x

МАЛЧДЫГ “МАЛЛАГЧИД”

Зураг дээр: Увс аймгийн Өмнөговь сумын малчид Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэв.

 

Малчид ба түүний “дайснууд”-3:

МАЛЧДЫГ “МАЛЛАГЧИД”

ГуравМалчнаар тоглоно оо хө!

/Төгсгөл. Өмнөх нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү/

      ХХ зууны үзэл суртлын бүтээгдэхүүн болох“нутагтаа нутаг заагдсан” нэгдэлч малчдыг улсаараа хайрлах үзэл санаа ардчилсан нийгэмд удаан өвлөгдлөө. Малчид малаа авч, эрх чөлөөтэй болж хэнээр ч хайрлуулах хэрэггүй болсон ч гэсэн. 

     Ялангуяа сонгуулийн мажаритор тогтолцоо нь “малчдыг онцгойлон хайрлагч” улс төрчдийг, уралдан дээдлэгч намуудыг төрүүлэв. Учир нь: Малчид төв суурингаас алслагдан амьдарч, мэдээлэл хожуу хүрдэг учраас хуурч мэхлэх, хөөргөн хуйлруулахад маш амархан нийгмийн бүлэг байсан нь бөөн завшаан болов. 

      Бүүр эрт, БНМАУ-ын ганц нэр дэвшигчтэй, тоглоомын сонгуулийн үед ч сонгогчдын тоогоор нь тойрог байгуулдаг байв. Тэр үед хот хөдөө ялгаагүй, 500 орчим сонгогч нэг тойрог болдог байсан бол ардчилсан Монгол улсын иргэнд хот хөдөөгийн улс төрийн ялгаа бий боллоо. Хөдөөний 10 мянга орчим иргэн нэг гишүүн сонгож эрх ашгаа төлөөлүүлнэ. Харин хотынх бол орчим 30 мянга нь дундаа нэг гишүүнтэй байна. Хотын гурван сонгогч хөдөөний нэг сонгогчтой дүйнэ. Хөдөөнийхнээ хүндлээд, илүү эрх дарх олгоод байгаа юм биш ээ. Яг үнэндээ, малчдыг хуурах нь хотын иргэнийг хуурахаас гурав дахин хөнгөн гэж үзээд байгаа юм. Бас саналыг нь худалдаж авахад хямд, 30 мянган хүнд бэлэг тараахад хотойхгүй баян нэр дэвшигч зөндөө ч гэсэн тэр олон хүнд хүрэхэд амаргүй. Зүгээр л, айлын нэг пядаан тараахад хотод хэд, хөдөө хэд орохыг цээжээрээ тооцоолоод үз л дээ.

       Хөдөө нэр дэвшихэд тээврийн зардал их ч гэсэн хүнд нь нөлөөлөхөд амар. Хамгийн ахмадаа, эсвэл ус голдоо нөлөөтэй малч нэгнээ хүндэтгэн дагадаг (заримдаа тэднийг нь лам хувилгаан, үзмэрч, төлөгч, бөө орлоно) уламжлал хэвээрээ тул хэдэн гол хүнтэй л ажиллахад болоод явчихна. Ингээд л малчнаа бодсон, тэднийгээ л хамгаалсан, тэднийгээ өрөвдөн шогширсон улс тоймгүй олширно.

   Дээр нь нөгөө хэдэн малчдаа хөөргөх гэж хошгируулна. Элдвээр цоллоно. “Малчид л Монгол улсаа тэжээж байна”, “малчид үгүй бол хөдөө нутаг эзгүйрч харах хүнгүй болно. Юун хилийн цэрэг, тэд л улсаа манаж байна”, “Малчид эзгүй бол дайсан ирээд суучихна”... Бүгд худлаа үг шүү. Манай эдийн засгийг хотшсон хэсэг, бүтээн байгуулагчид нь авч яваа. Худлаа гэвэл статистикийн мэдээ хараарай. Бас малчид л алга болчихвол нутаг орон эзгүйдээд, дайсан ирээд эзлэнэ гэж үгүй. Татвар төлөгчдийн хөрөнгөөр санхүүжсэн хил хамгаалах алба, гааль хэвийн ажиллаж байгаа. Шилдэг сэхээтэн боловсролтонгууд кибэр аюулгүй байдлыг манаж суугаа, наад зах нь. Томоохон бизнес хийж, ихээхэн татвар төлөгчдийн эх орноо хамгаалахад оруулж буй хувь нэмэр зүйрлэшгүй. 

