Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр “Засгийн газрын бодлогоор эдгээр томилгоонууд хийгдсэн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон бол мэргэжлийн хүн. Энэ салбарт мэргэжлээрээ 30 орчим жил ажилласан учир ажилласан байдлыг харгалзан үзэж өмнөх Засгийн газар салбар хариуцсан сайдаар ажиллуулж байсан. Эрдэнэт, Эрдэнэс-Тавантолгой зэрэг томоохон үйлдвэрүүд мэргэжлийн удирдлагаар хангагдаж байх ёстой. Нөгөө талаас улс төрийн туршлагатай, Засгийн газар, УИХ-ын түвшинд үйл ажиллагаагаа танилцуулах чадвартай хүмүүсийн туршлагыг харгалзан үзэж томилдог. Мэргэжлээс гадна улс төрийн харилцаанд илүү ойр, Засгийн газар, УИХ-ын түвшинд ажлаа танилцуулж, ойлгуулж чаддаг байх туршлага их чухал байдаг.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн захирал бол “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд байдаг Зэсийн группийг хөл дээр нь босгож ирэх даалгавар авч ажиллахаар болсон. Зэсийн групп нь одоогоор цаасан дээр байгуулагдсан байгаа ч цаашлаад зэстэй холбоотой бүх бодлогыг энэ групп дээр нэгтгэснээр Монгол Улсын баялгийн сан болох юм. Өөрөөр хэлбэл, энэ хүний уул уурхайн салбарт ажилласан туршлагыг Засгийн газар ашиглаж байгаа юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Л.Халтарыг яамных нь дэд сайдаар томилсон. Энэ хүн хүндрэлтэй цаг үед Зам тээвэр, хөгжлийн сайдын алба хашсан. Өөрөөр нь хамаарсан алдаа дутагдал 100 хувь байсан гэж үзэх аргагүй. Яагаад гэвэл гаднын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, тендер шалгаруулалт нь зөвхөн Монголын талаар шалтгаалахгүй саад бэрхшээлтэй учирч байгаа. Нөгөө талаасаа Л.Халтар төмөр замд цэвэрлэгчээс эхлээд сайд хүртэл нь ажилласан төмөр замын туршлагатай хүн. Тиймээс энэ хүний мэргэжил туршлагыг бусад салбарт ашиглах ёстой гэдэг үүднээс энэ томилгоог хийсэн.
Мөн тус яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнийн тухайд төрийн болон улс төрийн ажлын олон жилийн туршлагатай. Энэхүү туршлагыг харгалзан үзээд зарим дэд сайдыг сэлгэн ажиллуулах бодлого баримталж байна. Энэ бодлого зөвхөн Ж.Бат-Эрдэнэ сайдаар зогсохгүй. Цаашдаа бусад салбарын сайд нарыг салбар хоорондын харилцан уялдааг сайжруулах зорилготойгоор сайд нарыг сэлгэн ажлуулах бодлогыг баримтална.
Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван сайд нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар хоёр сайд албан ёсоор томилогдоод байгаа. Гэхдээ энэ гурван сайд хариуцсан яамгүй буюу ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явуулна. Сайд гэдэг албан тушаалыг шагнал хэлбэрээр өгч байгаа зүйл огт биш. Тухайлбал, Улаанбаатар хотын түгжрэл дан ганц нийслэлийн асуудал гэхээсээ илүү Монгол Улсын бодлогын асуудал болсон. Бодлогын асуудлуудыг нэгтгэж, яамд хоорондын уялдаа холбоог хангах үүднээс түгжрэл хариуцсан сайдыг томилсон.
Боомтын асуудал хариуцсан сайдын тухайд, манай улс хилийн цаадах боомтын захиргаатай Монгол талаас 5-6 нэгж харилцаад байдгийг засаж нэг нэгж харилцдаг болъё гэдэг бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа.
Аливаа улс орны хувьд улс орноо таниулан, сурталчлах нэг том салбар нь спорт. Тэгвэл манайд Ерөнхий сайдын харьяаны ганц агентлаг яваад байгаа нь тухайн салбарын бодлогыг Засгийн газрын түвшинд авч явах боломжийг хомс болгоод байгаа юм. Тиймээс улс орон болгоны амбицад байдаг спортын тэргүүн эгнээнд гаргаж ирэх зорилгоор Спортын асуудал эрхэлсэн яамгүй сайдын орон тоог бий болгосон. Төсвийн тухайд Спортын сайдын ажлын алба гурав хүртэл хүний орон тоотой ажиллах боломжтой. Замын түгжрэлтэй холбоотой асуудалд арай өргөн бүрэлдэхүүнтэй ажлын албатай байх шаардлага үүсэж байгаа” гэлээ.