x

С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй

Шадар сайд С.Амарсайхантай ярилцлаа.

-Цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан тогтоолын хүрээнд сайд нарын дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байх Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосноор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний 50 хувийг шинээр "эмхэллээ". Сайд нараа томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгосон ч зарим асуудлаар парламентынхаа өмнө хүчгүйдэж байгаагаа илэрхийлж байсан Ерөнхий сайд 50-аас дээш хувийг "давхар дээл"-тэй буюу парламентаас бүрдүүллээ. Шадар сайдын хувьд энэхүү үйл явцын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ Засгийн газар анх байгуулагдсан өдрөөсөө "Ковид"-той, хөл хориотой, эдийн засгийн хүндрэлтэй, хил, гааль хаалттай зэрэг амаргүй цаг үетэй нүүр тулсан. Байж болох бүхий л боломж, бололцоогоо дайчилж, боломжийн сайн ажилласан. Цаг үе өөрөө өөрчлөгдөж байна. Гадаад нөхцөл байдал урд өмнө байгаагүйгээр өөрчлөгдлөө. Цар тахлын дараах хүндрэл нь эдийн засаг болсон. Түүнийгээ тордож, сайжруулах гээд явж байтал Орос, Украины дайнаас үүдсэн бүс нутгийн болон түүнийг дагасан олон улсын хямрал үүслээ. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийн тоглоомын дүрэм өөрчлөгдөж байна. Хоёрдугаарт, манай дотоод орчинд сул талууд бий болж эхэллээ. Ачаа барааны нэвтрүүлэлтийн удаашралаас үүдсэн инфляцын хөөрөгдөл иргэдийн амьжиргааны түвшин буурахад нөлөөлсөн. Ийм цаг үед эрх барьж байгаа нам, иргэдийн итгэл найдвар болсон төр өөрөө хурдтай, уян хатан, зөв шийдвэрийг богино хугацаанд, хөрвөх чадвартайгаар гаргах зайлшгүй шаардлага бий болсон. 

Тиймээс Ерөнхий сайд, МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдлагуудын хүрээнд шийдвэрээ гаргаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан. Мэдээж Цэц нэгэн шийдвэрээ гаргасан учраас урт хугацаанд сунжруулаад байхгүйгээр эцэслэсэн юм. Нэгэнт "дан", "давхар дээл"-тэй байх эсэхийг шийдэх бүрэн эрх нь Ерөнхий сайдад хадгалагдаж байгаа учраас хурдтай шийдвэр гаргаж, цэгцэнд нь орууллаа. УИХ, Засгийн газрын түвшинд бодлого шийдвэрээ аваад явдаг, танхимынхаа шийдвэрийг яам, агентлаг гэсэн бүх салбартаа хэрэгжүүлдэг, тал бүрийн туршлагатай хүмүүсийг оруулж ирсэн. "Дан" нь ч байна, "Давхар" нь ч байна. Хот, Боомт, Спортын асуудал хариуцсан бие даасан гурван сайдын орон тоог бий болголоо. Эдгээр нь энэ цаг үедээ л нийцсэн шийдвэр. Дан ганц сайд нарыг томилж, өөрчилсөн асуудал биш гэсэн үг. "Дан", "давхар дээл"-тэй байх ч тухай биш. Монгол Улсын гадаад бодлого, дотоод орчин нөхцөл, нөөц бололцоогоо дайчилж, хүндрэлтэй цаг үеийн даван туулах бодлого. Эдийн засгийн тогтвортой байдлаас эхлээд улс орны бие даасан, тусгаар тогтнолтой холбогдуулж, Төрийн гол институц Засгийн газар нь өөрөө чадвартай, ажил хэрэгч байх хэрэгтэй.

-Улс төр талаас нь харвал Цэцийн тогтоол гэнэт гарчихаагүй. УИХ-ын нэр бүхий хоёр гишүүний гаргасан мэдээллээс үүдэж "давхар дээл"-ийн асуудал хөндөгдөж эхэлсэн. Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг олгосон ч Засгийн газраас дэвшүүлсэн бодлого, зорилтоо хэрэгжүүлэхэд дөрвөөс илүүгүй нь УИХ-ын гишүүн байна гэсэн Үндсэн хуулийн хориг үнэхээр саад болоод байсан хэрэг үү?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн. Зарим гишүүн Цэцэд мэдээлэл гаргаснаар эхэлсэн. Нэгэнт Цэцийн тогтоол гарчихсан болохоор түүнийг нь УИХ шийдэхгүй, сунжруулах боломжгүй. Дан, давхар байх эсэхийг шийдэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал учраас "Шинэ сэргэлт бодлого"-оо хэрэгжүүлэхэд түшиц болох хүмүүсээ сонгож оруулж ирсэн. Өмнө нь ажиллаж байсан сайд нарыг дотор нь сэлгэн томиллоо. Энэ бол Засгийн газрын бодлогыг авч явахад маш чухал. Сайд нарт нэг талдаа УИХ-д асуудлаа танилцуулаад аваад явах улс төрийн туршлага нь байна. Засгийн газрын бодлого, шийдвэрийг авч явах нь мэргэжлийн байх боловч улс төрийн туршлага нь чухал. Улс төрийн туршлага гэдэг нь мэдрэмжтэй, хурдтай, хариуцсан ажилдаа эзэн болж явахын нэр. Эдгээрийг хийж, хэрэгжүүлэх бүрэлдэхүүн бий болсон гэж харсан. Зөв шийдвэр.

Өнөөдөр бидний дотоодын нөөц боломж хязгаарлагдмал түвшинд байна. Бид боомтоо хаячихсан байлаа. Төмөр зам, дэд бүтцээ хаячихсан, эрчим хүчээ орхигдуулчихсан, эдийн засгийн суурь салбарууддаа анхаардаггүй байсан юм байна. Болоод байна гээд бодсон юмнууд нь цагаа тулахад асуудал үүсдэг. Жишээ нь боомт. Хил хаах хэмжээний халдварт өвчин, олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад болдог юм болно гэсээр эзэнгүй хаячихсан. Эцэстээ сул тал, дутагдал, хязгаарлах хүчин зүйлс болж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд тодорхой зорилт дэвшүүлсэн нь "Шинэ сэргэлтийн бодлого".

-Салбарын бодлого зангидаж явсан хүнийг дэд сайдаар томилох замаар эрэмбэ бууруулах нь улс төрийн уламжлал, соёл талаасаа байж болох үзэгдэл үү. Монгол Төрийн босго өөрөө өндөр байх биш бил үү?

