Соёлын сайд Ч.Номинтой ярилцлаа.
-"Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг УИХ-аас батлаад хоёр жил боллоо. Хэдийгээр өмнөх парламентын үед баталсан урт хугацааны хөгжлийн бодлого ч бодит ажил хэрэг болгох асуудал нь Танай Засгийн газарт хамаарч байна. Жишээ нь, Үндэсний нэгдмэл үнэт зүйл гэж ярьж эхэллээ. Соёлын сайдын хувьд үндэсний нэгдмэл үнэт зүйл гэж яг юуг хэлээд байна вэ?
-"Алсын хараа-2050" нь өөрөө есөн баганатай хөгжлийн бодлого. Хамгийн эхний буюу суурь бүлгэм нь Үндэсний нэгдмэл үнэт зүйл. Түүнийг хэрэгжүүлж, бэхжүүлэх нь Соёлын яамны үндсэн үүрэг, ажил нь. Бидний түүх нэгдмэл. Соёл нь нэгдмэл. Энэ бүхнийг өнөөдрийг хүртэл хугацаанд ойлгодог ч байдаг л зүйл шиг хардаг. Уг нь энэхүү бахархлыг сэргээх, нэгдмэл улсын үнэт зарчим нь соёлоороо дамжиж бий болж байгааг тодорхойлж, зөв талаас нь харуулах ёстой. Улсын нэгдмэл байдлыг нийгэм, эдийн засаг, соёл, улс төрөөр нь тодорхойлдог. Энэ дотроос соёлын буюу хэл, түүхийн нэгдмэл байдлыг бий болгох туурь, жинхэнэ оюун санааны соён гэгээрлийн суурийг тавьж байгаа нь манай яам. "Алсын хараа-2050" бодлоготой уялдуулсан гэсэн үг.
Мэдээж үндэсний үнэт зүйлийг бэхжүүлэхийн тулд эхлээд юу хийхээ тодорхойлох хэрэгтэй болно. Улсын нэгдмэл байдлыг дөрвөн чиглэлээр харж болох юм байна гэдэг судалгаа хийсэн. Манайхтай уялдаатай нь соёлынх. Хүний оюун санаанд байгаа учраас бага зэрэг хийсвэр ойлголт учраас хамгийн түрүүнд индексжүүлэх шаардлага гарсан юм.
"Алсын хараа-2050"-д таван зорилт бий. Монгол хэл, бичиг, эрдэм шинжилгээг сайжруулах гэх зэргээр. Үүнийг индексжүүлэхээр 87 орчим болсон. Нүүдлийн соёл иргэншлийн төв болохоос эхлээд бүх талын судалгааг хийж дуусгалаа. Аливаа нийгмийг хөгжүүлэхийн тулд судалгаа, тооцоо байх ёстой. Тэгж байж хөгжлийн түвшин тодорхой болно. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын соёлын нэгдмэл байдал 68 орчим хувьтай байна. Үүнийг өсгөж байж илүү үр дүнд хүрнэ. Бидний ирээдүйн бахархал баталгааны нэг зүйл нь соёлын нэгдмэл байдал.
-Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэсэн заалтыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нэмж оруулсан юм билээ. Магадгүй энэ нь "Алсын хараа-2050" бодлого урт хугацаандаа тогтвортой хэрэгжих баталгаа нь болох байх? Үндэсний нэгдмэл үнэт зүйл гэж яривал тулгар төр байгуулагдсан 2231 жилийн өмнөөс эхэлнэ. Одоо бол зөвхөн Үндэсний их баяр наадмаар монголчуудын нэгдмэл ойлголт тодордог шүү дээ?
-Үүнтэй 100 хувь санал нийлэхгүй. Яагаад гэхээр хүн болгон соёлыг тээгч, түгээгч. Соёлын өвийг өвлүүлэгч. Хүн бүр өдөр тутамдаа эцэг, эхээсээ болон бусад хүчин зүйлээс соёлын биет бус өвийг авч байгаа юм. Цаашаа ч өвлүүлж, уламжлуулаад явдаг. Хамгийн томоор илэрдэг, соёлын өвийн дархлааг бий болгож буй нь мэдээж наадам. Нөгөөдөх нь Цагаан сар. Нэн түрүүнд Монгол өв соёлын бахархах сэтгэлийг бий болгодог. Бахархалд суурилж байж түүнийг мэдрэхийг хүсдэг. Монголоороо, өв соёлоороо, Н.Жанцанноров тэргүүтэй эрдэмтдийн хэлдэг шиг дархлаа суулгаж, ванцинжуулдаг нь Үндэсний их баяр наадам. Хамгийн том үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлын биет болон биет бус өв нь гэр бүлийн орчинд эцэг, эхийн хүмүүжил гэж боддог. Соёлын яамны зүгээс хүмүүсийн өдөр тутмын харилцаанд соёлын өвийг хэрхэн хүртээмжтэй болгох уу гэдэгт анхаарч байгаа юм. Тулгар төр байгуулагдсан үеээс үүссэн соёлын биет болон биет бус өвийн бодлого бий болсон. Түүнийг нь одоогийн, ирээдүй хойч үедээ өвлүүлж, уламжлуулах нь чухал.
