Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Восток 2022” цэргийн хээрийн сургуулилтад монгол цэргүүдийг оролцуулсан талаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Олон нийтийн сүлжээгээр Батлах хамгаалахын салбарын гадаад хамтын ажиллагаатай холбоотой олон мэдээлэл явж байна. Ялангуяа цэргийн хээрийн сургуулилалттай холбоотой талцуулсан, улстөржүүлсэн мэдээлэл гарч байгаад албан ёсны хариулт, няцаалт өгөх зорилгоор тайлбар өгч байна.
Монгол Улсын Батлан хамгаалах яам нь цэргийн дипломат харилцааныхаа шугамаар 40 орчим улстай батлах хамгаалах хамтын ажиллагаатай байдаг. Мөн манай яам цэргийн хамтын ажиллагааны асуудал дээр нэгдсэн бодлоготой, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг.
Цэргийн сургуулилалттай холбоотой асуудлаа Батлан хамгаалах яам дэлхий нийт болон улс орнуудын хэмжээнд нээлттэй зарлаж явуулдаггүй. Энэ асуудал тодорхой хэмжээнд хаалттай байх ёстой.
Ер нь Монгол Улс дипломат харилцаатай 10 орчим улстай цэргийн сургуулилалтыг зохион байгуулдаг.
Тухайлбал, 2022 онд гэхэд Монгол, АНУ хоёр талын хамтарсан долоон сургуулилалтыг зохион явуулсан бол ОХУ-тай хоёр, ХБНГУ, Турк, Катар, Япон зэрэг улстай ч хоёр талын хамтарсан цэргийн сургуулилалтыг явуулж байна. Мөн гадаад оронд болж байгаа Индонез зэрэг энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс оролцож байгаа.
Эдгээр сургуулилалт оролцдог нь Монгол Улсын батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нөгөө талаар манай улс улс төр, дипломат шугамаараа аюулгүй байдлаа хангадагтай холбоотой. Энэ хүрээнд үйл ажиллагаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа хадгалах зорилгоор сургуулилалтуудыг явуулж байгаа" гэлээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн "Восток" сургуулилалтад энэ жил 15 орон оролцож байгаа бөгөөд Монголын цэргийн албан хаагчид энэ сарын 1-7-ны өдрүүдэд ОХУ-ын Владивостокийн ойролцоох Сергеевский сургалтын төв дээр үүрэг гүйцэтгэж байгаа. Монгол Улс бол тэнгисийн цэргийн хүчингүй гэдгийг Та бүхэн мэднэ. Гэтэл Курилын арлууд зэрэг маргаантай байгаа арлууд дээр Монголын цэргийн алба хаагчдыг сургуулилалтад оролцож байгаа мэтээр мушгиж гуйвуулсан мэдээлэл явж байна. Тийм зүйл байхгүй.
Монголчууд цэргийн алба хаагчдынхаа чадавхыг нэмэгдүүлэх болон хоёр улсын уламжлалт найрамдалт харилцааг бэхжүүлэх, бусад орнуудтай харилцах суралцах зорилгоор сургалтыг зохион байгуулж байгаа" гэлээ.