Нэг. Ганц хонжвортой сая сугалаа
Саяхан болсон нэгэн уулзалт дээр Чой хамба анхаарал татахуйц мэдэгдэл хийлээ. Энэ нь хэл ам, таамаг дунд хөвж явсан Богд Жавзандамба хутагтын Х дүрийн тухайд юм. Хамба номун ханы хэлснээр бол, Х Богдын дүр нэгэнт тодорхой болсон юм байна. Олон арван хүүхдийг янз бүрийн сорилт, тестээр шалгаруулсаар нэг нь үлдсэн ба түүнийг нь Далай лам баталгаажуулжээ.
Хэзээнээсээ янагш, томоохон хутагт гэгээдийн хойт дүр нь улс төрийн явуулгын тоглоом болж ирсэн сургамж, жишээ олон. Тэр мэтээс болснуу яасан, Х Богдоор тодорсон хүүхдийн эцэг эх маш болгоомжтой хандаж, шашны удирдагчдын шийдвэрийг дэмжихээсээ илүү бэргэн сэрэмжлэх талдаа байжээ. Ямар ч айлын хүүхэд эрүүл саруул байж хүн болох нь чухал болохоос, заавал хутагт байх албагүй шүү дээ. Гэвч сүүлийн үеэс хүүхдийнхээ төрөлх чанар, билэг оюуны зарим онцлогийг эрхгүй анзааран, хүлээн зөвшөөрөх талдаа орсон гэж хамба ярилаа.
Тэгэхээр, Х Богдыг нийтэд ил гарган, ширээнд залахаар бэлдэж буй бололтой. Шашны шинэ лидер аль нэг хүрээ хийдэд бус Богд уулын Арцатын амнаа байгуулж буй шашин-соёлын цогцолбор хүрээлэнд суух юм байна. Тэр нь нийтэд нээлттэй шашны боловсрол, сургалт-бясалгалын төв болох аж.
Энэ мэдээлэлд таалагдах ба таалагдахгүй хоёр тал байна. Таалагдаагүйгээс нь эхэлье, зөв үү?
Нэг талаасаа хойт дүр тодруулах процесс бол тухайн насны эрэгтэй хүүхэдтэй (охинтой бол хасагдана) бүх айл оролцох боломжтой “сугалаа” юм. Цор ганц хонжвортой учраас үлдсэн бүх оролцогч “шалгаруулалт шударга бус болсон” тухай сэтгэгдэлтэй, үгүй дээ л“миний хүү ч гэсэн тодрох боломжтой л байсан” гэх гоморхолтой үлдэнэ гэсэн үг.
Хэн ч үүнээ ил тод ярихгүй боловч “Тэрний хүүхэд тодроод байх даа яадаг юм бэ. Нүүр тал харсан байна”, “Тодруулах процесс шударга бус”, “Энэ дүрийг зөвшөөрөх боломжгүй” гэсэн гаргалгаагаар дамжуулан дээрх гомдлоо илэрхийлж байгаа.
Хутагт гэгээдийн хойт дүр, ялангуяа Монголын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын хойт дүрээр хүүхэд нь тодорно гэдэг бол шашны утгаараа нэг гэр бүлд насан туршийн ерөнхийлөгч төрсөнтэй агаар нэг зүйл. Эцэг эх нь шууд л “Ерөнхийлөгчийн ээж, аав” маягийн хүн болоод явчихна.
Тэгэх дээрээ тулбал, Төвдүүд зарим гэгээнтний аавын хойд дүрийг хүртэл тодруулдаг уламжлалтай. Манайд шашин, нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Ажаа гэгээн бол Богд Зонховын аавын хойд дүр юм байна. Ажаа гэдэг нь “аав” гэсэн төвд үг аж. Харин, Богд Зонхов өөрийн хойд дүрийг тодруулахгүй байхыг захисан ба “Бурханы ном сургаалыг дагаж, судалж, ухаарч байгаа бүх хүн надтай өдөр бүр уулзах болно” хэмээн гэрээсэлжээ.
