“Ухаахудаг-Гашуунсухайт” төмөр замын төслийг Энержи Ресурс тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдтал зогсоочихсон. Хувийн компани 60 сая доллароор шатсан мэдээ хэвлэлд үзэгдээд нам дарагдсаныг хэн ч сөхөөгүй. Тоогоогүй. Ийнхүү олзны ам хаагдсанаар ардчиллын хийморь үхэж ядуурал нөмрөв. 2012 оноос өдгөөг хүртэл эрдсээ галт тэрэгний урт цуваагаар зөөсөн бол бид гурван саяул цулайсан.
Галт тэргэний урт цуваагаар нүүрсээ хил давуулж зарах мөчөөс ашиг уутлах юм. Олзны ам нээгдэх баярт мөчдөө яараач. Гайхамшигт тэр өдрөө товлооч. Тэр өдрийг чинь дээжээ өргөн хүлээе. Нүүрсээ галт тэргээр хил давуулах хугацаагаа дурсахгүй яагаад ямагт хойшлуулна вэ. Баруун зүүн босоо, хэвтээ чиглэл гэж байнга донгоссоноор аманд орсон тэрбум тэрбум долларыг хэлээрээ түлхчихсэн. Путин-түүний тойрон хүрээлэгчид манайхыг эрдэс баялгаа төмөр замаар экспортлохыг гацаачаад байхад дүнхүү мань мэдрэхгүй маанайсаар. (Хөршөө хөгжүүлдэггүй Орос гэх хардлага батлагдаж, дайн дэгдээд байхад шүү).
Оросын сайт юу гэж байсныг сануулъя: “Энержи Ресурс”-ийн монгол залуус Якунин Дерипаска нарын хөзрийг үхүүлж орхив. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгожээ. ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр зам уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрөх билээ. Энэ зам хэрэгжвэл ОХУ-ын нүүрсний төслүүдийг нураана. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтаа яаралтай зогсоох тушаал өгсөн билээ. В.Якунины боловсруулсан “1520-ийн цариг” нэртэй комбинацад Монгол улсыг ч оруулсан. Монгол улс Путины онцгой анхааралд өртсөн орон” гэж Оросын www.asiarussia.ru цахим сайт бяралхаж байв.
Гашуун сухайтын төмөр замыг 10 гаруй жил гацааж эх орноо хорлосон төр засаг дахь-чухал хүмүүс Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замыг 2022 оны 07-р сарын 20-нд дуусгахаар яаравчлав. Таван толгой-Гашуун сухайтын замыг гацааж буй нь тэр. Зүүнбаянд нүүрс валют болохгүй шүү дээ. Зүүнбаянгийн 415, Хангийн 226 км-ийг ухнатах хугацаанд суурь даланг овоолчихсон Гашуун сухайтын төмөр замаа хөдөлгөөд нүүрсээ ковидын үед ханатал экспортлох байв. Цар тахлын хорио цээрт улсаараа туйлдахад төмөр замын төсөл гацаагч чухал хүмүүст яасан их гомдов оо. Малтмалын үнэ хадсан мөчлөг таарсныг яана. Уйлах багадсан.
Чухал хүмүүс нүүрсээ галт тэрэгний олон вагон-чингэлгээр экспортолж, орос ахаа хилэгнүүлэхгүй гэж бялдуучилдаг агаад олон чиглэлд-төмөр замын үлгэр хайлж цувчуулдаг. Энэ хугацаанд хүн ам ядуурсаар доройтов. Гашуун сухайтын замыг Зүүнбаянгийн замаас өмнө ашиглалтад оруулсан бол цар тахлын үеэс одоог хүртэл нүүрс хүдэр зэсээ саадгүй экспортолж буй. Ийм олдошгүй завшаанаараа чухал хүмүүс орос ахаа зуйрдаг жишээнүүд дээр Хангийн төмөр зам нэмэгдэв. Оросын эрдэс Хангиар урагш гарч эхлэхэд манайхан машины очероор маргаж, чингэлэг терминалаар попорсон шигээ бахь байдгаараа заваарч суух вийвий.
“Оросын төмөр замууд” НХН-ийн орлогч С.Павлов Хангийн боомтыг нээхэд яарч манай муусайн сайд, элчин нарт дээрэлхэж, “РЖД”-гийн ерөнхий захирал О.Белозеров, тэр ч бүү хэл В.Путины нэрийг барьж сүрдүүлэх нь догшин. Монгол бие даасан төмөр замтай болж, түүгээрээ хаяа нийлсэн мөнгөжүү агаад мангас шиг ходоодтой Хятадад түүхий эдээ экспортлохыг ОХУ хэзээ ч үл зөвшөөрөх-тийм хувиршгүй аймшигт хүчирхэг хөрш юмсанж. Нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар экспортолж эхлэх өдрөөс Монгол мөнгөжиж, манай хөгжил хурдаа авах юм уг нь.
