Одоогоос найм хоногийн өмнө буюу өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригийн шөнө цагдаагийн байгууллагаас явуулсан баривчилгаа сүүлийн хоёр хоногийн гол сэдэв болов.
Аравдугаар сарын 20-ний пүрэв гаригийн шөнө цагдаагийн ажилтнууд (найман хүн) айлын гэрт хүч хэрэглэн орж, тэнд байсан долоон хүнийг “мөрийтэй тогтоом зохион байгуулсан” хэргээр баривчлан саатуулжээ. Тэдний дунд МУГТ Б.Наранбаатар, BRB компанийн захирал Ж.Энхжаргалан болон АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс нар байсан аж. Саатуулагдсан иргэдийн биед нь үзлэг хийж, цагдаагийн хэлтэс дээр авчиран мэдүүлэг авсны дараа буюу баасан гаригийн өглөө нь тавьж явуулжээ.
Гэвч лхагва гаригийн өглөөнөөс эхлэн мэдээллийн сайтуудаар “МУГТ Б.Наранбаатар, "BRB"-ийн захирал Ж.Энхжавхлан нар мөрийтэй тоглоом зохион байгуулсан, хэргийн газраас хар тамхи хурааж авсан” гэдэг мэдээллийг цацаж эхэлснийг МУГТ Б.Наранбаатар, "BRB" компанийн захирал Ж.Энхжаргалан нар эсэргүүцэж, өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
Тэдний мэдээлснээр, цагдаагийн байгууллага саатуулагдсан долоон иргэнээс бүгдээс нь хар тамхины сорил авсан, нэгээс нь ч илрээгүй. Мөн баривчлан саатуулах болон цагдаагийн хэсэг дээр мэдүүлэг авч тэмдэглэл хөтөлж байх үед хар тамхины төрлийн ямар ч бодис байгаагүй. Ямар ч мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй. "Энэ бол цагдаагийнхны зохион байгуулсан маш муу гүйцэтгэх ажиллагаа байлаа. Хар тамхийг зориудаар шургуулсан байна" гэсэн билээ. Тиймээс дээрх хэрэг ойрын өдрүүдэд ч олны анхаарлын төвд байх бололтой. Үүнтэй холбогдуулаад энэ сард гарсан бас нэг хэргийг эргэн сануулахад хүрэв.
Энэ сарын 10-ны орой БЗД-ийн Олимп хотхоны арын зам дээр “Ландкрузер 200” маркийн автомашин явган зам дээр алхаж явсан 11-12 насны хоёр охиныг дайрч нэгийг нь хүнд гэмтээсэн осол гарчээ. Гэвч энэ тухай олон нийт осол гарснаас хойш долоо хоногийн дараа хохиргч нарын нэг (автомашинтай зорчиж явсан) нийгмийн сүлжээнд тавьсан бичлэгээс олж мэдэв. Гэсэн хэдий ч цагдаагин байгууллага хоёр урсгалтай замыг хоёр удаа хөндлөн гарч, долоо машиныг мөргөн замаас нь гаргасан, явган зорчигчийг мөргөсөн, чирсэн жолоочийн нэрийг нууцалсаар байлаа. Олон нийтийн бухимдал, сэтгүүлчдийн шахалт шаардлагаар Ч.Маралмаа, Г.Батсүх гэдэг хүмүүс уг машинд явсныг хэлсэн, хэлүүлсэн боловч осол юунаас болж гарсан талаарх шинжээчийн дүгнэлтийг одоо хэр нь мэдээлээгүй байгаа.
Ч.Маралмаа нь “Найз залуугаа согтуугаар машин бариулахгүйн тулд жолоог нь авсан. Жолоо барьж үзээгүй учраас сандарсандаа хааз, тоормозоо андуурсан” гэдэг мэдүүлэг өгсөн гэх ч түүний нэр дээр бүртгэлтэй хоёр ч автомашин байдаг, жолоо барьж чадахгүй байх үндэслэлгүй гэдэг мэдээллүүд олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайтуудаар цацагдсан.
