Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй машинууд хөдөлгөөнд оролцох нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан гэж иргэд үздэг.
2015 онд торгуулийг цахимаар тооцож эхэлснээс хойш 2022 оны наймдугаар сарын байдлаар нийт 3,424,971 удаагийн зөрчилд 81 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэвч үүнээс 2,305,153 удаагийн торгуулийн 47.9 тэрбум төгрөг төлөгдөж, 33 тэрбум төгрөгийн торгууль буюу 41 хувь нь төлөгдөөгүй байна.
Үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адьяасүрэн "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар 36 цогц арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн нэг нь Замын хөдөлгөөний ухаалаг систем. Уг системийг нэвтрүүлснээр торгуультай машинуудыг хянах боломж бүрдэнэ" гэлээ.
Мөн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох ажлыг 2023 оны Нэгдүгээр сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Энэхүү хоёр цахимжилтын үр дүнд торгуулийг дараах байдлаар шийдэх юм байна.
Дүрэм зөрчсөн жолоочид,
-
Хугацаатай сануулга өгөхд
-
Торгох арга хэмжээ авах;
-
Автомашиныг нь ачих;
Гурав дахь шатны хариуцлага тооцуулсан буюу автомашинаа ачуулсан жолооч машинаа журмын хашаанаас гаргаж авахын тулд өөрийн нэр дээрх бүх торгуулийг төлж, машины үзлэг оношилгоонд орж, тээврийн хэрэгслийн ямар нэгэн зөрчилгүй болсон байх шаардлага тавих юм байна.
Зам тээврийн ухаалаг системийг хэрэгжүүлэх хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд 21 цэг дээр байсан хуучин камеруудыг бүрэн шинэчилж байгаа ба камер бүхий цэгийн тоог 44 болгон нэмж байна. Мөн нийслэлийн авто замын 161 уулзварт камер байршуулахын зэрэгцээ Удирдлага хяналтын системийг төвийн зургаан дүүрэгт нэвтрүүлэх аж. Нийт 22 тэрбум төгрөгийн өртөг бүхий эдгээр ажлыг хийснээр хүний хүчин зүйлээр хийдэг байсан тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, төлбөрийн бүхий л хэлбэр мөн цахим болох юм.