x

“Эрдэнэс Тавантолгой”-н орлогоос давсан хөрөнгө оруулалт

“Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-өөс хэрэгжүүлсэн "Төрийн өмчит уул уурхайн компаниудын шилэн дансны мэдээлэлд дүн шинжилгээ хийх" төслийн хүрээнд www.gogo.mn /Р.Адъяасүрэн/, The Mongolian Mining Journal /Б.Төгсбилэгт/, www.itoim.mn /О.Мөнхбат/ сэтгүүлч нар гүйцэтгэв.

“Том орлого, том зардал” гэж товчхоноор “Эрдэнэс Тавантолгой” компанийг тодорхойлж болно. Бүр тодруулбал орлогоос нь давсан хөрөнгө оруулалтын үүрэг хариуцлага тус компанид оноогджээ. “Эрдэнэс Тавантолгой” нь Монголын хамгийн том нүүрс олборлогч, экспортлогч болон урагшлан хөгжиж байгаагийн хувьд мэдээж орлогын үзүүлэлт асар том байдаг. Энэ нь ч улсын төсөв, хөрөнгө оруулалт талаасаа сайхан зүйл. Гэхдээ бүх зүйл үргэлж сайхан байгаагүйг салбарынхан мартаагүй. Хятадын “Чалко” компанид тавьсан их өрийг барагдуулах ажил 2016 оны нүүрсний ханшийн өсөлтийн ачаар нэлээд урагшлах болж, 2017 оны эхний улиралд нийтдээ зургаан жилийн турш төлөлт нь сунжирсан их өрийг бүрэн барагдуулж чадсан юм. Гадаад өр төлбөрөөс ангижирч, нүүрсний ханш өсөхийн хэрээр “Эрдэнэс Тавантолгой” компани улам бүр өнгө орж, орлогын үзүүлэлт нь сайжирсан. Тэр хэрээр компанийн өөрийн бүтээн байгуулалт төдийгүй улс орны чанартай хөрөнгө оруулалтын төсөлд хүлээх хариуцлага нь нэмэгдэх болсон.

Өнгөрсөн оны байдлаар “Эрдэнэс Тавантолгой” нийтдээ 15.5 сая тонн нүүрс борлуулж, 1.68 орчим их наяд төгрөгийн орлоготой ажиллажээ. Үүнээс 1.5 их наяд төгрөг нь борлуулалтын орлого гэж тус компани мэдээлсэн. Мөн цэвэр ашгийн үзүүлэлт 149.4 тэрбум төгрөгт хүрч, улсын төсөвт 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн тухай тус компани мэдээлсэн (өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар). Тэгэхээр 2020 оны тухайд экспортолсон нэг тонн нүүрс тутамд 108 мянган төгрөгийн орлого ногдож байна.

Гэхдээ тус компани 2019 онд мөн адилхан 15.5 сая тонн нүүрс борлуулж 2.7 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж байсан (нэг тонн нүүрсэнд 171.6 мян.төг ногдоно) нь компанийн түүхэн дэх дээд амжилтад тооцогддог. Мөн онд улсын төсөвт 736.1 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж байсан. Харин 2020 оны хувьд цар тахлын жил байсан тул эдгээр үзүүлэлтүүд өмнөх оныхоосоо нэлээд буурсан. Хэдийгээр 2019, 2020 онд коксжих нүүрсний зах зээл ханшийн хувьд харьцангуй тогтвортой байсан боловч ийнхүү компанийн 2020 оны борлуулалтын орлого, цэвэр ашгийн үзүүлэлт огцом буурсан. Үүний гол учир шалтгааныг “Эрдэнэс Тавантолгой” компани дэлгэрэнгүй тайлбарлаагүй, зөвхөн цар тахлын жилтэй холбосон.