Энэ утгаараа, хутагтын аав, ээж болчихвол төрөл тутамдаа тодрон залагдахаа байг гэхэд, инстүүцийнхнь санхүүг бариад баяжихаа байг гэхэд насан туршийн амьдралын баталгаатай болох нь дамжиггүй гэж манайхан үзэж байгаа. Бодвоос, хажуу хавийн хэн нэгэнд, даа ялангуяа нэг зиндаанд амьдарч асан хөршдөө олдоход атаархахгүй байхын аргагүй боломж. Яг ийм утгаараа л бид “тэрний хүүхэд тодорсон бололтой, яаж тэгж болох вэ”, “Энэний зээ юм гэнэ ээ, таар ч дээ” гэхчлэн аль болох нийгэмд муучлагдаж байгаа нэгэнтэй холбон шүүмж өрнүүлж байгаа. Хүмүүн бээр үл таних нэгэнд олдсон боломжид атаархдаггүй. Тийм болоод л Америкийн Билл Гэйтст, эсвэл IX Богдоор залагдсан Төвд хүнд атаархаж мөчөөрхөж яваагүй билээ, бид.
Хоёр.Нүүдэлчдэд зориулсан хэрүүлгүй сонгууль
Одоо, эерэг талыг нь ярина аа, хэдүүлээ. Юуны өмнө Монголын шашны удирдлага Монголдоо ирнэ гэсэн үг, Х Богд эндээ тодорсноор. Шашны тэргүүнд олон эрх мэдэл байдаг ч гэсэн хамгийн чухал нь дотоодын нийт сүм хийд, өөрөөсөө доошхи ангиллын хутагт, гэгээдийг “томилох” эрх мэдэл. Яагаад “томилох” гэдэг үгийг хашилтад бичвээ гэхээр, томоохон хүрээ хийд, инстүүцийн тэргүүний хойд дүрийг тодруулдгийг хэлж байна.
Шашны удирдагч, инстүүцийн тэргүүнийг хэрүүл маргаангүй сонгох эрлийн үр дүнд “хойт дүр тодруулах аргачлал” гарч ирсэн гэж судлаачид тэмдэглэдэг. Гэгээн, хутагт нар албан ёсны эхнэргүй учраас сэнтийг нь угсаа залгамжлуулах боломжгүй. Сонгох гэхээр Төвд, Монгол зэргийн жалга довны амбицтай үндэснүүдийн дунд хэрүүл маргаан, хагарал үүсгэх магадлалтай. Тэгээд юун яасны удирдагчаа сонгох вэ, эсрэгээрээ эргээд удирдлагагүй болон жалга довондоо тарах магадтай. Үүнээс сэргийлэн “хойт дүр”-ийг тодруулан өөрийнхээ ажлыг үргэлжлүүлэн хийх арга бодож олсон гэдэг. Улмаар хойт дүрийг язгууртны бус гэр бүлээс тодруулдаг уламжлал тогтсон нь эрх баригч бүлэглэлийн дунд хагарал гарахаас сэргийлсэн алхам гэлтэй.
