Баянзүрх дүүргийн 1-р хороо буюу РЦНК–ийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг сүйтгэж, барилга барихаар гэр хорооллын нойл нураасан хог, шороо, барилгын хаягдал асгаж байна гэх иргэдийн мэдээллийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ газар дээр нь очиж ажиллажээ.
Энэ үеэр БОАЖ-ын сайд ногоон байгууламж сүйтгэж буй газруудын асуудал болон Усан паркийн газар дээр орон сууцны хороолол барьж буй асуудлаар талаар тайлбар өглөө.
Тэрээр "Анхнаасаа зөвшөөрлөө зөв аваагүйгээс араас нь явж ажиллаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж болдог. Зөрчсөний дараа нөхөөд хийчхэж болно гэдэг агуулгаар яваад байна. Хууль зөрчсөний араас ирж ажилладаг байдлыг халмаар байна. Хуулийн дагуу ажиллана гээд компани нь мэдэгдээд байна гэх юм. Хууль зөрччихөөд яаж хуулийн дагуу ажиллах гээд байгаа юм. Яг үнэндээ БОАЖЯ газрыг цуцлах эрх алга л даа. Хуулийн зөрчил үүссэн үү гэвэл үүссэн байна. Энэ хуулийн зөрчлөөс нь улбаалаад дахиад цуцлах хэрэгтэй шүү дээ. Ерөнхий сайдын хэлснээр улсынхаа 0.3 хувьтай тэнцэх хэмжээний газар нутагт багшралдчихаад байшин бариад амьдарч болохгүй. Барилга байгууламж, цемент бол битүү байна. Ний нуугүй хэлэхэд, бидэнд үлдэж байгаа газар алга. Улаанбаатар хот газаргүй, хууль мөрдөхгүй байна. Хариуцлагын асуудал нэгдсэн тогтолцоонд орж чадаагүй байна.
Жишээлбэл, Усан парк буюу авлигын хороолол гэж нэрлээд байгаа шүү дээ. Тэр нь дээр дөрөвдүгээр сарын 25-ны өдөр БОАЖЯ-аас барилгыг хоёр давхар байхад нь барилгыг зогсоо гэдэг шаардлагыг нийслэлд хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл таван сарын хугацаанд нийслэлээс нэг ч хариу бичиг ирээгүй. Тэгээд БОАЖЯ-аас очоод зогсоох эрх мэдэл байдаггүй. Байгаль хамгаалагчид очлоо гэхэд дунд голын сав газар дээрх асуудлын талаар л ярина. Өөр арга байхгүй. Энд чинь хоёр юм хөндөгдөж байгаа юм. Нэгд, усны сав газар буюу Усны тухай хууль зөрчигдөж байгаа юм. Хоёрт, тухайн төмөр зам бүхий газар нь өөрөө УБТЗ буюу Оростой хамтарсан төмөр зам шүү дээ. Үүний хязгаарлалтын бүсэд орчхож байна. Тэр бүсээр бол тухайн эдэлбэр газар нь Орос, Монголын буюу УБТЗ-ын харьяанд байгаа газар. Хоёр ч том хууль зөрчсөн ийм асуудал Усан паркийн газар дээр явж байгаа" гэлээ.