шүтэхээс илүү ухаан тэдэнд төрөхгүй. Уг нь төрөлхийн оюун нь хайчихав, сэтгэх хүчтэй мотор гавалд нь бий л дээ. Түүнийгээ ажиллуулж сурах нь байтугай хэрэглэж ер үзээгүй улс. Шашны сургаалаас юу ч гадарлаагүй атлаа гагцхүү мухар сүсгээр духаа цоортол мөргөж явснаа болчхоод Ленин гэгч хэн бэ гэдгийг тунгаалгүй сохроор шүтсэн коммунистууд. Мухар сүсэгтнийг нэг үзлээс нөгөөд урвуулах түвэггүй. Учир нь тэдэнд эргэлзээ төрүүлэх суурь мэдлэг гэж байдаггүй. Дарга гэдгийг дуртайгаа үйлддэг ер бус тусгай хүн гэж сөгдөхөөс, даргад эрх бас үүрэг гэж байх ёстойг сэтгэх сөгөө социализмыг гардан байгуулагчдад төрсөнгүй. Төрүүлсэнгүй.
Харамсалтай нь өдгөө манай ардчилсан төр засагт хуучирсан галбираар гангарагч дарга цөөнгүй цохиж явна гээч. Нялхаараа хэрнээ дуу хоолой, гүзээ, алхаа гишгээ, бүхэлдээ бие бялдрын хүмүүжил нь соц. үеийн намын ажилтан яг мөөн золиг чинь. Өвгөн миний ач зээ нарын үе монгол даргын коммунист галбирыг бүр хуулчихаж! Хүүхдүүд үзээгүй галбираа яаж ингэж дуурайж чадав аа? Гадаад галбир ч бас яахав онц нөлөөгүй гэж үзье. Хамгийн гол нь гадаад бүдүүлэг төрхөө дотоод үзэл нь шууд дагадаг нь юутай зэвүүн бэ. “Миний намын буруу байсан ч би намдаа амиа өгнө” гэж сүржигнэнэ. Нам гэж юу юм бэ? Бүлэг этгээдийн төрд асах тохиролцоо биз дээ. Нам хормойдсон нусгай галбирууд эгээ л Сталинаас айсан орос коммунистууд шиг арчаагүй царайлна. Айлгадаг комиссарууд ардчиллын өнгөнд тонилсон байлтай. Эсвэл тонилоогүй юм уу. Тонилоогүй бол ч бас хөөрхий шүү. Зовлонг нь мэдэхгүй зөнөг хадуураад байна уу. Дураараа дургидаг ганц намын дарангуйллаас төрдөг даргын галбир юм л даа энэ. Бүдүүлэг галбираа муухай гээд хаях хэмжээнд гэгээрээгүй кадрууд эдүгээ төрийн ордноор дүүрэн. Ерөнхийдөө том бага тойрон хүрээлэгчдийн угсаа. Тэд удмынхаа “үнэт галбирыг” дээдлэн хадгалсаар төрийн албанд сүргээрээ жаалж явна. Тэдэнд юун хуулийн засаглал. Эрдсээрээ дэлхийд өрсөлдөх юун урлаг. Том төслөөрөө валют уутлах юун мэдлэг, менежмент, англи хэл. Яг л нэгдлийн дарга.
Өнгөрөгч зуунд цүндгэр гүзээ унжуулсан дарга гэмт хэрэг үйлдвэл шившгийг нь нуух ёстой намч ухамсар доодост шингээжээ. Үүнийгээ “намаа хамгаалах коммунист төлөвшил” гэнэ. Дур гутам цувдайд охид бүсгүйчүүд бузарлах юу ч биш гэх бичигдээгүй хууль харанхуй нийгэмд ноёлно. Энэ үзүүлэлтээр авч үзвэл бүрэг дорой ард түмэн өөрсдөө бүдүүн агаад бүдүүлэг дарга бүтээсэн ч юм шиг. Тийм тэнэг шалгуураар монгол даргын загвар бүрэлдээд, хүндлэгдэн дээдлэгдсээр өдгөөтэй золгожээ. Бүдүүн агаад бүдүүлэг даргын залгамж чанараа харин бид хаа очиж хаяхгүйдэг ээ. Тэгэхээр бүдүүн дарга нар буруутайн дээр бүдүүлэг масс мөн буруутай аж. Ямар ард түмэн байна тийм дарга байх эмгэг Монголд ужгирч, харин бусад орны масс гэгээрснээр дарга нар нь ухаажав.
Мега төслүүд, дэд бүтцээ гялалзуулж, малынхаа мах яс арьс үсийг дэлхийн стандартаар боловсруулах алтан боломжоо монгол даргын галбирууд 30 жил гацааж, оросын нүүрс эрчим хүчний магнатуудыг баяжуулахын төлөө улаан нүүрээ улалзуулан чардайсны шанд өөрсдөө хөөрхөн баяжив. “Монгол даргын галбир”-уудыг харанхуй масс шүтэж дахин дахин сонгохыг соёлт дэлхий шоолсоор.
ХХI зууны оюуны тэсрэлт хүн төрөлхтөний хөгжилд гайхам хурд нэмлээ. Энэ гайхамшиг өөд бүгд тэмүүлэв. Харамсалтай нь ХХI зууны оюуны их тэсрэлтийн чичирхийлэл монгол даргын ялзарсан ёс зүй, монгол сонгогчдын тархины мөнх цэвдэгт мэдрэгдсэнгүй. Тэнэг улс Лусын хишгээр хөгждөггүй юм байна. Байгалийн баялгаас гадна хүний тархи шийдвэрлэх үүрэгтэй баялаг ажээ.
Эмзэглэх-эрүүлжих дохио
Эх оронч үзэл ч гэнэ үү, улсын нууц ч гэнэ үү монгол хүн монгол хүндээ амь яриагаа энүүхэндээ сэм шивнэхэд бид хээл хахуульд дургүй гэж ханхалзах авч алгаа тосдог өөдгүй зантай нь үнэн шүү. Төрийн түшмэдийг авилгад донтсон гэхэд хилсдэхгүй хэмжээнд ялзарчээ. Бид хахууль авдаггүй хатуу хүмүүжилтэй бол авилга өгөх гэсэн гадна дотны этгээдийг барьж аваад шийтгэнэ. Энүүхэндээ шивэгнэхэд бидэнд хэн ч хүчээр хахууль тулгаагүй.
Монголчуудаа, гар тосдогоо болиоч. Арван лангийн ембүүнд алгаа тосдог аав уу даа, хорин лангийн ембүүнд хормой тосдог ээж үү дээ гэх дууг оргүйгээс зохиосонгүй. Энэ дууны үгээр бол алга тосдог ичгүүртэй зан муу нэрт ардчиллаас үүсээгүй бүр эртнийх байх нь.
Энэ бузраа ХХI зуунд хая. Авилгад алга тосохгүй амьдрах-хүн өөрөө шийдэж дөнгөх хувийн жижиг асуудал. Авилгагүй улс болж чадаж гэмээнэ өгөөж нь ёнцгор. Ийм ил тод үнэт зүйлсийг яагаад ашиглахгүй алга тосдог шуналд бүдчиж, өөрийгөө, эх орноо хорлоно вэ. Бүтэн ухаантай бол ингэмээргүй еэ. Алга тосдог монгол гутамшиг-алдагдалд өм цөм унагаж буйг нийгэм мэдрээд бухимдах болсон нь олзуурхам. Дарангуйлалд эмзэглэн ёо гэвэл эсэргүүн болдог коммунист нийгэм ардчиллын өнгөнд жагсдаг нийгэмд хувирсан нь доройтол бус дэвшил.
Нийгэм бухимдах-эрүүлжиж буй үйл явц. Нийгэм эрүүлжиж байна гэдэг иргэд ёс зүй, үйл ажилдаа шүүмжлэлтэй хандаж буйн илрэл. Тиймээс сайн талаа магтаж хөөрцөглөхөөс урьтаж муу талдаа эмзэглэж эмчилбэл нийгэм эрүүлжинэ. Энэ бол шог зохиолчийн хөтөлбөр. Монголчууд ажлаа чанарын өндөр түвшинд хийж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр тэмүүлдэг болсноор өөрийгөө магтах бус өөрийгөө голж, өөрийгөө өөд татаж эхлэв. Ялангуяа залуус найрамдал-дружбаг сохроор бишрэгч хөгшид биднийг чамлаж, шинжлэх ухаан технологийн зууны ажил хэрэгч бизнес өөд эргэлт буцалтгүй тэмүүлэх боллоо. Хөрш хэдий сайн ч өөрсдөө бие дааж, өөрсдөө толгой мэдэж бүтээхээс унацтай нь хорвоод үгүй.