-Саяхан зохион байгуулсан "Нүүдэлчдийн фестиваль" үүний нэг жишээ нь байх?
-Нэгдүгээрт, маш сайн зохион байгуулалттай болсон. Иргэд соёлын биет бус өвтэйгөө шууд танилцаж, харьцах боломжийг олгосон. Өдөрт 26 мянган иргэн, жуулчид очсон тоо бий. Фестивалийн онцлог нь өөрөө иргэдийн оролцоонд суурилсан. Цагаан сар гэхэд яг оролцоонд суурилдаг. Долоон ай савын 362 орчим соёлын биет бус өвийг мэдэрч, өөрсдөө оролцсон. Сур элдэх, шагай харваа, янз бүрийн үндэсний спортоо биеэрээ мэдэрч оролцох нь сонирхолтой болгосон. Буцааж нийгэмд нь "мода"-нд оруулах талаас нь ажилласан гэсэн үг. Идээ ундааны соёл гэхэд боловсруулахаас эхэлж, амталгаа хийхээр дуусч байгаа юм.
Гэхдээ зарим хүн миний хэлсэн үгэнд ач холбогдол өгч байна лээ. Нүүдлийн соёл иргэншлийн төв улс болно гэдгээр. Гол асуудал нь буцаад нүүдэлчин ахуй руугаа шилжинэ гэсэн үг биш. Бидний соёлоор дэлхийн бусад улс орон гоёод, түүгээрээ эдийн засгийн эргэлтэд орж байна. Өөр газарт манай соёлыг өмчлөх гээд байна шүү дээ. Тулгар төр байгуулагдсан цагаас гэвэл тэрхүү төв нь бидний оршин тогтнож байгаа нутаг дэвсгэр. Гэтэл Турк, Киргизстан, Казахстанд ч юм уу? эсвэл Өвөрмонголд энэхүү соёлыг түгээгээд, өөрсдийн гээд гоёж байна. Бидэнд 362 орчим соёлын биет бус өв нь байна. Үүнийгээ дэлхий дахинд таниулъя. Аялал жуулчлалаа татъя. Ямар гайхалтай, гайхамшигтай өв уламжлалтай юм бэ? гэдгээ харуулъя. Нөгөө талдаа зөөлөн хүчний бодлогоор өөр соёлыг бий болгоод 2000 гаруй жилийн турш авч яваад, байлгаж байгаагаа таниулъя. Түүнийг дагаад аялал жуулчлал хөгжинө. "Алсын хараа-2050"-д багтсан эдийн засгийг солонгоруулах зургаан чиглэлийн нэг болох аялал жуулчлалд хэрэгцээтэй соёлын бүтээгдэхүүн үйлчилгээ болгож өгье гэж байгаа юм. Цаашдаа олон улсын фестиваль болгохоор зорьж байна.
Хоёр дахь том бодлого нь ирээдүй хойч үедээ өөрсдийн соёлоор бахархах, сонирхох боломжийг бий болгоно. "Дэлхийн нүүдлийн соёлын наадам" болгох юм. 2030 он гэхэд 80 орчим нүүдэлчин соёлтой хүнийг "Нүүдэлчин фестиваль"-д авчирч оролцуулна. Ингэж байж өөрсдийгөө нүүдэлчдийн соёлын төв болгож гаргах ёстой.
-Үе үеийн Ерөнхийлөгч нар өөрсдийн бүрэн эрхийн хугацаанд өв соёл, уламжлалтай холбогдуулж зарлиг гаргасан байдаг. Морин хуур, Монголын нууц товчоог залах, Үндэсний эх хэлний өдөртэй болох зэргээр. Сүүлд Чингис хааны эш хөргийг залах зарлиг гарлаа. Удахгүй нээлтээ хийх "Чингис хаан"-ы музей гэхэд олон улс судлалд Монголыг арай өөр түвшинд харуулж чадах болов уу?
