Е.Трифонов
ЗӨВЛӨЛТИЙН 1939 ОНЫ ФИНЛАНД ДАХЬ ТҮРЭМГИЙЛЭЛ
УКРАИНЫ 2022 ОНЫ ДАЙНТАЙ ХАЧИН АДИЛХАН
Майнилагийн өдөөн хатгалаас, дайн хүртэл
1939 оны арваннэгэн сарын 27-нд Зөвлөлт Финландын хил дээрх Оросын Майнила хэмээх тосгон руу финүүд гэнэт буудан 4 хилийн цэрэг алж, 9 хүн шархтууллаа гэсэн мэдээ Зөвлөлтийн бүхий л мэдээллийн хэрэгслэлээр цацагдлаа. Финүүд сандран газар дээр нь шалгаад “Буудлага Зөвлөлтийн талаас галлаж, магадгүй цэргийн хээрийн сургууль хийхдээ эндүүрсэн байх” гэж мэдэгдэв. Энэ хариултад Кремль учиргүй хорсон уурлаж, хэд хоногийн дараа Финланд руу дотоллоо. Ингэж 130 сая хүн амтай Зөвлөлт улс, ердөө 2 сая 700 мянган хүнтэй бяцхан Финланд улстай байлдсанаар Зөвлөлт-Финландын өвлийн дайн эхэлсэн юм. Хожим Майнила тосгон руу зөвлөлтүүд өдөөн хатгах зорилгоор өөрснөө галласан нь тогтоогдсон. Хрущёв үүнийг баталж финүүдээс уучлалт хүссэн байдаг.
Үнэндээ ЗХУ энэ дайнд эртнээс бэлджээ. Алс Дорнод ба Монголын нутагт байрласан нисэх хүчний хэсгийнхэн аль найман сарын 26-нд буюу Майнилагийн хэрэг явдал гарахаас гурван сарын өмнө Финландын фронт руу илгээх хүсэлт гаргаж эхэлсэн байдаг. Есөн сарын дундуур Зөвлөлтийн иргэний харъяалалтай фин, карелуудаас бүрдсэн тусгай салаануудыг байгуулж эхэлжээ. Арваннэгэн сарын 19-нд БХЯ-ны ардын комиссар К.Ворошилов Ленинградын цэргийн тойрогт буудлагын 106-р дивизийг Харьковын цэргийн тойргийн 147-р дивизийн командлагч асан, фин гаралтай А.Анттилын удирдлага дор байгуулав. Дивизийн бүрэлдэхүүнд фин, карелууд багтжээ. Дайн дэгдмэгц энэ дивиз болоод түүнтэй ижил төстэй хэсгүүдийг армийн корпус (20 гаруй мянган хүнтэй) болгож, “Финландын ардын арми” гэж нэрлэв.
ЗХУ цэрэг дайны кампанит ажил өрнүүлснээр Финландыг Зөвлөлийн засагт улс болгох зорилготой байсан юм. Арваннэгэн сарын 30-нд Улаан арми дайн зарлажээ. Маргааш нь Улаан армийнхны эзэлж авсан хилийн Тэриоки боомтод Финландын коммунист Отто Күүсинэнээр удирдуулсан тоглоомын Тэриокийн Засгийн газрыг байгуулав. Арванхоёр сарын 2-нд энэхүү тоглоомын Засгийн газартай Зөвлөлт засгаас харилцан туслалцах гэрээнд гарын үсэг зурж, Зөвлөлтийн радио телевизээр Финландын ажилчин, тариачин, цэргүүд хөрөнгөтөн-фашист дэглэмийн эсрэг бослого гаргаж, Улаан арми хамжин туслахаар шийдлээ хэмээн ухуулжээ. Зөвлөлтийн хүчний байгууллагынхан Финландын дайснуудыг “цагаан фин” гэж нэрэлснээр “улаан фин” бас байгааг тодотгож байлаа.