Өөрсдийгөө шилмэл сорууд гэж битүүхэн пээдийдэг гишүүдийн хэрүүлийг ажихад хөгжлийн оньс-гоц гойд хувилбар сэтгэж буй гишүүн алга. Мулгуу дүнхүү үнэ цэнэгүй харгалдаанынх нь араас ямагт хувийн аминцар шунал ханхалдаг. Гайхамшгийг сэтгэх уг нь урам-таашаал-гоёл. Ерөнхийдөө-жаргал. Урам, таашаал өөртөө буй болгох чадваргүйн гуниг атаа жөтөөгөөр кайф авах донд хөтлүүлдэг. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл оюунлаг гишүүд урам бадраагч хөгжлийн хувилбараар уралдаж таашаал хүртдэг бол мулгуучууд нөхдөөсөө дутуугийн атаархлаар хор найруулж, найруулсан хор нь ялалтад хүргэснээр маадайж суудаг. Худал гэвэл “огцруулах”, “томилох” хоёрхон асуудлаар хэрэлдэж тэмцэлдсээр сонгуульт дөрвөн жилээ бардаг биз дээ. Зарим нь бүр цус үзэж тайвширдаг гаж донтон шиг огцруулж байж л гүйцэд амарна.
Бүтээх чадваргүй гавалд зөвхөн нураах хорсол өмхийрч байдаг. Ажил сайжруулах мэргэн арга сэтгэх чадваргүй, зөв бодлого боловсруулахад тархи нь хүрдэггүй мохоо атлаа жөтөөрхүү этгээдээс ийм зан салдаггүй. Эцсийн зорилго нь илүүрхсэн андуудаа гүжир аргаар ч хамаагүй намнах. Хүч дутвал хэтэвч нэг бүлгээрээ азаргалах. Бөндгөрт нь нийтэч бодлын зай заяагаагүй бол эмгэнэл юм даа.
Огцруулахаар дагнах бус хамтарч баялгаа арвижуулахад ухаан уралдуулж, тархинд барагтай буумгүй гайхам бодлогын хувилбарууд нээгтүн. Гишүүд та нарын гавалд тийм агуу сэтгэх хүч аав ээж чинь хайрласан байгаа. Амьдрал-бэрхшээл. Бэрхшээлийг оюунаар давдаг. Сүрдүүлсэн гадны гацааг эвтэйхэн гаталснаар хөгжил цогцолно. Аз дутахад гацаадаг зуршилтай хүчирхэг хөрш бидэнд заяажээ. Ашигт малтмалаар арвинаа дөрөөлж гаднаас хөрөнгө оруулалт цутгах нөхцөлийг бүгдээрээ элбэж бүтээ. Сэтгэх багтаамжаа тэлж чадвал түүхий эдээ боловсруулж үнэ хүргэх тоглоом. Унац агуу. Ухаан сийлж баялаг бүтээхийн төлөө уралд. Ухаан бүхнийг чадна. “Огцруулж томилох” жонхуу хутгахаас хэтэрдэггүй гишүүд яваандаа шившиг болж масс тэднийг сонгохоо болино.
70 жил сохор мэт Оросоор хөтлүүлсэн бидэнд дэлхийн тавцанд бие дааж өрсөлдөх туршлага дутсан. Сул талаа ухаарч егзөр ухаанаар хянуур давших зуунд хүссэн хүсээгүй хөл тавьжээ. Баялаг байна. Ухаан суувал Монгол жижигдэхгүй. 30 жил мулгуутсаны балгаар хаширвал хаширмаар хохирол амсав. Одоо яая гэхэв бие биеэ уучилъя. ХХI зууны адармаатай өрсөлдөөний бартаат харгуйд дахиж хазгай гишгэхгүй аваас хөгжих нөөц дуусах яагаа ч үгүй.
Сонгуульд ялах юу юм бэ? Адилхан монголчууд юм чинь нэг нь олонх нөгөө нь цөөнх болно л биз. Ямар дайсандаа ялагдаж байгаа биш. Үүнд бүр үхэлдэж хамаг байдгаа гүвэх юм. Дахин сонгогдох гэж том амлаад, том амлалтаа гадны өндөр хүүтэй зээл тарааж байж хоосорсноо бүү март. Асар их баялаг бүтээж, төсөр үнээр олондоо түгээж баяжих-төр түших гэж элдвээр хочлуулснаас буянлаг. Буяны чинь зам ердөө энэ.
Эрхэм улс төрчид минь сэтгэх цараагаа тэл. Сул олз-авилга цавьчаагаар баяжих зэтгэр сэтгэхүйг чинь бузарлажээ. Оюуны багтаамжинд чинь ерөөс ашиглагдаагүй үхмэл нөөц их бий. Тэр нөөцөө амилуулбал хямралаас өлхөн гарч, гацсан төслүүдээ хөдөлгөхөд элбэгдэнэ. Оюутолгой Тавантолгой орд хэмжээтэй, оюуны баялаг бол шавхагдашгүй ундаргатай. Тархиндаа заяасан сэтгэх баялгийг бүрэн ашиглахгүй зөвхөн албан тушаал, эрх мэдэл, амин хувийн явцуу шуналд дөрлөгдөн хор найруулсаар яваад тархины чинь өчүүхэн хэсэг л ажилладаг болж. Дийлэнх хэсэг нь ажиллахгүй унтсаар үхжилтэд оржээ. Хав харанхуй гавал дотор чинь “огцруулна”, “томилно” гэх хоёр улаан гэрэл ёлтойж байна. Хөгжлийн гарц олж тэмтрэх увидасгүй эрх баригчид огцруулах томилох хор найруулахдаа гаажтай. Харцанд нь занал үсчиж, хохимойд нь хор буцалдаг.
Сэтгэлгээ явцуурах-тархины судаснууд бөглөрч тэжээл дутсаных. Оюуны тэжээл бол тархины гимнастик. Дасгал ханасан тархи цэлэлзтэл сэтгэдэг. Яг л формдоо орсон тамирчин шиг. Монгол хүний тархи төрөлхийн сул дорой бус. Бидний тархины багтаамж бусад үндэстнийхтэй ижил. Тархиныхаа чадамжийг шавхаж ашигладаггүйгээс сэтгэх эд эс хатингаршсан байж магад. Хөдөлгөөн дутагдсан булчин шөрмөс сулрах мэт. Тархиныхаа талыг юм уу, талын талыг юм уу дөнгөн данган атаа жөтөөндөө ажиллуулдаг хүмүүс дүнхүүтэх нь зүй. Бүрэн бус техник хөдөлгөөнд орох хориотой. Гэтэл бүрэн бус тархи УИХ-аар дүүрэн. Бүрэн бус тархи олонх цөөнхөө татаж унагахаас цаашхийг сэтгэхгүй, эх орноо хөгжүүлэхэд мэдлэг нь хүрэхгүй, олигтой яваадаа атаархаж, татвар төлөгчдийн мөнгөнөөс ахиу хумслахаар шүлэнгэтэх төдий л мунхаглаж явна.
Коммунист нийгмийн үлдэгдэл-бидний загварыг залуус бүү өвлө. Уршиг нь барагдахгүй. Хоцрогдол-бүдүүлгээс ундаргатай. Хуучинсаг маниусын сэтгэлгээг өндөр хөгжилтэй орны хөгшдийн сэтгэлгээтэй жишээд үз. Тэгээд ямар хоцрогдол монгол хөгшдөд байна, түүн дээгүүр залуус минь дүүл. Дүүлэхдээ Лениний онолоор мануусын капитализмыг харайсан онигоог давтуузай. Хойшид та нар социалист нийгмийн бүтээгдэхүүн-бидэн шиг дэлхий дээрх хамгийн болхи сэтгэлгээтэй, тэгсэн атлаа хуучнаа ад хөдлөм хамгаалагч хийтэй хэнхгүүд бүү яв. Хорвоогийн шившиг явахгүйн тулд сэтгэх багтаамжаа тэлээд бай. Монгол тархи чинь оргилоод өгнө. Монгол гавлын багтаамж хязгааргүй. Япончууд оюунаараа баяжсан бол бид түүхий эдээрээ аргацаадаг. Тиймээс даруу бай. Оюуны баялгаараа амьдрах цаг иржээ хүүхэд минь. Түүхий эдээрээ панз үсэргэж хөлжөөд хэтдээ оюунаараа баяжвал хүн төрөлхтөний хүндлэлийг жинтэй татна гэж мэд.
