2022-2023 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байна.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан албан байгууллагууд цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй ажилчиддаа өглөө, өдөр 1-2 цагийн чөлөө өгч, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх боломжоор хангаж байна.
Тэгвэл энэ өдөр Нийслэлийн цагдаагийн байгууллагууд хамгаалалт, зохицуулалт хийж хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын удирдлагын зүгээс харьяа хэлтсүүдийн эргүүл, жижүүр, томилгоот алба хаагчдаас бусад сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгч байгаа болон шинээр сургуульд элсэн орох хүүхэдтэй алба хаагчдыг ажлын үндсэн чиг үүргээ алдахгүйгээр эцэг, эхийнхээ үүргийг биелүүлэх боломжоор хангаж 10:00-11:00 цагийн хооронд чөлөө, зөвшөөрөл өгөх шийдвэр гаргаж, холбогдох чиглэлийг өгсөн байна.
Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газраас "Та бүгдийнхээ ар гэр, үр хүүхдэд эрүүл энх, аз жаргал хүсэж, сурагч хүүхдүүддээ сурлагын амжилт хүсье. Үр хүүхдээ тайван хүргэж өгөөд ирээрэй" хэмээжээ.