-Хувь хүний л асуудал. Эрэмбэ буурч байна, доод шатны ажил хийхгүй гэж үзэх нь тухайн хүний сонголт. Улс оронд хэрэгтэй гэж үзээд Засгийн газар томиллоо. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдаар очлоо гэхэд мэддэгийн хувьд, туршлага, нөөц боломжоо дайчилж болно. Эцсийн дүндээ юуны төлөө явж байсан юм. Хийж байснаа дуусгах л хэрэгтэй. 

-Хотын дарга байсан хүний хувьд Хот хариуцсан сайдын орон тоог бий болгосон нь зөв шийдэл мөн үү?

-Хотын асуудлыг шийдвэрлэхэд энэ Засгийн газар маш том дэмжлэг үзүүлж, заримыг нь шийдвэрлэсэн. Хөрөнгийг нь шийдлээ, хуулийг нь баталлаа. Үйл ажиллагааг нь дэмжиж байна. Хот гэдэг бол өөрөө Засгийн газрын дэмжлэггүйгээр явдаггүй ажил. Энэ зовлонг маш сайн ойлгодог хүний хувьд хоттой холбоотой бүх шийдвэрийг дэмжиж ажиллаж байна. Хот хариуцсан сайд гарч ирсэн нь албан тушаал бий болгож, хэн нэгний эрх мэдлийг хуваалцах гээд байгаа зүйл биш. Монголчуудын тархины өвчин болсон түгжрэл, агаарын бохирдол тэргүүтэй асуудлыг шийдвэрлэхэд нийслэлд дэмжлэг үзүүлэх албан тушаал. Хотын асуудал гэдэг нийгмийн төв болсон газар. Тэр хэрээрээ уялдааг нь хангахын тулд дэмжлэг үзүүлэхийн тулд сайд томилсон. Тэр хүмүүс хэрхэн ажиллах, хоорондоо яаж ажиллахаас бүх зүйл хамаарна. Дутуугаа нөхөөд ажиллаж чадвал олон асуудлын ард гарна. 

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хотын дарга Засгийн газрын гишүүний эрэмбэтэй болсон?

-Нийслэлийн Засаг дарга гэдэг Засгийн газрын гишүүний эрэмбэтэй явдаг. Хуралдаанд сууна, асуудлаа танилцуулна. Хотын асуудал хүнд учраас Ерөнхий сайдын зүгээс сайд байх нь зөв гэж үзсэн учраас боломжийг нь олгоод явж байгаа юм.

-Таны хувьд хашиж байгаа албан тушаалынхаа эрэмбээр Монгол, Орос, Хятад, Монголын Засгийн газар хоорондын комиссын Монголын талыг даргалдаг. Монгол Улс цар тахлын "шок"-ноосоо гарч эдийн засгаа сэргээх тодорхой бодлого гаргаад, зорилт тавиад явж байтал ОХУ, Украины дайнаас үүдэлтэй нөлөө манайхыг тойроогүй дайрч байна. Урд хөрш гэхэд "Ковид"-той холбоотой хязгааралтаа мөддөө зөөллөхгүй юм шиг байна. Монгол Улсын хувьд хоёр хөршдөө яг ямар үнэлэмжтэй явна вэ. Танхимынхаа бусад гишүүнтэй харьцуулахад мэдээлэлд ойр хүн болохоор ингэж асууж байгаа юм?

-Хойд хөрш ямар нөхцөлд байгааг хүн бүр мэдэж байгаа. Украинд явуулж байгаа асуудлаас үүдэж олон улсын хориг, сааданд орсон. Европ тэр чигээрээ татагдаж орлоо. Нөлөөлөл нь манайд улам амаргүй байдлаар мэдрэгдэж байна. Гадаад худалдаа, төлбөр тооцоо, соёл, боловсрол зэргээр. Зөвхөн хойд хөршийн асуудал гээд хаяж болохгүй. Манай мөнхийн хөрш. Дипломат харилцаа нь 100 жилийн түүхтэй. Тэгэхдээ өвөрмөц. Стратегийн Иж бүрэн түшнлэлтэй хөрш. Амаргүй цаг үед харилцаагаа шууд үгүйсгэх, нэг талыг барьж туйлшрах асуудал байж болохгүй. Урд хөрш ч мөн ялгаагүй. "Ковид"-оос гадна Тайванийн асуудал байна. Хоёр том хөрш нь бүс нутгийнхаа төдийгүй олон улсад хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа учраас урд өмнө нь ямар байсан түүгээрээ явах ёстой. Тэнцвэртэй бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэх нь Монгол Улсад мэдээж чухал. Гуравдагч хөрштэйгөө мөн адил харилцаатай явах хэрэгтэй. Дайн тулаан, өрсөлдөөн, сөргөлдөөн гэхээсээ аль болох энх тайвны замаар, дипломат яриа хэлэлцээрийн хүрээнд хамтарч хөгжих асуудлаа өмнөө тавих ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.

-ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга нь жил гаруйн өмнө Монголд ирээд буцахдаа Эгийн голын усан цахилгаан станц барихыг эсэргүүцсэн агуулга илэрхийлээд буцсан. Харин Гадаад хэргийн сайд С.Лавров наадмын өмнө албан ёсны айлчлал хийх үеэрээ энэ төслийг дотооддоо шийдвэрлэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд буцсан юм билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттериш Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд дэмжлэг үзүүлэхээ албан ёсоор илэрхийлсэн. Үндсэндээ Монгол Улсыг чиглэсэн гадаад бодлого ОХУ-аар зогсохгүй өөрчлөгдөж байна?

-1968 оноос хойш Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хөндөгдөж эхэлсэн. Тэр үеэс хийнэ, хийхгүй, хийлгэнэ, хийлгэхгүй, байгаль орчинд сөрөг үр дагавартай, Байгаль нуурт хор хохирол учруулна гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Хилийн доторх болон гаднах ус горхи, байгаль орчинтой холбоотой асуудлууд байгаа л байх. Гэхдээ тусгаар тогтносон, бие даасан улсын хувьд дотооддоо томоохон төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь манай асуудал. Мэдээж хөрш зэргэлдээ улс орныхоо саналыг сонсох нь зүйн хэрэг. Гол нь өмнө нь хийнэ, хийлгэхгүй гэж ярьж байсан нь өөрчлөгдөж, нааштай нөхцөл байдал үүссэн гэж харж байгаа. Эцэслэн шийдвэрлээгүй байгаа ч хамтарсан байдлаар судалгаа, шинжилгээний ажлаа хийнэ. Ерөнхий сайд Владивосток хотод зохион байгуулах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар санал солилцоно. 