Цаашид Хятадын коксжих нүүрсний импорт тогтвортой хадгалагдах тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” нь Монголын эдийн засагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас дутахааргүй томоохон “саалийн үнээ” болох ирээдүй харагдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө оруулалт төмөр зам, шахмал түлшний үйлдвэр рүү чиглэсэн байна

2020 оноос эхлэн “Эрдэнэс Тавантолгой” компани төсөв, санхүү, тэр дундаа цалингаас бусад таван сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээний мэдээллийг шилэн дансны нэгдсэн системд оруулах болсон байна. Иймд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2020 оны байдлаарх шилэн дансны гүйлгээний мэдээллийг хүргэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд 81.5%-ийг нь төр эзэмшдэг. Хэдийгээр “Эрдэнэс Монгол”-ын охин компани боловч хувьцаа эзэмшлийн эрх үүргийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ) гэж явдаг. Тодруулбал, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани хэлбэрээр 2010 онд байгуулагдсан. Үүний дараа УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор бие даасан компани болгон Засгийн газрын 2018 оны 245 дугаар тогтоолоор төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг УУХҮЯ 70%, ТӨБЗГ-т 30%-ийг тус тус хэрэгжүүлэхээр тогтоожээ. Ийнхүү тус компани дахь төрийн хувьцаа эзэмшлийн эрхийг УУХҮЯ болон ТӨБЗГ-т хуваарилсан нь цаагуураа зөрчилд хүргэж болзошгүй. Учир нь УУХҮЯ болон ТӨБЗГазар нь  компанийн ашиг орлогыг хэрхэн зарцуулах тухайд харилцан адилгүй байр суурь баримталж мэднэ. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Тавантолгой” нь “Эрдэнэс Монгол”-ын охин компани боловч толгой компанид ямар ч ногдол ашиг очдоггүй. Цаашид “Эрдэнэс Тавантолгой”-н төрийн эзэмшлийг хэрхэн хэрэгжүүлэх тухайд илүү оновчтой, энгийн зохицуулалт нь хийх шаардлагатай байна.

2020 оны хэмжээнд тус компанид хэр хэмжээний орлого, зарлагатай ажилласныг одоо тус компанийн тайлагнасан шилэн дансны гүйлгээний мэдээллээс харцгаая. Энэ нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар мэдээлсэн тоон баримтаас зарим тохиолдолд зөрүүтэй байж болно. Гэхдээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл багтсанаараа давуу талтай.

Өнгөрсөн онд компани нийтдээ 1.4 их наяд төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн болох нь шилэн дансны мэдээллээс тодорхой болсон юм. Задлаад харвал дийлэнхийг буюу 930 орчим тэрбум төгрөгийг борлуулалтын орлого, дараагийн гол эх үүсвэр нь банкнаас авсан зээл, хадгаламжийн хүүгийн орлого эзэлж байна. Эндээс “Эрдэнэс Тавантолгой” компани нь борлуулалтын орлогоо шилэн дансны нэгдсэн системд хагас дутуу оруулсан болох нь харагдана. Учир нь хувьцаа эзэмшигчдийн хурлаар компани 2020 оны хэмжээнд борлуулалтын орлого 1.5 их наяд төгрөг гэж мэдээлсэн. Шилэн дансны мэдээллээр өнгөрсөн онд компанийн экспортолсон нүүрсний хамгийн том (буюу 28%-ийг) худалдан авагч нь Хятадын “Чалко” компани байжээ.

Орлогын хоёр дахь томоохон урсгал буюу банкны зээл, хүүгийн орлогын эх үүсвэрийг задалж харвал 442 тэрбум төгрөгийг банкны зээл, үлдсэн 8.4 тэрбум төгрөгийг хадгаламжийн орлогоор бүрдүүлжээ.

Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах зээлээс хөрөнгө босгохоор ажиллаж байсан ч IPO босгох ажлыг Засгийн тэргүүн цуцалснаар “ЭТТ Майнинг” компаниас хөрөнгийн татан авалт хийснээр багагүй хэмжээний орлогыг буцаан төвлөрүүлжээ. Ингээд үндсэндээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлогын бүрдэл хэсгүүдийг нэрлэж дууслаа.