Ялангуяа Х.Нямбаатар сайд өөрөө прокуророос зөвшөөрөл авч байж нийтэд үзүүлсэн замын хөдөлгөөний хяналтын камерийн бичлэгээс Ч.Маралмаа гэдэг хүн зүв зүгээр машинаа асаагаад хөдөлгөөнд оролцож байгааг харсны дараа “Энэ бол яавч эрүүл хүний хийсэн осол биш” гэдэгт итгэлтэй болсон билээ. Нэг ёсондоо цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр маш хойрго ажиллаж байгаа гэж хэлж болно.
Харин өнгөрсөн хоёр өдөр шуугиан тарж байгаа Б.Наранбаатар, Ж.Энхжаргалан нарын тухайд цагдаагийн байгууллага, алба хаагч саатуулагдсан хүмүүсийн мэдээллийг гэмт хэргийн нотлох баримтгүйгээр, зориудаар сэтгүүлчдэд тараасан, “хэргийн газраас хар тамхи хурааж авсан” гэж гүтгэсэн, айлын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрсэн, нэгжлэг хийсэн гээд маш олон талын буруутгал цагдаа дээр буугаад байна. Болсон үйл явдлыг “Засгийн газарт шүүмжлэлтэй хандсаных нь төлөө гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж, гэмт хэрэгт гүтгэсэн” гэж үзэх хүмүүс ч олон байна. (BRB компанийн захирал Ж.Энхнасангийн хувьд “Ажлаа өг” жагсаалыг зохион байгуулагч)
Нэгдүгээрт, саатуулагдсан иргэдийн түрийвч, айлын гэрээс хурааж авсан мөнгөнөөс өөр тэднийг “мөрийтэй тоглосон” гэх ямар ч нотлох баримт байхгүй, шинжилгээгээр хар тамхи илрээгүй, албан ёсны шалгалтын явцад хар тамхины төрлийн бодис илрүүлээгүй, хурааж аваагүй зэргээс нь харахад тэдэнд тохож байгаа хэргүүд тийм ч баттай, үндэслэлтэй биш бололтой. Хоёрдугаарт, хэрэг нь нотлогдоогүй байхад нотлогдсон мэтээр дамжуулж, хэргийн газрын зураг хөргийг "зарж" эхэлсэн нь цагдаагаар дамжаад өөр хэн нэгний ашиг сонирхол явж байгаа бололтой. Хэрэв тийм биш бол өмнөх хэрэг шиг Х.Нямбаатар сайд өөрөө прокуророос зөвшөөрөл авахаар явах байсан байлгүй.
Товчоор хэлбэл, нэгэнт болоод өнгөрчихсөн, эзэн холбогдогч, хохирогч нар нь тодорхой хэрэг дээр явуулж байгаа цагдаагийн ажиллагаа, гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа үйлдэл дээр хийж байгаа мэдэгдэл хоёр газар тэнгэр шиг ялгаатай байна аа л гэсэн үг. Нэгийг нь хамгаалж хаацайлсан, нөгөөг нь зориудаар хэрэгт унагах гэсэн хандлага давамгайлаад байх шиг.
Түүн дээр нь манай зарим нэг сэтгүүлчид, хэвлэлийнхэн хүртэл давхиж ороод “Хар тамхичин, мөрийтэй тоглоомчин. Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээ” хэмээн соошлаар занаж зандарч эхэлсэн нь асуудлыг бүр ч эргэлээтэй болгож байна. Нэгд сэтгүүлч бол яллагч биш. Маргаж байгаа хоёр талын аль алиных нь мэдээллийг тэнцвэртэй дамжуулах, бодит үнэний талд зогсох үүрэгтэй хүмүүс. Монгол Улсын Үндсэн хуульд “гэм бурууг нь шүүхээр тогтоосноос бусад тохиолдолд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй” гээд заачихсан. Үндсэн хуулийн энэ заалт хууль хяналын байгууллагынхнаас гадна сэтгүүлчид, хэвлэн нийтлэгч нарт ч хамаатай. Гэмт хэргийн мэдээллийн тухайд цагдаа цорын ганц эх сурвалж биш, үргэлж үнэн зөв байдаггүй гэдгийг ч бас тооцож үзэх ёстой. Үүн дээр Б.Наранбаатар, Ж.Энхжаргалан нарын бухимдал зүйл ёсных л гэж харагдаж байна.
Б.СЭМҮҮН