       Тэр дайсан гээд улс чинь хонь хариулж яваа хүн харвал айгаад хавьтдаггүй юм огоот биш. Тэгдэг бол Украйнууд зүүн хилээрээ баахан малчид суулгаад Оросоос хамгаалах нь яасан юм бэ?  Ерөөсөө хүн суудаггүй газар нутаг үлдвэл дайсан ирээд төвхнөөд авдаггүй. Улс бүхэнд зэлүүд онгон нутаг бий. Австралийн эргээс бусад нутаг, Оросын Сибирийг орхие, яахав. Хамгийн их хүн амтай гэгдэх Хятад улсын баруун хойт хэсэг маш зэлүүд шүү дээ. Хүн амын ихэнх нь зүүн хэсэг, далайн эргээрээ шигэн суудаг. Ямар ч малчингүй гэж болохоор Говийн Их дархан газар алга болчихгүй, хятадууд цаанаас нь ирээд суучихгүй байгаа л биз дээ.

Иймээс,

-Малчин та нар минь л эх орноо манаж, хамгаалж явна хэмээн бүлтэрч яваа хүн бол нэг бол саналыг чинь салгачих санаатай нэр дэвшигч байгаа. Эсвэл, хөөргөж байгаад хоол хийлгэж идэх, авдарт чинь ганц шил юм байвал гаргуулчих санаатай шалихгүй амьтад.

-Малчин та нарыгаа хамгаалах гэж, хайран бэлчээрийг чинь хамгаалахаар хотоос ирлээ гэвэл мөн л худлаа. Хамгаалмаар байгаа бол “хотын төвд 0,7 га газраа авч, тэндээ баар барина” гэж жагсахгүй, элийгээ хийж хөдөө хээр тэнэж яваа юм бэ? Хэн нэгний зараалаар, хөлс мөнгөө авчихаад, харин чамаар ажлаа хийлгэж гэж л яваа юм.

     Зүгээр бодоод үз дээ. Хааяа нэг хот орохоор ирэхэд чинь “Хүүхдийн тоглоомын талбайдаа гарааш бариулахгүй, Усан паркийн барилгыг орон сууц болгохгүй” гээд жагсаж л байгаа биз дээ. Та тэдэн дээр очиж “Хөдөөний бид хотод гарааш барихын эсрэг байна” энэ тэр гэж яриа мариа өгч тэнэгтэхгүй биз дээ. Тийм. Тэгэхээр, хотынхон чамаас тэнэг байна гэж байх уу? Бод, бод! Тарвагыг буудах л гэж хошгируулдаг. Үүнийг малчид сайн мэднэ. Малчдыг яах гэж хошгируулах вэ, тэгвэл. Ашиглах л гэж тэр шүү дээ.

     Уул нь өнөөгийн малчин их өөрчлөгдсөөн. Мэдээж, цаг уур өөрчлөгдөөгүй, зуд турхан алга болоогүй л дээ. Гэхдээ, нэгдлийн ялтай мал маллаж байсан улсын хамжлага малчнаас өнөөгийнх шал өөр. Ядаж л, өөрийн малаа өсгөж байгаа учраас сэтгэл санаа өөдрөг. Арчаагаа алдчихаагүй л бол гаднаа нүүдэг, унадаг хоёр машин бас мал хариулдаг мотоцикльтэй болоод авсан.

   Бас, тэдний хэн ч нь “Би нийгмийн даатгал төлөлгүй явж байгаад тэтгэвэр тэтгэмж авч хонжоотой амьдармаар байна”, “даатгалын шимтгэл төлөлгүйгээр үнэгүй эмчилгээ хүртэхийн төлөө байна”, “Татвар огт төлөлгүйгээр нийгмийн баялгаас хүртэхийн төлөө амьдарна” гээгүй. 