Дэлхийн дээвэр
Жилд эргэх 12 сарын 8-д нь гэнэт гэнэт улаан шороо манарч, үе үе цасан шуурга хуйларсан бөмбөрцгийн хөлдүү дээвэрт эрдэс олборлоход хөрөнгө хүч асар их ордог бөгөөд ашиг гарах бүү хэл алдагдалд унана. Дэд бүтэцгүй нүд алдам нүцгэн цөлд хэн ч хөрөнгө оруулж мөнгөө үрэхгүй. Бид газар дорх баялгаараа баярхаад суухаас олборлоход хичээн зоос орохыг төсөөлдөггүй. Уур амьсгалын таатайгаас таагүйг эрэмбэлсэн жагсаалтад Монгол сүүл мушигсан. Олон улсын судалгааны дүн тийм. Худал гэж заргалдлаа ч нутгийн хахир ааш нуух аргагүй догшин.
Хэтлэшгүй аглаг хоосон зай, ангамал говь цөл, нутгийнхны “тусгаар тогтнолоо алдана” гэх эх оронч галзуу сэрдлэг нугаршгүй. Энэ бүхнээс хөрөнгө оруулагчид шантардаг. “Тусгаар тогтнолоо алдана” гэх айдас-өнгөрөгч зуунд Кремлээс дэврээсэн “Империализм, Хятадын аюул” гэх суртлаас үлдсэн эмгэг юм.
Бүлээн тэнгисийн мөнх ногоон хөвөө биш, бөмбөрцгийн аймшигт хахир хүйтэн дээврийг булаан эзлэх гүрэн гарахгүй гэдэг монгол хүн цөөнгүй ч үг алдвал улстөрийн яланд унадаг тул Америк, Хятадын аюулаас айсан дүр эсгэж, 70 жил шороо хөдөлгөсөөр 1990 онтой золгуут яасан гээч. Нөгөө айдас хаачсан, нам засгаа буулгахаар боссон гэж байгаа. Нуулгүй хэлэхэд зоригтойдоо бус Зөвлөлт импер нурсныг далимдуулж бүгд эх оронч баатар болж онгирсон юм. Омогшил нь сүржин ч урт гар сунаж орж ирээд няслах гэвэл “эхэлж жагссаныгаа” барьж өгөх урвагчид мундахгүй гарах байв. С.Зоригийгоо яалаа? Э.Бат-Үүлийгээ яаж байна?
ЗХУ бутарснаар бид эрх чөлөөтэй болсон ч зах зээлд живэх мэт хөл алдлаа. Учраа олохгүй баахан мунгинав. Нэг үгээр зах зээлд өрсөлдөх аядлаа. Үлийгээрээ өрсөлдөхөв. Толгойдоо мэдлэггүй, өвөртөө долларгүй-өрний бөөс. Байгаа нь газрын гүнд орших баялаг гэх сураг төдий чулуу шороо. Хүрзнээс өөр багажгүй. Хүрз-импорт. Ганц горьдлого-гадны хөрөнгө оруулалт. Манай кокс, төмрийн хүдэр, зэсийн ордууд аварга хэрэглэгч Хятадтай хиллэдгийг гадны бизнес эрхлэгчид шохоорхов. Том том компани, корпорациуд хаалга тогшлоо.
Америкийн “Пийбоди”-нүүрсний аварга компани. Араас нь “Вале”-төмрийн хүдэр олборлолтоор нэгд жагсдаг бразил компани. Канадаас ураны “Денисен майнз”, “Хан ресурс”. Харамсалтай нь бүгд гараад явчихсан. Бодлого тогтворгүй, хууль хувьсамтгай, бас гадна дотны санхүүжилтэд оодорсон ТББ олонтой улсад хөрөнгө оруулагчид тогтдоггүй аж. Монголд байдал ямар гээч? “Хан ресурс”-ийг Оросуудын тулгалтаар хөөж гаргатал канадууд заргалдаад Арбитрын шүүх Монголыг олон сая доллароор торгов. Эцэст нь “ВНР ВiIIitоh”, “Англо Американ” ирж манай хууль эрх зүйн нөхцөлийг судалмар аядсанаа толгой сэгсрээд эргэж харалгүй арилав. Тэсэж үлдээд хараалгаж, хөөгдөж буй нь ердөө “Рио Тинто”, “Арево” хоёр. Цаана нь манай солиотууд яаж ч доромжилж байсан зайлдаггүй Хятадын жижгүүд.
Онгон дагшин уул усаа сэвтүүлэхгүй гэж цээжээ дэлдэж, гаднын хөрөнгө оруулагчдыг хөөдгөөрөө зартай поп улстөрчдөө “эх орончид” гэж сонгууль бүрээр сонгоод амтшуулав. Нөгөөдүүл нь давраад хөрөнгө оруулагчдаас авилга нэхэхдээ царай нь улсхийхгүй болтлоо зэсэрчээ. Авилга өгч орж ирсэн бага гарын хөрөнгө оруулагч бизнесээ эхэлмэгц нутгийн дарга нар дээдсээ дуурайж хахууль авахаар “эзлэгдлээ, устлаа” гэж харанхуй малчдаа тэмцэлд босгодог жүжиг дэлгэрэв. Төмөр хас сахиуст үлэмж биетнүүд нэмэгдвэл жижиг гарын бизнес будаа.
Уурхай эрхэлж үзээгүй, хуулиар амьдарч сураагүй малчны удам алтанд шунаж нутгаа энд тэндгүй сэндийлж сүйтгэв. Нүд алдам орон зайг сорчлон оторлож нутагладаг нүүдэлчид нөхөн сэргээлт гэдгийг тоохгүй. Гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг хөөдөг рейтингээрээ босоо Гамбаа золтой л ерөнхийлөгч болчихсонгүй. Ганцхан хуруу дутав. Эдүгээ “эзлэгдлээ шулагдлаа, ууслаа устлаа” гэх давчидсан эх орончид хот хөдөөгүй яасан ч их олширч, яасан ч их үнэд хүрээ вэ. Тусгаар тогтнол үнэгүйдлээ, аюулгүй байдлаа алдлаа гэж хийморьтойхон попорвол юманд хүрч байна. Мега төслүүдээ гурав дахь хөрш болон хятадуудтай хоршвол тусгаар тогтнолоо алдана гэдэг гишүүд олширч од болов.
Тусгаар тогтнолоо алдах нь гэж сандарсан эрх баригчдыг харахаар “тусгаар тогтнолоо үнэхээр алдаж буй юм байж” гээд цочирдмоор. Манай аюулгүй байдал, тусгаар тогтнолыг устгахаар гаднаас тэгж их заналхийгээд байгаа юм уу. Үгүй байлтай. Их цөлийн дундахь ардчиллын бяцхан оазис гэгдсэн Монголд тусалъя дэмжье гэж хандсан гурав дахь түншүүд зайлах ч дүүрч. Харин “тусгаар тогтнолоо алдах нь” гэж өвчигнөдөг хийрхэл маань хойд их хөршид хаягласан өдөлт мэт харагдвал яана. Зөвлөлт Хятад хоёр эвлэрч буйг Ю.Цэдэнбал танталгүй үнэнчээ дөвийлгөн магтуулах гэж хятад иргэдийг Улаанбаатараас хөөж байж хусуулсан.
Хоёр их хөрш Монголын аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа уг нь. Аюул нөмрөхөд хоёр хөршөөсөө тусламж гуйж таарна. Хоёр их хөрш маань өчүүхэн хөрш рүүгээ бие биеэсээ жийрхээд довтлохгүй. Үгүй ядаж дэлхий дахины нүдний өмнө бөөсөнд хутаг хэрэглэхээс нэрэлхэнэ. “Чингисийн Монгол” гэх хоосон алдар нь гэхэд л тусгаар тогтнолын дархлаа болдог. “Дээдэс минь халуун амь, бүлээн цусаараа хамгаалсан тусгаар тогтнол” гээд бид сүржигнэхдээ аймаар. Бөмбөрцгийн мөс цасан дээвэр дээрх бидэн рүү түүхэнд хэн ч довтлоогүй. Харин бид л гадны баян тансаг хот руу дайрч дээрэмддэг байж. Тусгаар тогтнолоо сэвтээхгүй гэх омог савангийн хөөс үү, чулуу юу. Эргэлзээтэй. Эсвэл мөнгө, сэнтий юү?
