x

Ч.Баяраа: “Эрэлхэг 17”-гоос маань одоо нэг нь ч байхгүй

Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ой энэ сард тохиож байна. Энэ ойг тохиолдуулан MNB.mn сайт МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажилтнуудын “8855” цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНТ-ийн ахмад уран бүтээлч Чойжилын Баяраатай ярилцлаа. Зочинтойгоо лхагва гарагийн 10:00 цагт ажил дээр түүний хэлдгээр “нутагт нь” уулзахаар тохирсон юм.

Тэр уулзалтын өмнөх өдрийн өглөө залгаж, маргааш “болзоотой” гэдгээ сануулав. Харин болзсон өдрөө 09:50 цагт залгаж, “Би хэдийн ороод ирчихсэн сууж байна шүү” гээд сандаргаад авсан. Яаран гүйж очиход дэгжин, классик эрхэм угтав, анх төрсөн мэдрэмж сүрдмээр хэрнээ яриа өрнүүлэхэд элгэмсэг зөөлөн эрхэм.

-Юун түрүүнд танд Монголын үндэсний олон нийтийн радиогийн 88, Монголын үндэсний олон нийтийн телевизийн 55 жилийн ойн баярын мэнд хүргэе. Таны амьдралын зам жим Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз гэсэн их айлтай хэрхэн холбогдсон бэ?

-Би анх Монгол кино үйлдвэрт туслах оператораар ажиллаж байлаа. Сүүлд гавьяат болсон Давааням гуай 1966 онд Монгол Улсад анх телевизийн суурь тавих үйл явдлын зурганд явахаар болов. Миний багш Урлагийн гавьяат зүтгэлтэн, оператор Дэмбэрэл байсан юм. Багш намайг Давааням гуайг даваад яв гэлээ. Тэр үеийн туслах аппаратыг нь үүрч явдаг, цэнэгийг сольж өгдөг муугаар хэлвэл “боол” юм биш үү /инээв/. Тухайн үед оператор дүрсээ авна, харин туслах оператор зөвхөн гэрэл зураг л авах эрхтэй. Би тэгж анх энэ телевиздээ ирж шав тавих үеийнх нь гэрэл зургуудыг авч байсан юм даа.

1965 онд 38 хүнийг телевизийн техникчээр хоёр жил сургахаар Ленинград руу явуулсан. 1966 онд зурагт, радиогийн түргэвчилсэн сургалтад Кино үйлдвэрээс 10 хүн явуулахаар болов. Кино, телевиз үндсэн ажиллагаа нь ижил болохоор тэр байх. Тухайн үед их, дээд сургуулийн тэр дундаа найруулагч, зураглаачийн ангийн хуваарь маш ховор ирдэг, тэр нь олдохгүй. Манай тасгийн дарга Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Ардын элч” тэргүүтэй Монголын уран сайхны кинонд ажилласан, зураглаач Уртнасан байсан юм. Би тасгийн даргаасаа намайг сургуульд явуулж өгөөч гэж гуйлаа. Дарга “Чи их л буруу юм хийж байна даа. Киног хальсан дээр авдаг. Телевизийн бичлэгийг соронзон хальсаар авдаг. Олон жилийн дараа соронзон хальсан дээрх бичлэгийн дүрс сариад алга болдог юм даа. Кино бол он удаан жил хадгалагдана. Чи өөрөө хүсч байгаа бол би чамайг явуулъя” гэж хэлсэн.

Дожоодорж гуай, оператор Дашдондог, Чулуун, Нямсүрэн, би бол оператор биш шүү дээ туслах, эвлүүлэгчдээс Долгорсүрэн, Санждолгор, дууныхнаас Цэрэнжав тэргүүтэй 45 хүнийг Москвагийн төв телевиз рүү нэг жил, зургаан сарын түргэвчилсэн сургалтад явуулсан. Телевиз нээгдэхээс хоёр, гуравхан сарын өмнө 17 хүнийг 45 хоногийн хугацаатай сургахаар бидний араас ирүүлсэн байдаг юм. Ингээд нийт 100 хүн сургасан. Сүүлд тийм цөөхөн хоног сурахаар ирсэн хэддээ бид “Эрэлхэг 17” гэж нэр өгсөн /инээв/.