-Их Эзэн Чингис хааны эш хөргийг албан байгууллага, айл өрхүүдэд залж эхэлсэн нь Монгол бахархлыг дотооддоо сэргээж буйн суурь илрэл. Монгол Улс соёлын биет өвөөрөө Азидаа томоохонд тооцогдоно. 2230 гаруй жилийн түүхтэй болохоор гайхуулах, бахархах өв нь олон. Сүүлийн 30 жилд том хэмжээний соёлын бүтээн байгуулалт ашиглалтад орсонгүй. Өмнө хийсэн бүтээн байгуулалтынхаа хүрээнд бусдад сурталчилж, соёлын үйлчилгээ үзүүлнэ гэдэг учир дутагдалтай. Одоо байгаагаа байнга засч, сэргээн засварлаад явах боломж бий юу гэвэл бий. Гэхдээ гаднаас хүмүүс ирэхэд Монгол Улсын талаар бүрэн хэмжээний ойлголт өгөх, ямар хэмжээний гүрэн улс байсан талаарх мэдрүүлэх үйлчилгээг бий болгох, манайд зарцуулах долларын дүнг нэмэгдүүлэх зорилготой. Энэ утгаараа маш том хэмжээний хөрөнгө оруулалт бүхий соёлын бүтээн байгуулалт. Монгол Улсыг 2230 жилийн өмнөхөөс харуулах түүхийг харуулахаас гадна дэлхийд оруулсан хувь нэмрийг үзүүлнэ. Соёлын хөдлөх өвүүдийг олон улсын стандартад нийцсэн хадгалалт, хамгаалалттай. Нөгөө талдаа ирсэн хүмүүст улс орноо маш сайн хэмжээнд таниулаад өнгөрөх боломж гэж харж байна.
-Ц.Оюунгэрэл сайдын үед хууль бусаар хил давуулсан "Батаар"-ын араг ясыг Монголд авчирч байсан. Тухайн үедээ хамгийн их үзэгчтэй үзмэрээр тодорсон санагдаж байна. Үүн шиг "Чингис хаан"-ы музейд ховор, үнэтэй үзмэрүүдийг гадаадаас авчирч дэлгэнэ гэсэн мэдээлэл бий?
-Музейн үзмэрийн 90 гаруй хувь нь жинхэнэ. Өмнө нь хэзээ дэлгэгдэж байгаагүй тийм үзмэрүүд. Далд байсан үзмэрүүдийг ил гаргаж буйгаараа онцлог. Үнэхээр үнэ цэнэтэй, ховор үзмэрүүд гэсэн үг. Үзэл баримтлал нь анхнаасаа бий болохдоо Хүннү гүрнээс Богд хаант засаглал хүртэл яваад Чингис хааны үед дэлхийд оруулсан хувь нэмрийг харуулна. Монгол Улсын түүхийг бүтнээр нь, том зургаараа харуулах юм. Дотооддоо өөрсдийн үүх түүхтэй танилцах, гаднынхан ирээд бүрэн хэмжээнд нь хараад Монгол Улсаар бахархах шалтгаан болно. Миний хувьд нэг юмыг харж, бодож явдаг. Дэлхий дахинд байгаа Монголтой холбоотой үзмэрүүдийн заримыг татаж авчрах шаардлагатай юу шаардлагатай. Гэхдээ хууль бусаар хилээр гаргасныг нь. Хуулийн дагуу нэвтрүүлснийг наашаа татах бус тэнд нь ил гаргах чухал. Тэр нь манай улсыг давхар сурталчлаад байж байх юм.
Луврын музейгээр дамжуулж, Монголын үзмэрийг хүн болгон үзнэ. Тэгэхээр бодлогын түвшинд хууль бусаар хил давсан зүйлийг буцаан татах асуудлаар мэдээж ажиллана. Албан ёсныхыг хадгалж, хамгаалж байгаа газартай нь хамтарч ил гаргах, үзмэр болгох бодлогыг баримтлах ёстой. Сан хөмрөгийн хэмжээнд байж болохгүй гэсэн үг.
-Соёлын өвийг зохих зөвшөөрөлтэй болон хууль бусаар хил давуулсан талаарх албан ёсны тоо баримт байдаг уу?