Том төслүүдээ бие даагаад хөдөлгөх тийм их хүч хөрөнгө бидэнд алга. Ганц боломж-гаднын хөрөнгө, технологид дулдуйдан хамтрах. Гэтэл тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэж хийрхсэн эх орончид нөгөө ганц боломжийг маань хаачихав. Эх орончдын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэх баатарлаг тэмцэл ачир дээрээ амин хувьдаа сул ашиг олох шунал шүү дээ. Лиценз олгосон хөрөнгө оруулагчаа засгийн газар хамгаалах байтугай шулагч гэж сурталдана. Тэр жалганд, энэ довонд хятад хөрөнгө оруулалттай компанид лиценз өгөх гэлээ. Ингээд байвал Хятадын нэг муж болж Монгол устана гэж малчид улстөржинө.
Найз маань баяжчихгүй бол би хувхайрсандаа яахав гэх атаач зан монгол брэнд. Хөршөө дажгүй ашиг олох бизнес хөдөлгөвөл түүнийг унагах шалгарсан зэвсэг бол “тусгаар тогтнол, аюулгүй байдалд хор учрууллаа” гээд хамар хашаан дээгүүрээ өнгийгөөд орилоход нөгөө муу хөршийнх нь бизнес дашин шог болно. Малаа жилд хэдэн саяар Орос руу тууварлахаа больсны ачаар 20 сая мал 70 саяд хүрэв. Арьс ширээ бүгдийг боловсруулах үйлдвэргүй учир илүүг илжрүүлж хаядаг. Хятад ченжид зарвал тусгаар тогтнол устана. Эрүүл улс итгэмгүй танк их буу гэх мэт онигоо 30 жил юунд ч дийлдэлгүй хэрэгжлээ. Баялаг бүтээхийн эрлэг-тусгаар тогтнол болов. “Тусгаар тогтнолоо алдана” гэх айдсаар хөгжүүлэхгүй атгах орос геополитик мануусын гэмтсэн тархиар тоглож буй нь энэ.
Барууныг “дайсны тал” гэх үзэл ардчиллын зуунд мануусын гавалны мухарт өмхийрсөөр. Баруунд муу хүн бий. Дайсан ч байгаа. Гадныхантай түншилсэн мулгуу зальдуулж хохирно уу гэхээс сэргэлэн монгол түнштэйгээ адил хожоод чинээлэг амьдрах үүд нээгдсэн. Нээлттэй үүдийг олж шургаад баяжсан компани, группын жишээ манайд бий. Тэнэг бол гадныханд бүү ойрт. Ухаантай бол хорш. Бизнес эрхлэх чадваргүй, мулгуу атлаа түншлэгчээ шулагч гэж үргээдэг нөхөд Монголын нэрийг хөөдөж буй. Баялаг бүтээх уран гаргүй, хоосон толгой бүхий даргамсгуудын хэт өндөрт цойлсон улстөрийн боловсрол эдийн засгаа балладаг. Жингүйдсэн улстөржилт газардвал баян орны чинээлэг иргэд болох-баялаг заяажээ бидэнд.
Харийнхныг сохроор шүтсэндээ түншлэх гэж чармайгаад буй юм биш. Тэд мөнгөтэй, бид мөнгөгүй учраас шаагдаад байна. Гаднын түншээсээ авилга горьдоод өгөхгүй бол эдийн засгийн алуурч гэж хөөдөг ханилгаагүй зожиг хоцрогдол чинь бизнес эрхлэх дүйтэй бусад монгол нөхдөд чинь гай тариад буйг дүнхүү минь анзаар. Түншдээ хулхидуулахгүй адилхан ашиг хүртэгч-оюунлаг залууст баялаг бүтээж амьдралаа өөд татахад нь мулгуу минь бүү саад хий. Гүйх нохойд баах нохой саад. ХХI зууны зах зээлийн менежментэд гологдохооргүй боловсорсон монгол залуус олширч байна. Энэ бол Монголыг өөд татах гэрэл гэгээ.
Өндөр технологи эзэмшсэн харийн чинээлэг агаад овжин ноёдтой түншлэх-чамд боловсрохолдошгүй сургалт. Олзонд шунасан ховдог түншид холгуулахгүй хорших мэдлэг монголчуудад чухал болов. Тийм мэдрэмж тархиндаа суулгавал хөгжинө гэж мэд. Рио Тинтог шулагч гэж хийрхэлгүй ухаанаар уралдаж, зальдах гэвэл дор дор нь чихдэж, газраас хамтдаа ашиг ууталж хоёул хож. Шулмагц гялс илрүүлдэг мэдрэмж, хөдөлбөргүй нотолдог мэдлэгээ хөгжүүл. Коммунист хүмүүжлээр өв тэгш төлөвшсөн Монголын “кремль сортууд” орос олигархиудын хатгаасаар мега төслүүд гацааж, өм цөм хохироож чадахаа болих цаг айсуй. Гадны аваргуудтай хамтарч том олз олдог менежмент эзэмш. Их Хятад хүртэл хөрөнгө оруулагч дуудаж, тэдэнд хууль эрх зүйн таатай орчин нээж, эрсдэлээс хамгаалдаг. Цөөн буурай бэл бэнчингүй гэнэн хөөрүү малчдыг өмөөрөх гүрнүүд бөмбөрцгийн баруун зүүн бөөрөнд байгаа нь том боломж.
Гэрээ хэлцэл дэглэх урлаг
Гадныхантай маш муу гэрээ хийлээ, тэгээд хожчих байсан, ингээд чадчих байсан гэж чуулган дээр битүүхэн сайрхаад суугаа 10 хувийн Ц.Даваасүрэн, агрономич Х.Болорчулуун хоёроор гэрээ хийлгэвэл гадныханд зальдууламгүй харагддаг. Хэдэн зуу, мянган км-ийн чанад замгүй, усгүй, цахилгаангүй бөглүү цөлд газрын гүнд сураг төдий үнэт чулуу шороог олборлох, баяжуулах, тээвэрлэх, борлуулахад асар их хөрөнгө үрэгдэх агаад унах ашиг эрсдэлтэй. Ийм адармаатай төсөлд хожоотой гэрээ хийж Даваасүрэн, Болорчулуун хоёр л чадна (ярианы нь өнгөөр бол). Тэр хоёроор Оюутолгойн гэрээг хийлгэсэн бол алж өгсөн. УИХ-д оюуны нөөц тийм их байхад ашиглаад гялс хөгжих байв.
Алтай таван Богдын мөнх цаст оргил дахь Асгатын мөнгөний ордод шунагч харийнхныг Даваасүрэн, Болорчулуун хоёроор шулуулаад ядуусаа хагартал баяжуулаач. Бусдаас онцгой давуу эх оронч омог тэр хоёрт буцалдаг. Хар элэгтэнд мэхлүүлшгүй суут ухаан зөвхөн тэр хоёрт тусгайлан заяасан нь цухалздаг. Хоёр гишүүн маань өөрсдийн дэндүү илүүг хичнээн ч дөвийлгөөд төр засаг дүнхүүтээд анзаарахгүй нь гачлан. Тэднийхээ тархийг ашиглаад хямралаас суга үсэрч, үсрэнгүй хөгжиж, өрнөөсөө салъя. Харамсалтай нь тэр хоёрт шулуулахаас гадны хөрөнгө оруулагчид айгаад Монголд ойртохоо болив.
Оюутолгой юу ч өгөхгүй гагцхүү өрөнд унагах гэнэ. Зөвхөн өрөнд унагах гэрээг мэдээж дайснууд хийнэ. Өрөнд унагаж эх орноо хоослох гэрээг гурав дахь хөршийн тагнуул С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар хулгайгаар зүтгүүлжээ. З.Энхболд сортоолоогүй бол М.Энхсайхан Тавантолгойг гадныханд 100 жил зүгээр өгөх байв. З.Энхболд гэж сэвэлгүй дор хаяж аптекарь Л.Эрдэнэчимэгээр Тавантолгойн гэрээг ахлуулсан бол Шинхуа, Сумитомо Монголын халаасанд орох байж. Тоогүй.
