x

Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд багуудаар явж сурчихаад юм ярих хэрэгтэй

Гэрэл зургийг "Зууны мэдээ" сонин

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Махны экспортод тогтоосон квоттой холбогдуулж, Байнгын хорооны хуралдааны үеэр багагүй бухимдалтай байр суурь илэрхийлж байгаа харагдсан. Яг энэ асуудлаар Хөдөө аж ахуйн сайд Ч.Улааныг огцруулах төслийг өмнөх парламентын өргөн барьсан ч яваагүй, тэгсхийгээд намжсан түүхтэй. Уг нь С.Баярыг Ерөнхий сайд, Т.Бадамжунайг салбарын сайд байхад буюу аль 2009 онд Засгийн газрын тогтоолоор "Мах" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, экспортын үйл ажиллагаа эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, үнийн улирлын хэлбэлзлийг бууруулах ажлыг эхлүүлсэн юм билээ. Махыг "стратегийн хүнс" гэж хуульдаа тусгасан нь ч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Асуудлын гол зангилаа нь яг хаанаа байна вэ?

-2009 онд баталсан Хүнсний тухай хуулиар махыг стратегийн хүнсэнд оруулж, тодорхой хэмжээний квоттой болгосон. Тухайн үеийн сайд Т.Бадамжунайгаас хойш таваас зургаан хүн энэ салбарын бодлогыг зангидаж ирсэн ч квотыг огт хөндөөгүй. Тэр хэрээрээ махны экспорт жил бүр нэмэгдэж ирсэн. 2013 онд байх аа, дөнгөж 1000 орчим тн мах экспортолдог байлаа. Харин 2016 онд Монгол Улс түүхэндээ анх удаа 100 мянган тн мах экспортолсон. 70 орчим мянга нь дулааны аргаар боловсруулсан, 15 мянга гаруй нь түүхий мах. Нэмээд түүхий эдээ шилжүүлэхээр 100 мянга давсан үзүүлэлт. Харамсалтай нь, 2018 онд "Улайдаггүй" Ч.Улаан сайд гарч ирснээр квотыг шинээр гаргаж ирсэн. Түүнийхээ хүрээнд экспортын зөвшөөрлийг олгож эхэлсэн. Монголд нийтдээ 110 орчим махны компани үйл ажиллагаа явуулдаг. Тэрнээс 12-т квот олгож, бусдыг гадна нь орхисон. Зөвшөөрөлтэй компаниудын ес нь Хятадын хөрөнгө оруулалттай. Гурав нь Монгол. Ер нь 2016 оноос өмнө махны чиглэлийн нэг ч гаднын хөрөнгө оруулалттай компани Монголд байгаагүй. 2016 оноос хойш цэцэглэсэн гэсэн үг.

-Таны хэлж байгаа баттай юу? Хятадын хөрөнгө оруулалттай компани Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг тухай мэдээлэл 2016 оноос өмнө явдаг л байсан?

-Баттай хэлж чадна. 2016 оноос өмнө Эмээлтэд ч Хятадын хөрөнгө оруулалттай компани байгаагүй. Харин 2016 оноос хойш асар их орж ирсэн юм. Ч.Улаан сайдаас улбаатай квотыг ашиглаж, авлигыг цэцэглүүлсэн. Тодорхой албан тушаалтанд төлдөг. Буцаагаад үлдсэн 100 гаруй компанийн махыг экспортлохдоо төлбөр авдаг. Дулааны аргаар боловсруулсан богийн мах дээд тал нь 2500 төгрөг хүрсэн. Нэг хонь тутамд дунджаар 40 мянган төгрөг болно. Өнөөдрийн байдлаар бог тутамд 20 мянган төгрөгийг малчин квот нэрийн дор төрд, авлигачдад хулгайлуулж байна. Гаднын хөрөнгө оруулалттай компаниудад дээрэмдүүлж байна. Бод тутамд 120 мянган төгрөгийн төлбөр төлж байна. Энэ мөнгийг тухайн компанийн захирал өөрийнхөө халааснаас гаргахгүй.

-Яагаад?

-Хаанаас мөнгөө олдог нь тодорхой шүү дээ. Малын үнийг бууруулах замаар олно. Малчин хотноосоо гаргаж байгаа бог тутамд 20 мянга, бод тутамд 120 мянган төгрөгийг дээрэмдүүлж байна гэж онцлоод буйн шалтгаан энэ.