-"Ковид"-ын цар тахлын үеэр Замын-Үүдийн ачаа тээвэртэй холбоотой асуудлыг гардан хариуцаж байсан хүний хувьд өнөөдөр тэнд байдал ямар байна вэ? Хилийн боомтоо шинэчлэх, шинэ гарц нээх, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг Эрээний хил хаалттай хугацаанд бид хангалттай мэдэрсэн шүү дээ?

-Хоёр хөршийн хил хаагдахад Монгол Улсын гадаад гарц, орц байхгүй болох хэмжээний нөхцөл үүснэ. Урд талдаа Замын-Үүд, хойд талдаа Алтанбулаг. Тиймээс Боомтын сэргэлтийн бодлогыг гаргаж ирсэн. Худалдааны эргэлтийг сайжруулахын тулд хилийн боомтоо нэмэгдүүлэх л хэрэгтэй. "Ковид"-ын үед урд хилийг тас хаасан. Бараа бүтээгдэхүүн Эрээний хилээр нэвтрүүлэхгүй хоёроос гурван сар болсон. Тухайн үед Улсын онцгой комиссын даргын хувиар боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, сайжруулах ажлын хүрээнд Замын-Үүд гэлтгүй олон боомтод анхаарал хандуулж ажилласан. Тэр үеэс хойш Замын-Үүдийн нөхцөл байдал харьцангуй сайжирсан. Тэг зогсолт хийсэн бараа бүтээгдэхүүний эргэлтийг бага багаар сайжруулсаар өнөөдрийн байдлаар өдөрт 100 гаруй чингэлэг, 12 вагон орж ирж байна. Энэ сараас эхэлж нэмэгдэнэ. Хятадын талаас өргөтгөлөө хийчихсэн. Манай талаас мөн хийгээд дуусч байна. Өдөрт дунджаар 300-400 чингэлэг орж ирэх боломж бүрдэх юм. Нүүрс тээвэрлэлтийг автомашинаар гаргаж байна.

Гэхдээ хил нээгээд хэн дуртай нь орж, гардаг хэвийн горимд шилжих эсэх нь манай талаас бус БНХАУ-аас бүрэн хамаарна. "Ковид"-ын нөхцөл байдал, хөл хориотой байгаагаас үүдэж чингэлгээр болон төмөр замаар оруулж ирэх боломж нь тэр. Ямар ч байсан аравдугаар сараас ачаа барааны эргэлт 4-5 дахин нэмэгдэх тоооцоолол бий. Дагаад тээврийн зардал буурна. Өмнө нь нэг куб метр ачааны үнэ 2500 юань байсан. Одоо 600-800 орчимд хэлбэлзэж байна. Энэ мэт боомтын сэргэлт нэмэгдэж байна.

-БНХАУ-д "Ковид"-ын хязгаарлалттай байгаа нь биднээс үл хамаарах асуудал нь мэдээж. Гэхдээ манай талаас ярьсан, тохирсондоо байдаггүй, дэглэмээ зөрчдөг гэсэн мэдээлэл бий. Энэ бодитой юу?

-Тийм асуудал бий, бий. Урд хөрш дотооддоо халдвар алдчихгүй, дэглэмээ сахиулах, улс орон, хүн амынхаа аюулгүй байдлыг бодож байна. Гэтэл манайд дэглэмээ зөрчдөг, авлигын асуудал гардаг, үгсэж хуйвалддаг, үнэ нэмдэг, нугалаа гаргадаг асуудал орон нутагт, хилийн хяналтын байгууллага, хувийн аж ахуйн нэгж хооронд сүлжээ болчихсон зүйл байсан. Заримыг нь цэгцэлсэн. Миний ахалсан ажлын хэсэг хоёр талын хууль хяналт, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хатуу зохион байгуулалт хийсэн. Үр дүн нь тэнд байсан авлига, үнийн хөөрөгдөл, манайхаас шалтгаалсан асуудлыг шийдвэрлэсэн. Манайд байдаг зовлон гэж байна.

-Тэр нь юу гэж?

-Аливаа юмыг өөрсдийнхөө дур зоргоор явуулах гээд байдаг. Дүрмийн бусаар гэсэн үг. Өнөөдөр л болж байвал яасан ч хамаагүй маргааш болно гэж үздэг. Үүнээс үүдэж зохион байгуулалтын алдаа гардаг. Энэ бүхнийг цэгцлэх үүднээс Засгийн газрын тогтоолоор Замын-Үүдийн зохион байгуулалтыг тусгай горимоор явуулж, хил, гаалийн оролцоотойгоор дэглэм сахиулж эхэлсэн. Ачаа тээврийн эргэлт удаан байгаа ч тасралтгүй орж ирж байна. Урд талд нөхцөл байдал гайгүй болбол хэвийн горимд шилжих байх гэсэн хүлээлт байна.

-Хэвийн горимд шилжсэн тохиолдолд одоогийн тусгай горим шаардлагагүй болох уу?

-Тэгнэ. Гэхдээ яг хэзээ гэдгийг бид хэлж мэдэхгүй. Урд хөршийнхөн ч өөрсдөө хэлж мэдэхгүй байгаа.

-Газрын тосны үйлдвэрийн төслийг бас Та ахалдаг байх аа?

-Тийм ээ.

-Төлөвлөгөө ёсоор 2025 онд ашиглалтад орох учиртай үйлдвэр. Товлосон хугацаандаа ашиглалтад орж, монголчууд өөрсдөө тосоо нэрж чадах болов уу?

-Төлөвлөсөн хугацаа нь 2025 он. Гэвч "Ковид"-ын хоёр жилд ачаа тээвэр, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын ирэх, очих нь хязгаарлагдмал байснаас хугацаа алдсан. Түүнийгээ шахахаар ажиллаж байна. Төсөл өөрөө дөрвөн үе шаттай. 21 нэр төрлийн инженер, технологийн байгууламж бүхий нефть боловсруулах үйлдвэр барина. Эхний шатны төсөл явж байна. 70 орчим хувьтай. Хоёр дахь шатны сонгон шалгаруулалтыг хийж байна. Гурав дахь шатны ажил гэрээ хэлэлцээ хийх гээд яваа. Технологийн тусгай зөвшөөрлийг авах ажил дууссан. Энэтхэгийн талтай хийх гэрээ, хэлэлцээ дууссан. Хоёр талаас томоохон хүч хаяж ажиллаж байна. Ямар ч байсан 2025 оны дунд үе гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Төсөвт өртөг нь анхны тооцоолж байснаасаа нэмэгдсэн гэсэн?

-Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу тус улсын Эксим банкнаас санхүүжилт авч хэрэгжүүлж байгаа төсөл. Хаа сайгүй үнэ өртөг нэмэгдэж байна. Бараа бүтээгдэхүүн, тээвэр зэргээр. 2500 ам.доллар байсан чингэлэг 12 мянга хүртэл өссөн. Инфляцаас шалтгаалсан үнийн өсөлт байгаа учраас ярилцаад тохиргоо хийх тухай Энэтхэгийн талаас тавьсан. Үйлдвэр ашиглалтад оруулах нэг асуудал. Түүнийг тасралтгүй ажиллуулах түүхий эдээр хангах нь чухал.

-Тасралтгүй түүхий эдээр хангах нөөцийг хаанаас гаргах юм?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй "Дачин тамсаг" тэргүүтэй компаниудаас авна. Нэмээд одоо байгаа олборлолтын талбайнуудад хайгуул хийж олборлолтоо нэмэгдүүлнэ. Үйлдвэр ашиглалтад орсноор дотооддоо 100 хувь нефтиэр хангахгүй. 50 орчим хувийг нь хангадаг байя. Явцдаа хүчин чадлыг нь нэмэгдүүлье гэж байгаа юм. Дээрээс нь түүхий нефть татах 600 км хоолойн ажил эхэлж байна. Хоолой татаж байж түүхий нефтиэр үйлдвэрээ хангана. Цаг хугацааны хувьд гадаад орчин, дотоодод хүний нөөц зэрэг хүндрэлтэй асуудал байна. Бүх юм дардан яваагүй ч товлосон хугацаандаа ашиглалтад оруулахаар шахаж ажиллаж байна.

-Энэ асуудлыг ингээд орхиё. Эмээлтийн мах тойрсон асуудал багагүй хугацаанд нийслэлчүүдийн ярианы гол сэдэв байлаа. Наадам, залгаад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийн "шуурга"-нд бүр мартагдчих шиг боллоо. Үнэхээр муудсан мах тэнд байсан юм уу? Байсан бол түүнийг нь устгалд оруулсан уу? Эсвэл...?

-Хүнсний аюулгүй байдлын хамгийн чухал нь мах. Монголчуудын үндсэн хүнс нь мах, гурил. Экспортод гаргах, дотооддоо нийлүүлэх олон үйлдвэр бий. Эмээлтийн махтай холбоотой асуудал хэрхэн үүсч, яаж үргэлжилснийг нийгэм даяараа мэдэж байгаа. Мэдээж орхигдож, хаягдаагүй. Засгийн газраас шийдвэрээ гаргасан. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг 14 хоногийн хугацаанд ажилласан. Шаардлагагүй хангаагүй үйлдвэрүүдийг зогсоосон. Стандартад нийцсэн үйлдвэрлэл явуулах, ингэхийн тулд мал нядалгаа, дайвар бүтээгдэхүүн зэргийг ангилахаар болсон. Бэлтгэхээс зах зээлд нийлүүлэх хүртлэх технологийн дүрэм, стандартыг баталсан. Хэрэгжүүлэх ажил нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналт хоёр дээр явна. Хоёрдугаарт, хугацаа нь хэтэрсэн, нян бактертэй ч экспортод гаргах гээд бэлдсэн 500 гаруй тн мах бий.

-Одоо болтол устгаагүй байсан хэрэг үү?

-Устгах ажлыг хийгээд яваа. Мах устгах гэдэг бол өөрөө хүний өмч хөрөнгөтэй холбоотой асуудал. Болохгүй байна гэж хэн нэгэн ярихаар шууд устгадаг юм биш. Хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэнэ. Хүн амын хүнсний аюулгүй байдлын дүрэм журмыг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтооно. Тодорхой үйл явцтай. Зарим нь дуусч байна. Зургаадугаар сарын 8-нд Мэргэжлийн хяналтын байгууллагад тодорхой хугацаатай үүрэг өгсөн. Долдугаар сард дуудаж уулзахад асуудлыг шийдэж байгаа гэсэн. Наймдугаар сард газар дээр нь очиж танилцсан. Үүрэг даалгавар биелэгдсэн гэдэг нь худлаа болж таарсан. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн. Хүнсний хэлтсийн даргыг нь мөн адил. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн даргыг чөлөөлсөн. Ерөнхий газрын даргад нь хатуу үүрэг өгсөн. Махны шинжилгээний дундуур янз бүрийн хуйвалдаанууд орсон. Дахиж ажлын хэсэг гаргаж ажиллаад 500 гаруй тн махыг утсгах ажил хийгдээд явж байна.

-Хуйвалдаан гэдэг нь гурван сарын өмнө өгсөн үүрэг даалгаварыг огт биелүүлээгүй шалтгаан байж таарах гээд байна уу?

-Янз бүхийн нөлөөлөл байна. Нэгд, хувийн, хоёрт, хариуцсан ажилдаа эзэн болохгүй байна. Гуравт, өөрсдөө ажилдаа орохгүй байгаа юм. Цаана нь ашиг сонирхлын зөрчил байна. Хэдэн зуун тн махны ард хэдэн тэрбум төгрөг байдаг юм. Болж өгвөл хохиролгүй гарчих гээд байдаг. Хэдэн сая нян бактертэй мах нь дараагийн шинжилгээгээр зүв зүгээр гараад ирсэн. Хугацаа хожих замаар муудсан махаа шинээр сольсон байх жишээтэй. Шат шатанд ажил хийдүүлдэг, ашиг хонжоо хардаг, хүнд суртал гаргадаг, үндсэн ажлаа хийдэггүйтэй холбоотой.

-Ажлаас халснаар асуудал шийдэхгүй байх?