Гэхдээ гэрээнд ард олноо хожуулах хатуу нөхцөл суулгаж чадвал шүү дээ. Өөрөөр хэлбэл З.Энхболд, Л.Эрдэнэчимэг нарын тулгасан баатарлаг эх оронч болзлыг Шинхуа, Сумитомо зөвшөөрвөл гэсэн үг. Зөвшөөрүүлж чадалгүй тэднийг үргээчвэл яах вэ гэж үү? Үргээчвэл Энхсайханыг шоронд үхтэл болгож, Шинхуа, Сумитомог Монголоос далд ортол харааж рейтингээ өсгөх зам нээгдэнэ. Тиймээс улс хохирохоос улстөрчдөд эрсдэлгүй.
Хуулийн орчин Монголд гэнэт яаж ч хувирах ид шидтэй. Г.Занданшатар гишүүний стратегийн хууль шиг хууль гэнэт бүлтэрвэл гадныхан оруулсан хөрөнгөө оргүй алдана. Тооцоотой хөрөнгө оруулагчид зугтаасан гол шалтгаан бол ердөө Г.Занданшатарын хууль. Гадаад хөрөнгө оруулалт далалдаг гол салбар-уул уурхай. Энэ салбар луу гадны хөрөнгө орж ирэх гол сонирхол-аварга хэрэглэгч Хятадтай манай ордууд хилэлдэгт оршдог юм.
Нутгийн захиргаа, байгаль орчны яам хоёр хүсвэл “А” лицензийг цуцалдаг хууль, эрх зүйн орчныг Г.Занданшатарын хууль бүрдүүлчихсэн. “А” лиценз эзэмшигчдийг манай луйварчид айлгаж дээрэмдэх боломжоор Г.Занданшатарын хууль хангасан тул хөрөнгө оруулалт зогссон. Гадаад дотоодоос санхүүжилттэй, хийрхэл нь дэндсэн ТББ олонтой улсад гадны хөрөнгө орж ирдэггүй юм байна. “Гадны шууд хөрөнгө оруулалт их, гаднаас авдаг зээл бага” байхыг зохистой харьцаа гэдэг. Гэтэл манайх гадны хөрөнгө оруулалтыг зогсоогоод гадны өндөр хүүтэй зээлийг ихэсгэх замаар амиа зогоож, үр удмаа өрөнд унагаж буй. Хөрөнгө оруулалтын хуулийг Үндсэн хуулиас дутахгүй хамгаалж, ягштал мөрдвөл орлого буурахгүй, эдийн засаг агшихгүй.
Монгол улс бизнесийн олон улсын жишгийг яваандаа ойлгох буй зээ гээд хөрөнгө оруулагчид хэдэн жил алсаас хүлээтэл нөгөө Занданшатар нь УИХ-д бэрс гарчихсан заларч суудаг. Зандан бэрстэй УИХ-д бяр амтагдаад Салхитыг цодлоод үмхчихсэн. Цагаан суваргыг хүртэхээр дуглаад буй. Нийгэмчилгээ бол эхэлчихсэн. Татвар төлөгчдийн цусыг сорогч 200 000 дарга нийгэмчилгээг яаруулж алгаа үрнэ. Эрдэнэтийн 49 хувийг хураав. МСS-ийн босгосон бүтээн байгуулалт Оджаргалын өмч бус газрын баялаг тул хураах ёстой. Ядуус баялгаа Нямтайшир, Сү.Батболд нараас шууд булааж ав. Улстөр цаагуураа ингэж өрнөлөө. Оюутолгойг шалсаар. Мадлах уу, мад тавиулах уу? Шатрын дүрмээр бол бэрс толгой мэдэж нүүдэггүй. Бэрсийн толгойноос чимхээд нүүдэг. Ухаалаг эзний бэрс ч хүчтэй бод доо.
Мөчит дөрвөн хөлтний мөр гараагүй, мөгөөрст нимгэн хоолойтны дуу хүрээгүй газрын мухарт уурхай олборлоход маш их зардал шаардах бөгөөд цэвэр ашиг гарах бүрхэг. Ийм төсөлд дэндүү чанга нөхцөл тулгаж хөрөнгө оруулагчдыг үргээдэг “гавъяа”-гаа манай эх орончид дайснаа хөөж, дээдсийнхээ өвлүүлсэн онгон дагшин газар шороог сэвтээлгүй аварч чадлаа гэж попордог агаад харанхуй мануус тэднийг “жинхэнэ эх орончид” хэмээн өргөмжилж, УИХ-д дахин дахин сонгодог. Хөрөнгө оруулагчдыг хөөснөөр том төслүүд үхэж, орлогогүй гуриатав.
Дэд бүтэцгүй-бөмбөрцгийн хүршгүй бартаат бөглүү мухарт дотоод гадаадын хамтрагч талууд хэн хэндээ ашигтай гэрээ үйлдэх-амны зоргоор бурснаар тохирдоггүй. Ашиггүй гэрээ тулгавал арилаад өгөх ихэмсэг баян хөрөнгө оруулагчдыг хоргооход эх оронч омог бус эвсэг уран ухаан орно. Хоёр талын ашиг хаагуур огтлолцохыг тоон үзүүлэлт шийддэг. Хөрөнгө оруулагчдыг үргээх хамгийн хялбар арга-тэднийг зугттал өндөр тоо хэлэх. Өндөр тоо хэлэхэд эрдэм хэрэггүй. Адгийн би ч хэлнэ. Хөрөнгө оруулагч нар зугтсанаар нөгөө хайртай ард түмэн чинь хохирно. Гурав дахь хөршийн хөрөнгө оруулагчдыг дайснууд гэдэг инерци арилсангүй. Бид ордуудынхаа нөөцийг аугаа гэж сагсуурахаас, олборлоход хэдий анзааны зардал гарахыг мэддэггүйгээс гудийхгүй сарлагтана. Бизнесийнхээ учрыг гадарлаж байж хэлэлцээрт оролцууштай. Эхлээд гэрээ дэглэх урлагаас суралц. Ухаалаг хэлэлцээр соёл.
Америк герман япон солонгос хятад технологиос сурах нээлттэй. Технологийн гайхамшгаас нь хүртээд, хөрөнгө оруулалтаар нь бэлжээд, инээмсэглэн өндийхийг хичээхгүй, түншлэх санаа өвөрлөж, дэд бүтэцгүй цөлд зориглож ирсэн гадны ховорхон бизнес эрхлэгчдийг юун түрүү цус сорогчоор цоллох монгол жудаг биш, босоо Гамбаагийн популизм байх шүү. Чингисийн удам гэж бидний онгирохыг тэвчээртэй хятадууд шиг барууныхан хүлцэхгүй. Хамгийн гол нь бид өдгөө хэнээс ч асуухгүй бие даасан бодлого явуулах боломжтой золгожээ. Юутай их аз вэ. Олдошгүй энэ хувь заяаг А.Амар, П.Гэндэн, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар мэдвэл яасан их баярлах бол. Бараг итгэхгүй биз. Одоо хөгжих эс хөгжих зөвхөн биднээс-өөрсдөөс шалтгаална. Эдүгээ төр засгийн толгойд залрах залуус сүүлийн зуунуудад заяаж байгаагүй өгөгдлийн үзүүрээс чимхжээ. Энэ түүхэн хувь заяагаа алдалгүй чадмаг ашиглахыг ерөөе.
Үүлэн чөлөөний нар
30 жил ээсэн нар үүлний цаагуур гэнэт шургавал бид цагийн аятайд юу ч амжуулсангүй гээд амаа барина. Угаасан нүүрс, баяжуулсан зэс, хүдрээ галт тэрэгний цуваагаар тээж экспортолсон бол олон арван тэрбум доллар олж, чинээлэг улс болох байв гэж халаглах хүн бишгүй гарна. Хайран өгөгдлийг минь хэн бусниучихав гээд хэргийн эзнийг наргүй улсдаа хайна. Багануурын ЦС-аа царцаалгүй, Эгийн УЦС-д БНХАУ-ын нэг тэрбум долларын нэн хөнгөлттэй урт хугацааны зээлийг орос олигархиудын шахалтад бууж өгч зогсоолгүй, V ба Таван толгойн ДЦС-аа гүрийсээр барьчихсан бол үүлэн чөлөөний нар далд орсон ч барьц алдахгүй. Цойлсон өсөлтөөрөө тансаг дэд бүтэц сүндэрлүүлж, хараат бус чинээлэг улс болсон. Хот аймгаа орон сууцжуулж, утаанаас даяараа салах байв гээд гаслалдана. Тэгж дөнгөсөн бол эзлэгдэнэ үү, уусна уу жийрэг болох учиртай. Юу юу ч үгүй эзлэгдэх, юу юу ч үгүй уусах-эмгэнэл. Гол төслүүдээ хөдөлгөөд, айдгаа авдартаа хийчихсэн цагт нэг улсын хамааралд автахаа хумих тэнхээ сууна.