-Зах зээлийн үнэлгээнээс нь хэт доогуур үнээр авдаг гол шалтгаан нь энэ гэсэн үг үү?

-Зөвхөн махан дээр гэхэд гадаад зах зээлийнх нь ханш хангалттай өндөр байна. Малыг хангалттай үнээр зарж, борлуулах боломж нь байна. Харамсалтай нь, төрийн айхтар дэмжлэггүйгээр амьдралаа аваад яваа 250 мянган малчин өрхийн халаас руу хэсэг бүлэг авлигачин орчихлоо. Үүнийг цэгцлэх ганц зүйл нь квотыг байхгүй болгох. Энэ чиглэлээр Засгийн газар яаралтай арга хэмжээ авах ёстой. Тэгж байж малын үнийг ядаж л 20-120 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх боломж гарч ирнэ.

-Мах экспортлох зөвшөөрөлтэй 12 компанийн ес нь Хятадынх байгаа нь хэтэрхий монополь биш үү? Махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгжийнхээ 10 хүрэхгүй хувьд нь квот олгосон шалтгаан нь юу юм бол? Жишээ нь, сонгон шалгаруулалт зарладаг уу?

-Ганцхан тайлбар хэлдэг юм. Тэр нь Хятадын талын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд гэдэг. Хятад руу мах экспортлох ажил 2014-2015 онд эхэлсэн. 2014 оноос гэж тооцвол өнөөдрийг хүртэл найман жилийн хугацаанд 10 гаруйхан компани Хятадын талаас зөвшөөрөл авна авах нь асуудалтай. Ерөөсөө л авлигын эх үүсвэрээ цөөхөн гараар хийх Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтынхны хийж байгаа ажил. Хятад руу экспортлох зөвшөөрлийг Монголын олон компани авах боломжтой. Гэвч өнөөдрийг хүртэл түүнийг нь олгохгүй, цөөхөн компанид олгож ирсэн нь авлигыг цэцэглүүлж байгаагийн нэг хэлбэр.

-Салбарын яам, мэргэжлийн байгууллага гэхээсээ Монголын аж ахуйн нэгжийн бэлтгэдэг махны чанар, стандарт нь Хятад талын шаардлагыг хангадаггүй гэж ярьдаг. Энэ хэр бодитой вэ. Хүссэн болгон нь мах экспортолдоггүй гэж ойлгоод байгаа юм?

-Монголын махны үйлдвэрүүд бүх төрлийн бүтээгдэхүүнийг дээд зэргийн хэмжээнд боловсруулах хүчин чадалтай. Ариун цэврийн болон бусад шаардлагыг хангадаг. Чанар, стандарт хангадаггүй мэр сэр компани бий. Хэрвээ бүгдэд нь зөвшөөрөл олгоод ирэхээр авлига өгөхөөсөө илүүтэй үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлсэн нь дээр гэж үзнэ. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын газар нь зөвхөн өөрсдөдөө таалагдсанаа Хятад руу зөвшөөрөл авахуулахаар явуулдаг юм. Тал талаасаа эрх мэдлээ булаацалдана. Янз бүрийн бичиг Хятад руу явуулна. Нөгөө талдаа ойлгомжгүй байдлыг бий болгодог гэсэн үг. Хэн нь толгой нь, асуудлыг шийдэх эрхтэй гэдэг нь тодорхой бус явдаг. Ийм ойлгомжгүй нөхцөлд экспортын зөвшөөрөл авах нь хүнд, бараг боломжгүй.

-Эмээлтэд үүссэн махны асуудал Таны яриад байгаатай ямар нэгэн сэжмээр холбогдох уу?

-Эмээлтийн асуудал бол цэвэр улстөрчдийн хоорондын хамаарал бүхий зүйл. Юу болсныг тайлбарлаж өгье. Квоттой компаниудын тэргүүн эгнээнд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувь эзэмшлийнх багтдаг. Тэр нь "Мах импекс". Эмээлтийн асуудал дэгдэхэд их хэмжээний "ХКҮ" гэсэн шошго гарч ирсэн дээ. Тухайн компанийн шошго. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад нь өнөөдрийн МАН-ынхан хамтарч ажилладаг байсан юм. Нэгнийхээ асуудлыг сайн мэднэ. Ингэж явсаар Ерөнхийлөгчөөс буунгуут ямар нэгэн байдлаар компаниуд руу нь шалгалт оруулах сэжим гаргаж эхэлсэн. Тэгэхийн тулд Эмээлтийн үйлдвэрээр дамжуулж орсон гэж хардаг.

