Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч баасан гаригт гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн бүлэг этгээдүүдийн тухай мэдээлэл хийсэн. Шүүхээр шийдэгдсэн, шүүхийн шатанд яваа, хэрэгсэхгүй болгосон гээд нийт 57 хэргийг таницуулахдаа шүүхээр шийдэгдсэнээс бусад хэргийн холбогдогч, хохирогч нарын нэрийг нууцалсан. Үүнийгээ “прокурорын байгууллагад өгсөн амлалт” хэмээн тайлбарласан билээ.
“Энэ сарын 28-нд мэдээлнэ шүү” гэж урьдчилан зарлаж, цаг хугацаа товлож байгаад дээрх хэргүүдийг нийтэд зарласан шалтгаанаа “Гадаадын хөрөнгө оруулагч нарыг тонож дээрэмдсэн хэргээс болоод хөрөнгө оруулагч нар зугтаад байна. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд ард түмний хараа хяналтанд оруулж байна. Засгийн газар ФАТФ (Мөнгө угаах, терроризмтай тэмцэх олон улсын байгууллага)-ын өмнө авсан амлалтаа биелүүлж байна” хэмээн тайлбарласан билээ. Тэгэхээр үлдсэн өдрүүдэд Хууль зүйн сайдын зарласан "...." үсэгнүүдийн ард хэн гэгч этгээд, ямар компаниуд байгааг илрүүлэн олон нийтэд зарлах, тангарагтны шүүхийн өмнө аваачих нь манай сэтгүүлчид, “инфлүүзер” гэгддэг хүмүүсийн ажил болж байгаа юм байна.
Уг нь бол эрүүгийн гэмт хэргийг таслан зогсоох, гэм буруутай этгээдэд тохирсон ял, хариуцлагыг оногдуулах, хохирогчийн хамгаалах, хохирлыг барагдуулах нь хууль, шүүхийн байгууллагын хийх ёстой ажил, хуулиар хүлээсэн үүрэг. Үүн дээр шаардлага тавьж, шахалт үзүүлэх нь нийгмийн ёс суртахуун мөн л дөө.
Гэхдээ гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөн гаргасан, замыг нь хаасан, үргээсэн гэж байгаа шалтаг шалтгаанууд дотор нэг зүйл огт дурьдагдахгүй байна. Энэ бол Монгол Улсын хууль, Монголын төр хүний хувийн өмчийг хамгаалж чаддаг уу, эсрэгээрээ халдан дээрэмддэг үү? Ингэхэд төр нь, төрийн байгууллагууд нь хуулиа хэр зэрэг дагаж мөрддөг вэ? гэдэг асуудал.
Уг нь бол Монгол Улсын Үндсэн хуулиар “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүйгээр хүний хувийн өмчид халдаж болохгүй” гээд хориглочихсон байгаа. Гэсэн хэдий ч МАН төрийн эрх авснаас хойш нэг биш удаагийн үйлдлээр хүний хувийн өмчид халдсан. Хамгийн тод жишээ нь 2018 оны арванхоёрдугаар сард Засгийн газар нь цагдаагийн тусгай тасаг, дотоодын цэргийг дайчлаад Салхитын мөнгөний ордыг төрд хурааж авсан явдал. Уг нь тус ордод хөрөнгө оруулсан Хятадын иргэн, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан Монголын иргэн хоорондын маргаан шүүхэд очсон, шүүгч нь монголчуудаасаа авилга аваад Хятадын иргэнийг дээрэмдсэн юм байна. Гэтэл манай төр дундуур нь давхиж ороод, шүүгчид ял өгөөд компанийг өөртөө авчихсан. Уг нь бол шүүгч нар авилга авсан нь үнэн байгаад тэдэнд ял өгсөн юм бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод дахин шүүх хурал зарлаж, маргааныг хуулийн дагуу шийдэх ёстой. Төр өөртөө авдаг байлаа гэхэд ядаж л "хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгтэй шүү" гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Гэтэл Монголын төр хуулиа хэрэгжүүлэхийн оронд хоёр хүний маргаан дундаас ашиг олохыг илүүд үзсэн байдаг юм.
Үүний өмнө 2017 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг бас л шүүхийн шийдвэргүй булааж авсан. Одоог хүртэл “Монголын зэс” компани буюу ХХБ-ныхны оросуудад төлсөн 400 сая доллар, түүний дараа үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалтын зардлыг буцааж төлөөгүй, “харилцан суутгал хийнэ” гээд явж байгаа.
Хамгийн сүүлийнх нь Хөтөлийн цемент шохой, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр. Мөн л төр шүүхийн шийдвэргүйгээр өөртөө авсан. "Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй байна" гээд төр хураагаад авчихсан. Атал тэр авсан зээлийг нь төр биш, иргэн Д.Эрдэнэбилэг, ХХБ төлөөд явж байх жишээтэй.
Иймэрхүү маягаар хөрөнгө оруулагч нартаа (дотоодын, гадаадын гэж ялгаад байх ч шаардлагагүй) хандаж байгаа Монголын төрд, хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хэн итгэж Монголд хөрөнгө оруулах вэ? МАН Засгийн эрхэнд гараад зургаан жил өнгөрч байхад ганц удаа гаднаас хөрөнгө оруулалт татсан уу? Ганц үйлдвэрийг хөл дээр нь босгосон уу? Эсвэл хувийнхныхаа хийсэн хөрөнгө оруулалтыг дээрэмдээд, төсвөө бүрдүүлээд явж байна уу? гэдгийг хараад үзээрэй. Тэгсэн цагт хөрөнгө оруулалт чухам хэнээс болж Монголоос зугтдаг вэ? гэдэг тодорхой болно.
Б.ЗАЯА