Өнгөрсөн ХХ зууны хийгээд, өнөөгийн түүх бичлэгт өөрчлөлтгүй явж ирсэн “Манжууд Монголын шашны удирдлагыг өөрсдөд нь өгөхгүй байх сонирхлын үүднээс Богдыг зориуд Төвдөөс тодруулж ирсэн” тухай дүгнэлтийг эргэж харууштай санагддаг. (Хэрвээ та, НЭПКО хэвлэлийн газраас гаргасан “Г.Бадамдорж” хэмээх баримтат зохиолыг уншсан бол “Шашны удирдагчийг Төвдөөс тодруулдаг нь Монголын алтан ургийнхны эв нэгдлийг хангах зорилготой” байж болох талаар өгүүлсэн бүлэг байгаа)
Анхдугаар Богд алтан ургийн Монгол хүн байсан. Хоёр дахийг тодруулах үеэс Монголын хэд хэдэн лидерийн гэрт “II Богд байж болохуйц” хүүхэд мэндэлсэн учраас Манж гүрний цэргийн холбоотон, вассал болох Гадаад Монголд үймээн дэгдэхээс сэргийлэн Төвд хүүхэд тодруулах шийдэл гаргаж. Язгууртны гэрт төрсөн альтернатив хойт дүрүүдийг “нэгдүгээр номын ах”, “хоёрдугаар номын ах”... гэхчлэнгээр эгнүүлээд, олон Богд сонгох аргагүй, хэн нэгийг нь тодруулж гэмээн бусад нь арцалдаж, наад зах нь “эхний Богд Түшээт ханаас төрсөн учраас дараагийнх нь Цэцэн ханых байх ёстой” гэхчлэн маргаан үүсгэх бүрэн боломжтой. Улмаар хэлэлцэх гэхээр алалдаж “Ноёдын үхэл нь чуулган” дээрээ тохиолддог ард түмнийг яалтай билээ.
Гэтэл, Төвдаас томилолтоор ирсэн эхний Богд нялхаараа шахам нас барсан, ер нь нас баруулсан ч байх. Үүнийг дараа Манжийн хаанаас зарлиг гарч, Богдын дүрийг Төвдийн нэр бүхий газраас тодруулах болсноор уг маргаан намжиж. “Бидний нэг л биш бол хэнч байсан яахав”, танил гаргалгаа мөн үү?
Гэвч тэргүүнээ нь байг гэхэд дэд ангиллын гэгээн хутагт нарыг гэртээ төрүүлэх марафон ард нь хүлээж байв. Хамгийн наад зах нь “Заяын гэгээний талийгаач дүр танайд төрсөн, дараа дүр нь манай эхнэр... гэнэ ээ, хатнаас гарах ёстой, оочер дугаараа бодсон ч тэр” гээд маргаж эхэлнэ. Энэ бүхнийг харгалзаад, бүх шатны хутагт, гэгээний хойт дүрийг алтан ургийнхны гэрээс тодруулахыг хориглосноор ямар ч байсан монголын удирдагчид “гэр, гэртээ хойд дүртэй байх асуудлаар талцах” зовлонгоос эгүүрд ангижирсан байна. Гэхдээ,шашны бараг бүх шатны удирдлагын томилгоо гадаадад шилжиж, ХХ зууны БНМАУ-д нам-төрийн удирдагчаас эхлээд удирдах нийт бүрэлдэхүүн, сайд дарга нарыг Кремлийн шийдвэрээр томилдог, зөвшөөрлөөр нь баталдаг байсантай агаар нэг байсан гэсэн үг.
Гурав. Илжгийг ч хутагт болгох сургууль
Нөгөө талаасаа, хойд дүрийн хөгжүүлэлт их чухал байв. Түүнийг тодруулахаас эхлээд эрх мэдлийг нь жинхнээс нь шилжүүлэх хүртэлх процесс нь ганц хүний бага, дунд, их сургууль, магистрант, докторант маягтай хөтөлбөр байж. Хатуу чанга багш нарын удирдлагаар тухайн хүнийг гэгээн хутагт, шашны тэргүүн болгон боловсруулж хөгжүүлнэ. Хаана яваа газарт нь номын багш дагалдаж, үйл хөдлөл бүрийг нь харцаараа удирдана. Хутагтыг огцруулах, солих боломжгүй учраас “үхүүлэх” ганц гарц байдгийг ч хар багаас нь ойлгуулж, сахилгажуулдаг байх.
Тодруулах процесс оновчтой, оновчгүйгээс үл хамааран хүмүүжүүлэх процесс нь найдвартай. Энэ тал дээр “Төвдийн шкоол” нь илүү сайн учраас “Төвдүүд илжгийг хутагт болгодог, Халхууд хутагтыг илжиг болгодог” гэсэн ишлэл хүртэл гарчээ.