-Гэдэг нь?

-Хувь эзэмшлийн үйлдвэрийнх нь үйл ажиллагаа хэвийн байхад Мэргэжлийн хяналтынхныг явуулж, лацдуулсан. Ингээд гурав хоногийн дараа очихоор тухайн үйлдвэрт өмхий самхай орчин угтах нь мэдээж. Ер нь Монголд мах муудах тухай ойлголт байхгүй. Дээхэн үед зун хонь гаргачихаад хаа, гуяар нь салгаад л ханандаа өлгөөд хоолоо хийж иддэг байсан. Одоо бол сумын төв байтугай уулын мухарт байгаа малчин хөргөгч, хөлдөөгчинд хийдэг болсон. Хэзээнээсээ л Монголд мах муудах тухай ойлголт байхгүй.

-Эмээлт дэх үйлдвэрийн махыг зориуд муутгасан гэж хэлэх гээд байна уу?

-Тэнд байсан мах бол Улаанбаатарын хэрэглэгчдэд зориулагдаагүй. Өөрийнх нь өртөг 23, 24 мянган төгрөгөөс илүү үнэтэй. Өөх, ясыг нь шулаад 110 градуст буцалгаад гаргаж ирсэн шим, шөлгүй мах. Зөвхөн Хятад руу экспортлох зориулалттай. Зургаадугаар сарын сүүлчээр болсон асуудал биз. Тэр үед захуудаар аль хэдийнэ шинэ мах гарчихсан байсан. 20 гаруй мянган төгрөгийн үнэтэй үйлдвэрийн махыг аваад хэрэглэх цайны газар, ресторан гэж байх уу? байхгүй. Зах дээрх 8000 төгрөгийн үнэтэй шинэ махыг л хэрэглэнэ.

Цэвэр улстөрчдийн зодооноос болж гарсан асуудал. Түүнээс болж экспортоо хаасан. Үйлдвэрүүд махаа экспортолж чадахгүй учраас мөнгөгүй болсон. Ченжүүдэд мөнгө өгч чадахгүй. Ченжүүд мөнгөгүй болохоор Ховд аймгийн Булган суманд малын худалдааны үнэ уначихаж байгаа юм. Эргээд квотоос үүдэлтэй янз бүрийн хээл хахууль 250 мянган малчин өрхийн амьдралд хортойгоор нөлөөлж байна. Тийм учраас квотыг байхгүй болго гэсэн шаардлагыг тавиад байгаа юм.

-Махны холбооны тэргүүн хүн ингэж ярихаар ардаа ямар нэгэн ашиг сонирхол хөндөгдөж байна гэсэн хардлага төрж таарна?

-Миний хувьд Ховд аймаг дахь "Баруун Монгол Интернэйшнл" компанийнхаа хувийг зараад аль хэдийнэ гарчихсан. Энэ сардаа багтааж Махны холбооны тэргүүний ажлаа өгөх гэж байна. Надад ямар нэгэн эрх ашиг байхгүй гэсэн үг. Хамгийн гол нь, малчдын амьдралд нөлөөлж байна. Энэ жил 67 хоног хөдөөгүүр явлаа. Уулын таганд амьдарч байгаа 10, 20 айлын гадаа буугаад уулзалт хийлээ. Тэгэхэд малын үнэ уначихлаа. Яаж нэмэгдүүлэх вэ? гэдгийг хэлж байна. Тэгэхээр нь зөвлөдөг юм. Махны үйлдвэрүүд санхүүжилтгүй учраас ченжүүдэд мөнгө өгөхгүй. Ченжүүд мөнгөгүй болохоор мал авахгүй байна гэж. Бусад санхүүгийн зардлаа аль болох өөр эх үүсвэрээс нөхөж байгаад өвөл нядалгааны үеэр малаа борлуулвал арай дөмөгхөн үнээр өгөхийг хэлж байгаа.

