МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, дарга Т.Дүүрэн нар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай албан уулзалт хийж, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийн талаар санал солилцжээ.
ХАҮТ-ын тухай хуулийг 1995 онд баталсан бөгөөд олон улсын жишигтэй харьцуулбал товч бөгөөд маш цөөн асуудлыг хамардаг учир танхимын эрх, хэмжээ хязгаарлагдмал хүрээнд байна.
Харин шинэчилсэн хуулийн төсөл нь зургаан бүлэгтэй, хуулийн үйлчлэх хүрээ, үйл ажиллагаанд баримтлах зарчим, дагнасан танхимын чиг үүрэг зохион байгуулалт, танхимын үзүүлэх үйлчилгээ, хараат бус байдал зэрэг нарийн зохицуулалтыг нэмж тусгажээ.
Цаашид бизнесийн орчин, эдийн засагтай холбоотой боловсруулагдаж буй хуулийн төсөл, бодлогын бичиг баримтуудад бизнес эрхлэгчдийн саналыг тусгах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо хэмээн МҮХАҮТ-аас мэдээллээ.