-Соёлын өвийн үндэсний төв бүх тоо бүртгэлийг хийдэг. Тооллого, сэргээн засварлалтыг дэмжих үүрэгтэй байгууллага учраас сүүлийн жилүүдэд энэ асуудалд маш сайн анхаарч эхэлсэн. Олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтарч судалгаа хийдэг. Сайн мэдээллүүд байдаг. Тогтмол хийдэг ажил. АНУ руу хууль бусаар хил давуулсан палентлогийн олдворуудыг судалж, заримыг нь Монгол руу татах ажил яваа. Зарим асуудал нь бүрэн гүйцэт дуусаагүй учраас илүү мэдээлэл өгөх шаардлагагүй болов уу? гэж бодож байна.
-Таны хувьд сайд болсныхоо дараа ЮНЕСКО-той хамтарч хийсэн судалгааны хүрээнд салбараа 12 чиглэлд хуваасан нь ямар учиртай юм бэ?
-"Алсын хараа-2050" болдлогод бүтээлч эдийн засгийг бий болгохоор тусгасан. Дэлхий дахинд 2001 оноос эхэлж яригдсан зүйл. Түүн дотроо урлаг, технологи, шинжлэх ухааны салбар нь нийлж бүтээлч эдийн засгийг бий болгодог. Түүнд нь манай салбар, тэр дундаа урлахуйн үйлдвэрлэл нь орж байгаа юм. Дэлхийд хэдийнэ хөгжүүлээд эхэлсэн. Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулж өөрийн орныг сурталчилж таниулж, зөөлөн хүчний бодлогоо тэлж чадаж байна. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэл нь өөрөө эдийн засгийн эргэлтэд ордог. Дам нөлөөгөөрөө бусад эдийн засагтаа нөлөөлнө. Соёлын салбар гээд ярихаар соён гэгээрүүлэх юм байна гэж нэн түрүүнд боддог. Өв уламжлалаа хадгалах юм байна, эсвэл сонгодог урлаг гэсэн түвшинд хардаг.
Өөрийнх нь бие даасан эдийн засагт хувь нэмэр оруулах боломжтойг төдийлөн хардаггүй. Тийм болохоор эдийн засаг, статистикийн ангилалд бүхэлдээ орхигдсон. Ямар байдлаар бүртгэгдэж байна вэ? гэхээр үзвэр үйлчилгээ, тоглоомын түвшинд байдаг. Кино урлагийн салбар нь хэвлэл мэдээлэл дотор явж байх шиг. Бүтээлч эдийн засгаар дамжуулж үзүүлж байгаа үр нөлөөг нь тодорхойлж чадахгүй явж ирсэн шалтгаан энэ. Аливаа нийгмийг хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд судалгаа хэрэгтэй. Нотолгоо баримтыг бий болгох хэрэгтэй. Юу хийх гэж буйгаа хэмждэг байх ёстой. Дараа нь хэрэгжүүлдэг. Угаасаа тийм зарчимтай. Тиймээс хамгийн түрүүнд судалгаа хийсэн. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг ярихаар бусдыг нь орхигдуулаад байна гэдэг.
Эцсийн том зорилго нь үндэсний үнэт зүйлийг бэхжүүлэх. Монгол бахархлыг бий болгох. Монгол хүнийг дэлхийн Монгол хүн болгох нь бидний, Соёлын яамны эцсийн зорилго. Түгээх гэж байгаа зүйл нь соёлын бүтээлч үйлдвэрлэл. Газрын, байгалийн баялагтай улс гэдгээ өдөр бүр тодорхойлдог. Угаасаа уул уурхайгаар дагнасан эдийн засагтай улс. Гэхдээ дэлхийд юу нийлүүлэх үү? гэдгээ тооцоолох ёстой. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нөөц нь юу юм гэхээр биет болон биет бус өв. Нэн ялангуяа биет бус өв. Үүнд тулгуурсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм.
ЮНЕСКО-гийн хүрээ гэж бий. Энэ дагуу бүх судалгааг хийж, 11 мянга гаруй аж ахуйн нэгжтэй юм байна гэдгийг тогтоосон. 6000 орчим нь тогтмол үйл ажиллагаатай, 30 гаруй мянган хүн ажиллаж байна. Язгуур урлаг, утга зохиол, хэвлэл мэдээлэл, дуу дүрсний буюу кино урлаг, тайзны, хувцас загвар, дүрслэх зэргээр 12 чиглэлээр гаргасан. Уг нь 94 чиглэл гарсан юм.
-94 чиглэлээ 12-т багцалсан гэсэн үг үү?