Эгдүүцэм нь: манай төр засаг нүүрсээ төмөр замаар экспортолж эхлэх жил, өдрөө огт товлодоггүй гээч. Би чих тавиад суугаа өвгөн. Үр өгөөжийг ная гарсан зөнөг хүртэхгүй ч хойч үеэ мөд хүртээсэй гэж яарна. Энүүхэндээ зовлонгоо ханцуй дотроо сэм шивнэхэд эрдсээ төмөр замаар бүү экспортол гэх ахын битүү хатуу шахалт дийлдэшгүй. Орос дарамтад сөхөрсөн төр засаг хэвтээ босоо тэнхлэг гэж олон жил попров. Үл бүтэх сүржин төслүүд манай хуучнаа хүсэгчдэд коммунизм шиг л сонсогддог байлгүй. Тэд орос гацааг дэмжиж уухайлснаар эх орныхоо эдийн засгийг хорлодог бялдуучид-угтаа. Өөр хэн ч биш.
Эрдэс баялгийн үнэ цойлсон мөчлөгийг алдалгүй ашиглахсан. Гашуун сухайтын 267 км төмөр замаа барьж дуусаад Хятадын төмөр замд сэлгүүлэн ачих мөч арай гэж ирмэгц манай төр засаг нүүрсээ галт тэргээр хил давуулах-олон жил хүссэн мөрөөдлөө орхичхоод, Тувагийн Арцсуурь-Шивээ хүрэнгийн (1300 км) баруун босоо, Эрээнцав-Бичигтийн (1000 гаруй км) зүүн босоо гэж хадуурав.
Яагаад чулуу шороогоо заавал машинаар зөөх гэж мунгинаад байдаг улс вэ гэж сонирхтол манай жолоодогчид В.Путины тойрон хүрээлэгч-нүүрс эрчим хүчний магнатуудад төмсөгдүүлчихсэн юм гэнэ. Төмсөгдсөн орос олигархиуд яадгийг үзээгүй, харин хонины сүүлнээс үмхсэн чоно тас хазаж байж л зайлдгийг бишгүй харсан. Төмсөг-сүүлнээс ч эмзэг эрхтэн гэдгийг оросууд тооцсон биз. Нурмаг ачаагаа сэлгүүлэн ачих буулгах илүү зардалгүй, нарийн царигаар шууд экспортлох боломжоо ингээд алдчихав. Унан байж морио, ханилан байж нөхрөө тань гэх сургаалыг минь ямар ч ган бат найрамдал орлохгүйг мэдээд авбал ХХI зууны олз.
Цар тахлын хорио цээрт орлогогүй гуриатав. Хил дээр жолооч нар ковидын шинжилгээнд олноороо бүдэрнэ. Төмөр замын гацаа үг хэл удав. Гэвч гацаагчид шогнойх эрхмүүд биш. 280 сая доллароор далангийн шороо овоолсон Гашуун сухайт руу бус, тэр ч бүү хэл нүүрс худалдан авагч Хятад руу ч бус, хэвтээ тэнхлэгийн 415 км өргөн төмөр замыг ТЭЗҮ-гүй, гео судалгаагүй Зүүнбаян руу зүтгүүлэв. Санхүүжилт нь төрийн нууц гэж байгаа. Сийрэгхэн жаалж буй биз. “Бид бие дааж төмөр зам тавив” гэж харанхуй массаа малласнаар рейтенгээ өсгөв.
Гашуун сухайтаар гармагц валютад шууд хувирдаг нүүрсээ Зүүнбаянд галт тэргээр зөөж овоолох-ерөнхийлөгч Баттулгын эх орондоо үлдээх хар Овоо юм гэнэ. Тэр нүүрсэн ууланд татвар төлөгчдийн хэдэн төгрөг булагдах бол. Овор их-нурмаг экспортоо хямд агаад ихээр тээвэрлэхгүй гэсэн тангарагтай мэт эдийн засгаа хорлосоор айсуй хөгжлөө хөөчих юутай харамсалтай вэ.
Танк, их бууны аюул бодитойг УИХ нотлов
Өргөн цариг тавихыг ямар түвшинд шийдэв? Мэдээж УИХ. Зүүнбаян Гашуунсухайт Ханги гэх гурван чиглэлд (наанаа Женкогийн, цаанаа Путины зангаагаар) өргөн цариг тавьсан нь УИХ энэ шийдлээрээ “танк, их бууны аюул бодитой шүү” гэж гадаад дотоодод нотолсон үйлдэл болов. Яагаад гэвэл нарийн царигаар Хятадын төмөр замтай шууд холбох боломж байсаар атал заавал өргөнийг тавьж, шилжүүлэх терминалд асар их хөрөнгөө зориуд үрэх өөр шалтгаан огт байхгүй юм чинь дэлхий дахин тэгж ойлгохоос яахав. Танк, их буунаас айсан УИХ сэлгүүлэн ачих буулгахад цуваа бүрээс алдах-өм цөм хохирлоо арга буюу зарлагдав гэх гаргалгааг няцаах шалтгаан буй аваас зарлаач. Царигаа дэлхийн стандартаар тавьсан бол терминал барих тэр их зардлыг хүн ам хүртэх байв.
