Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл өнгөрсөн бямба гаригт Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборт явагдаж буй Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн сургалтын үйл явцтай танилцав.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”- ний хүрээнд залуучуудын хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төслийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлсэн.
Өнгөрсөн онд 2,389 залуу 8 ээлжээр сургалтад хамрагдаж, тал орчим хувь нь байнгын ажлын байртай болжээ.
2022 онд нийтдээ 1,248 оролцогч сургалтад хамрагдсаны 450 нь энэ удаагийн 4 дүгээр ээлжийн оролцогчид юм. 14 хоног үргэлжлэх вакумжуулсан сургалтаар эх оронч үзэл төлөвшил, гэр бүл төлөвлөлт, иргэн хүний үүрэг хариуцлага, харилцааны ур чадвар зэрэг хувь хүний хөгжлийн олон талт цогц сургалтад хамрагдахаас гадна хөдөлмөрийн харилцаа, гарааны бизнес эрхлэх боломж зэрэг ажил хөдөлмөр эрхлэхэд нэн шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авах юм.
ХНХ-ын сайд сургалтын явцтай танилцах үеэрээ оролцогчдын санал сэтгэгдлийн сонслоо. Оролцогчид, сургалт сонирхолтой, өгөөжтэй, хэрэгтэй мэдээллээр баялаг болж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн.
Тухайлбал, өөрийн хийж чадах зүйл дээрээ тулгуурлан зорилгоо тодорхойлж түүнд хүрэх арга замаа олох боломжтой гэсэн итгэл найдварыг энэ сургалтаас авсан талаараа нэгэн оролцогч ярьсан юм. ХНХ-ын сайд Д.Сарангэрэл, “Энэ төсөл төр засгаас олгосон сайхан боломж юм. Боломжийг амжилт болгоод авах хэрэгтэй” хэмээн захилаа.
Сайд мөн төслийн явц, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар хариуцсан дарга, ээлжийн зохицуулагч нарын тайлан мэдээллийг сонсож, төслийг илүү чамбайруулан, үр дүнг сайжруулах талаар үүрэг чиглэл өглөө.
Эх сурвалж: ХНХЯ