-Хуулийн байгууллагаар шалгуулж байна. Хийж чадвал чад, чадахгүй бол боль гэж байгаа юм. Засгийн газрын бодлого шийдвэр маш тодорхой. Тогтоол нь Засгийн газрын тэмдэглэлээр гардаг. Хугацаатай үүрэг өгдөг. Шадар сайдын зүгээс үүрэг даалгавар өгөхөөр ажил хийгдсэн гэсэн мэдээлэл орж ирдэг. Болсон юм байна гэж ойлгодог. Дараагийн ажил нь удаашраад ирэхээр газар дээр нь очиж ажиллана. Гэтэл нөхцөл байдал нь тэс өөр. Уг нь дээд шатны шийдвэр гарсан бол дунд, доод шатанд биелүүлэх ёстой. Ийм гажуудал төрийн байгууллагад бий болчихсон. Миний ажлын арга барил төрийн ч бай, хувийн ч байсан газар дээр нь очиж ажилладаг. Төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүн, хяналт гэсэн дөрвөн зүйлийг хийж чадахгүй бол хариуцлага тооцно. Хотын даргаар ажиллаж байхад цаасан дээр орж ирдэг ажил, тоо баримт нь асуудалгүй байдаг. 100 хувь гүйцэтгэлтэй. Төсөв нь таван тэрбум л гэнэ. Яг газар дээр нь очихоор таван тэрбум биш 500 сая төгрөгийн ажил байдаг. Шөнийн 00.00 цагт залгахад ажил дээрээ байна аа л гэдэг. 30 минутын дараа очиход хөдөө явж байх жишээний. Хяналт байхгүй бол Төрийн ажил явахгүй. Үүрэг өгөөд өрөөнд сууснаар ажил явахгүй. 

-500 тн махыг яг хэзээ устгах юм?

-Тав хоногийн дотор устгана. Өчигдөрхөн дахиж дуудаад Устгалын комисст нь үүрэг даалгавар өгсөн. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн өмнө утсгалаа явуул гэсэн.

-Хариуцлагын тухай ярьж байгаагийн хувьд Ардын Нам 2016 оноос хойш зургаан жилийн хугацаанд үх шатанд засаглаж байна. Дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгавар дунд, доод шатанд очоод замхардаг завхарлыг засахад хангалттай хугацаа биш үү?

-Системийн гажуудлаас эхлээд олон асуудал байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд дээрээсээ цэгцэнд орох гээд яваад байхад хүний нөөцийн чадавх, дутагдал гэж бий. Цалин хөлстэй нь холбогдоно. 1990 оноос хойш гэж харвал 30 гаруй жилийн тогтолцооны гажуудал байна. Үүнийг нэг жил, нэг хоногийн хугацаанд засчихгүй. Бүх талын оролцоо хатуу хяналтж байж цэгцэндээ орно. Төрийн бүтээмжийг дээшлүүлэх, тогтолцоогоо зөв болгох зайлшгүй шаардлагатай. Энэ Засгийн газар тогтолцоогоо хүнээс ангид байлгахын тулд цахимжуулах шийдлийг эрэлхийлж байна. Бүх үйлчилгээгээ цахимжуулъя. Бүр газраа хүртэл. Зөвшөөрөлгүй газар ухсаных нь дараа очоод торгодог биш мэдээллийн, сансрын технологиор хянадаг болъё. Хэнээс ч хамааралгүйгээр гэрээсээ, гар утаснаасаа Төрийн үйлчилгээг авдаг болчихвол албан хаагчид авлига нэхдэг, хүнд суртал гаргадаг асуудал үгүй болно. 

Хажуугаар нь Төрийн албан хаагчдыг мэргэшсэн, чадварлаг хүмүүс ажилладаг байх тогтолцоог нэвтрүүлье. Олон жил бугшиж ирсэн асуудлыг шат дараатай цэгцэлнэ. Мэргэжлийн хяналтыг мэргэжлийн байлгах ёстой гэж яриад байна. Нэрэндээ тохирсон мэргэжлийн байх ёстой. 

-Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ талаар товчхон танилцуулга хийсэн?

-Жишээ нь, Барилга, хот байгуулалтын яам өөрөө мэргэжлийн байж чадаж байна уу? Тэнд ажиллаж байгаа ажилтан хууль журмаа мэдэж байна уу? гэдэгт сөрөг хяналт хийх юм. Тэгэхгүйгээр өөрсдөө мэргэшиж, чадавхжаагүй, ёс суртахуунгүй байж мэргэжлийн нэрийн дор энд, тэнд очоод аж ахуйн нэгжийн дарамталж болохгүй. Цайны газартайд нь очиж хоолыг нь иддэг. Гоо сайханд нь үнэгүй массаж хийлгэдэг. Барилга, байшин барьдагт нь очиж авлига авдаг байж болохгүй. Ерөөсөө л гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Нэгдүгээрт, дотогшоо чиглэсэн буюу төр өөрөө мэргэжлийн байх. Бүх яам, Тамгын газар, агентлаг мэргэшсэн байгаа эсэхэд шалгалт хийнэ. Хоёрдугаарт, зайлшгүй хянах ёстой цацраг, цөмийн, химийн аюулгүй байдалд хяналт тавих бүтцийг цомхон байлгая. Зарим үйлчилгээний хяналтыг мэргэжлийн холбоодуудад нь өгнө. Жишээ нь, ресторануудын холбоод салбарынхаа технологи, стандартаа тогтоох хэрэгтэй. Ингээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг өөрчлөөд явъя гэж байгаа юм. 

-Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах нь гэсэн хардлага яваа?

-Тийм зүйл байхгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага өөрөө байх ёстой газар. Эрүүл, аюулгүй орчинд амьдарч, ажиллах иргэдийн баталгааг хангадаг байгууллага. Хүнс, барилга, байгаль орчин, норм стандарт зэрэгт хяналт тавьдаг. Чадварлаг боловсон хүчинтэй, цомхон бүтэцтэй байгууллага болгоё гэж байгаа юм.

-Чиг үүрэг, статусын хувьд өөр ч Мэргэжлийн хяналттай адилхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж байна. Гэтэл энэ байгууллагын үйл ажиллагаа зах зээл дэх давуу байдал гэхээсээ бараа бүтээгдэхүүний хаяг шошго, ТҮЦ-тэй зууралдаж яваа харагдах юм. Уг нь эрхлэх асуудал нь тодорхой, зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох, монополь үүсэхээс сэргийлэх...

-Улс орны хэмжээний зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох нь энэ байгууллагын үүрэг. Хэн нэгний бизнесийг шударга бусаар хязгаарлаад байна уу?, хууль эрх зүй, албан тушаалын нөлөө орж байгаа эсэхийг хянаж байх ёстой. Зөвлөмж, шаардлага хүргүүлэх учиртай. Хоёрдугаарт, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах. Мэргэжлийн хяналт нь хүлээгээд авчихсан аюулгүй гээд байгаа барилга нь 10 хоногийн дараа нураад унах эрсдэлтэй юу, иргэн хохироод үлдэх үү? засуулаад мөнгөө авах уу? зэргээр том эрх ашгийг нь хангах ёстой. Мэдээж шатахуун, барилгын материал, бараа бүтээгдэхүүний үнийг хянана. Гэхдээ хянаж байгаа нэрийн дор юм бүхэнд давхар хүнд суртал, дарамт шахалт үүсгэж болохгүй. Хянах тогтолцоогоо цахимжуулаад ил тод, нээлттэй мэдээллэх асуудал. Өдөр хоног аргацаасан ахуйн байдлаар явж болохгүй гэсэн үг. Яаж тогтолцоо нь эрүүл байх юм. Хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдсөн бол ямар хариуцлага тооцох юм зэргээр соён гэгээрүүлэх ажлыг давхар хийж байх ёстой байгууллага. 