Нарийн цариг тавивал хятадууд танк их буугаа ачиж ирээд эзэлчихнэ гэх мангууралд хэн хэнийхээ сонгосон замналыг хүндэтгэж, адилхан хожихоор дээд түвшиндээ тохирсон их хөрш БНХАУ тоож эмзэглээгүй. Орос сүрдүүлэгт сүнс нь зуун жил зайлчихсан монголчуудыг хятадууд нэвт оншилдог тул ХХI зууны хөгжлийн нөлөөнд сэтгэхүйн олдмол гэмгэг нь яваандаа илааршинэ гэж хүлээдэг биз-нэг хэсэгтээ.
Өнөөдөр өргөн ч гэлээ төмөр зам 10 гаруй жил баарсаар яаж ийгээд Гашуун сухайт хүрчээ. Айлын замтай холбосноор санасандаа гүйцэд хүрнэ. Холбоход бүх хүчээ хуу төвлөрүүлээд хэдхэн хоногт хийчих. Нүүрсээ галт тэрэгний урт урт цуваагаар сая сая тонн экспортолж валют хүүдийл. Маниусын ингэж мөнгөжихийг л оросууд тэвчихгүй гацаадаг. Өргөн царигаас нарийн руу сэлгүүлэх гэж бид хэдэн зуун сая доллар үрнэ. Гоё дөнгөсөн байгаа биз. Манайхан одоо холбох цэгээ тохиролцоно гэж аргацаахдаа-гацаа БНХАУ-аас үүсээд буй мэт ойлголт ард түмэндээ төрүүлэхийг битүүхэн хичээх бөгөөд ард түмэн нь ч дуун дээр тэгж эргүүтнэ. Ингэснээр орос магнатууд ядмаг хөршөө мөнгөгүй байлгах далд санаагаа биелүүлж, экспортоо өсгөх хугацаа хожно. Оросууд гацаахдаа мануустаа л баавгай. Зовхи нь өөдөө үндэстнийг бол тэд яаж ч чадахгүй. Ганцаардаж буйг нь хар. Унхиагүй монголчуудаа, зовхио сөхөөд эргэн тойрноо тольдооч.
12 жил гацсан галт тэрэг эцсийн эцэст зэргэлээт говиор жирэлзэв. Таван толгойд туг далбаа дарцаглан хөгжим нижигнэж дарс ханхаллаа. Жилд 70 сая тонн нүүрс экспортолно гэж ерөнхийлөгч хөөрцөглөв. Дагаад хөөрчих гэсэн чинь хилийн боомтоос 10 км-ийн наана өргөн төмөр зам маань мухардаж, нүүрсээ хээр асгаад цааш машинаар айлын нарийн цариг руу зөөх гэнэ. 1,5 ихнаядын өртөгтэй сэлгүүлэх терминал барихад 2-3 жил буюу УИХ, ерөнхийлөгчийн хугацаа дуусна. Ийм гайхамшигт хувилбар бодож олсон 76 гавалд мөргөх ёстой гэнэ шүү. Тэд тархиа ширгэтэл, чөмгөө дундартал зүтгэсэн юм байх. Заавал өргөн цариг тавьж ийнхүү дөнгүүлсэнд танк их буунаас өөр шалтгаан буй аваас нуулгүй хэлээд, эргэлзээ тайлаад, өвгөн намайг тайвшруулаад өгөөрэй. Уг нь нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар хил давуулж валют болгож байж л хөөрцөглөмөөр. “Экспортын төмөр замыг гацаасны улмаас учирсан 80 ихнаядын алдагдлыг экс ерөнхийлөгч Х.Баттулгаас нэхэмжлэх учиртай” гэж засаг мэдэгдсэн ч монголчууд Украйны нацистуудыг зүхээд 80 ихнаядын хохирлоо хайхрах янзгүй.
Оросоос асар үнэтэй эрчим хүч импортлохын тулд сүүлийн 50 жилд нэг ч цахилгаан эх үүсвэр бариагүй бөгөөд үнэмших аргагүй худал шалтгуудаар хүн амаа хуурах санаатай танк их буу шигээ хөглөсөн: Байгал нуур, Завхан гол ширгэж загас жараахай устана, Багануурт ЦС баривал Хятадын арми хяналтаа тогтоож, 5000 хужаагийн тосгон үүсэж монголчуудыг уусгана. ДЦС V-ыг барих газар 1,5 сая кв км нутгаас олдоогүй гэхчилэн хөвөрнө. Лусаас хайрласан хишгийг орос магнатуудтай хавсайдан саатуулсаар-нүүрлээд ирсэн хөгжлөө үргээчвээ хөөрхий.
Ц.Доржготов /baabar.mn/