Өчүүхэн шавьж Финланд
Финландын арми дайнд зэр зэвсэг муутай оржээ. Татаад татаад нийт 250 000 цэрэг офицер, 537 хүнд зэвсэг, миномёт, 30 танк, 130 онгоцтой арми бүрдүүлэв. Гэтэл Финландын дайнд дайчилсан Ленинградын цэргийн тойрог дангаараа 425 мянган цэрэг офицер, 2 876 хүнд зэвсэг, миномёт, 2289 танк, 2446 онгоцтой буюу Финландаас даруй 1,6 дахин их цэрэг, 5,4 дахин их хүнд зэвсэг, 9,1 дахин их онгоц, 88 дахин их танктай. Ийм учраас оросууд дайны өмнө Финландыг “өчүүхэн шавьж” гэж нэрлэсэнд гайхалтгүй.
Финландын явган цэрэг Цагааны хааны үед хэрэглэж байсан мосинка винтовтой, өөрсдийнх нь загварын хэдхэн мянган Суоми пулемёттой. Буу хүрэлцэхгүй учир дайны үед тэд сургалтад хэрэглэдэг алин галвын үеийн бирдаан буу складнаас авчран цэргүүдэд тарааж байв. Их буу нь мөн 1902 оны Оросын хуучин зэвсэг. Сумны тухайд гэвэл хоёр сар хагас, тэсрэх бөмбөгний ганц сар, онгоцны түлшний мөн сарын нөөцтэй. Финландад сумны нэг, дарины нэг, их бууны нэг зэвсгийн гуравхан жижиг үйлдвэртэй. Тиймдээ ч Сталин ба түүний тойрон хүрээлэгчид энэ дайнд тун хялбархан ялалт байгуулна гэдэгтээ эргэлзсэнгүй. Хрущёв дурдатгалдаа Кремльд болсон зөвлөлгөөн дээр Сталин “Дуугаа өндөрсгөхөд л финүүд бууж өгнө дөө. Эсэргүүцвэл нэг буудчихна, тэгээд л гараа өргөцгөөнө” гэж хэлж байсан тухай өгүүлжээ.
Гэтэл цөөн цэрэгтэй, зэвсэг муутай финүүд ширүүн эсэргүүцэв. Тэд олзлолтонд бууж өгсөнгүй, хилийн бүсийн иргэдээ нутгийн гүн рүү нүүлгэн шилжүүлэв. Улаан арми финүүдийн эсэргүүцлийг дарж чадсангүй. Карелийн хүзүүвч рүү давшсан ч бут цохиуллаа. Улаан армийн 9-р арми 1939 оны арванхоёр сарын 7-ноос 1940 оны нэг сарын 8 хүртэл үргэлжилсэн Суомуссалмигийн тулалдаанд хүнд цохилт авч, нэг сарын турш бэхлэлтээ сайжруулан, хоёр сарын 1-нд эргээд давшсан ч ахиад цохигдов.
Эцэст нь хоёр сарын 11-нд Улаан арми 848 000 цэрэг офицертэйгээр (финүүдээс даруй 4 дахин их хүчээр) Выборг руу чиглэн ерөнхий давшилт хийхэд финүүд ухарч, улаантнууд хоёр сарын 28-наас эхлэн Выборг руу довтоллоо. Тэгмэгц финүүд энхийн гэрээ байгуулах санал тавив. Гурван сарын 7-нд Финландын төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирснээр, мөн сарын 12-нд энхийн гэрээ байгуулжээ.
Дайн өндөрлөсөн ч үр дүн нь ямар байв гэвэл, ихээ адармаатай. Финландыг холбоондоо нэгтгэх Зөвлөлтийн төлөвлөгөө нурж, Тэриокийн засгийн газар мартагдан, Финийн ардын армийг тараалаа. Улаан арми Выборгийг эзэлж чадсангүй. Энхийн гэрээ байгуулсны дараа, бүр гурван сарын 13-нд л Финландын тавьж өгсөн Выборгийг эзэлжээ.