-Таны хэлж байгаатай санал нийлж байгаа улстөрчдийн олон нийтэд танигдах, албан тушаал ахих шат дамжлага, гүүр, "дадлага" хийдэг газар нь энэ байгууллага болчихоод байгаа?

-Тийм байдлаар харагдах гээд байдаг талтай. Мэргэжлийн хэмжээнд байгууллагынхаа үйл ажиллагааг бодлогоор зангидаж, асуудалд бодитой хандах ёстой юм. Түүнээс өнөөдөр чихрийн үнэ яриад, маргааш нь гоймон ярьдаг газар биш ээ. Бодлогын асуудлаа хууль дүрэмд заасан хүрээнд мэргэжлийн түвшинд хийх хэрэгтэй. Энэ байгууллагыг тойрсон хардлага, сэрдлэг, шүүмжлэл бодитой. Жишээ нь, бензин, цементийн үнэ, харилцаа холбооны чиглэлээр, нэг бол орон сууцны зах зээлд нэг компани давамгай эрх эдлээд бүгдийг нь бариад 10 төгрөгийн бүтээгдэхүүнийг 100-гаар зараад байвал түүнийг зохицуулж, ижил өрсөлдөөнийг бусдад нь нээх ёстой. 

-Цемент гэснээс "Хөтөл"-ийг төр буцааж аваад багагүй хугацаа өнгөрч байна. Гэтэл Дарханы замын бүтээн байгуулалтад шаардлага цементийн нийлүүлэлт зогссон нь ажил удаашрах шалтгаан болчихоод байгаа шүү дээ. Хувийн хэвшил ажиллуулж байсан үйлдвэрийг Төрд буцааж авчихаад зогсонги байдалд оруулсан нь зүйд нийцэх үү. Төр өөрөө заавал бизнес хийх шаардлага, шалтгаан байна уу?

-Төр бизнес хийх гээд байгаадаа гол биш. Хууль бус хулгайтай тэмцээд байгаа юм. Иргэдийн татвар, улсын мөнгөөр бүтсэн үйлдвэрийг хэн нэгэн этгээд хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ гэж үнэгүй авчихаад хийсэн юмгүй атлаа Хөгжлийн банкнаас 300 тэрбум төгрөгийн зээл авчихсан. Тэрийгээ төлдөггүй. Төрийн өмчийг үнэгүй авна. Нэмээд хүүгүй зээл авна. Ард түмний халаас руу хүртэл гараа дүрчихсэн энэ асуудалтай тэмцээд байгаа юм. Түүнээс хэн нэгэн этгээдэд өмч эзэмшүүлэх эрхийг үгүйсгээгүй. Төр бизнес хоёрыг салгая аа гэж байгаа. Төр нь төр шиг, бизнес нь бизнес шиг байя. Хоорондын эрх зүйн харилцааг нь тодорхой болгож өгье. Энэ үүднээс "Хөтөл"-ийг буцааж авсан. 1.3 тэрбум төгрөгөөр анх хувьчилсан.

Уг нь аж үйлдвэрийн ууган голомтын нэг. Хэрвээ хувьд шилжсэнээсээ хойш ажиллаж байсан бол өнөөдөр цементийн дутагдалд орох уу? Нийлүүлэлтээ хийхгүй, авсан зээлээ төлөхгүй гэдэг. Очихоор "Хоёр чих тасдаад ав" гэсэн тайлбартай. Тийм этгээдүүдтэй хатуу тэмцэж, арга хэмжээ авна. Төр шүүмжлэлээс зугтаж, хууль бус үйлдлийг өнгөрөөж болохгүй. Хэрвээ 300 тэрбумын зээл авчихаад, шинэчилчихээд, цементээ нийлүүлж байсан бол дахиад хоёр гурван үйлдвэр баригдах уу? гэсэн асуудал бий. Харин ч төр авснаар хүчээр шахуу нийлүүлэлтээ хангаад байгаа юм. Хүчин чадлыг нь цаашид нэмэх шаардлагатай. "Хөтөл" байгаа тулдаа Дарханы замын ажил зогсчихгүй яваад байгаа шүү. 

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ийм нөхцөл үүсчихээд байгаа бил үү?

-Яг адилхан. Ялгаагүй үнэгүй өгчихсөн, хоёроос гурван уурхайн хамт. Гангийн цогцолбор барина гээд хэдэн зуун тэрбумын зээл авсан. Хүүгүй авсан зээл буюу 90 сая ам.доллараар барьсан төмөр замаа улсад хоёр нугалаад шахчихсан. Үйлдвэрийг нь үнэгүй, зээлийг нь хүүгүй аваад баялгийг нь зөөчихсөн. Авсан шигээ ажлаа хийгээд явсан бол Монгол Улс арматурын дутагдалд орох уу? Байрны үнэ ингэж өсөх үү?. Гэтэл тэр хүмүүс мөнгөгүй болоод хийж чадаагүй гэсэн тайлбар өгдөг. Судлаад үзэхээр төмөр зам, цахилгаанаа татчихсан байдаг. Төмөр замаа гэхэд үйлдвэрт зориулж бариагүй. Төмөрлөгийн ордны хүдрийг урагшаа зөөх зорилготой байсан. Өнөөдрийн байдлаар хоёр их наяд гаруй төгрөгийн хүдэр борлуулаад идчихсэн. Төмрийн, гангийн үйлдвэр нь байхгүй. 

Төрд ирээгүй, ард түмэн очоогүй. Өмч нь төрийнх, орд нь төрийнх л байсан. Хэн хохирч байна. Ард түмэн хохирсон. УИХ-д орж ирээд "Хөтөл"-ийн цементийг ярьсан. Дарханы төмөрлөгийг ярилаа. Ямар ч байсан аль альных нь шийдвэрийг гаргууллаа.

-Хоёр их наяд гэж зөв үү?

-Өнөөдрийн ханшаар төсвийн дөрөвний нэг нь. 

-Монголын ипотекийн корпорацтай холбоотой асуудал хэсэг яваад бас намжлаа?