Эх сурвалж: Шилэн дансны мэдээлэлд үндэслэсэн тооцоолол

Харин зарлагын тухайд тус компани нь асар том хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, өөрийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын төслүүдэд хийж байна. Өнгөрсөн оны хэмжээнд шилэн дансны мэдээллээр тус компани нийтдээ 2 их наяд 28.9 тэрбум төгрөгийн зарлагатай ажилласан байна. Энэ дотроо тус компанийн хамгийн том гүйлгээ хийсэн сарыг дурдвал оны эцэст буюу арванхоёрдугаар сар тодорсон. Тодруулбал мөн сард нийтдээ 558.4 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн нь нийт дүнгийн 27.5%-тай тэнцэнэ /үүнд татварын урьдчилгаа төлбөр голлон нөлөөлсөн/. Гэхдээ энэхүү нийт дүнд (буюу тус компанийн 2020 оны шилэн дансны зарлагын гүйлгээнд) Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд зарцуулсан 732.9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг оруулаагүй буюу тэмдэглээгүй байсныг дурдах нь зүйтэй. 2020 оны хэмжээнд ТТ- Гашуунсухайт чиглэлийн төмөр замд дээрх хэмжээний хөрөнгө зарцуулсан тухай өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар мэдээлсэн. Иймд тус компанийн нийт зарлагын гүйлгээ 2020 онд ойролцоогоор  2.8 их наяд төгрөгт хүрчээ. Шилэн дансанд тэмдэглэгдээгүй ТТ-Гашуунсухайт төмөр замыг эс тооцвол, хамгийн том зарцуулалтыг 2020 онд Тавантолгой-Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалтад хуваарилжээ. Уг төмөр замын төсөлд 2020 онд нийтдээ 530 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Эх сурвалж: Шилэн дансны мэдээлэлд үндэслэсэн тооцоолол

*БУСАД гэсэн ангилалд КОВИД-19-ээс сэргийлэх арга хэмжээний зардал, компанийн ойн арга хэмжээ, томилолт сургалт, жижиг тоног төхөөрөмж г.м. зардлууд багтсан.

Тус компанийн хувьд шилэн дансанд оруулсан мэдээллээр, 2020 онд нийтдээ 496.8 тэрбум төгрөгийг татвар хураамжид төвлөрүүлжээ. Энэ дундаа дийлэнхийг буюу 263.5 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт (ААНОАТ) төлжээ. Ийнхүү ихээхэн хэмжээний орлогын татвар төлөх болсон нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК татварын урьдчилгаа болгож 153 тэрбум төгрөгийн ААНОАТатварыг улсад төвлөрүүлсэнтэй холбоотой. 2021 онд тус компани нийтдээ 2.67 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж, 541.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөсөн тухайгаа мэдээлсэн. Дээрх татварын урьдчилгааг энэ оны орлогын тооцоололд үндэслэн хугацаанаас нь өмнө төвлөрүүлсэн болж таарч байна. Роялтийн тухайд ч мөн адил урьдчилгаа төлөх зарчим үйлчижээ. 2020 оны хэмжээнд тус компани нийтдээ 161.1 тэрбум төгрөгийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр улсад төвлөрүүлсэн байна. АМНАТөлбөрийг дотор нь задлаад үзвэл 62 орчим тэрбум төгрөгийг суурь АМНАТ, 23.7 тэрбум төгрөгийг өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, үлдсэн хэсэг буюу 75.4 тэрбум төгрөгийг АМНАТ-ийн урьдчилгаанд төлжээ. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” улс орны эдийн засгийн амаргүй үед татвар, хураамжийг урьдчилж төвлөрүүлэн ажилласан байна. Урьдчилж төлсөн ААНОАТ, АМНАТ-ийг нэгтгэж авч үзвэл 228 тэрбум төгрөг болжээ. Ингэж татварыг урьдчилж төлөх нь “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчийн томоохон компаниудын хувьд түгээмэл үзэгдэл юм. Энэхүү урьдчилгаа татвар, төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд буюу он солигдох торгон зааг дээр улсад төвлөрүүлсэн бол яг тэр өдөр нь тус компани Хаан банкнаас 230 тэрбум төгрөгийн зээл авчээ. Эндээс “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн онд төлөх ёстой 260 гаруй тэрбум төгрөгийн татвараа төлсөн, дээр нь татварын урьдчилгааг төсөвт төвлөрүүлсэн болох нь харагдаж байна. Уг нь 2021 онд тус компани төсөвт нийтдээ 590 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Харамсалтай нь энэ онд улсын нүүрсний экспортын төлөвлөгөө ихээхэн тасалдах төлөвтэй байгаа нь компанийн орлогын биелэлтэд ч мөн сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй юм.