    Гэвч тэдний өмнөөс энэ бүхнийг улс төрчид, улс төрийн намууд хийж өгнө. Тэд “Улс орноо ингэж хөгжүүллээ. Эдийн засгийн ингэж өсгөлөө” гэж ярих юмгүй учраас “Та нарыгаа ийм даатгалын хурааамжаас, тийм татвараас чөлөөллөө”, “ийм юмыг үнэгүй болголоо” гэсээр очно.

  Үгүй одоо тэгээд, төлөхгүй барихгүй гээгүй байхад нь "та битгий төл" гээд ирэхээр уухайн тас л юм болно биз дээ. Ямартаа, “Тэр ярихгүй ээ хө. Би татвар, даатгалаа төлнө” гэж тэмцэн тэнэгтэлтэй биш.

      Улс орон өдрөөс өдөрт хотшин хөгшжиж байгаа ч хөдөө л ялбал улсдаа ялдаг сонгуулийн тогтолцоотой яваад байх ажгуу. Өөрөөр хэлбэл, хэн малчдыг сайн хуурна, тэр амжилт олдог улс төрөөр бид амьдарч байна. Яагаад, хөдөөд шинэ эмнэлэг сургууль барихын оронд, “Соёлын төв” хэмээх хөндий байгууламж олноор нь бариад байгаа юм бэ? Тэр чинь улс төрчдийн сүм дуган, олон түмнийг цуглуулж тархи угаах танхим, аахар шаахар бэлэг тарааж, хонины хавирга мөлжүүлэх ордон, толгойг нь эргүүлдэг хүрээлэн байхгүй юу. Монгол хүн л юм хойно, хот дүүрэн хоньтой ч гэсэн хүний зүгээр өгч байгаа хавиргыг зулгаахгүй бол аз харина. Улс төрчид хөдөөд сургууль бариад байвал тэд маань юмны учир олдог болчихоод хууртахаа байчихна. 

     Хуулийн заалтыг ч тэдэндээ зориулан дураараа өөрчлөх болов. Малын хулгай их байгаа учраас, төр үүргээ биелүүлж, түүнтэй тэмцэхийг малчид шаарджээ. Төр засаг хариуд нь “Малын хулгайг бусад хулгайгаас ангид үзэн, хүндээр шийтгэх” хууль батлав. Хулгайтай тэмцсэнд орвол ингэсэн нь хамаагүй амархан л даа. Гэтэл, практикаас харахад, хуулийн заалтыг хүндрүүлэх нь гэмт хэргээс сэргийлэх биш, харин ч хүндрүүлэн үйлдэхэд хүргэдэг гэдэг. Хүчингийн хэрэг үйлдвэл цаазалдаг болоодохсон чинь хүчиндсэн хүнээ төдийгүй, гэрчүүдийг алчихдаг болсон гэх. Хаашдаа л баригдвал цааз авахаас хойш, яландаа дүйцэх хэргүүдийг хавсарган үйлдэхэд юуны гарз, мөн үү? 

  Ингээд, орон байрны болон халаасны хулгайч нарын лобби орсон болов уу гэмээр, айл ухсан бол мал хулгайлснаас хөнгөнд үздэг хуультай болоод авлаа. Хотын иргэд болохоор малчид л давраад өөртөө ийм хууль гаргууллаа хэмээн эгдүүцнэ. 

    Харин, хатуу заалттай хуулиас айгаад мал хулгайлахаа болих болов уу, эсвэл оноох ялтайгаа дүйцэх өөр хэргүүдийг хавсарган үйлддэг болох болов уу? Цаашдаа улам чангалаад малын хулгайчийг цаазалдаг болчвол малчинтай нь хамт нухчихаад явдаг л болох байх даа. Гэхдээ улс төрчдөд энэ юуны хамаа, гол нь саналаа амархан өгдөг харанхуй бүлэг л хэвээрээ байх нь чухал.

