Таван толгой түлш компаниас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн технологи хариуцсан ерөнхий инженер Х.Галинбек "Таван толгой түлш компани 2019 оноос хойш нийслэлийн гэр хорооллын иргэдийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна. 2022 оны наймдугаар сард батлагдсан шинэ стандартаар сайжруулсан шахмал түлшний чийглэгийг 4, түлшинд агуулагдах үнслэгийн хэмжээг 2 нэгжээр буурууллаа.
Шахмал түлш хэрэглэснээр агаарт дэгдэх тоосонцрын хэмжээ 2018 он буюу түүхий нэгж хэрэглэж байсан үеэс 2019 онд 50 хувиар буурсан. Энэ үзүүлэлт бага багаар буурч байна. Үүнээс гадна түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хийн хэмжээг бууруулах зорилгоор дотоодын нөөц бололцоогоо ашиглан шинээр барьцалдуулагч гаргаж авлаа. Энэхүү барьцалдуулагчийг хэрэглэснээр хүхэрлэг хийг 2-3 дахин бууруулах юм. Лабораторийн шат болон үйлдвэрлэлийн шатанд хийгээд дуусаж байна. 2022-2023 оны халаалтын улиралд нийлүүлэгдэх түлшний шаталтаас ялгарах хүхэрлэг хий 2-3 дахин буурна.
Одоогийн байдлаар Таван толгой түлш компанийн үйлдвэр 10 шугамаар ажиллаж, өдөрт 1,800 орчим тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Түлшний барьцалдуулагчийн нөөц 13-14 хоногийнх байгаа" гэв.
Харин Тавантолгой түлш" ХХК-ийн түгээлтийн хэлтсийн дарга Н.Мишээл "2022-2023 оны өвлийн улиралд нийт 200,000 тонн шахмал түлш нөөцлөх үүрэг даалгавар аваад буй. Өнөөдрийн байдлаар 114,600 тонн шахмал түлш аюулгүйн нөөцөд гаргасан. Энэ жил нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлшийг 450 цэгээр борлуулж эхлээд байна. Ирэх сараас борлуулалтын 200 цэгийг нэмж нээнэ. Мөн Налайх дүүрэгт шахмал түлш нийлүүлнэ" гэв.