Эрэлхэг финүүд
Финийн арми аанай л амь бөх. Нийтдээ 22 839 хүн буюу бие бүрэлдэхүүнийхээ 9%-ийг алдсан бөгөөд нөөцөнд 130 мянган хүнтэй байлаа. Үүн дээр швед, дани, норвег, эстон, америк, унгар, итали сайн дурынхан нэмэгдэнэ. Шведийн сайн дурынхны 8 000 цэрэгтэй корпус дайны турш Лапландад Зөвлөлтийн цэргийг эсэргүүцжээ. Финланд дайны турш холбоотнуудаасаа зэр зэвсгийн туслалцаа авч, нийт 350 онгоц, 500 хүнд зэвсэг, 6 мянга гаруй пулемёт, 100 мянга орчим винтов, 650 мянган гар бөмбөг, 2,5 сая их бууны сум, 160 сая патрон хүлээн авчээ. Үүгээр зогсохгүй Улаан армийн олон зэвсгийг олзолж, дайны үеэр ихээхэн туршлага хуримтлуулав.
Энхийн гэрээ байгуулахын өмнө финүүд Саймэний сувгийг усаар дүүргэсэн нь Улаан армид ихээхэн саад болов. Үүнээс гадна өөр олон тооны усан байгууламжийг усанд автуулахаар бэлджээ. Ой мод, намаг балчиг, нуур цөөрөм, хад асга ихтэй Финландыг тэр чигээрээ байгалийн саад гэж хэлж болно. Карельд гэхэд финүүд хамгаалалтын байгууламж байгуулаагүй ч чухам тэнд л Улаан армид үхлийн цохилт өгсөн билээ.
Гурван сарын 12-нд эхнийн гэрээ байгуулахад Маннэрхэймийн шугамыг давж хэдхэн км урагшлан, Карель дэх Зөвлөлтийн 14-р арми хуваагдаж бүслэгдэн бут цохигдоод, үлдсэн хэсэг нь финүүдийн суман дор хүйтэнд даарч, өлөн зэлмэн ухарч яваа байдалтай, Карелийн фронт энд тэндээ сэтлэгдсэн байв. Улаан армийнхны тухайд гэвэл Рыбачийн хойг, хэдхэн хилчдээр хамгаалуулж байсан Петсамо тосгоныг эзэлж авсан ганц гавьяатай. Гэсэн ч улаанууд энэ амжилтаа ахиулж, Лапланд руу нэвтэрч чадсангүй. Шведийн сайн дурынхан тэднийг зогсоожээ.
Улаан арми Финландад ялсан гэж хэлэх ямар ч үндэсгүй, бүх талаараа ялагдал хүлээжээ. Гурван сард хавар болоход цас мөс хайлж, гол нуур гэснэ. Москва эцсийн мөчид энхийн гэрээ байгуулсан юм. Гурван сарын дундаас таван сарын дунд хүртэл Финланд руу давшилт хийх тухай саналтгүй. Энэ зуур финүүд хүчээ хуримтлуулж амжина. Финландад гол нуур хөлдсөн цагт өвөл л давших боломжтой. Орос цэрэг XVI, XVIII, XIX зуунд Финландыг хэсэгчлэн эзэлж байсан нь дандаа өвлийн улиралд таарч байжээ. Сталин цас ороогүй байхад арван нэгэн сарын сүүлээр давшсандаа алдсан.
1940 оны зуны кампаниас өмнө Франц-Польшийн экспедицийн корпусынхан Лапландад буухаар төлөвлөж байлаа. Гурван сарын 2-нд Францын ерөнхий сайд Даладье, финүүд хэрвээ хүсвэл ЗХУ-ын эсрэг 50 мянган цэрэг, 100 сөнөөгч илгээх боломжтой гэж мэдэгджээ. Финландын зэвсэг муутай армийг дийлээгүй Улаан арми Францын Альпийн мэргэн буучидтай тулсан бол туйлын бүсэд дайтаж байсан 14-р арми төдийгүй Мурманскийн байдал эвгүйтэх байлаа.
Францууд ирээгүй ч Улаан армийн байдал тун хүнд. Финүүд хавар-зундаа нисэх хүчнээ Зөвлөлтийн Карельд төвлөрүүлж, карелиудыг бослогод уриалан, Мурманскийн төмөр замыг боохоор төлөвлөжээ. Зөвлөлтийн Карелийнхан 1941 оны зун финүүдийг хэрхэн дэмжсэнээр эл санаа хэрэгжих бүрэн болможтой байсан нь батлагддаг. Эл төлөвлөгөө хэрэгжсэн бол ЗХУ-ын байдал ямраар эргэх нь ойлгомжтой.
