ОУВС-гийн дүрмийн дагуу тус байгууллагын ажлын хэсэг гишүүн орнууддаа жил бүр тогтмол ажиллаж үнэлэлт, дүгнэлт өгдөг. Энэ хүрээнд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсэг 2022 оны есдүгээр сарын 15-28-ны өдрүүдэд манай улсад ажиллаж, дүгнэлтээ танилцууллаа.
ОУВС-гийн Ажлын хэсгээс "УИХ, Засгийн газрын бодлого, шийдвэр мөнгөний бодлоготой уялдахгүй бол цаашид Төв банканд бодлогоо нэмж хатууруулахаас өөр орон зай байхгүй болно. Хатуу бодлогын нөлөөлөл жирийн иргэдэд сөргөөр нөлөөлж, өр зээлээ ч төлж чадахгүй болох эрсдэлтэй байна" гэж онцлон анхаарууллаа.
Монголыг хариуцсан ажлын багийн ахлагч хатагтай Ангана Банержи УИХ-ын даргатай уулзан, танилцуулга хийхдээ “Ирэх жилийн төсвийн төсөлд тусгагдсан зарим зорилтуудыг ОУВС-гийн зүгээс дэмжиж байна. Харин төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газарт олгох хөрөнгө оруулалтыг багасгах, нэн шаардлагатай төсөл хөтөлбөрийг эрэмбэлэн хэрэгжүүлэх, тэдгээрийг нийтэд ил тод болгох шаардлагатай” гэв.
Тэрээр ирэх жилийн төсвийн төслийг харахад нөхцөл байдал хүнд байхаар байна. Тиймээс Засгийн газар болон Улсын Их Хурал холбогдох зохицуулалтын арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал "Валютын нөөцийн хомсдолоос хамаарч, инфляц өсөхөөр байгаа тул валютын эрэлтийг хязгаарлах нь чухал" гэв.
Энэ хүрээнд барилгын салбарын эрэлтээр буюу барилгын материал, түүхий эдийн импортоор дамжин гадагшилж буй валютын урсгалыг тогтоохын тулд Төв банкнаас санхүүжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөрийг зогсоохыг зөвлөв.
Сануулахад, Монгол Улс 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Тухайн үед хэд хэдэн шаардлага тавьсны нэг нь Төв банкнаас ипотекийн зээлийн санхүүжилт олгохоо зогсоох тухай байсан.
Нийгмийн шинж чанартай хөтөлбөрийг Төв банк хэрэгжүүлснээр мөнгөний бодлогын шийдвэрүүд нь бодитоор хэрэгжих боломж хумигдаж байна гэсэн агуулгатай зөвлөмж өгч, шаардлага тавьж байсан. Гэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголбанк ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэн өнөөдрийг хүрч байгаа юм. 2013 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрт 4 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанк гаргасан.
Тэгвэл ОУВС-гийн Ажлын хэсгийн гишүүд энэ удаад ч ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоох хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Тодотгоход, ОУВС-ийн Ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын 3-ныг хүртэл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлох уулзалтууд хийж дүгнэлтээ танилцуулж байсан.
Дүгнэлтдээ, цар тахлын дараах эдийн засгийн төлөв байдал дунд хугацаанд тогтвортой байх хэдий ч инфляцын өсөлтийг барих, гадаад валютын ханшийн дарамтыг шийдвэрлэх, төсвийн зардлыг хэмнэж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах шаардлага байгааг, халамжийг зөвхөн зорилтод бүлэг буюу халамж зайлшгүй шаардлагатай иргэддээ үзүүлэх нь зүйтэй гэх зөвлөмжийг өгч байсан.
Тэгвэл дөрвөн сарын дараах буюу энэ удаагийн дүгнэлтдээ ч эдгээр асуудлуудыг дахин хөндлөө. Мөн эхэнд хэлсэнчлэн УИХ, Засгийн газрын бодлого шийдвэр мөнгөний бодлоготой уялдах ёстойг анхааруулав.