Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал өнөөдөр болж, салбарын сайд газар, хэлтсийн удирдлагуудад үүрэг өгчээ.
Тодруулбал, бүтээн байгуулалт, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил эрчимжиж байгаа үед хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарах, Тяньжин, Замын-Үүд боомтод нэмж чингэлгийн бөөгнөрөл үүсгэхгүй байх, одоо үүсээд буй чингэлгийн бөөгнөрлийг нэг сарын дотор арилгах, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх, бүртгэлийн серверийг засаж, иргэд ААН-д ямар ч хүндрэл чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг даалгасан байна.
Автомашины даац хэтрэлтэд тогтмол хяналт тавьж замын эвдрэлээс урьдчилан сэргийлэх, төлбөр хураах цэгүүдийг цахимжуулах, зохистой газарт байршуулах, үнэлгээ, хяналт хийж байгаа арга барилдаа анхаарч, харьяа газруудын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, хурдны замын баталгаат засвар, арчлалтыг хийлгэхдээ тэмдэг тэмдэглэгээ тавьж, иргэдэд урьдчилан мэдээлэл хүргэх хэрэгтэй гэжээ.
Түүнчлэн дотоодын нислэгийн тийзийн үнийг хямдруулах, гадаад дотоод нислэгийн тоог нэмэгдүүлэх боломжийг судлан танилцуулахыг Иргэний нисэхийн ерөнхий газарт даалгажээ.
Мөн Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зорилтоо хэрхэн бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлэх талаар тодорхой шийдэл гаргаж, салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх талаар санал дүгнэлтээ өгч, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүргэх талаар салбар бүр анхаарах ёстойг сануулсан байна.