Урагш алхуулахгүй ч уйдаахгүй дарга нартай даа.. гэж манай нэг жиргээч тээр жил дуу алдаж билээ. Энэ үйл явц бараг шахуу зургаан жил үргэлжилж байна даа. Төсвөө батлуулах гээд ааг амьсгаагүй байх ёстой Ерөнхий сайд маань Герман улсад гэнэтийн айлчлал хийж, “гал, устай”-гаа буув. МИАТ компанийн Улаанбаатар-Франкфуртын шууд нислэгийг “барьцаалж” Берлинд газардуулсан хэргээр олон нийтийн шүүлтэд орлоо. МИАТ компани “нислэгийг есдүгээр сарын эцсээр захиалсан. Тийз авсан зорчигчдод урьдчилан мэдээлж, дамжих нислэгүүдйг зохицуулсан боловч гадаад улсаас онлайнаар захиалсан зорчигдод мэдээлж чадаагүй” хэмээн хүлцэл өчсөн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өмнөөс нь уучлал гуйсан боловч зарим эх сурвалж “Бичлэг хийсэн зорчигч өөрөө Франкфурт нисэхээс татгалзаж, Берлинд буусан” хэмээн зүтгэж байна. Ядуу улсын зовлон юм даа, Берлин рүү тусгай үүргийн нислэг үйлдэхэд нэг талдаа 750 сая төгрөгийн зардалтай болохоор нийтийн нислэгээр хамт явсан л гэнэ. За, тэр ч яах вэ, өнгөрсөн явдал болж.
Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайдынхаа эзгүйд бас нэг “бөмбөг” тэслэв. Хүүхдийн мөнгийг иргэдийн дансанд хийхгүй, архи, тамхины худалдан авалт уншдаггүй тусгай зарт хэвлэнэ гэж айлгав. Эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгөөр архи уугаад байгаа учраас ийм арга хэмжээ авч байгаа юм байх. Үүнийг нь сонссон уудаг нөхөд байтугай уудаггүй ангиллынхан хүртэл ичив. Сая УИХ-д оруулж ирсэн төсвийн төсөлд “Нийт өрхийн 9,1 хувь нь хүүхдийн мөнгөө зарцуулдаггүй, хадгаламжинд хийдэг ” гэж хэлээд тэднийг хүүхдийн мөнгөнөөс хассан. Үлдсэн 91 хувь нь ямар нэг байдлаар хүүхдийн мөнгөө амьжиргаандаа зарцуулдаг гэсэн үг. Тэрнээс нь яг хэд нь уудаг тухай Сангийн сайд нарийн тоо баримт хэлчихвэл уг нь сайнсан.
Гэвч тийм баримт байхгүй учраас нөгөө 91 хувь нь бүгд “уудаг байж болзошгүй” этгээдийн тоонд автоматаар ороод явчихаар ичих нь зүй. Аав, ээжийнхээ тэтгэврийн картаар тооцоо хийхээс ичдэг байхад хүүхдийнхээ картыг бариад хүнсний дэлгүүрт дугаарлах чинь аятай, тухтай байх уу? Хүүхдийн мөнгө гээч нь явсаар хүнсний талон маягийн зүйл болж байгаа бололтой.
Уг нь бол хувь хүн, айл өрхөд ч гэсэн хувийн орон зай гэж байдаг даа. Хүний хөнжил, хэтэвч хоёрыг өнгийх муухай л гэдэг. Сангийн сайдад хүнсний дэлгүүрийн талон нэгжихээс өөр хийх ажил алга уу? Ингэж нүүрийг нь улалзуулж, нүдийг нь бүлтэлзүүлж байхаар хүүхдийн мөнгөө зүгээр нэгмөсөн больчихооч!
Б.ЗАЯА