Өнгөрөгч мягмар гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Чингис хааны музейн нээлтийг хийж сүр дуулиантай, ёслол төгөлдөр хийж, Төрийн есөн хөлт цагаан тугийг төрийн ордноос гарган “Чингис хаан” музейд залав. Музейн барилгын ажлыг 2020 оны дөрөвдүгээр сард эхлүүлж хоёр жил хагасын дотор барьж дуусган хүлээлгэж өгсөн нь монголчуудын барьсан хамгийн “шуурхай” бүтээн байгуулалт болов. Улсын төв номын сангийн шинэ барилгыг барьж эхэлсэнээс хойш 10 жил өнгөрч, барилгын гүйцэтгэгч компани эзэнгүй болсон (захирал нь нас барсан) шалтгаанаар барилгын ажил зогсоод байгаатай харьцуулах ч юм биш.
Анх барилгын ажил эхлүүлэхэд төсөвт өртөг нь 53 тэрбум төгрөг байсан бол сүүлд 14,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 67,8 тэрбум төгрөгт хүрсэн байдаг. Мөн музейн үзмэрийн тоо 12 мянгаас давж, ОХУ-ын Эрмитажийн музейгээс бэлэглэсэн Их Эзэн Чингис хааны нэр бүхий чулууны бичиг, Хубилай хааны тэнгисийн флотын онгоц, Ватикан Улсад байгаа хаадын захидал зэргийн “А” хуулбарыг авчирчээ. Үзсэн хүн бүр их түүхээрээ омогшиж, бардаж байна л гэнэ. Гавъяа нь мэдээж, музей санаачилж, Засгийн газрын тогтоол гаргасан тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон үе үеийн Соёлын сайд нарт ногдоно.
Чингис хаан музейгээс өмнө Монголд барьсан сүүлчийн музей нь Ялалтын талбайд байрлах Лениний музейн барилга. Уг барилгыг барихад тухайн үеийн ханшаар 34 сая төгрөг зарцуулж, 1980 оны долдугаар сард ашиглалтад оруулж байжээ. Тухайн үеийн Соёлын яамны захиалгаар төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан. Музейн 10 танхимыг Владимир Ильичэд зориулж, ЗХУ-аас ирүүлсэн баримт материал, Ленинтэй холбоотой уран бүтээл, үзмэрүүдийг хүмүүсээс худалдан авах замаар үзмэрээ баяжуулж танхимдаа 2237 үзмэр дэлгэж, сан хөмрөгтөө 2726, нийт 4963 үзмэртэй байжээ.
Гэвч социализм нуран унаж, Монгол Улс ардчиллын замаар замнасны дараа музейн барилга яагаад ч юм МАХН-ын өмчид очиж, “Чандмань төв” нэртэй оффис, түрээсийн орлого цуглуулдаг газар болж хувирсан.
Харин 2012 оны УИХ-ын сонгуулиар АН засаг авсны дараа музейн барилгыг музейн зориулалтаар ашиглах асуудал босч, хоёр жил шахам шүүхдэсний эцэст 2014 оны долдугаар сард шүүхийн шийдвэрээр төрийн өмч болохыг тогтоон Үлэг гүрвэлийн музей болгосон билээ.
Үүний өмнө Монголын говиос олборлож, хулгайгаар хил давуулан, АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байсан Tarbosaurus bataar (Тарбозавр Батаар) үлэг гүрвэлийн ясыг Соёл, спортын сайд Ц.Оюунгэрэл “баривчлан” авчирсан явдал нь Үлэг гурвэлийн музейтэй болох үүдийг нээсэн юм.
Гэвч музей байгуулагдсанаас хойш найман жил, хоёр сонгуулийн хугацаа өнгөрчихөөд байхад барилгын гаднах чимэглэл хуучин хэвээрээ, Ильичийн гэр байсан өмнөх янзаараа үлдэж. Соёлын зүйлд ялгаварлал байхгүй ёсгүй. Үлэг гүрвэлийн музейг үлэг гүрвэлийнх болгож өгнө үү, Соёлын сайд аа! Үүнд мөнгө биш, сэтгэл дутаж байна.
Б.ЗАЯА