АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцож байна. Чуулганы талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-НҮБ-ын 77-р чуулганаар улс орнууд ямар асуудлыг хөндөж байна. Монгол Улсын хувьд ямар байр суурь баримталж, саналаа илэрхийлэх вэ?
-Энэ удаагийн чуулганд оролцохоор 100 гаруй орны Төрийн тэргүүн болон Засгийн газрын тэргүүн ирсэн байна. Covid-19 цар тахлын дараах болон геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан улс орнуудад тулгарч буй асуудал, сорилтыг даван туулах санал солилцож байна. Хурлын эхэнд эдийн засгаа хэрхэн сэргээх, хүн амынхаа эрүүл мэнд, амьдралын чанарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг талаар улс орнууд анхаарал хандуулах ёстой талаар байр сууриа илэрхийлж байна. Хоёрт, дэлхийн хэмжээний бүс нутгуудад тулгарч буй аюулгүй байдлын асуудал чухал байна. Улс орнууд өөрсдийн нөхцөл байдлыг танилцуулахын зэрэгцээ сорилтод хэрхэн хамтран ажиллаж, даван туулах вэ гэдгийг хэлэлцэнэ.
Цар тахал үргэлжилсэн хугацаанд бид илүү нягт хамтран ажиллаж, нэгнээ ойлгох, энх тайванч бодлого явуулах, батлан хамгаалах болон цэрэг зэвсэглэлд гаргаж буй зардлыг боловсрол, эрүүл мэндэд зарцуулах боломж байсан талаар шүүмжилж байна. Чуулганы хугацаанд олон уриалгыг дэвшүүлнэ. Чуулган өнөөдөр эхэлж буй тул эхний гурван улсын төрийн тэргүүн үгээ хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхий санал шүүмжид үг хэлнэ. Ингэхдээ бүс нутаг болон улс орондоо тулгарч буй асуудлаа танилцуулж, аюулгүй байдал, тогтвортой байдал, байгаль орчны асуудлыг дурдахын зэрэгцээ цаашид Монгол Улс дэлхийн энхтайвны төлөө ямар хувь нэмэр оруулах боломжтой талаар санал, шүүмждээ дурдана.
Монгол Улсын хувьд дэлхийн батлан хамгаалах, цэрэг зэвсгийн ажиллагаанд их мөнгө зарцуулж байгааг дурдаад, үүнийг хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн төлөө, эдийн засгаа сэргээхэд зарцуулсан бол илүү үр өгөөжтэй байх талаар онцолно.
Эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгч ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхийн зэрэгцээ хэд хэдэн орны удирдагчтай хоёр талын уулзалт хийнэ. Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд оролцож байгаа бөгөөд долоон арга хэмжээнд оролцож үг хэлнэ. Сайд нарын түвшинд салбар арга хэмжээнүүдэд оролцож, үгээ хэлдэг. Тухайлбал, Далайд гарцгүй орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалт, БНХАУ-ын санаачилсан Анд нөхдийн бүлэг дэлхийн энхтайваыг хангах чиглэлээр гаргасан санаачилгыг дэмжсэн хуралд оролцоно. Түүнээс гадна хоёр талт 20 орчим уулзалт хийж байна. Чуулганы хуралдаанд дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нар цугладаг чухал үе учир улс орнууд өндөр ач холбогдол өгдөг.
Энэ үеэр улс орнууд хоёр талын уулзалтуудыг хийдэг нь тус тусдаа айлчлал хийснээс богино хугацаанд нэг дор олон ажлыг амжуулах боломж олддог. Монгол Улс өнгөрсөн жил шинээр Ерөнхийлөгчөө сонгож, анхны гадаад айлчлалыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон нь нэг талаар бэлэг дэмбэрэлтэй, нөгөө талаар олон улсад Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд чухал ач холбогдолтой болсон. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилээс уулзалтын саналын тоо нэмэгдсэн байна. Анзаарч байхад, улс орнуудын гадаад харилцаатай холбоотой асуудал илүү бодитой болсон бөгөөд богино хугацаанд аль улстай илүү ажил хэрэгч түвшинд ажиллах вэ гэдэгт анхаардаг болсон байна.
Улс орон бүрт тулгарч байгаа сорилтууд төстэй, ялангуяа улс төрийн нөхцөл байдал, эдийн засгийн сэргэлттэй холбоотой бодлого улс орон бүрт туршлага солилцох шаардлага гарч байна. Цар тахлын жилүүд улс орон бүрт өөрсдийн нөхцөл байдлыг бодитой үнэлэх, эрсдлийг даван туулах төлөвлөх шаардлагатайг харууллаа гэдэгт олон улс орнууд санал нэгдэж байна.
-“Тэрбум мод тарих” санаачилгыг Монгол Улс НҮБ-ын индэрээс зарлаж, хэрэгжүүлээд нэг жил өнгөрчээ. Монгол Улс энэ жилийн хувьд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шинэ санал санаачилга гаргах уу?