Үүлэн чөлөөнийх бус үүрдийн нар хэмээн мангарлаж явтал нээрэн нэг мэдэхнээ хуучиндаа орчихвол яах вэ? Эрхбаригч нам “Ганц хатуу гарт чанга атгуулсан нийгэм дуулгавартай агаад жолоодоход амар” гэхэд шүдтэй тулмууд “баян хоосны ялгаагүй жаргана” гэж хөөрөх нигуртай. Төгцөг надад гадарлах юм ганц байдаг. Тэр нь хуучин нийгэм. Би сайндаа мэдсэн юм биш. Өнгөрсөн нийгэм бол миний нүдээр үзэж биеэр эдэлсэн ганц амьрал минь юм чинь би мэдэлгүй яахав. 1980 оноос хойш төрсөн дээд тал нь дөч шүүрсэн манай гол хөдөлгөгч үе-социализмыг үзээгүй гээд туулсан амьдралынхаа захаас дурсах гэснээ болив. Яагаад гэвэл намайг социализмээ дахиад л муулах нь гэж ад үздэг уншигч олон. Тэдний зөв. Би улиг болсон.
“Тоншуул” социализмын гажгийг өнгөрөгч зуунд шүүмжлээд өчүүхэн ч хэлтлээгүй. Нийгмийн өмчийг хувийнхаа өмчөөс илүү хайрлах, хамт олныхоо эрх ашгийг өөрийн эрх ашгийн дээр тавих зэрэг лоозон хэзээ ч бүтэхгүй нь мэдрэгдсэн. Саяхан шоронд суусан ерөнхий сайдууд, сайдууд буцах гээд буй хуучин нийгэмд бол яасан бол гэж төсөөлөхөд айдас төрнөм. Социализмээс шантарч цөхөрсөн би захиргаадагч нийгэм рүү бүү буц, ардчилал чөлөөт зах зээлийн үнэт зүйлсийг Сингапур өмнөд Солонгос Японы жишгээр “чулуу болго” гэж хойч үедээ захья. Та нар чадна. Бүү шантар. Бусдын чадсанд монгол гавал элбэгдэнэ гэж доргиоё.
Манж чин гүрэн унаж, ХХ зууны үүрээр ёлтойсон гэгээг эх оронч-ноёд лам нар ашиглаж дөнгөжээ. Оростой наалдаж тусгаар улс болсон маань их аз. Төлөөсийг нь ч айхтар төлсөн. Одоо ч төлж буй. Оросын ач тусад зуун жил мөргөлөө. Зөв. Цаашдаа ч мөргө. Гэвч дан мөргөлөөр духаа цоолсон ч хөгждөггүйг бид шарын шашнаас ойлгосон. Юу гэх гээд байна гэвэл Оростоо, бурхандаа мөргөх ялдамд хөдөлмөр-бизнесээр баяжъя гэх гэсэн юм. Нар ивээсэн 30 жилийг харамсалтай нь ашиглаж чадсангүй. Эх орноо ядуурлаас суга татах төслүүдээ яагаад гацаав гэвэл орос магнатуудад долигоноод! Юм нэгээр дуусдаггүй. Оросын ард түмэн орос олигархиудаа дэглэвэл долигонуур монголчууд нүүрээ хааш нь хийх вэ.
Эдүгээ эрх баригчдын үнэ цэнэ навс унажээ. Тэд эх орноо сайхан болгоё гэж тэмүүлсэн нь үнэн хөөрхий. Ардчилал чөлөөт зах зээлийг сонгоод зүтгэсэн юм зайлуул. Гэвч 20-30 жилийн бөгсөнд юу болов? Улс хөгжих сайхан ч явцын дунд өөрөө баяжих бүр гоё нь солиоруулав. Мөрөөдөл ид шид шиг бүтсэнгүй. Өр зээлд унав. Авилга хяналтаас гарч хууль гууль болж хуйвалдагч-монжигчид оодорч баян хоосны ялгаа гаарч танил бус сорилт халиранхай залхуучуудыг шогнойлгов. Өрсөлдөөнөөр баяждаг ганц гарцтай чөлөөт зах зээлийн жамыг зальдахаар сул олзонд хошуурлаа. Өөртөө хайргүй хүн байдаггүй ч олондоо хайртай нь бас л алга. Улсаа хөгжүүлэх хүслийг хувиа хичээх шунал дийллээ.
Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад сүйд. Бидэнд тийм их хайртай юм бол гаалийн татвар нь аймаар баймгүйяа. (Худалдааны дайнтай Америк Хятадын хооронд гаалийн татвар 12 хувь байхад ОХУ 1990 оноос Монголын бараанд 40-60 хувийн татвар тогтоож, эдийн засгийн хоригт оруулсныг бид ухаарахгүй орос ахдаа мөргөсөөр. Сүүлийн 30 жилд ОХУ-тай хийсэн худалдаанаас манайх 20 тэрбум ам. доллар алджээ). Урд хөршийн худалдаа хэт их, хойд хөршийнх хэт бага байгаа нь удахгүй хужаагийн атганд орохын цондон гэж цэцэрхэнэ.
Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаа яаж тэлэх вэ? Нүүрсээ солилцох уу. Хоёул чулуу шороогоо зарах гэж өрсөлдөж буй. Авдаг ойрын ганц хэрэглэгч нь Хятад. Хятадаа булаацалдаад бидэнд төмөр зам тавиулсангүй. Хятадын мангас шиг ходоод Монгол Оросынхоос гадна Австрал Индонезийн нүүрсийг өлхөн залгидаг тул манай төмөр замыг их Орос гацаах нэрийн хор уг нь. Ядмаг бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Дорой Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх аугаа Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү?!
Хятадын ханадаггүй хэрэглээ, тэдний хөрөнгө оруулах бэл бинчингээс олз уутлах гэж Монголоос бусад улс хошуурч байна. Энэ аварга зах зээл, үсрэнгүй хөгжлөөс хаяа нийлсэн бид л 30 жил зугтав. Мөрөөрөө ч зугтсангүй. Оросод таалагдах гэж 70 жилийн зуршлаараа зүхэж доромжилно. Эдийн засаг голлосон өмнөд хөршийн хаялгыг өндийх гэж ядаж буй бид гарааны бизнес болгож, нэг хэсэгтээ овжноор ахиу хүртэж тамиржмаар. Тэнэгтээд тэгсэнгүй.
Валют олох ховор боломжийн нэг бол “Замын үүд” чөлөөт бүс. Бөмбөрцгийн эзгүй өндөрлөгт зах зээлгүйн хяслангаас бэлжиж чадахгүй мухардсан манай муусайн бизнес эрхлэгч нарт ашиг хүртэх үүд бол энэ. Монголд валют цутгах энэ чөлөөт бүсийг 25 жил УИХ гацаав. Тодруулбал Гашуун сухайтын замыг гацаасан манай нөгөө эх орончид. Чөлөөт бүсээс хятад иргэд манай руу бөөн бөөнөөр сэм урсана гэж айлгасан ухуулга “Замын үүд” чөлөөт бүсийг 25 жил гацааж дөнгөсөн л байгаа юм даа. 25 жил гэдэг хөгжих хангалттай хугацаа. “Замын үүд” чөлөөт бүсэд 60 сая долларын дэд бүтэц 10 гаруй жил элсэнд булагдаж хэвтсэн гээд бодчих. БНХАУ хэдэн жилийн тэртээ төмөр замын сүлжээгээ ашиглахыг зөвшөөрч Тяньжин боомтод газар өгч нүүрсээ далайд гаргаж үнэ хүргэх боломж олгосныг өдий хүртэл ашигласан бол мөнгөжсөн.