Эх сурвалж: Шилэн дансны мэдээлэлд үндэслэсэн тооцоолол

Компанийн уурхайн олборлолтын зардал (ЭТТ-н шилэн дансны бүртгэлд оруулсан) нийт зарлагын гүйлгээний 18.1%-ийг эзэлснээр татвар, хураамжийн дараах хамгийн том зарцуулалт болж байна. Олборлолтын зардлыг задлаад үзвэл 2020 онд “Хишиг Арвин Индустриал”, “TTJVCo” буюу ТиТиЖиВиСиӨү зэрэг компани хамгийн өндөр дүнтэй ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Гэхдээ одоо Хятадын “TTJVCo” компанитай хийсэн гэрээний хугацаа дуусч оронд нь шинэ олборлогчтой гэрээлэхээр болсон бөгөөд тендерийг гуравдугаар сарын дундуур зарласан.

Эх сурвалж: Шилэн дансны мэдээлэлд үндэслэсэн тооцоолол

Компанийн зээлийн үлдэгдэл өнгөрсөн онд 2.04 их наяд төгрөгт хүрч өсжээ

Мөн дараагийн томоохон зарцуулалт бол зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн зардал байгаа юм. Өнгөрсөн онд тус компани нийтдээ 222.3 тэрбум төгрөгийг энэ чиглэлд зарцуулжээ. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” компани нь 2020 онд дээрх хэмжээний мөнгийг зээл, хүүгийн төлбөрт зарцуулсан бол шинээр нэмж 442 тэрбум төгрөгийн зээл авсан тухай шилэн дансны бүртгэлд тэмдэглэгджээ. Гэхдээ эдгээр мэдээлэл нь компанийн хэмжээнд нийт хичнээн хэмжээний зээлийн үлдэгдэлтэй байгааг илтгэхгүй, зөвхөн 2020 оны хэмжээнд шилэн дансны нэгдсэн системд бүртгэгдсэн зээл, хүүгийн төлбөрт зарцуулсан мөнгөн дүн, мөн шинээр авсан зээлийн хэмжээг харуулна. Тэгвэл компаниас гаргасан албан ёсны санхүүгийн тайланд өнгөрсөн оны сүүлийн байдлаар тус компанийн зээлийн нийт үлдэгдэл 2.04 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоосоо огцом нэмэгджээ.

Өнгөрсөн онд 2.5 сая иргэнд 179.8 тэрбум төгрөгийг 1072 хувьцааны ногдол ашиг болгон хуваарилсан нь дараагийн томоохон зардлыг бүрдүүлсэн байна. Угтаа тус компани ногдол ашиг хуваарилахад нийт 198.4 тэрбум төгрөг зарцуулсан. Үүний 18.5 тэрбум төгрөг нь хувь хүний орлогын албан татварт суутгагдсанаар иргэдийн гарт 179.8 тэрбум төгрөг очсон. Энэ нь компанийн хувьд анх удаагаа ногдол ашиг тараах шийдвэр гаргасан гэдэг үүднээсээ ихээхэн онцлог үйл явдал байсан. 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” 2.7 их наяд төгрөгийн орлого, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь ийнхүү багагүй хэмжээний ногдол ашиг хуваарилах нөхцөл бүрдүүлсэн. Харин 2020 оны тухайд цэвэр ашиг 85.6%-иар буюу 886.6 тэрбум төгрөгөөр буурсан төдийгүй компани ч ногдол ашиг олгохгүй болохыг мэдэгдсэн. Учир нь тус компани урьдаар томоохон хөрөнгө оруулалт шаардах төслүүдээ санхүүжүүлж үнэ цэнээ өсгөх нь зүйтэй гэсэн бодлого баримталж байна.