Улаан армийн хөглөл
Улаан арми Өвлийн дайны үеэр цэрэг дайны ажиллагаанд бэлтгэл муутайгаа харуулж, Маннэрхэймийн зурвасын бэхлэлт тун сайн байснаас ялагдал хүлээсэн гэж үздэг. Маннэрхэймийн зурвас бетон, модоор хийсэн хэд хэдэн галын шовгор, танк эсэргүүцэх саадтай. Тэнд 1924 оны 74 ширхэг пулемёт, 48 шинэ пулемёт, артиллерийн 7 зэвсэг байжээ. Финүүд хожмоо Маннэрхэймийг хамгаалж байсан цэргийн эр зоригийг бахдан бишрэхээс аргагүй гэж бичсэн нь үнэний ортой.
Финүүдийн хатуужил, эр зориг дайнд ялахад гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энд дайны гурван сарын хугацаанд Зөвлөлтийн 742 цэрэг офицерийг устгасан мэргэн буудагч Симо Хяюхя, олон арван онгоцыг сөнөөсөн нисгэгч Х.Винд, Э.И.Юуттилайнэн нарыг дурдахад хангалттай.
Улаан арми домог мэт яригддаг мэргэн буучид, бат бэх хамгаалалт, хүйтэн жавраас болж ялагдсангүй. Арванхоёр сарын 14-ний Суомуссалмигийн тулалдаанд 9-р армийн 44-р дивиз тэнд бүслэгдсэн 163-р дивизид туслахаар давшсан ч тун замбараагүй. Нэг сарын 3-наас 7-ны хооронд дивизийн талаар нэг тарсан хэсгүүдийг финүүд нэг биш удаа бүсэлж, нэг сарын 7-нд замыг нь боожээ. Дивиз техникийн хувьд финүүдээс хавь илүү байсан ч дивизийн командлагч А.И.Виноградов, комиссар Пахоменко, штабын дарга Волков нар хамгаалалтын ажиллагааг зохион байгуулахын оронд цэргээ хаяад зугтжээ. Чингэхдээ Виноградов техникээ хаяад бүслэлтээс гарах тушаал өгсөн тул дайны талбарт 37 танк, 300 гаруй пулемёт, хэдэн мянган винтов, 150 автомашин, радиостанц, адуу малаа орхиход хүргэжээ. Дивизийн мянга гаруй цэрэг шархдаж, осгож, тал нь олзлогджээ.
Суомиссалмид Улаан армийн 55 000 цэрэг, Финландын 11 000 цэрэг байв. Зөвлөлтийн тал нийт 23 мянган хүнээ алдсан бол финүүд 900 хүнээ алджээ. Харьцаа нь 25,5/1. Толваярвид ердөө 4 мянган финчүүд 20 мянган зөвлөлт цэргийг хиар цохиж, 100 фин цэрэг амь эрсдэхэд 5 мянган зөвлөлт цэрэг амиа алдаж байлаа. Ингэвэл харьцаа 50/1 болж байна. Финландын генерал Х.Эстэрманаас Улаан армийн командлалын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ гэж асуухад “Оросуудыг гадны цэрэг удирдаад байх шиг санагдсан. Ингэж байлдаж болохгүй шүү дээ” гэж хариулсанд гайхалтгүй.
Цэргийн бэлтгэл мөн хангалтгүй. Финландын тэнгэрт хийсэн анхны давшилт Улаан армийн нисгэгчдийн бэлтгэл хэр тааруу болохыг бүрнээ харуулав. 1939 оны арваннэгэн сарын 30-нд 35-р эскадрилийнхэн дайсны галт тэрэгний буудал, цахилгаан станцыг бөмбөгдөхөөр ниссэн ч зүг чигээ алдсанаар үхлийн ачаагаа Хельсинки хотын орон сууц, элчингийн хороолол дээр унагажээ. Үүний үр дүнд маргааш нь барууны хэд хэдэн сонинд нурсан барилга, уйлж байгаа хүүхдүүдийн зураг хэвлэгдэв. Европын улс орнууд эсэргүүцлээ илэрхийлэхэд ЗХУ-ын ГХЯ-ны ардын комиссар В.Молотов “Зөвлөлтийн онгоц Финландын өлөн зэлмэн иргэдэд шуудайтай талх шидэж байна” гэж хариулжээ. Харин энэ үед финүүд танк сөнөөдөг Молотовын коктейлийг олон мянгаар нь гар аргаар үйлдвэрлэж байв.