     Дээр нь улс төрийн энэхүү дархалагдсан юм шиг мөртлөө үнэн хэрэгтээ “тусгаарлагдсан” хэсэг дээр тоглолт хийдэг өөр бүлгүүд бие биетэйгээ уралдан гарч ирлээ. Уул уурхайн компаниудыг малчдын нэрээр дарамтлан мөнгө саадгаас эхлээд, Монгол улсын  эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг ажилладаг, эрчим хүчний хувьд тодорхой нэг улсаас хараат байлгахыг эрмэлздэг “сонирхлын бүлэг”-үүд тоглолт хийх болов. Тэд хотоос давхилдан очиж, хэдэн малчин элсүүлснээ өмнөө барин танхайрна. Учир нь, малчид ямар ч буруу юм хийсэн байг, тэднийг улс төрийн намууд өмөөрнө, гишүүн нь өмөөрнө. Бүүр байг гэхэд илт буруу үйлдлийг нь буруушаахаас зайлсхийнэ. Үүнийг анзаарсан рэкэтчид, гадны гар хөл бологчид харин ч дураараа дургисан даа. 

     Яг нарийндаа малчид нь өөрсдөө ингэж үймүүлээд яваа юм байхгүй. Малчид завгүй улс, ингэж давхивал мал нь эзгүйднэ, хотыг нь чоно нохой эргэнэ. Ихэнхдээ, хотоос хэдэн хүн очоод малчны дүрд тоглоно. Нутгийн ганц нэг цаг завтай улсыг оролцуулна. Ингээд л малчдын тэмцэл болж хувирна. Нинжа нар Бигэрийн хоолой, Уянгын бэлчээр, Орхоны эх, Заамарын хөндийд “уулыг тал, талыг там” болгож байхад малчныг, малыг, бэлчээрийг хэн ч хамгаалаагүй. Тэнд олборлож, нөхөн сэргээлт хийх учиртай, цаанаа хариуцлага хүлээлгэх эзэнтэй, заах буруутантай уурхайн компани орох гэхээр малчдын нэрээр айлгаж хөөчихөөд араас нь хариуцах эзэнгүй юм шиг атлаа маш сайн зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй бүлэглэлүүд орж бужигнуулна. Төрөөс илүү зохион байгуулалт,ашиг хуваарилалт тэнд байдаг гэлцдэг.

       Улмаар, Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнол, гурав дахь хөршийн бодлогын эсрэг тэмцлийн багаж болгов, нөгөө хэдэн малчнаа. Манай эдийн засгийг сэргээх ганц сурвалж болсон уул уурхайн эсрэг, эрчим хүчээ дотоодоос хангах зорилготой УЦС-ын барихыг голлон эсэргүүцдэг, их төлөв гадаадаас санхүүжилттэй байх магадлалтай бүлэглэлүүд малчдын нэрийг  духан дээрээ наах эжээ. Тэдний заримынх нь үгээр бол хэдэн зуун малчин өрх, ганц бяцхан хадан хавцалд өвөлжөөд, хаваржаад, зусаад намаржаад, дөрвөн цагийн эргэлтэнд алгын чинээн газартаа хадаатай байдаг болтой юм. Газартаа уягдсан тариачин бол ойлгож болохсон. Гэтэл, хамгийн хол нүүдгээрээ цуутай, баруун Монголын малчид цаана нь байгаад байдаг. 

     Барууны буюу Оросын бус хөрөнгө оруулагчдыг малчны дүрээр дураараа хөөж, өмчид нь халдаж эвдэн сүйтгэж байхад төр яаж ч үл чадна. Хэрвээ дэвэргэн үймүүлэгч хүчнийхэнд “үнэмшихгүй” бол малчиддаа хайргүй харагдаад, саналаа алдах гээд манай улс төрчид алцагнаж байна аа, хөөрхий.

     Нэрийг барьсан этгээдүүд дур дураараа нохой шуугиулаад байхад малчид яагаад дуугүй байгааг лавласан асуулт бас гарна. Тэд үнэхээр л шударга хэрсүү хүмүүс юм бол, эх орынхоо хөгжилд хэрэгтэй бүтээн байгуулалтыг дэмжихгүй байгөө юм бэ гэж үү? Энэ бас учиртай

