Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон Э.Болормаа Ерөнхий сайдын захирамжийг гардан авчээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Ховд аймгийн Засаг даргаар томилогдлоо. Захирамжаа гардан авч, “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Ховд хот руу нисэх гэж байна.
Та бүхнийхээ итгэл найдвар, Ховд аймгийн 90 гаруй мянган иргэний хүсэл эрмэлзлийг өвөртөлж, Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээлээ. Энэхүү өндөр үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна.
Тийм ч учраас Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэж, хичээнгүйлэн ажиллах болно.
Сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа Монгол улсынхаа хөгжлийн төлөө зориулж буй шинэ үеийн залуусаа дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Залуусын хамтын хүч, эв нэгдлээр илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээцгээе.
Мөн өнөөдрөөс эхэлж энэхүү хуудсаараа дамжуулан орон нутгийн аж амьдрал, бодлого, шийдвэрээ цаг алдалгүй хүргэхийг эрмэлзэх болно оо. Та бүхэн тусалж, дэмжээрэй.
Төрөлх Ховд нутгаа цэцэглэн хөгжүүлж, Монгол Улсын тэргүүлэх аймаг болгохын төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе" хэмээн бичжээ.
Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.