Ингээд дараагийн томоохон санхүүжилтийг нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн, шахмал түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” ХХК-д оруулсан байна. “Тавантолгой Түлш” компанид 2020 оны хэмжээнд үндсэндээ 138.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Сүүлийн хоёр жилд (2019-2020) “Эрдэнэс Тавантолгой” компаниас “Тавантолгой Түлш” компанид олгосон санхүүжилт  даруй 269.1 тэрбум төгрөгт хүрчээ. Уг компанийн үйлдвэр нь “Энержи Ресурс”-ээс боловсруулсан эрчим хүчний нүүрсийг үнэ төлбөргүйгээр авч бүтээгдэхүүнээ “зах зээл”-ийн үнээр борлуулах зарчмаар байгуулагдсаныг харгалзвал цаашид зардлаа өөрийн борлуулалтын орлогоор зохицуулдаг болох шаардлага зүй ёсоор тавигдана. Эс бөгөөс толгой компанидаа санхүүгийн дарамт болж мэдэхээр байна.

“Эрдэнэс Тавантолгой” шилэн данс хөтлөлтөөр салбартаа жишиг болж байна

Өнгөрсөн 2020 он бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд үр дүнтэй онцлох жил байсан. Компанийн 10 жилийн ой болсон талаасаа ч ихээхэн тэмдэглэхүйц цаг үе байв. Мөн онд дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулан батлуулсан. Ордын нөөц баталгаажуулсан зэрэг олон ажил зохион байгуулсан.

Гэхдээ тухайн онд цар тахлын нөлөөллийн улмаас тун амаргүй жил байсан. Ялангуяа оны эхний хагаст компанийн төлөвлөгөө 70 гаруй хувиар тасалдаж байсныг оны хоёрдугаар хагаст багагүй хэмжээгээр нөхөж ажилласан. 

Гэсэн хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашгийн төлөвлөгөө өнгөрсөн онд ердөө 35%-иар биелсэн. Үүнд цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн. Мөн бүтээн байгуулалтын томоохон зардлууд нөлөөлсөн. Цаашид ч “Эрдэнэс Тавантолгой” компаниас баяжуулах үйлдвэр, цахилгаан станц болон бусад дэд бүтцийн томоохон төслүүд санхүүжилтээ хүлээн байна. Төлөвлөгөө ёсоор энэ онд тус компани төмөр зам, цахилгаан станц болон бусад холбогдох дэд бүтцэд 2.45 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Эдгээр төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн зарим хэсгийг шийдвэрлэхээр тус компани хоёр их наяд төгрөгийн бонд босгохоор төлөвлөсөн. Үүний эхний шат болгож 600 тэрбум төгрөгийг гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 9-ний хооронд амжилттай босгож чадсан. Ийнхүү Монголын нүүрсний хамгийн том экспортлогч дэд бүтцийн томоохон төслүүдийг өөрийн орлого ашиг (хуримтлагдсан ашиг) болон зээл, бондын санхүүжилтээр шийдвэрлэн ажиллаж байгаа нь харагдана.

