Хүүхдүүд цэрэгжилтийн Бэлтгэл хийж, гадаа хүйтэнд галуун цуваагаар алхаж буй бичлэгийг цахим орчинд нийтэлсэн иргэн Б.Цацрал Эрүүгийн цагдаагийн албанд дуудагдаж, мэдүүлэг өгчээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Таныг Эрүүгийн цагдаагийн албанаас дуудаж мэдүүлэг авсан гэсэн. Ямар шалтгаанаар дуудсан юм бэ?
-Намайг Эрүүгийн Цагдаагийн кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ирж мэдүүлэг өг гэж дуудсан. Тус хэлтэст би дөрвөн сарын өмнө нэг гомдол гаргасан. Миний твиттер хаягийн дор нэр ус нь тодорхойгүй, зураг хөрөггүй тролл хаягууд хэл үгээр доромжлоод байна гэсэн утгатай. Эхэндээ ут саар ярихаар нь би тэр гомдлын дагуу ярьж байгаа юм байна гэж бодтол “Таны твиттерт оруулсан бичлэгт хүмүүс гомдол гаргасан” гэж хэлсэн. Ямар бичлэг вэ гэтэл хүүхдүүдийн бэлтгэл хийж байгаа бичлэгийг твиттерт нийтэлсэн байна гэсэн. Яагаад энэ бичлэгт гомдол гаргаж байгаа юм гэтэл хүүхдүүдийн нэр төрд халдсан гэж эцэг эхчүүд нь мэдээлсэн. Тиймээс энэ гомдлын дагуу ирж мэдүүлэг өг гэсэн.
Миний утсыг хаанаас олсон юм бэ гэтэл сошиалаас олсон гэж байгаа юм. Сошиалаас энэ яг Цацралын дугаар гэж олоход хүндрэлтэй гэж би ойлгож байгаа. Тэгээд би очиж мэдүүлэг өгөхгүй, хэрэв та нар наад бичлэгээ үзсэн бол хүүхэд дээрэлхэж, хүчирхийлж байгаа үйл явдал гарч байгааг харсан уу гэтэл харсан гэсэн. Тэгэхээр нь тэгвэл хүүхдийг яагаад ингэж дэглээд байгаа асуудлаар нь эхлээд тайлбар мэдүүлэг ав. Нэгдүгээрт, бичлэг оруулсан гэдэг шалтгаанаар яагаад байцаалт авах ёстой юм. Хоёрдугаарт, наад бичлэгийг чинь би хийгээгүй, зүгээр л постолсон гэтэл утсаар ийм зүйл яриад яах вэ, нүүр нүүрээ харж байгаад уулзаж ярилцъя гэсэн. Тэгвэл би хэзээ очиж болох вэ, өнөөдөр бол би бүтэн завгүй гэтэл өөрийн чинь боломжтой хугацаанд мэдүүлэг авъя гэсэн. Би өнөөдөр 21:00 цагт ажлаа дуусгаад боломжтой болно, тэгвэл тэр цагтаа иргэсэн. Түүний өмнө хэлэхдээ энэ бичлэг дээр чинь гомдол ирсэн, энэхүү бичлэгээ устга гэсэн. Би энэ бичлэгийг устгахгүй. Яагаад гэвэл энэ бичлэг дээр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа. Энэ ямар учиртай юм бэ гэдгийг би сүүлийн арав хоног БСШУ-ны сайдаас асууж байна.
-Сургуулиас нь намрын спартакиадад бэлтгэж байна гэсэн тайлбар гаргасан байна лээ?
-Энэ хэрэг дундаа хоёр эргэчихсэн. Одоо гомдол гаргаж байгаа хүн буюу Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн захирал, анги удирдсан багш хоёр нь гомдол гаргасан байгаа юм. Гэтэл тэр бичлэгийг тавихдаа би Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн хүүхдүүд бэлтгэж хийгээд байна гэж ер дурдаагүй, тийм агуулга ч гаргаагүй. Аль сургуулийн хүүхдүүд гэдгийг би өөрөө ч мэдээгүй. Аль сургуулийн хүүхдүүд ямар зорилгоор гадаа хүйтэнд ийм бэлтгэл хийгээд байгаа юм бэ гэсэн асуулт л тавьсан.