Дэлхийн дээвэр дээр төрсөн зөдгий цөөн буурай маньд урд хөршийн хаялгаас өөр дөхүү боломж заяагаагүй тул тэдэнтэй харьцахаас өөр яалтай. Олон улсын хууль байна, НҮБ байна. Тусгаар улс шүү юм бол уусахгүйгээр айлсахаа тааруулахаас өөр зам алга. Ах араандаа зууна гэх айдас-эдгэшгүй эмгэг болсон коммунист боолын сэтгэхүй илааршихдаа ужиг аж. Хөрш Япон Солонгос Хятадын үсрэнгүй хөгжлөөс зүүгдэх завшаан 1990 оноос нээгдсэнийг хулчгартаа Оросоос айгаад ашигласангүй. Бид дээрэлхүүлдгээ нуугаад зогсохгүй дээрэлхэгчээ ад хөдлөм өмөөрдөг дүнхүүнүүд. Доромжлуулах тусам ухаажмаар. Ухаажсангүй. Бид ухаажвал оросууд биднийг мал биш хүн юм байна гэж юу магад. Гэхдээ юун түрүү харийн зэвхийнүүдтэй нөхөцсөн ховдог банхруудаа дэглэ-гурван саяулаа элбээд.
Тайваний хятадууд Монголыг алдсан нутгаа гэдэг. Тийм үзэлтэй хятадууд эх газарт нь байдаг л биз. Тэглээ ч БНХАУ манай тусгаар тогтнолыг 1946 оны 1-р сарын 6-нд, ЗХУ мөн оны 2-р сарын 27-нд 52 хоногийн хойно зөвшөөрсөн байдаг. Манай тусгаар тогтнолд маргаан үүсэх хууль зүйн үндэсгүйг олон улс хүлээсэн тул зөрчигдөх ёсгүй. Энэ чухал баримт бол үүлэн чөлөөний нар гээд буйд үйлчлэх олон улсын хууль-эрх зүйн хамгаалалт юм. Зөрчигдвөл дэлхий шуугиж НҮБ шүүнэ. Тэгээд ч хар нүүрсэнд шунаж нэрээ хөөдөх гүрэн ХХI зуунд гарахгүй. Хятадаар айлгах угтаа ядуу биднийг экспортоор хожих орос заль юм.
Оросыг 70 жил дагасан БНМАУ хоцрогдож, өрөнд баригдсаныг дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон Хятад өөд нь огцом татаж, Монголын ард түмэнд Орос хэн бэ, Хятад хэн бэ гэдгээ үзүүлэх далд сонирхол байхыг би үгүйсгэхгүй. Оросыг дагаад өөдлөөгүй ядуу хөрш-Монголоо харамгүй дэмжиж, гялс хөгжүүлж нэр төрөө өргөе гэсэн БНХАУ-ын нааштай бодлогын өөдөөс бид “хужаа” гэж салаавчилдаг. Үүнд өмнөд хөршийн дургүй хүрч бидний голоо зогоодог нүүрс хүдэр зэсийг авахгүй болчихвол Оросын нүүрс зэсийн магнатууд инээд алдах нигуртай. Учир нь тэд зэс, хүдэр, коксоор арвин Монголыг хуурч хугацаа хождог товарищууд.
Кремлийн аварга улаан нударга дор сөхөрч байсантайгаа жишихэд хөгжих жим бидэнд нээгдээд 30 жил өнгөрөв. Энэ ховор өгөгдлийг монгол хүн бүр үүлэн чөлөөний нар гээд хөгжлөө яаравчлан гялалзуулах байжээ. Хэрэг хартай нь дээр-юу ч тохиолдоо билээ гэж яарсангүй. АНУ, Орос, Хятадын дэргэд бид Тува Якут анзааны хөөрхий орон. Өчүүхэн Монгол их улстөрд хутгалдалгүй эдийн засгаа бөөцийлсөн бол хожих байж-үүлэн чөлөөний наранд. Тэгсэнгүй. Тэнэгийн ухаан үдээс хойш гэдэгсэн. Хэдэн том төслөө хөдөлгөх Төр сонгогдоосой гэх нэг буурайн гурван саяынхаа төлөөх эргэцүүлэл гэж энэ бичвэрийг минь үзээрэй.
Аврал сүйрэл хоёр хоорондоо өрсөлдөн, амдан отож байна. Монгол улсаа “аз”, “эз” хоёрын алинтай золгуулахыг шийдвэрлэх хувьтай иргэн болж төрсөндөө залуус та нар баярла. Эрин зууны түүхэнд эгзэгтэй үеийг олж төрсөн та нар учиртай монголчууд. Бүх юм өнгөрчихөөгүй байна. Яг одоо шиг ийм үнэтэй агшин бидэнд эргэж заяахгүйг ухаар! Боломжоо эгүрт алдчихаад амаа барин харамссаар өлбөрч ядуурснаас алдаагүй, алдах онохыг шийдэх гээд тунгааж буй энэ торгон агшин яасан үнэтэй вэ. Алдвал энэ агшин хоосон дурсамж болно. Аврал уу, сүйрэл үү? Авралд хүрэх боломж дүүрэн байна. Буруу алхвал сүйрэх ангал ёроолгүйг мэд. Дүүрэн боломжийг бүрэн ашиглахад нэг хүний зүтгэл ганцдана. Хүн ам нийтээрээ-нэг хүн шиг нэгдсэн чармайлт гаргавал лусын агуу хишгээр баян орон болно. Энэ бол үлгэр биш. Сүйрэл ч үлгэр биш. Хар цагаан хоёр зам өмнө чинь дурайж байхад үр хүүхэд минь-та нар алинаар нь морилох гээд байна? Онгон догшин лус савдгийн элэнц хулинцаас цээртэй ордуудад гар хүрэх эгзэгтэй түүхэн хариуцлага та нарт тохиов. Гараа, санаагаа сайн ариулаарай.
Талцуулдгаа хоёул зэрэг больё
Зарим ахмад хувьсгалаа (өөрсдийн гавъяа гээд) өмөөрөх гэж алаад өгнө. Тэд найрамдал-дружбаг ухаангүй бишрэн шүтдэг бөгөөд дэлхийн хоёр дахь социалист орон гэгдэж явснаараа онгирдог юм чааваас. 150 орчим эх оронч-сайд даргыг маань Москвад зөвлөлтийн хуулиар буудсан нууц 70 гаруй жилийн дараа илэрсэнд тэд дурамчхан царайлав. Эх орондоо улаан Оросын тулгалтаар 40-50 мянган ямар ч гэмгүй ах дүүсээ яргалсныг харамсан дурсахад “40-50 нь ч юу ч вэ, үсрээд 20-30 мянга” гэж янзгүйрхана. 40-50 мянгыг 20-30 мянга болгож цөөрүүлснээр геноцит цайрна гэж үү. Хэлмэгдэгчдийг өр зүрхэндээ өрөвдөн бичихэд зэвүүцдэг ялангуяа өнөө үеийхнийг ойлгохгүй юм. Үрэгдэгсдийн дунд өвөө нь, аав нь, магадгүй эмээ нь, ээж нь өртсөн ч бай-хэлмэгдлийг хэт улстөржүүллээ гэж уурладгийг яалтай. Зөнөг өвгөн балайрч буй бол хэлээрэй. Гомдохгүй. Зөв хариу олохын тулд би үжирсэн тархиа дайчлан цааш эргэцүүлнэ. Энэ бол зохиолч хүний зарчим.
Өдгөөх аймхай хулчигар зан бол өнгөрсөн зуунд зүрхээ зүсүүлснийх. Одоо ч бид дээрэлхүүлдгээ дэлхий дахин, ялангуяа баруунаас чанд нуудаг. Ерөнхийдөө айдас арилах яагаа ч үгүйг геополитик харуулж байна. Харанхуй бүдүүлэг бидний буруу ямагт болдгийн араас хэлмэгдэл хэтдэг. Энэ эмгэнэлээ бид “Ам бат бол амь бат” гээд цухуйлгадаггүй. Цухуйлгавал баларч байв. Ардчилал зах зээлд ортол “Хятад зөөлөн тэврэлт уусгана” гэх айдас нэмэгдэв. Эрсдэл бий юү? Бий! Арилжаа наймаа нэг мэдэхэд уусгачихсан байхыг үгүйсгэх аргагүй. Гарц бий юү? Бий!