“Эрдэнэс Тавантолгой” компани нь шилэн, ил тод үйл ажиллагааг нэвтрүүлэх чиглэлд салбартаа манлайлан ажиллаж байна. Тодруулбал тус компани нь шилэн дансны хууль хэрэгжүүлэлтээр салбартаа тэргүүлж байна гэж хэлж болно. Түүнчлэн компани өөрийн албан ёсны цахим хуудсанд “шилэн компани” гэсэн цэс үүсгэж өгсөн. Энэ ажлыг биелүүлэхэд үндсэндээ 2020 онд олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах гэж байсан нь ихээхэн түлхэц болсон. “Эрдэнэс Тавантолгой” хуулийн үүргээ сайн гүйцэтгэж, шилэн данс хөтөлж буй энэхүү сайн жишгийг “Оюутолгой” ХХК болон бусад төрийн эзэмшлийн компани биелүүлэх шаардлага, нийгмийн хүлээлт өндөр байна.

Үндэсний аудитын газрын мэдээлснээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Шилэн дансны тухай хуулийн зургадугаар зүйлд заасан мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан тухай бүр ил тод мэдээлж байх үүрэгтэй. Тэгвэл тус компани нь (2019 оны байдлаар) Шилэн дансны нэгдсэн систем болон байгууллагын цахим хуудаст байршуулах долоон төрлийн 62 мэдээллийг бүрэн байршуулсан байна. Тайлант он буюу 2019 онд цахим санд жилд нэг удаа оруулах хоёр мэдээ, сар бүр оруулах 60 мэдээллийг хугацаанд нь оруулсан тухай өгүүлжээ.

Тус компани нь Шилэн дансны тухай хуулийн 3.1.3-ын дагуу мэдээлэл оруулдаг болохыг Үндэсний аудитын газрын тайланд тэмдэглэсэн. Гэвч тус компанийн шилэн данс хөтлөлтөд хуулийн хүрээнд хязгаарлагдахгүй илүү дэлгэрэнгүй мэдээллүүд багтдаг нь ил тод байдлыг төрийн өмчийн компаниудад нэмэгдүүлэх чиглэлд үлгэр жишээ болж байна. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа тайлагнахдаа заавал хуулийн зүйл заалтад баригдалгүй, сайн дураараа илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэдэг жишиг гадаадын уул уурхайн томоохон компаниудын дунд ч түгээмэл бий.

Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээллийг олон нийтэд дэлгэж байгаа нь сайн хэрэг ч тухайн мэдээллийг илүү хүртээмжтэй болгохын тулд нээлттэй өгөгдлийн стандартад нийцүүлж шилэн дансны нэгдсэн системд оруулдаг болох хэрэгтэй байна.

Тус компани ирээдүйд илүү үнэ цэнтэй компани болж, иргэдэд болон улсад ахиу хэмжээний ногдол ашиг хуваарилах боломж бий. Гэхдээ зардлын үр ашигт, ялангуяа компанийн өөрийн үйл ажиллагаатай холбоогүй төслүүд дэх зарцуулалтад анхаарал хандуулахгүй бол энэ нь байгууллагын төсөв, санхүүд хүндрэл учруулж болзошгүй байна. Энэ нь цаашлаад иргэдэд очих ногдол ашгийн хэмжээнд болон баялгийн сан бүрдэлтэд шууд сөргөөр нөлөөлнө.

Одоогийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой”-н санхүүгийн үзүүлэлт харьцангуй тогтвортой байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бол төсөвт татварын орлого бүрдүүлэх үүднээсээ жинхэнэ “саалийн үнээ” гэдгийг бид мэднэ. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” нь улс орны стратегийн чанартай төмөр зам, цахилгаан станцын хөрөнгө оруулалтад жин дарж буй гэдэг үүднээсээ хөрөнгө оруулалтын “саалийн үнээ” ч гэж нэрлэхэд бууруудахгүй болжээ. Гагцхүү хөрөнгө оруулалтын хувьд томоохон төслүүдэд үлэмж хөрөнгө зарцуулагдахын хэрээр үр ашигтай байдал ихээхэн чухал. Тэгж гэмээнэ хувьцаа эзэмшигчид, ялангуяа иргэдэд очих өгөөж нэмэгдэнэ.

Mongolianminingjournal.mn /2021.06.21/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top