Сүнсний баяр буюу Халловиныг муу ёр гэж итгэдэг, вакциныг эсэргүүцэж, Америкийг үзэн ядаж, Оросыг дэмжигч хүмүүсийн бах тавыг хангасан харамсалтай үйл явдал өрнөлөө, Итэвонд. Аравдугаар сарын 29-ний шөнө БНСУ-ын Сөүл хотноо байрлах тус дүүрэгт Халловины баярыг тэмдэглэхээр мянга мянган хүн цугларсаны дотор гадаадын олон орны жуулчид хүртэл ирсэн байв. Энэ бол цар тахалын хөл хорионд хоёр жил хашигдсан дэлхий нийт тэмдэглэлт баярыг тэсэн ядан хүлээж байсныг харуулж байгаа юм. Ер нь улс үндэстэн бүр Халловиныг өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн. Тэр утгаараа дэлхий нийтийн баяр гэж хэлж болно.
Итэвонд цугларсан тэр олон мянган хүний бөөгнөрөлд 150 гаруй хүний амь үрэгдлээ. Гэтэл манайхан энэ харамсалтай ослыг мухар сүсэгтэйгээ холбоод мэдэмхийрцгээх юм. “Муу ёр зөгнөсөн харийн соёлыг Монголд орж ирэхийг бүрэн хориглох хэрэгтэй” ч гэнэ үү. Сошиалаар дүүрэн ийм бодолтой, цөс нь хөөрсөн хүмүүс нэг нэгнээ уриалаад давлагаалж байгаа харагдав. Зарим нь бүр “Ёртой юм шиг захиад байхад ингэх байсан юм аа. Чөтгөр шулам дуудаад өөрсдөө тэдэндээ хөтлөгдөөд явлаа” гэхчлэн баяртай нь аргагүй жиргэцгээх нь яасан муухай юм бэ. Тэд хүн мөн үү гэж асуумаар. Дэлхий даяараа гашуудаж байхад хүний зовлонгоор бах таваа ханган суудаг монгол хүмүүс байдаг л юм байна. Яг үнэндээ ингэж ярьж, бичиж, хөөрцөглөж байгаа хүмүүс өөрсдөө жинхэнэ харанхуй мунхагийн туйл байна шүү. Аливаа осол хаана ч тохиолдох явдал. Ямар ч баяр ёслол болж л байдаг. Тэр болгоныг өлгөж аваад өөрсдийн мунхаг үзлээрээ тайлбарлаж, бусдад тулгаж болохгүй. Манай улсад хүртэл нийтийг хамарсан үндэсний хэмжээний баяр болдог. Баяр болгоноор золгүй явдлууд ар араасаа өрнөж л байдаг. Сар шинийн баяраар гэхэд цаг агаарын байдлыг тооцоололгүй хөдөө орон нутаг руу зорчигчид замдаа цасанд боогдон төөрч осгох юм уу гэмтэж бэртэх, нас барах золгүй явдал хэдэн арваар тоологдох нь олон. Энэ зун улсын баяр наадмаар 29 хүний алтан амь үрэгдсэн харамсалтай статистик хүртэл байна. Найз нөхөд, хамт олон, ахан дүүсээрээ баяраа тэмдэглэж байсан хүмүүс болгоомж алдан гал түймэр, зам тээвэр, ахуйн осол, усанд живж хорвоог орхисон явдал тохиолдов. Тэр болгонд бид бах таваа хангаад суудаг бил үү. Бурхан болоочдын араас эмгэнэн гашуудаж, ерөөл залбирал үйлддэг нь хүний л ёс биз дээ. Тэгэхээр дэлхий даяар дэлгэрсэн Халловины баярыг бид уламжлалт баяртайгаа л адилхан хүлээж авч, сэтгэдэг болчих хэрэгтэй байгаа юм. Даяаршил хурдтай явагдаж буй энэ ертөнцөд хааж боогоод ямар ч нэмэргүй. Нэг л бөмбөрцгийн хавтгай дээр оршин байгаа бид соёл иргэншил, ухаалаг хэрэглээгээрээ улам л ойртож байгааг санах ёстой. Үр хүүхдүүд маань Халловиныг ойлгоод, баярлан тэмдэглэцгээгээд хөөрхөн л байна шүү дээ. Харин ч айлд орж ирсэн хүүхдийн алгыг дээш харуулдаг монгол уламжлал өдрөөс өдөрт бүдгэрч байсныг та нарын үзэн ядаад байгаа харийн соёл чинь сэргээгээд байгаа юм биш үү.
Дуртай баатруудынхаа дүрд хувирсан хүүхэд, залуус хэсэг хугацаанд ч гэсэн ууртай улаанбаатарчуудын стрессийг мартуулж, баяр хөөртэй өнгө нэмээд авлаа. Инээд цалгисан газар аз жаргал дүүрэн байдаг даа. Тийм болохоор манайхан шашинлаг өнцгөөр аливааг хар бараанаар хардаг хандлагаа больцгоох хэрэгтэй.