-Ерөнхийлөгч санал тавьж, амлалтаа авч, бүс нутагтаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нөлөө үзүүлэхээр тэрбумаар тоологдох мод тарих төслийг эхлүүлсэн. Жилийн хугацаанд үндэсний хэмжээний хөдөлгөөн болж, маш шуурхай хэрэгжүүлж буйг олон улс үнэлж байна. Тэр тусмаа төслийг дэмжихээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчилсан. Айлчлалынхаа дараа Монгол Улс бас нэгэн загвар орон болж, санал санаачилгаа бодитой дэвшүүлж, ард түмэн идэвхтэй оролцож байгааг онцолж ярьсан байна лээ.
Өнгөрсөн жилийн хугацаанд Гадаад харилцааны яам харилцаж буй улс орон бүртэйгээ байгаль орчны чиглэлээр санал, санааачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр туршлага солилцох, төсөл хөтөлбөрт хамрагдах, тусламж авах, хүний нөөцөө бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагааг ярьсан нь үр өгөөжөө өгч байна. Өнөөдөр Монгол Улсын тэрбум мод тарих санаачилгыг мэдэхгүй улс орон байхгүй. Үүнийг Ерөнхийлөгч үгэндээ онцлоод энэ чиглэлд улс орнуудтай үргэлжлүүлэн үр дүнтэй ажиллах талаар саналаа хэлнэ.
-Чуулганаас гадна Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдын уулзалтуудаас онцлон чухалчилж буй ямар уулзалтууд байна вэ?
-Ерөнхийлөгч одоогийн байдлаар таван орны төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийнэ. Уулзалтаар тухай орнуудтай бид ямар хамтын ажиллагааг өрнүүлсэн, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө ярилцана. Цахим шилжилттэй холбоотой Монгол Улс бусад улс орнуудтай туршлага солилцох талаар ярьж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд мөн салбар уулзалтад оролцсон. Боловсролын дэд бүтцийг цахимжуулж буйтай холбоотой асуудалд манай улс болон Индонез улсыг загвар орон болгож ярьсан байна лээ. Монгол Улс зөв бодлого явуулж байна. Сайшаан дэмжиж байна. Улс орнууд ч жишээ авах хэмжээнд байна гэсэн үг.
Цаашдаа ч Монгол Улс илүү амбицтай байж, илүү олон санал санаачилгыг гаргаж, манлайлах түвшинд дэмжих чиглэлээр Гадаад харилцааны сайдын хувьд нэлээд зүйлийг төлөвлөж байна. Цаашлаад олон улсын түвшинд зарлаж байгаа өндөр албан тушаалд улс бодлогын, улс төрийн манлайллын хувьд дэмжиж байх ёстой. Бид бүс нутагтаа хүний эрх, ардчиллыг хөгжүүлж, ардчиллын загвар орон гэдгээрээ олон улсын анхаарлыг татаж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалын дараа мэддэггүй улсууд мэдэж авлаа, мэддэг нь хоёр том хөршийн дунд ардчиллыг загвар болгон хөгжүүлж буй, хүмүүсийн аз жаргалтай, хүний эрхийг дээдэлсэн, эрх чөлөөг өндрөөр үнэллээ.
Тиймээс үүнийгээ улам илүү батжуулах, улс орноо сурталчлах талд хүн бүр хичээх ёстой. Үүний тулд иргэн бүрт эх оронч үзлийг суулгаж, иргэн бүр гадаад харилцааны талаар ойлголттой байвал илүү хурдацтай хөгжих, илүү анхаарал татах боломжтой байна гэдэг өөдрөг сэтгэгдэлтэй байна.
-Украины ерөнхийлөгчийг үг хэлэх талаар санал асуулга явсан. Монгол Улс ОХУ, Украйны асуудалд түдгэлзсэн байр сууриа илэрхийлсэн байх?
-НҮБ-ын хурлын үеэр янз бүрийн саналууд явж байна. Санал хураалтуудад голдуу түдгэлзсэн байр суурь илэрхийлж байгаа. Энэ нь зарим оронд ойлгомжгүй байгаа ч бид хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлтэй, гуравдагч хөршийн бодлого зэргийг тэнцвэржүүлж байна. Түдгэлзсэн байр сууриа гуравдагч хөршүүддээ тайлбарлах шаардлагатай байна. Хоёр хөршдөө ч тодорхой тайлбарлах нөхцөл үүсдэг. Монгол Улсын хувьд, энэ асуудалд яагаад түдгэлзэж байгаа талаараа маш сайн тайлбарууд өгч байна.
Бид дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаатай. Энэ харилцааг тэнцвэртэй хадгалахын зэрэгцээ маш ухаалаг гадаад бодлого явуулж байна гэдгийг дэлхийн олон улс орнууд онцолж байна.
Гадаад Харилцааны Яам