Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнгийн талаар Эдийн Засаг, Хөгжлийн дэд сайд С.Наранцогт танилцууллаа.
Түүний мэдээлснээр энэ оны аравдугаар сарын албан мэдээллээр Монгол Улсын гадаад валютын нөөц 2.8 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Валютын зах, арилжааны банк, Монголбанкны хоорондох ханшийн зөрүү 150-200 төгрөг хүрсэн, валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан тэр үеийг бодвол өнөөдөр ханшийн зөрүү 20-30 төгрөг, арилжааны банкнаас өдөрт олгодог валютын дүн нэг сая төгрөг байсан бол 10 сая төгрөг болсон байна.
Төрийн өмчит компаниуд дээр тодорхой ажлууд хэрэгжүүлснээр өмнөх саруудад оруулж ирдэг байсан валютын дундаж урсгал сүүлийн сард нэмэгджээ. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" өмнөх саруудад дунджаар 65 сая ам.доллар оруулдаг байсан бол өнгөрсөн сард 70.5 сая ам.долларт хүрч, "Эрдэнэт үйлдвэр" 81 сая ам.доллар оруулж байсан бол сүүлийн сард 104 сая ам.доллар оруулсан байна.
Манай улсын валютын нөөц нь 3.3 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байгаа. Хэдийгээр макро нөхцөл сайжирч байгаа ч нөөцөө хамгаалах, бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагатайг С.Наранцогт онцоллоо.