Одоо телевизийн маань 55 жилийн ой болж байна. Анхны сургалтад явсан 38 хүнээс 11 нь, 45 хүнээс долоо нь амьд сэрүүн байна. Харин “Эрэлхэг 17”-гоос маань нэг нь ч байхгүй. Хамгийн сүүлд ноднин Батмөнх гуай нас барчихлаа. Телевиз анх нээгдэхэд Чүлтэм, Агваанрэнцэн, Дашдондог, Нямсүрэн, Чулуун тэргүүтэй найман оператор байснаас ганцхан би л үлдэж дээ. Ингээд бодохоор цаг хугацаа асар хурдан өнгөрдөг юм байна.

 

-Та багш тань анхааруулж хэлсээр байтал кино урлагаас телевизийн урлаг руу урвасан хүн байх нь.

-Би телевизийн салбарт орсноор алдаагүй ээ. 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орой 16:00 цагт Монгол Улсад анх телевиз албан ёсоор нээсэн. Телевизийн хамгийн анхны дарга нь Сумъяа, Программын алба хариуцсан орлогч дарга нь Очирбал, Санхүү аж ахуй эрхэлсэн нэгдүгээр орлогч нь Лувсанчоймбол, ерөнхий инженер нь Москва руу биднийг авч явж төгсгөсөн, өөрөө Ленинградад төгссөн Дорж инженер байсан юм.

Суурь тавихаас нь эхлүүлээд тэтгэвэрт гарах хүртлээ л телевиздээ ажилласны хувьд телевизийнхээ өнгөрсөн хугацааны үүх түүхээр МҮОНТ-ийн 40 жилийн ойгоор “Миний дуранд”, 50 жилийн ойгоор “Миний дуранд - 2” номоо хэвлүүлсэн. Одоо “Миний дуранд – 3” номоо санаандаа бодож л яваа. Энэ номондоо телевиз анх байгуулагдсан цагаас хойш өдгөө хүртэл үзэгчдэд хүргэсэн уран бүтээлүүд, анхдагч уран бүтээлчдийн талаар, тэдний дурсамж яриаг оруулахаас гадна 30-40 минутын баримтат кино хийж хамтад нь Улсын архивт өгөх бодолтой байна.

"СУРВАЛЖЛАГЧ ХҮН “МУУ САНАА”-ТАЙ Л БАЙХГҮЙ БОЛ БОЛДОГГҮЙ"

-Та ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн хамгийн дурсамжтай нь ямар үйл явдал байв?

-Телевизээс орон нутагт буюу аймгуудад байнгын суурин төлөөлөгч-сурвалжлагч суулгахаар болсон юм. Явах хүн олддоггүй би сайн дураараа Дорнод, Сүхбаатар, Хэнтий гурван аймгийг хариуцаад 1987 оноос 1989 оны долдугаар сарын 11-нийг дуусталх хугацаанд Дорнод аймаг руу явлаа.