Эндээс тодорсон хутагт, гэгээдийг хар багаас нь Төвдөд аваачин, Далай ламын дэргэд хатуу чанд сургалтад хамруулдаг уламжлалтай байсан нь нэг талаасаа шашны боловсролын хөтөлбөр маягтай боловч, цаад утгаараа цадиг замбараа муутай Монголчууд “амилсан Бурханаа амьтан болгох”-оос сэргийлсэн алхам байх талтай.
Нэгэнт тодорсон хутагтууд шашны дэг журмаа барихгүй улаан шугам давах үед хэрхэхийг шийддэг “шүүх”, тэднээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх агентлаг маягийн зүйл ч бас байсан бололтой. Гоёор хэлэхэд “билэг танхай” маягийн хутагтууд нь төдийлэн урт насалдаггүй байсан түүхээс харахад тэр нь анзаарагддаг.
Гурав. 200 жил мөрөөдсөн шашны тусгаар тогтнол
Хойд дүрийн менежмэнт нь алтан ургийнхны дунд гарч болзошгүй хэрүүлийн нэгэн шалтгааныг арилгасан боловч шашин төрийн язгууртнуудын амбицийг нь бүрэн дарж чадсангүй. XIX зууны сүүлч, ялангуяа VIII Богд Жавзандамба хутагтын үеэс эхлэн шашны хувьд тусгаар болох үзэл санаа хөгжиж эхэлсэн байна. “Умар зүгийн Жавзандамбын шашин” гэдэг ойлголт ч эндээс гарчээ. Энэ логикоор бол Богд гэгээн нь Умар зүгийн шарын шашны тэргүүн учраас Төвдийн ламайзмын удирдагч Далай ламтай зиндааны нөхөр болох төдийгүй түүний удирдлагад байх албагүй болж байна.
Ингэснээрээ, Монголын шашны хэнээс ч хараат бус лидер болж, хойд төрөл нь өөрийн эх орондоо эргэн төрөх үндэстэй, түүнийг тодруулах процесст нь Далай лам, Банчин Богдоос эхлээд гадаадынхан хөндлөнгөөс оролцох эрхгүй болох юм. Хамгийн гол нь Монгол дахь хутагт хувилгаадын хойт дүрийг Монголдоо тодруулах батламжлах эрхтэй болох юм. Наймдугаар Богдоор удирдуулсан тусгаар тогтнолын баатруудын нэг зорилго энэ байв.
Шашны тусгаар тогтнол гэдэг ямар чухал болохыг бид Украйн, Оросын Үнэн алдартны сүм хийдийн тусгаарлалын жишээнээс харж байна. Хэдэн жилийн өмнө Украйны сүм хийдүүд Москвагийн Патриархаас өрх тусгаарлаж, түүнд нь Оросын төр засаг машид бачимдаж байсныг бид мэднэ. Тэр үйл явц яг л манайд IX Богдыг авчирж иргэнээ болгоод, нас барахад нь “Монголд төрнө” гэдэг гэрээслэл хийлгэсэнтэй төстэй процедур, ёс журамтай байсан даа. Константинополийн хамба буюу нийт Үнэн алдартний тэргүүн, манайхаар бол Далай лам нь Украйны сүм хийд өрх тусгаарласныг батламжилсан жуух гаргах гэх мэт “наян юм” болсон доо. Ер нь шашин бол ертөнцийг үзэх үзэл гэхээсээ илүү ёс журам, ёс суртахууны өв уламжлал хэлбэртэй болсон доо, хаа сайгүй.
Шашны тусгаар тогтнол нь үзэл санаа, итгэл үнэмшлийн тусгаар тогтнолыг бий болгодог, тэр нь улс төрийн тусгаар тогтнолын тулгын чулуу болдог гэдгийг бид эндээс харж болно. Ер нь Украйны ерөнхийлөгч асан П.Прошенкогийн үндэстнийхээ өмнө байгуулсан гавъяа, ямар ч гэм бурууг нь нигүүлсэн үзэх шалтгаан энэ байх шүү.
