Каннабисын төрлийн сэтгэцэд нөлөөлөх ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ.
Есдүгээр сарын 2-нд Гүнт дэх нийслэлийн шалган нэвтрүүлэх постоор "Toyota SAI" маркийн тээврийн хэрэгслээр гурван иргэн гурван килограмм орчим, дөрвөн ширхэг битүү скотчидсон гялгар хар тортой, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх каннабисын төрлийн ургамал болон цаасанд боодолтой нунтаглаж хатаасан ургамлыг тээвэрлэж орсон байна.
Үүнийг Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Лхагва-Очир хяналт шалгалт хийн илрүүлж, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг, эхчүүд хүүхдэдээ байнгын хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.