250 мянган малчны амьдралын түвшинг сайжруулахын тулд махны квотыг байхгүй болгох шалтгаан нь энэ. Ховд гэлтгүй баруун таван аймагт зуншлага тааруу болсон. 500 малтай айл 200-г нь зарах шинжтэй байна. Өвөлжилт хүндэрнэ. 200 мал борлууллаа гэхэд дөрвөн сая төгрөгийг квот нэрийн дор дээрэмдүүлнэ. Тиймээс өвлийн мал бэлтгэл хүртэл квотоо байхгүй болгох нь зүй ёсны шаардлага.

-Махны холбооны тэргүүний хувиар асуухад махны үнийг яг хэн тогтоодог юм? Зах зээлийн зарчмаараа гэдэг ч ченжүүдийн халаасанд махны "үнийн жин" явдаг нь тийм оргүй яриа биш?

-Махны асуудал өөрөө маш олон дамжлагатай. Малчнаас Улаанбаатарын Толгойтод байгаа хэрэглэгчид хүрэхийн тулд 7-8 дамжлага байгаад байна. Ойрхонд нь ойролцоогоор тав. Дамжлага болгонд нэмэгддэг. Хэрвээ дамжлагыг багасгавал тэр хэрээрээ буурна. Гол нь хэрхэн бууруулж, Улаанбаатарын хэрэглэгчид хүргэх вэ? гэдэг нь эрх баригчдын санаа зовох асуудал. Өнөөдөр махны үнийг хямд байлгах зорилго хэнд хэрэгтэй юм, хэрэглэгчид. Үүнийг төр хийх ёстой. Үнэтэй байвал нийтээрээ босоод дургүйцлээ илэрхийлж эхэлнэ. Дамжлага болгонд 1000 төгрөг нэмээд байгаа системийг яаж зохистой болгох вэ? гэдгийг хийх ёстой. Малчны хотноос гарч байгаа үнэ нь үнэхээр бага. Малчин 250 мянгад хүрнэ дээ гэж бодоод явж байтал тэр нь 150, 160 руу ороод ирэхээр яах вэ? Үүнийг зохицуулахын тулд экспортоо л нэмэх ёстой.

Монгол Улсад малын тоо хангалттай өслөө. Социализмын үед 25 сая тоо толгойгоос дээшээ гаргах гэж их үздэг байсан. Харамсалтай нь, болдоггүй байлаа. Энэ жил 24 сая тоо толгой төл авлаа. Тэгэхээр малынхаа экспортыг нэмэгдүүлэх нь Монголын эдийн засагт, малчны амьдралд хэрэгтэй.

-Уг нь төр өөрөө бизнес хийхээ больё гэж яриад байгаа?

-Махны экспортод ямар ч квотгүй, төр оролцдоггүй байсан 2016 оны үед 100 мянган тн гаргаж, түүхэндээ байгаагүй амжилттай явсан. Төр оролцоод, квоттой болгоод ирэнгүүт 5000 тн болоод буучихлаа. Зах зээлийнхээ зарчмаар явсан бизнест квот тогтоогоод 20 дахин буулгах ийм гайхалтай авьяас хэнд байгаа юм. МАН-д л байна.

-Нэгэнт ярилцсаных АН-тай холбоотой зарим асуудлыг тодруулъя. 2020 оны сонгуулийн дараагаас эхэлсэн Танай намын дотоод зөрчил хоёр жилийн турш дуншсаар эцэстээ С.Эрдэнэ, Х.Баттулга гэсэн хоёр хүний өмч шахуу хагарал руу хөтөллөө. Таны хувьд энэ хоёр нэгдлийн аль хэсэгт нь хамаарч байна вэ?

-Ардчилсан Намын эвлэрлийг сахиулахын тулд өнгөрсөн хавраас "Эв нэгдлийн Их хурал"-ыг зохион байгуулахаар 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнөөдөр ч үргэлжилж байна. Аль, аль нь нийлээд урагшаа хараад алхая гэсэн байр суурьтай байна. АН бол өнгөрсөн хугацаанд гэрийн хоёр багана шиг Төрийн багана болж явсан нам. Эрх барьж ч явлаа. Энэ нам хүчтэй, өрсөлдөөнтэй, сайн сөрөг хүчин байж төр, засаг нь зөв голдирол руу орно. Эрх баригчдыг тодорхой хэмжээнд хазаарлана. Гэвч эв нэгдэлгүй яваа нь зөвхөн намын гэлтгүй Монгол Улсын асуудал болчихлоо. Миний хувьд аль нэг талд нь явдаггүй. Дотоод бүх асуудалд нь оролцдоггүй. Хоорондоо нийлээд намынхаа "Эв нэгдлийн Их хурал"-ыг хийгээд түүнийхээ дагуу нэг даргатай болоод урагшаа алхая гэсэн зүйлийг ярьж байгаа.