-Хэдхэн хүн тойрч суугаад ухаантайдаа гаргаад ирчихсэн юм биш. ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын статистик хүрээ нь. Англид анх суурийг нь тавьж байсан Зөвлөх нь манай судалгаанд ажилласан. Тэр дагуу 94 чиглэлээ 12-т хуваасан. Жил хагасын хугацаанд хийсэн ажлын нэг. Үүнээс зургаан чиглэлийг тэргүүлэх зургаан чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Дэлхийн чиг хандлага юу байна. Ямар зүйлийг хөгжүүлж байна. Бидэнд ямар нөөц байна. Кино үйлдвэр, зохиолч, хувцас загварынх нь байна уу? Ирээдүйн чиг хандлага юу байна вэ? зэрэг бүгдийг нь судалж, тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Кино, дуу дүрсний урлаг байна. Утга зохиол гэхэд бүх юмны суурь. Дүрслэх урлагийн салбарынхан хөгжчихсөн, хол явах чадамжтай. Дуу хөгжмийн салбарт сонгодгоор яваа дуучид нь багтана. Дижитал контент, тоглоомын хувьд телевиз, Youtube хөгжүүлэлтэд бид хоцорсон, араас нь явж байгаа. Гэтэл хүүхдүүд цахим хөгжүүлэлтэд суурилах нь олширч байна. Тухайн хүүхдийн хүлээж авч байгаа платформ дотор нь өөрсдийн соёл, агуулгыг оруулж өгөхгүй бол харьцаж чадахаа больж байна. Энэ мэт зүйлийг тооцсоны үндсэнд тэргүүлэх зургаан чиглэлийг гаргаж ирсэн.
Ингэхдээ найман бодлогын хүрээнд хөгжүүлэх юм байна гэдгээ тодорхойллоо. Уул уурхайг хөгжүүлэхэд хайгуул хийхээс эхэлдэг. Үүн шиг кино, дуу хөгжим, хувцас загвар хийх үйлдвэртэй болох дэд бүтцийг нь бий болгох ёстой. Хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй юм байна. Өв соёлоо нөөц гэж үзээд байгаа юм бол томоохон эрдэмтэн судлаачдаас залуу үедээ мэдлэгийн шилжилт хийх ёстой зэргээр тодорхойлсон. Соёлын бүтээлч үйлдвэрлэл 12 чиглэлтэй байна. Үүнээс зургаа нь тэргүүлэх чиглэл болно гэсэн урт хугацааны бодлогоо гаргаж байгаа юм.
-Үр дүнд суурилсан урамшуулал олгодог тогтолцоо соёлын салбарт бий болгосон гэж сонссон?
-Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг нь энэ салбарыг бүхэлд нь тодорхойлоод байгаа зүйл биш. Бидний яриад байгаа өв, соёлыг түгээх үйлдвэрлэлийнх нь шугамыг бий болгох юм. Өнөөдрийг хүртэл хугацаанд бүтээл хийдэг сэтгэхүйтэй байсан болохоос бүтээгдэхүүн хийдэггүй байсан. Бүтээсэн зургаа яаж олон өөр лангуугаар зарж, борлуулж, бүтээгдэхүүн болгох вэ? гэдгээ бодохгүй байна. Бүтээл хийснийг нь бүтээгдэхүүн болгож борлуулах нь бүтээлч үйлдвэрлэлийн зорилго.
Үүн шиг Төр өөрөө иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг ижил тэгш байлгах үүрэгтэй. Яамны харьяа 400 гаруй байгууллага бий. Нэгэнт төрөөс санхүүжүүлж яваа учраас төсвийн ашигтай байдлыг хэрхэн бий болгох нь чухал. Яаж чанартай соёлыг иргэдэд хүртээмжтэй хүргэх вэ?. Дуурь, драм, Үндэсний их урлагийн театраас гадна орон нутагт үйл ажиллагаа явуулдаг газруудын хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд олон улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хэрэглэдэг гүйцэтгэлд суурилсан урамшууллын системийг оруулж ирсэн.
Байгууллагад суурь зардлыг нь өгнө. Тэрийгээ ашиглаад хэрхэн хүртээмжтэй байсныг нь шалгуур, үзүүлэлтээр дүгнэнэ. Үр дүн нь сайн байвал түүнд нь суурилсан урамшууллыг өгөх зарчим руу орж байгаа юм. Төсвийн санхүүжилт үр дүнтэй болно, Соёлын төвд байгаа ажилтан, албан хаагчдын чадвар сайжирна. Хамгийн чухал нь тухайн үйл ажиллагаанд хамруулж байгаа орон нутгийнхаа хүн амын хэдэн хувьд нь соёлын арга хэмжээ хийснийг нь харна. Тухайн нэмэлт санхүүжилтээр байгууллагынхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажилчдынхаа нийгмийн баталгаа, цалин урамшууллыг нь сайжруулахад ашиглаж боломжтой.
-Гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгоод ирэхээр төсөвт тодорхой хэмжээний санхүүжилт суулгах уу?
-Соёлын салбарын ажилтан, албан хаагчдын цалин бусдаасаа хамаагүй бага байдаг. Олон жилийн турш энэ салбар өөрөө хавсрага бодлого явсантай холбоотой. Нэг талдаа чанартай юм хүсч байвал нөгөө талдаа тодорхой хэмжээний зарцуулалтыг бий болгох ёстой. Ямар нэгэн хөрөнгө оруулалтгүйгээр юу ч сайжрахгүй. Эдийн засаг дагаж байж юм сайжирдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний төсвийн нэмэгдэл гарч ирнэ. Гэхдээ үүнийг авахын тулд чанараа сайжруулах ёстой. Зүгээр цалинг нь нэмэх асуудал байхгүй. Эхлээд байгаа суурь зардлынхаа хүрээнд сайжруулалт хий. Тэгж байж нэмэлт урамшуулал өгөх систем. Төсөвт нэмэгдэл орох ч соёлын хүртээмжийг илүү хүртээмжтэй, чанартай болгох бодлого.
-Кино урлагийн хуулийг батлаад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хуулийн хэрэгжилт ямар шатандаа яваа бэ. Соён гэгээрүүлэх, соёл урлагийн салбарын хөгжилд томоохон хөшүүрэг болно гэсэн хүлээлттэй байсан шүү дээ?
-Хууль баталсны дараа маш олон дагалдах журам гаргадаг. 2021 оны долдугаар сард хуулиа батлуулсан. Өнгөрсөн хугацаанд тодорхой ажлыг төлөвлөж, дагалдах бүх журмаа батлуулж дууслаа. Зүгээр бичээд өнгөрөх зүйл биш гэсэн үг. Хүний амьдралын хэм хэмжээг тогтоож байгаа юм нь хууль. Хэрэгжилтийг хангахын тулд журам шаардлагатай. Журмыг гаргахад зохицуулалт хэрэгтэй. Тийм учраас маш сайн зохицуулалттай журам баталлаа. Кино урлагийн салбар бол Төрөөс хэт оролцоотой байх ёсгүй. Өөрийн зохицуулалттай явах ёстой. Салбарын хөгжил нь хувийн хэвшлээрээ яваад хэрэгцээтэй буюу төрийн зохицуулалтыг өөрсдөөсөө гаргаж ирээд санал болгох хэрэгтэй юм. Тэгэхгүйгээр яаманд байгаа бид тухайн салбарын зовлон, жаргалыг мэдэхгүй.
Кино урлагийн зөвлөлтэй боллоо. Тогтвортой байлгахын тулд Төрөөс санхүүжилттэй Ажлын албатай болгож өглөө. Зөвлөл анхны хурлаа хийлээ. Ажлын албанаас нь Зөвлөлөө танилцуулсан арга хэмжээг Каннын кино наадамд оролцлоо. Үүнтэй зэрэгцээд томоохон хэмжээний олон улсын маркетад оролцож, хуулиа танилцууллаа. Уг хууль дотроо хоёр үндсэн зохицуулалтыг бий болгосон. Нэг нь Монгол Улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх. Нөгөөх нь олон улсын кино бүтээгчдийг Монголд оруулж ирэх. Миний хувьд Монголын кино урлагийг давуу талтай гэж боддог. Зүүн Европоор дамжаад орж ирсэн суурь сайтай. Гэхдээ Монгол руу ямар нэгэн байдлаар гэрэл тусгаж, таниулах ёстой.