     Малчин нүүдэлчид зөнгөөрөө бүтээн байгуулалтын эсрэг байдаг юм. Юм харагдвал нураах гээд дайрдаг гээд битгий ойлгочихоорой. Ийм учиртай юм аа. Бүтээн байгуулалт нь хот сууринг өөртөө дагуулдаг. Хот суурин нь бэлчээрийг үргэлж булаан тэлсээр байдаг. Бэлчээр гэж юу вэ гэхээр хэн ч эзэмшдэггүй, бүр өөрөө ч эзэмшдэггүй, гэхдээ чөлөөтэй сэлгэн амьдарч болох нутаг юм. Өөрөө ч дангаараа эзэмших сонирхолгүй гэхээр сонин байгаа биз? Тиймээ. Бэлчээрийг тусгайлан эзэмшүүлэх(бараг л өмчлүүлэх) асуудал явдаг ч малчид дэмждэггүй. Нэгдүгээрт, жилийн аль ч улиралд нэг хот айлыг сэлгэн нүүхэд таарахуйц уужим бэлчээр ноглдуулах боломжгүй. Хоёрдугаарт, эзэмшсэн тэр хэсэгт ган зуд бодвол зайлшгүй орхин, хэн нэгний эзэмшсэн бэлчээр тийш нүүх болно. Иймээс, хэний ч биш, миний ч биш, тэгэхдээ хэзээ ч нутаглаж болдог тийм нутаг буюу бэлчээрээ аль болох уудам том, ямар ч суурьшилгүй, хот суурин ба бүтээн байгуулалтгүй, эзгүй байлгах нь нүүдэлчин хүний зөн юм. Тийм учраас нутагт нь үйлдвэр уурхай нээлгэхгүй, цахилгаан станц бариулахгүй гэсэн тэмцлийг дэмжээд сүйд болохоо байг гэхэд буруушаадаггүй.

     Эцсийн эцэст, малчинд юм бүхэн ашигтай, улсаараа тэдний төлөө байгаа юм шиг боловч, үнэн хэрэгтээ хамаг юм малчдын эсрэг эргээд байна. Яван явсаар, малчид л ганцаараа улс орныхоо эсрэг байдаг юм харагдуулж байна. Дув дуугүй л өөртөө хэрэгтэй юм болгоныг толгой дохиод хүлээж аваад байсан биш харин ч нийгэмдээ гадуурхагдсан хэсэг болох аюул тэднийг хүлээж байгаа юм.

     Нөгөө талаасаа, Монгол орон өдрөөс өдөрт хотшин, иргэд цаг цагаар хэрсүүжиж байна. Хагас жилийн өмнөх нийгмийн санаа бодлыг өнөөдрийнхтэй зүйрлэх аргагүй тийм эрс хувьсал гарах болов. Иргэдэд “бид татвар төлөгч” гэдэг ухамсар өдөр өдрөөр суух аж. Энгийнээр хэлбэл, татвар бол бүх ард түмний “нийллэгийн мөнгө”, “ангийн хуримтлал” маягийн зүйл. Төрд өөрт нь мөнгө байдаггүй, харин ард түмний нийллэгийн мөнгийг захиран зарцуулдаг. Төр түүнийг албадан авах, зарцуулахаас гадна хуримтлалд мөнгөө өгөөгүй, болон ангийн фондноос хуссан нөхдийг шорон оронд хийхээс эхлээд шийтгэх эрх үүрэгтэй. 

   Иймээс хотынхон яаж байна гэхээр, төрийн мөнгө бол бидний “нийллэгийн мөнгө” гэдгийг ухаарчихаж. Улмаар нийллэгт юм гаргадаггүй атлаа, фондын мөнгөөр авсан хуушуурыг хуваагаад цохьдог, тэндээс дураараа авчих санаатай заримыгаа илт гадуурхдаг болж. Жишээлэхэд л, хэдхэн жилийн өмнө Хадгаламжийн хоршоонд зальдуулагчдын хохирлыг улсын төсвөөр цайруулахад хэн ч гайхахгүй, тэгэх л ёстой юм шиг байв. Гэтэл өнөөдөр “Бэлтэс мөрөн” гэх санхүүгийн залиланд хохирогчдын алдагдлыг “татвар төлөгчдийн хөрөнгөөр барагдуулна гэвэл алалцаад л дуусна шүү” хэмээн төрөө дарамталж байна. Яг тэр мэтээр, татвар, шимтгэлийг бүгд төлөх үүрэгтэй атал зарим нь яагаад чөлөөлөгдөж байгаа юм бэ, нийтийн санд юу ч нэмэрлээгүй атлаа, түүнээс хуваалцах эрх хаанаас гараад ирэв, Үндсэн хуулиар төрийн болон хувийн бүх өмч тэгш эрхтэй гэсэн атлаа, малчдын өмч, хотынхны өмч хоёр тэгш бус эрхтэй байгаагийн учрыг лавласан асуулга, хэлэлцүүлгийг нийгмийн сүлжээгээр байнга өрнүүлэх болов.

