Д.Сарангэрэл сайдын хэлсэн "УЛНЫ АЙЛ" гэх доромж үг иргэдийг бухимдуулж, түүнийг огцруулахыг шаардаж эхэллээ.
Өчигдөр Төрийн ордонд болсон "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл "Манай яамныханы хэлдгээр улны айлууд гэж нэрлэдэг 1500 өрхийг ядуурлаас гаргах зорилт тавьж байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь бишдээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн хэлсэн.
Харин энэ талаар ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр "Дэд сайд, сайд байхдаа "улны айл" гэж сонсож байгаагүй шүү! 50 саяыг 50 төгрөг мэт, зайсангийн хаягдал бродюраар гэр хорооллыг гоёно гэж ярьдаг дарга нар мөнгөний мэдрэмжгүй бөгөөд нийгмийг кастын системтэй хардаг болоо юу даа! Нийгэм үргэлж ингэж нулимуулдаг байхгүй дээ!" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Өөрөөр хэлбэл, яамныхан тэгж ярьдаг байсан гэснийг ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр үгүйсгэж буй юм.
Харин одоогоор Д.Сарангэрэлийн өмнөх сайд А.Ариунзаяа энэ талаар байр сууриа илэрхийлээгүй байна.
Сайд хүн иргэдээ доромжилсон нь нийгмийн бухимдлыг төрүүлж, нийгэмд анги давхарга үүсгэж буйд иргэд бухимдаж буйгаа хүчтэй илэрхийлж байна. Мөн өнөөдөр 11:00 цагт ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардаж иргэд Сүхбаатарын талбай дээр цуглахаар болжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 14.2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж заасан байдаг.
Дашрамд, яг энэ үндэслэлээр Монгол-Оросын хамтарсан Гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөхөөр болсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан олон нийтэд мэдээлж байсан билээ.