Өнгөрөгч долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн 2023 оны төсвийн төсөл эхнээсээ аваад дуустлаа хууран мэхлэлт болов.
Хэмнэлтийн гэж нэрлэсэн боловч 1,5 их наядын алдагдалтай (төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,7 их наяд төгрөг, төсвийн зарлага 20,2 их наяд төгрөг) оруулж ирсэн ирэх оны төсөвт эрх баригч нам гурван их наяд гаруй, дөрвөн их наяд шахам төгрөгийг хөрөнгө оруулалтаар тавьсан байна. (Энэ тухай хожим өгүүлнэ) Олон улсын валютын сангаас зөвлөсөн “халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх” бодлогыг төсөвт суулгасан гэх авч зөвхөн хүүхдийн мөнгөнд нэг их наяд 394.6 тэрбум төгрөгийг тавьсан байх жишээтэй. Үүнийгээ “Цар тахлын үед өрхийн орлогыг хүүхдийн мөнгөөр дамжуулан нэмж байсан тул огцом бууруулах боломжгүй” хэмээн тайлбарлажээ.
Ингээд сарын 3.7 сая төгрөгөөс дээш орлоготой өрхийг өндөр орлоготойд тооцож хүүхдийн мөнгөнөөс хасаад үлдсэн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон байна. Гэвч энэ нь 2024 онд болох УИХ-ын сонгуультай холбоотой гэдгийг адгийн тэнэг ч ойлгох биз.
Ердөө арав гаруйхан хоногийн өмнө Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл “Халамжаас хөдөлмөрт” сэдвээр төрийн ордонд хэлэлцүүлэгт зохион байгуулж, халамжаар амьдардаг “улны” айлуудыг ажилтай, орлоготой болгох тухай ярьж байв. Хэдийгээр Д.Сарангэрэл сайд “улны” бүлгээс болж унасан боловч эрх баригч намын зүгээс “Халамжийг хавтгайруулахаа больё. Зорилтот бүлэгт нь чиглүүлье” хэмээн дуугарч эхэлсэн билээ. Гэтэл оруулж ирж байгаа төсөв нь энэ.
Уг нь бол 20 мянган төгрөг байсан хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон нь цар тахлын үеийн хөл хорионоос болж ажил, орлогогүй болсон иргэдийн амьжиргааг дэмжих түр хугацааны арга хэмжээ байлаа. Хөл хорио тавигдаж, хэвийн амьдралд шилжсэний дараа буцаагаад татчих ёстой байсан зүйл. Тэгсэн бол ядаж есөн хувь биш, тав дахин хэмнэлт хийх байлаа. Дээр нь “халамжаар амьдардаг” хэсэг бүлгээ хөдөлмөрт эрхлэлт рүү түлхэх боломж бас байлаа.
Монгол Улсын нийт хүн ам 3,3 сая (2020 оны зургадугаар сар) гэж тооцвол эндээс ажил эрхэлдэг буюу НДШ төлдөг нь 817 мянгахан. Хүүхдийн мөнгө авч байгаа 0-18 насны сая 300 мянган хүүхэд, тэтгэврийн насны 200 мянган иргэнээ хасаад цаана нь хөдөлмөрийн насны нэг сая хүн татвар төлдөггүй буюу албан ёсоор ажил эрхэлдэггүй гэсэн үг. Нөгөө “халамжийн” бүлэгт багтаж байгаа юм. Төрийн ордонд зохион байгуулсан дээрх хэлэлцүүлэг дээр “халамж авдаг 2,5 сая иргэн байна” гэснээс хүүхдийн мөнгө авч байгаа сая 300 мянгаа хасвал давхардсан тоогоор 1,2 сая хүн бусад төрлийн халамж авдаг гэсэн үг. Энэ хүмүүсийг ажил эрхэлдэг, татвар төлдөг болгох нь уг нь төрийн бодлого байлтай.
Гэсэн хэдий ч хүүхдийн 100 мянгаар хоёр удаа сонгуульдсан нам нэгэнт угжнаасаа салж чадахгүй болсон бололтой. Түүнийхээ оронд 3,7 саяас дээш орлоготой өрхийг өндөр орлоготойд тооцоод, түүнээс доош орлоготой бүх өрхийг хүүхдийн мөнгөнд хамруулахаар болов. Нийт өрхийн 91 хувь. Албан ёсоор энэ бүх айл өрх “зорилтот бүлэг” буюу “улны” айлуудын тоонд багтлаа гэсэн үг. Энэ бол ирэх 2024 оны сонгуульд зориулсан эрх баригч намын авилга, эдийн засгаа хорлож буй сүйтгэл юм.
Б.ЗАЯА