Зөвлөлтийн нисэх хүчин дайны турш зэвсгийн гурван үйлдвэрийг сөнөөх гэж хичээсэн ч бүтэлгүйтсэн юм. Түүнчлэн Финландын хамгийн том хөлөг онгоц, хуягт техник тээгч Вяйнэмяйнэнийг Балтийн флотын 450 онгоц хөөгөөд хөөгөөд сөнөөж чадсангүй.Финландын төмөр зам, гүүр, цэргийн баазуудад ямар ч хохирол учирсангүй. Зөвлөлтийн нисэгчид орон сууцны хороолол, эсвэл ой модонд бөмбөгөө хаяж байлаа. Ийм ч учраас Гитлер Зөвлөлтийг амархан дарчихна гэж бодсон байж таарна.
Нисэхийнхнээс гадна явган, морьт цэргийн бэлтгэл хангалтгүй. Командлагчдыг бичиг үсгийн боловсролтой гэхэд эргэлзмээр. Ихэнх нь дөнгөж дунд боловсролтой. 1939 оны арваннэгэн сарын баяраар үг хэлсэн хурандаагийн илтгэлийг сонсоход бэрх, дивизийн дарга ахмад Архипов 7-р ангийн боловсролтой байв. Ийм байхад шинэ техникийг өөриймшүүлэх тухай ярилтгүй аж.
Шившигт ялагдал
Өвлийн дайнд Улаан арми нийт хэдэн хүнээ алдсаныг янз бүрээр л бичдэг. Тэр болгоныг энд дурдах утгагүй учраас 173 мянга буюу финүүдээс даруй 9 дахин олон хүнээ алдсан гэх тоо арай барьцтай. Энэ тоо баримтаар батлагдсан. Дайнд оролгүй замдаа осгож, эсвэл финүүдэд бөмбөгдүүлж амь алдсан цэргүүдийг нэмбэл 245 мянгад хүрч мэднэ. Цэргийн техникийн алдагдал маш их. Дайны үеэр Улаан арми 3 950 танк (650-г нь устгаж, 1 800 нь гэмтэж, 1 500 нь техникийн шалтгаанаар жагсаалаар гарсан), 640 онгоц (финүүд 62 онгоц алдсан) алджээ. Финүүд цөөн хэдэн хуучин онгоцтой байсан ч агаарт тэд ялсан юм.
Сталин Финландад яагаад ялагдсанаа ойлгоогүй. Түүгээр барахгүй хойд бүсийн жижиг орныг ялахад олон танк, олон онгоц биш харин дулаан хувцас хэрэгтэй, цэрэг нь ой хөвчөөр явах бэлтгэл сайтай байх учиртайг мөн ойлгосонгүй. Өөрөөр хэлбэл, финүүдтэй ижил цөөн цэргээр байлдаж сурах шаардлагатайг ухаарсангүй. Гэтэл Улаан армид үүнийг ойлгоогүй хүн байгаагүй гэвэл худлаа. Дайнаас өмнөхөн ерөнхий штабын дарга, БХ-ын ардын комиссарын орлогч Б.Шапошников Финландын арми бэлтгэл сайтай, тэдэнтэй тулалдахын тулд Улаан армийнхан цана, дулаан хувцас, эсгий гутал, цасны өмсгөлтэй байх шаардлагатай гэж анхааруулсан ч ялагдах сэдэл өдөөж байна хэмээн буруутгагджээ.