Дээрээс нь томоохон бүтээл хийж байгааг нь Монголд авчирвал залуусын ур чадвар хурдан өснө. Тухайн киног Монголд ирж хийснээр төлбөрийн тэнцэлд нэмэх болж ирнэ. Монголд ирээд машин түрээслэнэ, буудалд бууна, хоол иднэ. Тодорхой хэмжээний хүмүүст цалин өгнө. Хамтарч кино хийж үзэхээр технологийг нь сурна. Түүнийг нь ашиглаад өөрсдийн оюун санаанаас гарсан агуулгатай хоршуулж дэлхийд гарна. Агуулга нь сайн байсан ч ямар төрлийн киног яаж хийхийг мэдэхгүйгээс хэтэрхий урт эсвэл богино сцени тавьдаг байж магадгүй. Дэлхий нийтээрээ үздэг технологийг хэдэн зуунаар нь ойлгоод хийдэг болчихсон улс өөр. Тэрийг нь хурдан нэвтрүүлэхийн тулд гаднаас аль болох олон кино оруулж ирэх хэрэгтэй.
Буцаан олголтын боломжийг олон улсад олгоод байгаагийн шалтгаан энэ. Зохицуулалт нь тавигдсан учраас Зөвлөлөөс нь Кино урлагийг дэмжих сангаа ажиллуулж, дотоодын уран бүтээлчдээ дэмжих ёстой. Олон улсаас ирэх кино зураг авалтын хүсэлтийг хүлээж авах хэрэгтэй. Ингэвэл дараа жилээс маш идэвхтэй ажиллах байх. Жишээ нь, гаднын томоохон кино фестивалуудад Монголыг төлөөлж нэр дэвшүүлэх боломжтой болсон.
-"Оскар"-т ч нэр дэвшүүлэх эрхтэй юү?
-Зөвлөлөөрөө дамжуулж, нэр дэвшүүлэх киногоо гаргаад ир гэсэн шаардлага тавьдаг. Тэр боломж нь хуулиар нээгдсэн.
-Ирэх жилээс албажаад явах уу?
-Кино урлагийн зөвлөл нь хуралдаад нэр дэвшүүлэх киногоо гаргаад ирвэл ирэх аравдугаар сараас ч боломжтой. Яам бодлогоор дэмжинэ. Гэхдээ энэ салбар аль болох өөрийн зохицуулалттай болох хэрэгтэй.
-Бодлогын чанартай дэмжлэг үзүүлэхээс бусдаар Зөвлөлийн үйл ажиллагаанд оролцохгүй гэж ойлгож болох уу?
-Тийм. Зөвлөлөөс гаргаж ирсэн юмыг нь баталгаажуулах чиглэлийг барина. Мэдээж төсвийн зарцуулалт гарах учраас хяналт тавина. Урт хугацаандаа олон улсын түвшинд очихоор өөрсдөө бодлогоо гаргаад явах байх.
-Бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт нь яаж явсан байдаг юм?
-Хууль, журмынхаа дагуу нээлттэй сонгон шалгаруулсан. Төрийн байгууллагаас дөрөв, мэргэжлийн уран бүтээлчдээс долоон хүний бүрэлдэхүүнтэй. Төрийн гэдэг нь оюуны өмч, Сангийн, Соёлын яам, Ажлын албаны нэг гишүүн багтана. Бусад нь мэргэжлийн хүмүүс. Дотор нь хэн орсныг хувь хүний хувьд мэдэхгүй байна.
-Музейн тухай хууль бас бий?
-Монгол Улсын хөдлөх өвүүд сайн. Гэвч өнөөдрийн байдлаар хадгалалт нь зарим хэсэгтээ шаардлага хангасан, хангахгүй байна. Байр савны асуудалтай л холбоотой. "Чингис хаан" гэхэд олон улсын стандарттай, судалгаа, шинжилгээ, сэргээн засварлалт хийх бүтэн бүтэцтэй. Үүн шиг Соёлын өвийн үндэсний төвийн барилга өнгөрсөн онд ашиглалтад орсон. Үндэсний галерей ч сэргээн засварлах лабораторитой болсон. Бага багаар сайжирч л байна. Соёлын яамтай болж, тодорхой төсөв мөнгийг нь тавьснаас хойш бүтээн байгуулалт нь явж байгаа юм.
-Соёлын бодлого нь өөрөө өмнө нь газар, хэлтсийн хэмжээнд явж ирсэнтэй холбоотой байх?
-Тийм ээ. Яамны хэмжээнд бодлого явуулах нь чухал. Хүнийг хүн болгож байгаа зүйл нь соёл. Тэр дундаа Монгол хүнийг бий болгож байгаа зүйл нь соёлоор дамждаг.
-БНСУ-ын "К-Поп" урсгалыг үндэслэгч Монголд ирж ажилллаад буцсан гэж сонссон?
