Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байгаа гэсэн мэдээллийг Монголбанкнаас өглөө.
Монголбанкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг ирэх 2023 онд багтаан Засгийн газарт шилжүүлнэ гэдгээ өнгөрсөн оны сүүлээр мэдэгдэж байсан. Тэгвэл энэ хүрээнд шат дараатай ажлууд хийгдэж буйг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ.
Монгол Улс 2017 онд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахдаа хэд хэдэн шаардлагатай тулсны нэг нь Төв банкнаас ипотекийн зээлийн санхүүжилт олгохоо зогсоох тухай байсан. Нийгмийн шинж чанартай хөтөлбөрийг Төв банк хэрэгжүүлснээр мөнгөний бодлогын шийдвэрүүд нь бодитоор хэрэгжих боломж хумигдаж байна гэсэн агуулгатай зөвлөмж өгч, шаардлага тавьж байсан.
Гэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголбанк ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэн өнөөдрийг хүрч байгаа юм. 2013 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрт 4 их наяд төгрөгийн санхүүжилтийг Монголбанк гаргажээ.
Харин 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгосон үзүүлэлттэй байна.
Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу эхэнд хэлсэнчлэн Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж буй юм.
Тус хугацаанд нийт 2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас энэ оны 8 дугаар сарын байдлаар 1.3 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгожээ.
Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар
Харин энэ оны эхний долоон сард нийт 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна. Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна гэдгээ мэдэгдэж байсан.
Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан.
Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулжээ.
Дээрх зээлдэгчид 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.