Гол нь би залуу үеэ коммунист халдвар авчих вий гэж юун түрүү сэргийлдэг. Нэг намын дураараа ноёрхогч алтан үеэ битүү өмөөрч шүд зуугаад буйд би ясны дургүй хүн. Коммунизм дампуурсанд бус гагцхүү ширээнээс ширгэдэгт буусандаа ардчилал чөлөөт зах зээлийг үзэн ядагч-дарга нарын хяхуу арилахгүй цартай. Ардчиллыг эхлүүлсэн залуус (одоо хэнз өвгөд) алдаа дутагдалд өртвөл дайсан дарагдаж буй мэт бөөн хөөр. Ардчиллыг зүхсээр хувьдаа байр, газар, малтай болсон. Хүүхдүүд нь баруунд мэргэжиж, нүд нь нээгдсэн ч эцэг эх нь коммунист удирдагчдын хожуулд мөргүүлсээр. “Одооны байж буйг хар, урьд мөн ч гоё байж” гээд шүүрс алдана. Коммунизм эргээд ирвэл гуяа алгадан баясах хөгшин залуу зөндөөн. Хувийн ямар ч өмчгүй, ямар ч эрх мэдэлгүй атлаа нийтийн өмчийн төлөө өлөн зэлмүүр шалдан нүцгэн зүтгэх-ясны коммунистууд юм уу тэд. Эсвэл Монголдоо л тусгай хангамж гэхээр шальгүй давуу талаа алдсанд 30 жил ардчилалд хорсов уу. Өшөө авах коммунист хонзон ямар билээ? Өрөвдөх өчүүхэн ч сэтгэлгүйг монголчууд эдэлсэн. Юун зөөлөн тэврэлт. Аймшигтай харгис. Үр хүүхдэд минь бүү дамжаасай.
Хуучнаа өмөөрөгч хөөрхийс ХХI зууны сэтгэлгээний тэсрэлтийг дагахгүй, хүн төрөлхтөний урсгалын эсрэг хойд Солонгос шиг сөрж чадах уу. 25 сая ажилсаг солонгос гурван сая залхуу монголтой адилгүй. Бид тэр замд орвол баларна. Хуучнаа өмөөрөгч анд минь хугацаа нь дууссан бүхнээ-гишигсэн мөр шигээ орхи. Би ардчиллыг өөгүй гэж сохроор шүтээгүй. Нэгдлийн ялтай сүрэг хариулсан эрх чөлөөгүй гишүүнээс, хэн ч үл халдах хувийн малтай, дуртай бизнесээрээ баяжих эрхтэй малчин арай бололцоотой юм уу даа л гэж багцаалдаг.
Би АН-ын гишүүн биш. Би ардчиллын хүн. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр социализмээ муулдаг өөдгүй төгцөг гэж намайг зүхэгч цөөнгүй. Намайг социализм тэжээсэн юм уу, ард түмэн тэжээсэн юм уу хэлээд өгөөч. Насны эцэст хараалгаж байснаас бичихээ больдог ч юм билүү гэж эргэлзэх нь бий. Гэвч коммунизмын нурамнаас оч олж, түймэр асаах хорон санаа өвөрлөгчдийн өдөлт ширүүсээд байвал би бичихээ болихгүй хүн болтой.
Хүн сүрэг хөгжлийн чөдөр. Хүн амын дийлэнх-сүрэг тул тэднийг дөрөөлөгчид сонгуулиар дийлээд хуучин руугаа хөтлөв. Эрх чөлөөгүй нийгмийг туулж хаширсан хүний хувьд би буцаад нэг намын, нэг хүний захиргаадалтад үр хүүхдээ дарлууламгүй байна. Хувийн өмчгүй дахиад гуриатамгүй байна. Хуучин тогтолцоо өндөлзөөд байдаг. Та социализмээ сэм сэргээхээр уур бараад байх юм. Намайг өнгөрсөн нийгмээ мууллаа гэж давшлахын хамт Та хуучнаа хүссэн өмхийрлөө зөв үү буруу юу эргэцүүлээч.
Дарангуйлагч тогтолцоог би яагаад сөрөөгүй вэ? Даргаасаа айгаад! Хамгийн наад захын, өөрөөр хэлбэл, миний даргаас эхлээд өөдөө шаталсан дарга нарын ноёлох оргилд Цэдэнбал, Цэдэнбалын цаана Кремль. Нэг үгээр миний дарга бол Цэдэнбал, миний дарга бол Кремль байв. Тэмцэх гарц байж уу? Айж явсны учир энэ. Тийм сүлжээнд татаастай хурган дарга нар дийлдэшгүй тийрэнд хувирна. Зөвлөлтөөр сүрдүүлж, Цэдэнбалаар гул барьсан дураараа дургигчдын зуунд ганц олдсон амьдрал минь таарчээ. Жагсаагүй шалтгаан минь ердөө энэ.
Анд минь хуучин тогтолцоогоо ил далд хамгаалахаа чи хаячихвал миний өнгөрснөө шүүмжлэх санаа аяндаа унтарна. Ерөөсөө талцдаг чи бид хоёр хэрүүл тариад байна. Би шүүмжлэхээ цэглэе, чи өмөөрөхөө цэглэ. Хоёул хэн нэгнээ “түрүүлж боль” гэх шударга бус тул ханиндаа зэрэг больж, хойч үедээ түвэг удахаа зогсооё. Зөв үү? Хүн төрөлхтөний замналаас арай дээр нь юм уу гээд 1990 онд хотлоороо сонгосон замналыг саатуулагч нарыг би бичдэг болохоос сайн ч муу ч амь зуусан нийгмээ муулахыг өмнөө барьдаггүй. Социализмээр зөнөг банхар болтлоо тэтгүүлчихээд өнгөрснөө шүүмжлэв гэж намайг загнах хүн олширч сүрхий ширүүсэв. Би нийтийн өмчөөс хүртэх ёстой хувиа (бусдыг монжилгүй) тэнцүү халбагадсаар 1990 онтой золгосон тэжээвэр гөлөг л дөө. Би “Өнгөрсөн зууны алдааг энэ зууны сургамж болгоё” гэж бичдэг өвгөн. Алдаанаасаа салъя гэж уриалсан зохиол минь гай тарина гэж үү. Юутай ч талцалгүй дөрөө харшуулаад шогшъё анд минь, газар амархан хорогддог юм. Тэртэй тэргүй Далан давхарын нарлаг энгэр ойртож харагдана.
Ёргио өвгөн. Хувийн хэвшлийг үрэлгэн бус хямгатай хэлбэр гэдэг итгэл минь намайг мэтгэлцээнд түлхдэг. Нийгэмчлэх сэлэм толгой шүргэн сэнсрэв. Эх орончдод нулимуулж, төр засгийн муйхар дарамт хавчлагад дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ч гүрийж яваа нь цөөнгүй. Чөмөгтэй хэдэн компанитай болчвол хөгжинө гэж ёргидог дэврүү хөгшдийн нэг нь би. Боловсноор хэлбэл оптимист өвгөн. Том компаниудын олз омог надад хүртээлгүй нь хамаагүй. Хойч үе минь чинээлэг амьдарвал үүрт нойрссон хөгшдөд тэр чинь жаргал. Үлдэж буй хойчоо сайхан амьдраасай гэж залбирдаг ёс зүй хуурамч хорвоог сүлдэг.
Өтлөөд жагсаалаас гарах гунигтай. Хэндээ ч гомдох билээ. Эхлээд хөгшрөл, дараа нь тэнэгрэл, эцэст нь үхэл. Зөнөснөө наргиан болгов. Хошин мэдрэмж-тайвшрах цэнэг. Үхлийг зөв хүлээж авах бодол цээжинд уяатай. Жудагтайгаа зөвлөлдсөөр төгсөх юмсан. Тэр агшинд бурхан намайг хөтлөөсэй. “Элий балай өвгөн юу л гэж бичвэл бичиг зайлуул” гэх өхөөрдлийг далимдуулж, үхэхийн өмнө гүтгэлэг сараачиж буянаа бузарлахгүй ээ би. Бичмээр сэдэв нисээд ирвэл дуртай зугаацна. Бичлэгийн ур хийц-миний ба Монголын өв соёл. Үүнд хэр тааруу боломжоо шавхав. Өчүүхэн надад таарах ачаа ердөө энэ. Хүн хэрээрээ тэмээ тэнгээрээ.
Ц.Доржготов /baabar.mn/