Эдийн засгийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаан дээр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Гадаад валютын нөөцийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Ирэх хоёр жилд Монгол Улс хэд хэдэн гадаад бондын төлбөр төлнө. Гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байгаа.
2023 онд бондын төлбөрт нийтдээ 1.3 тэрбум ам.доллар хийхээр байгаа учир нөөц бүрдүүлэх шаардлага бий. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал болон манай улсын нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улс олон улсын нээлттэй зах зээл дээрээс 10-аас доош хувийн хүүтэй бонд босгох боломжгүй гэж тооцож байгаа.
Харин нүүрсний экспорт хэвийн үргэлжилж, төлөвлөсөн орлогоо олж чадвал дээрх төлбөрийг дарамт багатайгаар төлөх боломж бий" гэлээ.
Дашрамд, ам.долларын эсрэг төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар суларчээ. Энэ цаг үед АНУ-ын Төв банкны бодлогын хүү түүхэндээ хамгийн хурдтайгаар нэмэгдэж байгаа бөгөөд оны эцсээр 4.5 руу хүргэх төлөвтэй байгаа аж. Үүнээс үүдэн Япон, Солонгос, Европын холбоо тэргүүтэй улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг суларч байгаа юм.
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төгрөгийн ханшийн хэлбэлзэл зайлшгүй бөгөөд бусад улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханштай харьцуулбал арай бага суларч байгаа" хэмээн тайлбарлав.