Тэр твиттертэй холбоотой өөр зургууд дор нь орж ирээд байгаа биз. Нэгдүгээр сургуулийн урд талбай, Их дэлгүүрийн урд талбай, 220 мянгатын гадаа ч цэрэг хувцас өмссөн хүүхдүүд бэлтгэл хийгээд байгаа нь ямар учиртай юм бэ гэж л асуусан. Гэтэл одоо тайлбарлахдаа бид намрын спартакиадад бэлтгэж байна гээд байгаа. Тэгвэл боловсролын цөм хөтөлбөр дээр намрын спартакиадад дуут жагсаал хийнэ. Тэр жагсаалаа цэргийн хувцастай хийнэ гэдэг юм байхгүй. Үүнийг бусад сургууль тэгвэл яагаад хийгээд байгаа юм бэ. Өнөөдөр 33 дугаар сургууль бас тийм бэлтгэл хийж байна гэсэн жиргээ яваад байна лээ. Дуут жагсаал гэж аль 44 жилийн өмнө хийж байсан зүйлийг хүүхдүүд өнөөдөр хийгээд байгаа нь ямар учиртай юм бэ. Өчигдөр нэг телевиз ямар учиртай бэлтгэл хийгээд байгааг очиж асуусан байна лээ. Манай сургуулийн намрын спартакиад болох гэж байгаа. Түүндээ зориулж жил болгон ийм жагсаал хийдэг манай сургуулийн уламжлал. Гэтэл манай сургуулийн хүүхдүүдийн нэр төрд халдаад сошиал орчноор бичлэг тараасан байна лээ гэж ярьсан байсан. Тэгвэл энэ тайлбараа урьд нь хэлэхгүй яасан юм. Хэлсэн бол би тэр бичлэгийг тавихгүй. Бэлтгэл хийж байгаа юм бол яагаад хүүхэд хүчирхийлээд байгаа юм бэ. Энэ бичлэгээр жагсаалыг улстөржүүллээ гэсэн гомдол гаргасан байна лээ.
Дараагийн хүн нь энэ бичлэгийг дайнтай холбосон байна гэж байгаа юм. Миний жиргээнд дайнтай холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Дээрээс нь эцэг эхчүүдээс гомдол ирсэн гэсэн мөртлөө нэг ч эцэг эхийн гарын үсэг байгаагүй. Ганцхан эцэг эхийн зөвлөлийн дарга гэх ганц хүний л гарын үсэг байсан. За үнэхээр эцэг эхчүүд нь зөвшөөрөөд ахлах ангийн хүүхдүүд ийм жагсаал бэлджээ.
Гэтэл галуун цуваагаар алхуулах буюу Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас хүүхдүүдийг ингэж явуулж болохгүй. Ер нь том хүнийг ч ингэж явуулж болохгүй. Учир нь хүчирхийллийн өнгө аястай ийм дасгал хөдөлгөөнийг хийлгэхгүй гээд хорьсон байхад тэр бичлэгт хийгээд гарч байгаа юм. Хүүхэд хүчирхийлж байгаа уг асуудлаар холбогдох хүмүүст нь хариуцлага тооцмоор байна. Гэтэл бодит болж байгаа зүйлийг яаж мушгин гуйвуулдгийг харлаа.
-Мэдүүлэг авсан цагдаа нь тантай зүй бусаар доромж байдлаар харьцсан уу?
-Өчигдөр (уржигдар) би ажлаа дуусгаад такси бариад явж байтал 21:12 минутад нөгөө цагдаа над руу утасдсан. Эрүүгийн хуулийн эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцоороо 22:00 цагаас хойш байцаалт авахыг хориглосон. Гэтэл над руу 21:12 цагт залгаад ер нь танаас байцаалт авч чадахгүй юм байна. Амжихаа больчихлоо гэж байгаа юм. Өмнө нь ярихдаа тэр хүн 21:00 цагт авч амжихаар байсан шүү дээ. Гэнэт 21:12 минутад амжихаа больчихсон. Тэгэхээр нь “Үгүй, үгүй. Би одоо такси бариад танай ажил руу очиж байна. Замдаа жаахан түгжрээд хоцорчихлоо. Удахгүй орно” гэж хэлсэн.
Тэгээд ортол надад хэргийн гомдол гаргасан мэдүүлгийг үзүүлсэн. Би асуулт асуугаад компьютер дээр шивнэ. Тэгэхээр 22:00 цагаас өмнө мэдүүлгээ авч дуусахгүй, дараа ир гэсэн. Би олон дахин нааш цаашаа явж чадахгүй гэдгээ хэлчихээд гарч ирсэн. Тэр хооронд хүнийг басамжлах маягтай харьцаж байгаа юм. Дээрээс нь сошиал орчинд ганцхан би л тэр бичлэгийг тавьсан юм уу. Өөр бичлэгүүд зөндөө яваад байсан. Түүнийг чинь аль хэдийнэ 30 мянган хүн үзчихсэн байна.
Яагаад ганцхан миний жиргээнд тавьсан бичлэгийг шалгаж байгаа юм. Өөр зөндөө хүмүүс тавьсан шүү дээ. Ганцхан намайг шалгах юм уу, бусдыг нь шалгаж байгаа юм уу гэтэл боломжтойг нь дуудаад шалгаж л байна шүү дээ гэсэн. Тухайн бичлэгийг тавьснаараа би хүн хохироосон биш, өөрөө хохирч байна. Миний твиттер, фэйсбүүк хаяг руу танихгүй нэр усгүй хүмүүс элдвээр дайрч доромжлон хараан зүхэж байна. Би хүн хохироосон гэхээсээ илүү би хохирогчийн байр суурин дээр оччихлоо.
Эх сурвалж: Өдрийн сонин