Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн түвшинд 51 мянга гаруй багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна. Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтаар 51 мянган багшийн 71 мянган диплом байна. Нэг багш хоёр дипломтой байхыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд 71 мянган дипломоос 59 мянгыг нь шалгалаа. Цаана нь 12 мянган диплом шалгах шаардлага бий.
Шалгагдсан 59 мянган дипломоос 442 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Үүнээс гадна 2,000 бичиг баримт сэжигтэй байна.
Дипломын дугаар давхардсан зөрчил 454 байна. Бусдын овог нэрийг ашигласан, бусдын гарын үсгийг дуурайлгасан, дугаар өөрчилсөн, тамга буруу дарагдсан, сканердсан, регистрийн дугаар өөрчилсөн, өөр сургуульд олгосон дугаарыг авч ашигласан зэрэг зөрчил байна.
Жишээ нь, МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн D201305131 дугаартай дипломыг гурван хүнд давхардуулан олгосон байна. Энэ бол дуурайж үйлдсэн гэсэн үг.
Мөн бүртгэлгүй боловсролын дипломын дугаар ашигласан зөрчил 139 бүртгэгдсэн. Энэ нь тухайн жилүүдэд их, дээд сургуулиудад олгогдоогүй, бүртгэлд огт байхгүй дугаар бичиж, хуурамчаар үйлдсэн гэсэн үг" гэв.