Монгол Улсын Хөгжлийн Банк “Монгол мах экспо” ХХК болон Капитал банкны нийт 86.6 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрт өөрийн эзэмшилд бүртгэж авсан Хан-Уул дүүрэг дэх “Гантиг вилла” хотхоны есөн блок барилгын орон сууцны байршлыг зургаар харуулжээ.
Тус зурагт улаанаар тэмдэглэсэн нь Монгол Улсын Хөгжлийн Банкны өмчлөлд бүрэн шилжсэн “Гантиг Вилла” хотхоны есөн блок барилгын байршил бол шараар тэмдэглэсэн нь Хөгжлийн Банканд ойрын хугацаанд шилжих дөрвөн блок барилгын 22 орон сууцны байршил юм.
Эдгээр орон сууцны борлуулалтын орлого Хөгжлийн Банкны дансанд байршиж, зээлийн эргэн төлөлт мөнгөн хэлбэрээр хаагдах аж.
“Гантиг вилла” хотхоны орон сууцыг худалдан авах хүсэлтэй иргэд “Монгол мах экспо” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Эй Би Трэйд Групп” ХХК-тай захиалгын гэрээг байгуулах бөгөөд төлбөр тооцоог холбогдох гэрээнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Хөгжлийн Банкны дансанд байршуулах юм байна.
Тухайн орон сууцны гэрчилгээг Хөгжлийн Банкнаас худалдан авагчдад шилжүүлэн өгнө. Ямар нэгэн хөнгөлөлтөөр болон хэн нэгэнд давуу байдал олгож худалдан борлуулахгүй.
Үүнтэй холбоотой бүх мэдээллийг ил тод хүргэж, зах зээлийн жишиг үнээр борлуулна” гэж тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээллээ.
Эх сурвалж: Хөгжлийн Банк