-Хоёр талын төлөөлөл бүхий хүмүүс саяхан уулзсан нь өнөөдрийг хүртэл үүссэн маргаанд цэг тавих найдлагыг бага ч гэсэн төрүүлж эхэллээ. Уулзалтад оролцсон хүний хувьд уур амьсгал ямар түвшинд өрнөсөн бэ?

-Нэлээд олон залуучууд, ахмадууд ирцгээсэн. Хоорондоо уулзахгүй явсан нь гар барилцсан. Иймэрхүү арга хэмжээ зохион байгуулах нь зөв зүйтэй юм байна гэдгээ хэлсэн. Тодорхой хэмжээгээр урагшаа нэг алхаж байна. Гэхдээ гол асуудал нь дуусаагүй. Хэтэрхий өөрийн, хувийн мэт ханддаг, АН-ыг би үүсгэн байгуулсан, миний юм гэдэг хүмүүсээсээ салж байж эв нэгдэл урагшаа явах юм байна гэж харсан.

-Нэгэн цагт нэг даргатай, нэг үзэл санаа, үнэт зарчимтай явсан АН-ыг өнөөдөр С.Эрдэнэ, Х.Баттулга гэсэн хоёрхон хүний зөрчлөөр төлөөлүүлж хардаг болсон. Саяын уулзалтад ч энэ хоёр хүн очоогүй нь олон хүний хүлээлтэд хүрсэнгүй?

-Миний хувьд эксүүд хэрэггүй. Экс Ерөнхийлөгч хэрэггүй. Экс намын дарга хэрэггүй. С.Эрдэнэ гэдэг хүн хоёр ч томоохон сонгуульд намаа ялагдууллаа. Нөгөө нь Ерөнхийлөгч байсан хүн байна. Дээр, дооргүй бүгдээрээ зүтгэж байж Ерөнхийлөгч болгож өгсөн. Хангалттай эрх мэдэлтэй байлаа. Харамсалтай нь, түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Нэгнийгээ хэт үл хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг хол байлгаж байж залуу үеэ урагшаа гаргаж, түрээд ажиллах шаардлагатай.

-Залуу үе гэлээ. Үнэхээр залуу үеийн төлөөлөл нь гарч ирээд өөр хоорондоо өрсөлдөөнд орвол дэмжинэ гэж ойлголоо. Бусад нь хүлээн зөвшөөрөх үү?

-Мэдээж дэмжинэ. Нэг талдаа намын Их хурал зохион байгуулаад дарга сонгодог. Нөгөө талдаа мөн адилхан дарга сонгодог байж болохгүй. Дээд шүүхээс ганцхан юмыг хэлж байгаа. Та нарыг бүртгээд өгье. Гол нь эв нэгдлээ хангаж, нэг хурал зохион байгуулаад нэг тамгатай албан бичгээр, нэг хүнийг даргаараа сонгосон хүсэлтээ гаргавал, зөвшөөрөөд өгье л гэж байгаа юм. Гэтэл тэгэхгүй байна. Тал талд намын Их хурал, даргын сунгаа зохион байгуулж байна. Миний хувьд ийм юманд очихгүй, оролцохгүй. Үнэхээр "Эв нэгдлийн Их хурал"-аа хамтраад хийвэл оройлоод оролцох бүрэн боломжтой.

-1990 оноос хойшхи Монголын улс төрд МАН, АН гэсэн хоёр нам л гол тоглогч байж ирсэн. Цаашдаа ч гуравдагч хүчний орон зай бий болох нь одоогийн нөхцөлд хомс. Гэтэл өнөөдрийн АН-ын хувьд сөрөг хүчний ч үүргээ гүйцэтгэх чадахгүй унтаа унхиагүй байдалтай байна. Бүр УИХ дахь Бүлэг дотроо хүртэл Д.Ганбат гэдэг "сөрөг хүчин"-тэй болчихлоо?