-Намжаагүй. Асуудлын хүрээнд маш их ажил хийгдсэн. МИК гэхээр хүмүүс Төрийн компани гэж боддог байсан. Гэтэл хувийн буюу Худалдаа хөгжил, Улаанбаатар банк 70 гаруй хувийг нь эзэмшдэг. "Хөтөл", Дарханы төмөрлөг гэсэн хоёр үйлдвэр ярьж байхтай зэрэгцээд ипотекийн зээлд хамрагдсан 110 гаруй мянган иргэний эрх хөндөгдөж байгаа юм. Нэг компани, нэг хүн 110 мянган айл өрхийн түрийвч, халаасанд хулгайн гараа дүрчихсэн байна. Ард нь өчнөөн иргэн бий. Дор хаяж сая хүний хувь тавилан, хөлсөө гаргаж урсган байж төлдөг зээл рүү гараа дүрчихснийг мэдэхгүй явсан байна.

-Таны байр суурь хэр бодитой вэ?

-Ипотекийн зээлд хамрагдсан 110 гаруй мянган хүний 65 мянга нь найман хувийн зээлд хамрагдсан. Сүүлийн 50 гаруй мянга нь наймаас зургаа руу шилжсэн. Дунджаар нэг айл 800 мянган төгрөгийг ипотекийн зээлд төлдөг гэж бодоход 300 мянга нь цэвэр МИК-ийн ашиг болж ордог. Хууль бусаар банканд хийдэг, үл хөдлөх худалдан авч байна. 80 хүрэхгүй хүний дөрвөн жилийн зардалд 183 тэрбум 700 сая төгрөгийг зарцуулчихсан байвал яах уу? Цалин хөлс, үйл ажиллагаа, удирдлагын зардал зэргээр. Тиймээс энэ асуудлыг гаргаж тавьсан юм.

Өмнө нь олон хүн гаргаж тавих гээд чадаагүй. Зарим нь тавих сонирхолгүй явсан юм билээ. Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Барилга, хот байгуулалтын яам тэргүүтэй ажлын хэсэг гаргаад судалгааны ажил хийсэн. Аудитын баримтаа нууцлалын зэрэгт оруулаад алдаа, дутагдлаа бүгдийг нь нуучихсаныг ил болгосон. Хууль зөрчөөд Санхүүгийн зохицуулах хороонд дүрэм гаргаад 170 тэрбумыг хулгайлсан асуудлыг ил болголоо. 1000 айлыг ипотекийн зээлд хамруулчихаад нэгийг ч оруулаагүй явсан нь ч байна. Тэр хугацаанд мөнгө нь хаана байсан байж байх уу? Нэг айл, нэг байгууллага, нэг жилд үүссэн асуудал биш. Бүхэл бүтэн 10 гаруй жилийн хугацаанд үүссэн зүйл.

Үүний ард асар том улс төр, бизнесийн бүлэглэлийн хамаарал явдаг. Одоо ч шийдүүлэхгүй байх зорилготой байна. Үүнийг нэг хоногийн дотор шийдчихгүй. Гуравхан сарын хугацаанд ийм хэмжээнд яваа нь дэвшил. Ил зарлаагүй бол чимээгүй л явна. Ил зарласны дараа МИК-ийнхан гарч ирсэн биз дээ. Нэг ч төгрөгийн ашиг олдоггүй гэсэн. Сүүлд бүгдтэй нь уулзахдаа задаргаа, зардлыг тоо баримттай нь хэлсэн. Өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Монголбанк руу хүртэл бичгээ өгсөн байна лээ. Зургаан хувь руу оруулъя, урьдчилгаа төлбөрөө багасгая гээд. Шийдлүүд нь гарчихсан. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гарах ёстой. 

-"Хөтөл"-ийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, МИК гээд Таны барьж авсан акцууд бүгдээрээ улс төр, бизнесийн хүрээлэл талаас "гал дуудах" сэдвүүд мөн үү гэвэл мөн. Зүгээр сууж байгаад гэнэт гаргасан шийдвэр мэдээж биш байх. Ард нь ямар нэгэн итгэл үнэмшил, зорилго байна гэж ойлгож болох уу?

-Асуудлыг шийдэх гэж бид энд байгаа. Миний хувийн зан ч тийм. Ажил эхлүүлсэн бол үр дүнг нь үздэг. Дундаас нь хаядаггүй. Биечлэн оролцдог. Бүх нөөц бололцоогоо дайчилдаг. Түүгээрээ явж байна. Амаргүй нөхцөлд дунд явж байна. Элдэв дайралт, гүтгэлэг, доромлол ирж байна. Жижиг сажиг асуудлаар ухраах, няцаах, худалдаж авах гэсэн асуудал байнга явдаг. Томоохон хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал. Улс төр, бизнесийн бүлэглэлүүд нь наанаа тусдаа юм шиг мөртлөө цаанаа аалзны тор шиг хармаа, хотоороо холбоотой байдаг. Хэрвээ няцахын бол төр гэж байгаад хэрэггүй. Төрд зүтгэж байна гэж явахын ч хэрэггүй. Ийм асуудлыг шийдэж, таслан зогсоохын тулд шударга ёс ярьж гарч ирсэн. Ардын Намын уриа лоозон бий, "Шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий" гэж. 

-УИХ-ын гишүүн, хууль тогтоогчийн хувьд асуух асуулт байна. Цэцийн Их суудлын хуралдааны тогтоол эцсийн болохоор парламент ээлжит бусаар хуралдаж холбогдох шийдвэрийг гаргалаа. Гэхдээ "давхар дээл"-ийн ард Үндсэн хуульд дахин "гар хүрэх" агуулга яваа нь нууц биш. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоогоо илүү боловсронгуй болгоё гэдэг ч юм уу? "Давхар дээл"-тэй сайд нар олшроод ирэхээр 76 гишүүнтэй парламент нь хэтэрхий давжаа болж байна гэсэн яриа ч бий?