-Бидэнтэй ойрхон байгаа газар нь БНСУ. Сүүлийн 30 жил соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бодлогоор хөгжүүлсэн газар. Үр дүнд нь дуу хөгжим, кино урлаг нь дэлхийд танигдаж байна. Бусад дам нөлөөгөөрөө хүнс, аялал жуулчлал, гоо сайхан, гар урлал нь орж ирж байгаа юм. Үүнийгээ маш сайн системтэйгээр үүсгэсэн. Тэгэхээр БНСУ-ыг модел болгож ашиглах бүрэн боломжтой. Энэ хүрээнд БНСУ-ын SMtown-ы ерөнхий продюссер Lee Soo-man Монголд багаараа ирээд явсан. SMtown-ы үүсгэн байгуулагч, "К-Поп" урсгалыг үндэслэгч нь. Соёлын технологийг нэвтрүүлэх, хамтын бүтээлүүдийг гаргах зэргээр ярилцсан. Урд хөршид "К-Поп" одуудыг аваачихад хүндрэлтэй байдаг бол Монголд зохион байгуулахад бусад орноос ирж үзэх боломжтой.
-Цахим шилжилтийн тухайд?
-"Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цахим үндэстэн болохоор тусгасан учраас бодлого нь жигд тараад яваа. Үүний хүрээнд гурваас дөрвөн том системийг нэвтрүүлж байгаа. Үндэсний хэмжээнд мэдлэг шилжүүлэх системийг нэвтрүүлнэ. Соёлын өвийн биет болон үл хөдлөх өвүүдийг нэг дор оруулж, мэдээллээр хангах юм. Тендер нь зарлагдахаар ирэх жилээс ашиглалтад орох байх. Номын сан, галерей, музейд байгаа соёлын өвийн мэдээллүүд бүхэлдээ орно. Цахимаар болон тухайн газар нь очиж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой болно гэсэн үг.
Соёлын өвийн бүртгэлүүд өөр, өөр системд байдаг юм. Үүнийг нэгдсэн системтэй болгох юм. Цаашлаад номоо цахимжуулж байгаа.
-Үндэсний төв номын сангийн барилга ашиглалтад орохгүй байгаагийн шалтгаан
-2012 оноос хойш явж байгаа барилга. Тендерт шалгарсан компани нь маш учир дутагдалтай. Нэг юмыг хэлэхэд тендер шалгарчихаад ажлаа хийхгүй байгаа компаниудыг "хар жагсаалт"-д оруулна. Засгийн газрын хуралдаанаар яригдаж байгаа асуудал. Хэд хэдэн компанийн нэрсийг өгч байгаа. Чадна гэж ажил авчихаад 10 гаруй жил төсвийн хөрөнгийг үхмэл болгоод хаяж болохгүй. Үндэсний төв номын сангийн шинэ барилгын ажлыг нь аль болох эрчимжүүлж 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
-Цирктэй холбоотой асуудал хэсэг хугацаанд шүүмжлэл, хардлага төрүүлээд намжих шиг боллоо...?
-Мэдээллийн зөрүүтэй байдлаас болж янз бүрийн ойлголт гарч ирсэн. Циркийн барилгыг маш олон жилийн хувьчилчихсан. Менежментийн хувьчлал явж байгаад тухайн газраа бүрмөсөн хувьчилсан гэсэн үг. Гол нь цирк яагаад асуудалтай байна гэхээр нэг барилгад төвлөрдөг байсантай холбоотой. Түүнээс үүдэж салбарын асуудал нь барилгатай уялдсан. Ийм асуудал бол байгаа. Цирк өөрөө чухал салбар.
Тиймээс Боловсролын сайдтай ярилцаад консерваторид байдаг циркийн ангийн сургалтын танхимыг бий болгохоор төлөвлөсөн.
-Засвар хийх нэрийдлээр хуучин барилгынх нь зориулалтыг өөрчилснийг олон нийт эсэргүүцээд байгаа?
-Менежментийн хувьчлал хийх үеийн гэрээний заалт нь анх байсан чиглэлийнх нь дагуу үйл ажиллагаа явуулах тухай. Тэр дагуу циркийн өрөөтэй байсан юм билээ. Одоо бол засвар үйлчилгээ орсон болохоор түүнийгээ дуусгахыг хүлээж байна. Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс циркийн салбарын чиглэл яаж явах талаар тодорхойлж гаргаж ирэх үүрэг өгсөн. Ганцхан барилгад нэг салбар байсан болохоор асуудал үүсч л байна. Ямар ч байсан циркийг анхны боломжит нөхцөлд буцааж аваачна.
С.Гандөл