Өнөөдөр охидын эрхийг хамгаалах өдөр. Нар ээсэн, дашням, балжинням давхацсан, наадмын шахуу нээлт төрийн ордны баруунтаа налайсан ийм нэг бужигнасан өдөр тохиож байна. Энэ бужигнаан дунд мэддэг, анзаардаг хэд нь л ил өдөр охидын эрхийн өдөр шүү гэдгийг цохож тэмдэглээд бусад нь анзааралгүй, тоолгүй орхичих вий. Ашдын билэгтэй ийм намрын өдөр охидын эрхийг хамгаалах өдөр давхцсан нь нэг бодлын ерөөлтэй мэт боловч бичигч надад шоглоомтой санагдаж байна. Хэсэг хүмүүс хурим найрын хөлд дарагдаад, төрийн түшээд, нийгмийн түүчээлэгчид наадмын шахуу нүсэр нээлтэнд нүд алдаад тэмдэглэлт энэ өдрийн сүр газар авахгүй дарагдлаа гэж анзаарав.
Татаж зурагласан 2022 оны аравдугаар сарын арваннэгэн гэдэг өдөр өргөн утгаараа хүмүүний амьдралын өнгө, бидний нийгмийн байдлыг илтгэж болмоор. Учир юу вэ гэвэл нэгэн зэрэг олон өнгө сүлэлддэг, үйл явдлаас үйл явдлын хооронд завгүй бужигнадаг. Ийм бужигнаан дунд бид энгийн зүйлсээ мартчихдаг, хайхралгүй өнгөрчихдөг гэмтэй. Гэтэл тэр энгийн зүйл нь эгэл боловч чухал байдаг. Яг л охидын эрхийг хамгаалах шиг. Охидод тэдний өөрсдийнх нь эрхийг мэдүүлэх нь энгийн бөгөөд ирээдүйн тал хувийг дүүргэх, үүрэх хүмүүсийн хувьд өөрийнхөө эрхийг, боломжит нөөцийг, турьхан биенд нь заяасан тархи гээч нь хичнээн хүчтэй вэ гэдгийг мэдүүлж өсгөх нь асар ач холбогдолтой.
НҮБ жил бүрийн 10 дугаар сарын 11-нийг охидын эрхийн өдөр болгон тэмдэглээд өнөө жил арваннэг дэх жилтэйгээ золгож байна. Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр охидод тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, охидыг чадавхижуулах, тэдний хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх хэрэгцээнд дэлхий нийтийн анхаарлыг хандуулдаг.
Дэлхий даяар охид эмэгтэйчүүдийг ялгаатай хувь тавилан хучиж буйг бид харж байна. Гурван долоо хоногийн өмнө алс арабын нэгэн оронд охид өмсгөл зүүсгэлээ өөр өмсснийхөө төлөө албадан хориулж улмаар амиа алдсан. Энэ мэт өр өвтгөм охидын түүх байхаас гадна төр удирдаж яваа хүчирхэг эмэгтэйн бахдам түүх ч бий. Бидний өнөөгийн монголын нийгэмд дундаж орлоготой ихэнх иргэнийг эмэгтэйчүүд төлөөлдөг. Сайн хэрэг, гэхдээ энэ бол сэтгэл тайвшрам үзүүлэлт биш. Шийдвэр гаргах түвшинд, өндөр орлоготой ажил мэргэжил эрхлэхэд охидын дуу хоолой, оролцоо дутагдсаар байгаа шүү. Ялангуяа арван хэдтэй алдрайхан охин чиний орон зай хичээл зүтгэл ирээдүйд хэрэгтэй.
Эрхийн тэмдэглэлт өдөр чиний эрх ийм шүү гэж бахархан дуулах, ээж аавдаа ирсэнд баярлалаа гэж хайрлан зарлахаас гадна заримынх нь эрх зөрчигддөг шүү, охид гээд онцгойлон цохсон сегментэд хүртэлгүй орхигдсон хэсэг байгаа шүү гэдгийг санах, тэдний төлөө зовних нь зүйн хэрэг. Бидний зарим хичээлдээ амжиж очихын тулд өглөө бүр хоёр цаг зарцуулж, аав ээжийн хүлээх ёстой үүрэг, үүрэх ёстой хариуцлагаас хамт дамжилдаад өсөх нь бий. Ийм ялгаатай боломжтой адилхан найзад маань ижил боловсрол хүртээмжтэй очоосой хэмээн хүсэж энэхүү бичвэрээ өндөрлөе.
Б.Бүжлхамаа