Дорнодод гадны зочин гийчин их очдог учир Дорнодод суух гурван жилийн хугацаанд ажлыг минь тасалдуулахгүй байхын тулд аймгаас надад машин, жолооч гаргаж өгсөн. Би дүрсээ авдаг, мэдээгээ бичдэг болчихсон байсан. Би мэдээ сурвалжилгаа Дорнодоос хот руу нисэх онгоцны экипажийн даргад өгчихнө, тэрийгээ телевиз рүүгээ утасдаад хэлчихнэ. Онгоц буухтай зэрэгцээд ажлын машин очоод авчихдаг байсан. Дорнод аймгийн Халхгол суманд махны чиглэлээр өсгөдөг 5000 бяруу борддог цехийн ус дамжуулах шугам нь хөлдчихөөд, бяруунууд нь уух усгүй болчихсон асуудал 1987 онд үүслээ. Би жолоочтойгоо хамт 360 км давхиад очлоо. Шууд Сангийн аж ахуйн дарга руу орохгүй шүү дээ. Эхлээд цех рүү ороод дүрсээ авч цуглууллаа. Ер нь сурвалжлагч хүн “муу санаа”-тай л байхгүй бол болдоггүй. Сангийн аж ахуйн дарга нь Ардын их хурлын депутат хүн байв. Дарга руу нь орохдоо “муу санаа”-лаад аппарат, камергүй зөвхөн диктафоноо асаагаад орсон. “Цехтэй холбоотой ярилцлага авах гэсэн юм” гэхэд шал тоосонгүй. Бүр “Чамайг танай телевизийн дарга явуулсан уу. Би яриа өгч чадахгүй гэж тэр телевизийн дарга даа” хэлээрэй гэж надад томордог байна шүү. Тэгэхээр нь би “Таныг ингэж хэлж байна гэж тэр нам засагт тань дуулгаад өгье” гээд гарчихсан. Тэр шөнө Халхголын Цэргийн отрядын буудалд хоночихоод маргааш нь аймгийн төвд очоод мэдээний текст, дүрс, аудиогоо хот руу явуулчихлаа. Тэр үед телевизийн эфирээр явсан мэдээ нэг хоногийн дараа орон нутагт гардаг байсан юм. Тэгээд гарав аа. Аймгийн намын хорооны дарга бол Дорноддоо л тухайн үеийн Ю.Цэдэнбал дарга шүү дээ. Аймгийн намын хорооны дарга нь мэдээ үзээд Халхгол сумын Сангийн аж ахуйн даргыг дуудаж уулзахад “Сонин юм даа. Даргаа зураг, дүрс ер аваагүй дээ” гэж хэлж. Тэгсэн намын хорооны дарга нь “Зураг, дүрс, аудио аваагүй байтлаа телевизээр гардаг юм уу” гээд загнасан юм билээ.

Тэр үед асуудал, баримт сурвалжилсан бол долоо хоногийн дараа нөхцөл байдал сайжирсан уу, алдаа дутагдлаа засаж уу гэдгийг нэхэн сурвалжилдаг байсан юм. Тэр дагуу долоо хоногийн дараа очлоо. Эхлээд цех рүү орж, дүрсээ цуглуулаад дараа нь нөгөө дарга руугаа очсон эелдэг угтаж аваад засаж, сайжруулсан ажлуудаа танилцуулж яриа өглөө. Уг нь их мундаг ажилтай дарга байсан юм билээ. Анх очиход намайг даанч тоогоогүй юм. Тэрнээс хойш бид их сайн найзууд болсон. Одоо бол тэтгэвэртээ гарчихсан, Дорнодын Булган суманд хүүхдүүд нь фермтэй, тэнд нь ажиллаж байгаа гэсэн.

Өөр нэг дурсамж гэвэл 1980 онд баруун таван аймагт хүнд зуд болсон юм. Тэр үед зэрлэг янгир айлын хот руу оччихдог байсан гээд бод доо. Би телевизээс сайн дураараа, радиогоос Бараанасан бид хоёр сурвалжлахаар 45 хоног явлаа. Тэр зуднаар цасанд дарагдсан мал зарим нь цасан дороо хөлдөөд үхчихнэ. Цасанд дарагдсан мал андашгүй байдаг юм. Цасанд жижигхэн нүх гарчихсан байдаг. Эхэндээ цаснаас ухаад гаргаад ирэхээр хатгаа аваад үхчихдэг байсан. Сүүлдээ үхэр, адууг цасан доороос гаргаж ирээд хамар луу нь архи цутгадаг болсон. Тэр сурвалжилгыг сайн хийлээ гээд 1981 онд намайг Болгар улс руу нэвтрүүлэг хийлгэхээр явуулж байсан юм. Мөн Армен, Гүрж рүү явуулсан.