-Үндсэн хуульд "гар хүрэх" эрх нь парламентад хадгалагддаг. Тэгэхдээ дөрөвний гурав буюу 57 гишүүний товчлуураар. Цэц Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж үзсэн учраас УИХ шийдвэрээ гаргасан. Цэц бол Үндсэн хуулийн манаач, дээд байгууллага нь. Бусад хууль, тогтоомж Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Тэгэхээр гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал нь их, багадаа ч байгаа юм биш. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүртэл байхгүй болгох асуудал яригддаг. Энэ бол эрх ямбын асуудал биш. Хоёр том гүрний дунд оршдог, цөөхөн хүн амтай, олон улсын нөхцөл байдалд хурцадмал болж байна. Том нь жижиг рүүгээ хэзээ ч халдан довтлох буюу дэлхий өөрөө дүрэмгүй болчихсон энэ цаг үед Монгол Улс оршихуй эс орхишуй гэдгийн гол дархлаа нь парламент. Тэндээс гарч байгаа шийдвэр нь зөв, хяналттай, цөөн хүний шахаанд орж, тусгаар тогтнол, эдийн засгийн баталгаанд хортой шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлдэг байх ёстой. 1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүнтэй байна гэж заасан. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүн амын тоо 3.4 болтлоо өсчээ. Хүн амынхаа тоотой харьцуулаад, түүнийг төлөөлөх хэмжээний тоотой байна гэж үзвэл автоматаар нэмэгдэх учиртай. Энгийн яривал шүү дээ. Гэхдээ хийсвэр байдлаар өөрчилж, нэмэхдээ биш парламентаар дамжсан тусгаар тогтнолын дархлаагаа бодох хэрэгтэй. 

Одоо бол энийгээ сонговол тэр чинь байхгүй. Тэрийгээ сонговол энэ чинь байхгүй зэргээр хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг нөхцөлд орохгүйн тулд тэнцвэртэй бодлого барих ёстой. Нэг талд нь орж туйлшрахгүй гэсэн үг. Бие даасан гадаад бодлогоороо дамжуулж өөрсдийн байр сууриа зөв илэрхийлэх ёстой. Тэгэхийн тулд парламент нь хүчтэй байх ёстой. Гэхдээ ард түмэндээ хүчээ гаргахын нэр биш. Тиймээс үүнийг зөвхөн сандал суудал, тоо нэмэх агуулгаар харах нь өрөөсгөл.

-Сонгуулийн тогтолцооны тухайд?

-Өөрчлөх ёстой. Яагаад гэвэл бид цөөхүүлээ. Цөөхөн дээрээ хэт улстөрждөг. Хэт их жалганы үзэл буюу нутаг, орноороо хуваагддаг. Энэ бол Монголын хөгжлийн садаа, сул тал нь. Ирээдүйн сөрөг үр дагаврыг авчрах асуудал. Тиймээс сонгуулийн тогтолцоог өөрчилж, шинэчлэх ёстой. Илүү холимог тогтолцоо руу шилжих ёстой. Нарийн яривал тойргийг томсгох ёстой. Дүүргээр ярьсаар байгаад нэг гэрэл чийдэн ярьдаг боллоо. Ардчилсан нийгэмд шилжээд, парламентын засаглалтай 30 гаруй жил явчихаад орон нутгийн төлөөлөл, УИХ-ын гишүүдийн эрх үүргийг сонгогчдын түвшинд бүрэн ойлгоогүй явж байна. УИХ-ын гишүүн бодлого тодорхойлж, хууль баталдаг. Иргэдийн төлөөлөгч амьдрах орчин, аюулгүй байдал, зам, талбай, сургуулийг шийдээд явах ёстой. Яах гэж нийслэл, аймаг гэж байгаа юм. Гэтэл УИХ-ын гишүүн очихоор газар нэхдэг. Дахин сонгогдохын тулд бүр сүүлдээ худаг барьж өгч байна. Парламент нь илүү мэргэшсэн, орон нутгийн удирдлага нь төлөвшсөн, иргэд нь хэнээс юу шаардахаа сайн мэддэг болох ёстой юм. 

Дээрээс нь сонгуулийн тогтолцоонд нэг юмыг нээж өгөх хэрэгтэй. Нэр дэвших гэж байгаа бол зургаан сарын өмнө ажлаа өгдөг зохицуулалт бий. Төрийн албан хаагч бол дэвшиж болохгүй гэдэг. Тэгсэн мөртлөө хүний эрх ярьдаг. Улс төрийн албан тушаалтнууд нь болохоор ажлаа хийж байгаад сонгуульд ордог. Ийм ялгаваралтай асуудал байж болохгүй. Хэн ямар албан тушаал хашиж байгаагаас үл хамааран нэр дэвших эрхийг нь нээж өгөх ёстой. Тэгж байж хүний эрх хангагдана. Төр төлөвшинө. Хууль тогтоох байгууллагад мэргэжлийн хүмүүс орж ирнэ. Миний хувьд хууль санаачлахыг урдаа тавихгүй байгаа. Яагаад гэвэл бидэнд хуулиас их юм алга. Байгаа хуулиа яаж сайжруулах, хуулиа зөв хэрэглэх вэ? гэдэг нь чухал. 

-Ингэхэд Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаа хүлээлгэж өгсөн юм болов уу? Намын дүрэмд давхар албан тушаал хаших нь хориглосон заалт бий?

-Дүрэмдээ тийм. Энэ асуудал ойрын хугацаанд тодорхой болох байх. 

-Ойрын хугацаанд гэхээр дараагийн генсекийг шинээр сонгоно гэсэн үг үү?

-Олон хувилбар бий. 

-Дүрэмд өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл яваад байгаа?

-Болохгүй юм байхгүй. Яагаад гэхээр нам гэдэг бол улс төрийн институт. МАН бол 100 жилийн тогтсон үйл ажиллагаатай институт болчихсон хүнээр бол төлөвшчихсөн. Энэ намын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж Засгийн газар, УИХ ажиллаж байна. Засгийн газар, УИХ, намын үйл ажиллагаа хоршиж байж мөрийн хөтөлбөр хэрэгжинэ. Үүнийг нам гэдэг талаас нь харж, ойлгож болохгүй. Иргэдийн хүсээд байгаа орчныг бүрдүүлэхийн тулд Д.Амарбаясгалан гэдэг хүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар орж ирсэн. Салбар хоорондын уялдааг хангадаг, Засгийн газрын газрын "гал тогоо"-ны ажлыг хийдэг хариуцлагатай албан тушаал. Улс төрийн шийдэл ч гарна. Иргэний асуудал ч яригдана. Хүссэн хүсээгүй эрх барьж байгаа нам УИХ-аар дамжуулж ажлаа хийж байгаа учраас үүнд холбоос хийж шаардлага байна гэж үзсэн. 

-Намын үйл ажиллагааг давхар зангидаад явахаар ажил нь цалгардахгүй юу?

-Одоохондоо эцэслэж шийдвэр гараагүй учраас хэлэхэд эрт байна. Ямар ч байсан бодлогын уялдааг хангах зорилгоор энэ албанд томилогдсон гэж хэлж болно.

С.Гандөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top