-2016 оноос хойш хоёр парламент дамнан АН-аас сонгогдлоо. Тэр үеэс л сөрөг хүчний үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлыг дэргэдээс нь хараад сууж байхад манай намын нөхдүүд буюу аль, аль тал нь МАН-тай хамтарч, нийлж байж асуудлаа цэгцэлнэ гээд гүйгээд байгаад учир байна. Хоёр талаас нь мэдээлэл авсан МАН анализ хийж байгаад л яаж тоглохоо дураараа шийдэж байна. Нэг хүнийг явуулбал асуудалгүй гэдгийг Дээд шүүх хэлээд л байгаа. Өөрсдөөсөө юмаа хайхгүй бүх асуудлыг шийдэж байгаа МАН-д хадаг бариад гуйх нь буруу.

-АН-ын хувь заяа цаашид хэрхэх бол? Хоёр тал дахиад уулзалт зохион байгуулах болов уу?

-Дараагийн уулзалтыг хоёр талын намын Ерөнхий нарийн бичгийн дарга нар буюу Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал хоёрыг хийх талаар ярилцсан. Гэхдээ тэд хийх эсэхийг сайн мэдэхгүй байна.

-Таныг гэхэд Бүлгийн хуралдаандаа суухаа больсон гэх юм билээ?

-Би ерөөсөө урдах ажлаа л хийж байна. УИХ-ын гишүүний үүргээ л биелүүлж байна. Иргэдтэй уулзалт хийгээд явж байна. Тэнд хийсэн уулзалтынхаа хүрээнд ямар асуудал тулгамдаж буйг нь Байнгын хорооны хуралдаан болгонд яриад явж байна. Надад ямар нэгэн дарга цэрэг болох амбийц байхгүй. 2016, 2020 онд "Та сөрөг хүчин бай л" гэсэн. Сөрөг хүчнийхээ л ажлыг хийж байна. Бүлгийн хуралдаантай, хуралдаангүй УИХ-ын гишүүн ажлаа хийх боломжтой.

-Магадгүй намын дотоод асуудал бус тойрогтоо ажиллаж, мах чанаж, дуу дуулаад явах нь Танд илүү амар болсон юм биш үү?

-Тэр яах вэ?. Миний нэг удаагийн уулзалт долоон цаг орчим болдог. Багийн төв дээр ч, уулын оройд байгаа 15 айлын хажууд ч мөн адил. Ирсэн хүмүүсээ хоосон байлгаад байлтай нь биш. Хонь гаргана. Гэдэс дотрыг нь чанаж өгнө, будаатай шөл, хорхог, шорлог хийгээд л явдаг. Юу нь буруу байгаа юм. АНУ-д сонгогчидтойгоо бургертэй уулзалт хийдэг. Монгол орны 100 жилийн 92-т нь МАН засаглалаа. Багийн төвд сандал болгонд ширээ тавиад өгчихгүй яасан юм. Багийн төвд ганцхан ширээ байдаг юм. Уулын мухарт тэмээгээр нүүж очсон айлууд ширээ тавиад байна гэж байхгүй. Ихэнх нь ширгэн дээрээ тавгаа тавиад хоолоо идээд явдаг. Үүнд нээх санаа зовоод байх юм байхгүй.

Би хүмүүсийг дуудуулчихаад өөртөө ширээ засаад, мах идээд суугаагүй. Тэгж ямбалдаггүй. Тойргийн уулзалт хийхдээ ганцхан машинтай явдаг. Өөрөө хөтлөгчөө хийдэг. Яриагаа хийнэ. Дуугаа дуулдаг, зургаа авдаг. Бүх юмыг өөрөө хийдэг. Манай тойргоос очоод Б.Пүрэвдоржийн уулзалт ямар болдгийг асуух хэрэгтэй. Манай УИХ-ын гишүүд багаар явж уулзалт хийж үзэж, сурчихаад юм ярих хэрэгтэй.

-Орон нутгийн гишүүд тойрогтоо ажиллахдаа багийн иргэдтэй уулзалт хийдэггүй гэж үү?

-Огт хийдэггүй юм.

С.Гандөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top