Итэвонд болсон осолд бах таваа хангацгаах хүмүүсийг хараад байхад өнөө л барууны үзэл баримтлалыг эсэргүүцэж, вакцин бол алуурчин, ардчилалд ороод сөнөж байгаа гэж чарладаг хэрнээ дайн хийх нь зөв хэмээн шүтэж, өмгөөлж явдаг хүмүүс байх шиг. Тэд бол “Орос авгай нар нөхөртөө украин хүүхэн эмлэхдээ хамгаалалт сайн хэрэглээрэй гэж захидаг юм байна” гэж бахархан ярьж гайхуулдаг хүмүүсийн нэгэн л аж. Хүнийг хүн гэдэг утгаар нь хүлээж авч чадахаа байсан, үзэн ядалт, зэвүүцлээр аливаад ханддаг туйлшрагчид энэ нийгэмд асар хортой. Дайны хөлд сүйрч
байгаа ард түмнийг өрөвдөж нигүүлсэхийн оронд “Хохь нь. Манай орос ах нарын зөв” гээд хөөрцөглөж, бүрээ үлээж, бөмбөр цохин марш алхахаас холгүй баярлацгаахыг харах нь үнэхээр эмгэнэлтэй. Дайлаар орсон орос цэргүүд ч тэр,
дайнд түрэмгийлүүлж байгаа украин цэрэг, ард түмэн ч тэр бүгд л амьд хүмүүс. Энэ сайхан цагт үзэл суртлаас болоод тэд амиа алдах нь хайран биш үү. Бүгд л амьд бодгаль шүү дээ. Тантай л адилхан эх дэлхийнхээ агаараар амьсгалж, хөрс шороондоо уусан шингэдэг, махан бие.
Ингэж бусдын зовлонгоор бах таваа хангадаг явдал бол ардчилал дэвшил, барууны хөгжил, шинжлэх ухаан техникийн ололтыг хүлээн зөвшөөрдөггүй хуучинсаг үзэл л дээ. Ийм хүчин Монголд их байна. Мэдээж социалист нийгэмд амьдарч байсан иргэдийн дийлэнх олонх нь ийм үзэлтэй байгаа. Үнэхээр бид ардчилсан улс болох яагаа ч үгүй юм байна. Тиймээс ард түмнээ гэгээгээрүүлэх, соёлжуулах, шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг сурталчлах, мухар сүсгээс нь салгах
хэрэгтэй. Коммунизм бол хүмүүсийн оюун санааг угаах маягаар хүмүүжүүлчихдэг. Коммунизмаар хүмүүжсэн социалимын үлдэгдлүүдийг залгаад залуучууд мухар сүсэгтэй болж байна. Энэ бол боловсролгүй болцгоосны илрэл. Улсын хөгжил шинжлэх ухаан, боловсрол дээр л суурилдаг гэдэг дээ. Гэтэл салбар яамдууд Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхдүүдээ боловсролтой болгох, мухар сүсэгт автаж шашинжвал хоцрогддог гэдгийг ойлгуулах тал дээр юу ч хийхгүй байна. Тэднийг эрдэм боловсролтой зөв хүн болгож сургахын оронд элэрсэн баларсан түүхээр хий дэмий л цээжээ дэлдсэн хийрхэгчид болгон хүмүүжүүлж байна. Боловсролын дутуугаас нийгмийн хар бараан өнгө арилахгүй байна шүү дээ.
Ардчилал, барууны, шинжлэх ухаан технологийн ололт амжилтын талд байхгүй бол бидний тусгаар тогтнол, ардчилал ямар хэврэг юм бэ гэдгийг Орос Ураины дайн харуулж байна. Нэг үзэл сурталд хийрхсэн нөхөр ганц кноп дарахад пуужин нисч ирээд хотыг нь хавтгайлчихдаг ийм л цаг үе иржээ. Америкийн зэр зэвсэг Украиныг тогтоон барьж байгаа нь ардчиллыг тогтоон барьж байна гэсэн үг. Энэ нь яваандаа монголчуудын тусгаар улс байхыг тогтоон барьж байгаагийн илрэл гэж ойлгож, харж болно. Хэрэв энэ дайнд Орос ялах юм бол аль дуртай улс руугаа Укрианыг дарангуйлсан байгаа шигээ л дайрахгүй гэх баталгаа байна уу. Орос адилхан Орос руугаа дайрч чадаж байгаа юм чинь Монгол руу дайрах бол юу ч биш. Оросыг магтаад л сүйд болоод байдаг хүмүүс одоо ойлгомоор доо. Хэдий болтол мунхаг харанхуйгаараа явж дуусах гээ вэ. Тэгээд ч Итэвонд болсон том осолд хандаж байгаа бидний хандлага маш буруу, бүр хоцрогдсон хэт туйлширсан, мөн ардчилсан соёлт улс болох яагаа ч үгүй байгаагийн том анхааруулга дохио боллоо.
Эх сурвалж: Өдрийн сонин