Өдгөө, Монголд төрсөн Х Богдыг тодруулан ширээнд залснаар, нэгдүгээрт Өндөр гэгээнээс хойш тасалдсан Монгол цусны Богдын үе эхэлж байна. Хоёрдугаарт, XIX зуунаас хойш хоёр зуун жил Монголчуудын мөрөөдсөн, VIII Богд тэргүүтэй эх орончдын зорьсон шашны тусгаар тогтнолын тухай мөрөөдөл бодитой биеллээ олж байна. Ингэснээрээ бид Бээжингээс ч, Төвдөөс, Далай ламаас ч, Банчин Богдоос ч хамааралгүй Умар Зүгийн Буддизмтай болж байгаа юм. Бурхан багш Шагжаамуни Будда өөрөө “Миний шашин Умар зүгээс Умар зүгт дэлгэрэн оршино” хэмээн бошиглосон ч билээ. Улмаар, Монгол нутагт гэгээн хутагт нарыг тодруулах,шашны инстүүцийн удирдлагыг нэгээс нөгөөд шилжүүлэх эрх бидний гарт ирэх юм.
Нөгөө талаасаа, бид шинэ цаг үед амьдарч байгаа учраас шашны удирдагчийн өөрийнх нь болоод эцэг эхийн амьдрал олон нийтийн хяналтын дор байх нь дамжиггүй. Нийгмийн хяналт нь тэдний ёс суртахууныг юунаас ч илүү цагдаж, ааш авирыг нь хязгаарлах учраас “дийлдэшгүй авиртай Богд”, “аймаар шуук “Ажаа”, эсвэл “Ажаа мама”” энэ тэртэй болох аюул хол юм. Яг нарийндаа, Монголын Буддизмын тэргүүн нь эрх мэдэлтэн гэхээсээ илүү эв нэгдлийн бэлгэдэл бөгөөд, шулуухан хэлэхэд шашны зүтгэлтнүүд, хэдэн лам нар маань хэрүүл тэмцэлгүйгээр нэгэн тугийн дор амьдрахад л хэрэгтэй юм.
Орчин үед, Монголын шашны шинэ удирдагчийг сонгон тодруулахад хэд хэдэн бэрхшээл байсан. Юуны өмнө эндээсээ хэн нэгнийг өөрсдийн үзэмжээр бие даан батламжлах боломжгүй. Учир нь түүнийг Далай лам, эсвэл Банчин Богд батламжлах ёстой. Америкт байгаа Далай ламаар батлуулах маш амар мэт харагдавч санасан шиг биш. Бээжингээс түүнийг улс төрийн зүтгэлтэн гэж үздэг бөгөөд түүний оролцсон алхам бүрийг Хятадын эсрэг агуулгатайгаар хардаг.
Гэхдээ бид, нэлээн нейтрал маягтай дундын шийдэл олсон байгаа юм. Энэ нь IX Богдыг Монголд авчирч залаад түүнээс “Хойт насандаа Монголд төрнө” гэсэн гэрээс үйлдүүлж чаджээ. Төвдүүд хэлсэндээ хүрдэг, Монголд төрнө л гэсэн бол төрдөг түүхтэй. Жишээлэхэд, III Далай лам Содномжамц Монгол төрнө гэж амлаад хэлсэндээ хүрч, IV Далай лам Ёндонжамц Алтан хааны удам болон мэндэлсэн удаатай.
Ийнхүү, есдүгээр Богд Жавзандамба хутагт амласан ёсоороо, Х Богд болон Монголд эргэн төрж байгаа учраас хэн байхаасаа үл хамаараад шашны ёс жаягаараа маргаангүй. Шарын шашны хууль ёсоор Далай лам түүнийг итгэмжлэн батламж өгсөн байна.
