“Өмгөөллийн Фиделитас Партнерс” ХХН нь УОКомиссын “гадаад улсаас эх орондоо эргэж ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоногоор, гэртээ тусгаарлан ажиглах хугацааг 14 хоногооор, нийт 35 хоног тусгаарлахаар тогтоосон шийдвэр”-ийг хууль бус болохыг тогтоолгох, түүний улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, маргаан эхлүүлсэн билээ.
Уг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, 2022 оны тавдугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэхдээ УОК-ын үйл ажиллагааг зөв гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан юм (Шүүхийн шийдвэртэй ЭНД дарж танилцана уу).
Тэгвэл тус хуулийн фирм нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Дээд Шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд энэ дагуу тус маргааныг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр ийнхүү зарлаад байна.
Онцлоход, тус маргаан нь “Нээлттэй Нийгэм Форум” НҮТББ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй стратегийн өмгөөллийн төсөл юм.
Иргэдийг шалтгаангүйгээр урт хугацаанд тусгаарлах УОКомиссын уг хууль бус шийдвэрийн улмаас 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд 24,025 хүн тусгаарлах байранд ажиглалтад байсан гэх тоо баримт бий.
Нэмж хэлэхэд, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч УОК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, нэхэмжлэлийг гардаж авах, хариу тайлбар гаргах болон нотлох баримтыг шүүхэд хүргүүлэх зэрэг хуулиар хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 5 сарын хугацаанд удаашруулсан. Шүүх шийдвэрийг бичгээр гаргах хуулийн хугацааг мөн адил хэтрүүлж шүүх хуралдаанаас хойш 40 хоногийн дараа гаргаж байсан юм.
Бид энэхүү маргаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй бичлэгээр хүргэх болно.