-Таны залуу нас томилолтоос томилолт хооронд өнгөрчээ...

-Би ер нь гэрийн бараа харахгүй шүү. Тэр нэг жил тоо гаргахад би жилийн 365 хоногийн 115 хоногт нь Улаанбаатар хотод ажилласан байдаг юм, бусад нь дандаа орон нутгийн томилолт. Намайг орон нутгаас томилолтоос ирэхэд дараагийн явах томилолтын тушаал шийдвэр нь гарчихсан байдаг байлаа. Би телевизэд орохоос өмнө Кино үйлдвэрт гурван жил ажилласан. Телевизэд би 43 жил ажиллаад 2007 онд тэтгэвэрт гарсан. Надад очоогүй аймаг, сум байхгүй. Очоогүй бригад бол харин байгаа. Тэнэмэл заяандаа дасчихсан юм байлгүй /инээв/. Ядарна гэж мэдэхгүй шүү дээ. Хоол, ундгүй баахан хоосон явж явж байгаад нэг дор нэг сайн идчихээд л хоол ундыг ч мартчихна.

"БИ ШУДАРГА ШУДАРГА ГЭХЭД ДЭНДҮҮ ШУДАРГА БАЙСАН ҮЕ БИЙ"

-Таны үр хүүхдүүд, ач зээ нараас таны мэргэжлийг өвлөсөн үү?

-Хүүхдүүдийн минь хамгийн том Батбаяр /МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн Бельги улс дахь тусгай сурвалжлагч Б.Батбаяр/ Бельги улсад байгаа. Сая ирээд явсан. Европын орнуудад болж буй үйл явдлыг Бельги улсаас мэдээлдэг. Хамгийн бага хүүхэд маань “Зохиомж” сургуулийн операторын анги төгссөн Батням гэж залуу бий.

-Нээрээ та чинь хөгжимчин мэргэжилтэй гэсэн үү дээ?

-Чи намайг шанзчин гэвэл итгэх үү. Манай аав дээр үед малийний адуу хэсэг хугацаанд маллаж байсан юм. Аав маань надад анх Обшинков гэж орос нэр өгсөн юм. Би Хөгжим бүжгийн коллеж /одоогийн Монгол Улсын Консерватори/-д шанз хөгжмийн ангид элсэж, төгссөн. Намайг 1958 онд элсэхэд С.Гончигсумлаа багш /Ардын жүжигчин, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа/ намайг “чамайг би ерөөсөө Баяраа гэж дуудна” гээд Баяраа гэж дууддаг болов оо. Би ч тэр үеэс Баяраа болсон юм даа.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе...

-Миний ээж, ааваасаа сургамж болгож авч үлдсэн зүйл бол хүнд туслах, хүнээс юмаа харамлахгүй байх зан чанар. Мөн аав, ээж минь хүнд муу юм битгий хий, шударга байгаарай гэдэг байсан. Би шударга шударга гэхэд дэндүү шударга байсан үе бий. Хэт шударга хүнд зарим нэгэн дургүй байдаг. Чамд мөн залуустаа захиж хэлэхэд хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг, өөр бусад ажилтай байсан ч үнэний төлөө, шударга л байгаарай. Шударга байна гэдэг чинь битгий тал зас, битгий худлаа ярь л гэсэн үг шүү дээ. Өөрийн хийж буй ажилдаа үнэнч байгаарай. Монголчуудын хэлц үг байдаг даа “Алдсан ч бай, оносон ч бай өөрийн санаа өөртөө зөв” гэж. Мөн хүнд хүргэсэн тус хэзээ нэгэн цагт өөрт тус дэм болж байдаг. Тэгэхдээ хүнд хүргэсэн тус муугаар ирнэ гэж байхгүй.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top