Монгол шашны удирдагчаа нэгэнт тодруулан гаргаж ирснээс хойш хилийн чанадаас хамаарах байдал аажим аажмаар арилах тул Бээжингийн зүгээс ч санаа зовох хэрэггүй болно. (Өнөөгийн Далай лам ба ХКН-ын харилцаа гэдэг утгаар). Нөгөө талаасаа Монголчууд дотроосоо шашны удирдагчтай болоход Бээжин дургүй байгаа юм биш, гол нь ХКН-ын улс төрийн дайсан үздэг Далай ламын нөлөөллөөс л болгоомжлоод байгаа юм. Үүнийгээ ч илэрхийлдэг.
Харин ч Монголчууд Монгол Богдтой болсноор Төвдийн Далай ламаас хамаарал нь багасаж, Бээжингийн санаа амрах магадлалтай. Яаж ч бодсон тийм.
Төгсгөл. Ахиад л гадаад хутагт уу ?
Хэрвээ, нэгэнт тодруулан баталгаажуулсан Х Богдоо хүлээн зөвшөөрч чадахгүй бол яах вэ? Дахин тодруулах хэрэгцээ гарна. Яагаад тодруулах гээд байна гэхээр, бид хэн нэгнийгээ Шашны лидерээр санал хураан сонгох чадамжгүй. Чадлаа ч гэсэн огцруулах, солих хөдөлгөөн тасрахгүй, сүсэгтнүүд амар заяа үзэхгүй, Бурханы чих амрахгүй.
Иймээс, шашны удирдагчаа тодруулахаас өөрөөр “сонгох” аргагүй. Дахин тодруулах асуудал нөгөө өнцгөөсөө дахин эхлэх магадлалтай. Нөгөө өнцөг гэж юу яриад байна гэхээр, Монголын Богдыг тодруулдаг уламжлал бүхий өөр нэг инстүүц болох Банчин богдын ээлж ирнэ гэсэн үг. Далай ламын тодруулга нэгэнт амжилтгүй болсон гэдэг утгаар.
Тодруулбал, Богдын хойд дүрийг Бээжингийн шийдвэрээр, Төвдөөс тодруулдаг хэдэн зууны уламжлалтай бөгөөд албан ёсны Банчин Богд БНХАУ-д ажиллаж байгаа. Энэ хугацаанд тэд зүгээр суугаагүй болов уу, манай зарим сүм хийдийн удирдлагыг нэг бус удаа Бээжинд аваачсан, мөн Банчин ламд мөргүүлсэн гэх мэдээлэл байдаг. Манайхан ч яахав “хүний мөнгөөр Бээжин үзээд, нэг лам харагдахаар нь мөргөөд ирлээ, юу нь гарзтай байгаа юм бэ” гэж бодсон байх. Харин тэдний зүгээс бол “Монголын Х Богдыг тодруулах процессийг Банчин ламын оролцоотойгоор шийдвэрлэх асуудалд нааштай хандах сүм хийдийн бүлэглэлтэй боллоо” гэж үзсэн байж таарна. Цагаа тулахаар, манайхан “хулхидна л даа, яадын тээ” гэж бодож байгаа байх. Гэхдээ, Бээжин итгэж байгаа. Бээжин итгэж байгаа гэдгийг нэмж тайлбарлах хэрэггүй болов уу?
Ерөөсөө ч Х Богдыг залах асуудлаа Далай ламын өнцгөөс асуудлыг шийдэж чадахгүй бол Банчин Богдын өнцгөөс шийдэх гэж оролдох нь зүй юм. Муухай юм болох гэж байна, хятадууд биднийг эзлэлээ яг, энээ тэрээ гээгүй шүү. Зүгээр л асуудал ийм дээрээ байгааг хэлж байна. Магадгүй, нэг төвд хүүхэд БНХАУ-аас томилогдоод ирвэл манайхан харин ч хэрүүл уруулгүй шүтээд унах ч юм билүү, хэн мэдлээ ? Эцсийн эцэст сонголт-томилгооны хэрүүлээс зайлсхийх гэж л хойд дүр тодруулдаг хойно!
Б.Цэнддоо /baabar.mn/