Улаан армийнхны өмсгөл бакал, шинель, будённы ногоон цамцтай байсан нь хойд бүсэд өвөл дайтахад нэн тохиромжгүй боловч улаантнууд энэ л өмсгөлтэйгөө дайныг туулсан. Цасны өмсгөл, цана бараг байсангүй. “Нэгдүгээр сарын тэсгим хүйтэн болж байхад Баруун Украины 44-р дивиз нэмэлтээр ирснийгт шууд ой хөвчид, хүйтэн жаварт оруулав. Зуны брезентэн хөнгөн гуталтай цэрэг офицерүүдэд Финландад очихоос өмнө болоод хойно дулаан хувцас олгосонгүй. Арын алба ажлаа гүйцэтгэж чадахгүй байхад фронтын байдал ямар байсан нь ойлгомжтой. Нэмэлтээр ирсэн цэрэг тасралтгүй байлдаж явахдаа хэд хоногийн турш хоолгүй байсан нь энүүхэнд. Нэг сарын 5-нд тэд ухарч, финүүд бусад батальонуудын араас дайрав. Нэг сарын 7-нд дивиз тэр аяараа тарж зугтав. Бүслэлтээс хэдхэн хүн зугтаж, мянга мянган цэрэг олзлогдлоо.”
Эх захгүй, эмх журамгүй байдал эцэстээ урвахад хөтлөв. Үүн дээр нэмээд хулгай газар авлаа. Карелийн хүзүүвч дээр 7-р армийн 374-р хороо ирлээ. Бичиг баримт дээр бол цэрэг бүр нэхий хүрэм, ноосон дотуур хувцас, эсгий гуталтай, офицерүүд бугын арьсан шинэхэн хүрэмтэй. Гайхалтай юм шүү! Гэтэл бодит байдал дээр цэргүүд бакиал, шинель, даавуун дотуур хувцастай. Комисс байгуулж шалгатал өвлийн хувцсыг агуулахаас хуйгаар нь хулгайлсан болох нь тогтоогдов. Бүхэл бүтэн хорооны өвлийн хувцас! Хэд хэдэн вагон гутал хувцас шүү дээ! Энэ бүхэн хаачив? Хэний гарт оров? Хэдээр зарагдав? Бүү мэд! Хулгайд холбогдсон заримыг буудан хороож, заримыг тушаал бууруулсан ч алга болсон өвлийн гутал, хувцас олдсонгүй. Цэргийн дүрэмт хувцсыг зарахад хэцүү болохоос биш хүрэм, эсгий гутал, нэхийг хэн ч худалдан авна.
Илүү мөртөө яагаад бууж өгөв?
Хариултгүй үлдсэн ганц асуулт нь Финланд ямар учраас энхийн гэрээ байгуулах санал тавив? Энэ тун энгийн. Герман дахь Финландын төлөөлөгч Кивимяки хоёр сарын 22-нд Хэрманн Гөрингтэй уулзжээ. Гөринг түүнд Герман ирэх жил Зөвлөлт рүү дайрна гээд “Та нар ямар ч хамаагүй нөхцлөөр гэрээ байгуул. Удахгүй бид Зөвлөлтөд дайн зарлана. Тэгсэн хойно та нар алдсан бүхнээ хэд дахин үржүүлж эргүүлж авна” гэжээ. Райхын удирдлага Финландад Франц-Польшийн корпусыг оруулахыг хүссэнгүй. Энэ корпус Финландад орсон тохиолдолд Финланд Дэлхийн II дайнд Парис, Лондонгийн талд зогсоно.
Германчууд санасандаа хүрч, финүүд хүчээ дэмий гарздахыг хүссэнгүй. Жилийн дараа эргүүлж авна гэж санаад хэсэгхэн газраа өгчээ.
...Үүнээс гадна Өвлийн дайнтай холбоотой өөр нэгэн нөхцлийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Зөвлөлт засаг арваннэгэн сарын 30-нд Финландыг чөлөөлөх тухай зарлан мэдэгдэхэд Ленинградад үймээн дэгдэж, хүмүүс хадгаламжийн банкнаас хадгаламжаа татаж, шүдэнз, саван, чихэр, давсанд дугаарлав. Ард иргэд ялгуусан домогт Зөвлөлт засагт итгэлгүй байсандаа л тэр...
Б.Баабар /baabar.mn/