    Эцсийн эцэст хүмүүс, ялангуяа манайхан бэрхшээл зовлонтохиолдоход учир шалтгааныг нь хайхаасаа илүү, гэм буруутныг эрдэг. Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүндрэлийг залгаад дайны байдалд орж байх шиг байна, нийтээрээ. Хямралтай бид байтугаа, хямралгүй Өрнөд бүсээ чангалах талаар ярьж эхлэв.

     Ойрноос, “Яагаад бид эдийн засгаа өөд татаж, уул уурхайгаа хөгжүүлээгүй юм бэ”, “Яагаад гадаадын хөрөнгө оруулалтыг татаагүй юм бэ”, “Яагаад эрчим хүчний хараат байдлаас гарах алхам хийгээгүй юм бэ” гэдэг асуултууд гарч байна. Уламжлал ёсоор “хэнээс болов”, “хэн буруутай вэ” гэлцэн, гэмтнийг гэсгээх аян дайнд гарсан харагдана.

     Асуултууд ар араасаа ургасаар. “Яагаад,Казахстаны жишгээр, өнөөдөр үнэ нь хаданд гараад байгаа Урааны бизнэс хийж мөнгө олоогүй вэ? Хэн бариулаагүй юм бэ”, “Яагаад, усан цахилгаан станц барьж өөрийн эх орноо дайн дажинтай ОХУ-аас эрчим хүчний хамааралгүй болгоогүй юм бэ? Хэн хийлгээгүй юм бэ”, “Манай тусгаар тогтнолын баталгаа болсон Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдыг хэн хөөж гаргасан юм бэ”гэх мэт, гэх мэт.

     Энэ бүхний хариуд “Малчид буруутай” ,” Малчид л хийлгээгүй”, “Малчид л тэднийг хөөсөн” гэж зааж өгөөд хэргийн эзэд нь өөрөө бултах гээд байна. Гээдээр барахгүй зааж ч эхлээд, бултаж ч эхлээд байна. 

     Нөгөө талаас, байнгын халамж, хувааж идэх аргад дассан халамжлуулагч ард түмэн нь “яагаад 70 сая малтай атлаа мах ийм үнэтэй байгаа юм бэ”(Цаад утга нь муусайн малчид яагаад махаа ийм үнэтэй өгөөд байна), “Нэг хүнд 20 гаруй мал ногдож байхад манайх хоолгүй байгаа нь хэний буруу вэ”(Малчдын мал бол минийх ч мөн) гэсэн асуулт гарч, ер нь цаашлаад малыг нь хувааж авна гэх маягтай.

     Үнэхээр ч цаашдаа эдийн засаг энэнээсээ хүндэрвэл, Монгол улс уул уурхайн бүтээн байгуулалтаасаа хэдэн цаас нэмж олохгүй бол бүхний буруутан нь малчид болж таарахнээ, янз нь. Тэр цагт танай хоттой хонь руу “наран талаас нь төр, сүүдэр талаас нь хулгайч” нар ханцуй шамлан орно. Улс төрчид ч та нарыг өмөөрөхгүй , бас өнөө хутган үймүүлж байгаа этгээдүүд ч өмөөрөхгүй. Улстөрч нар малчдад хайртай байсан юм биш, харин хуурч авахад амархан саналд нь хайртай байсан юм. Иймээс “Болж, эд нар л буруутай”, “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдэг бол түмний идшинд зориулагдана гэсэн үг мөн” гэлцэн дуу хоолойгоо нэмнэ.

   Малчдыг малчид л хайрлахаас өөр хэнч хайрлахгүй. Тэд хамаг амьтанд “хайрлагдсан” зүүднээсээ сэрж, хүний тоглоом болохоо болих цаг болсоон. Малчид нь малаа маллаж, улс төрчид болоод луйварчид малчдыг нь “маллаж” ирсэн энэ үзэгдлийн хөшгийг хаах цаг ирчээ. Үгүй бол малчид л хохироод дуусах нь байна. 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 8 цаг 49 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top