Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын сугалааны асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "НӨАТ-ын сугалааг түр зогсоосон байгаа. Сугалааны технологи, процессыг шинэчилнэ. Долоон жилийн хугацаанд шинэчлэл хийгээгүй.
Хамгийн гол ялгаа нь өмнө нь бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтуудыг сугалаанд оруулдаг байлаа. Өөрөөр хэлбэл бүртгүүлээгүй баримт ч сугалаанд ордог байсан. Азтан тодрохгүй байх асуудлууд гардаг журмаар явж ирсэн.
Шинэчлэлээр зөвхөн бүртгүүлсэн баримтыг сугалаанд оруулдаг болгоно. Мөн бүсчлэх, ил тод болгох юм. Жишээ нь иргэн тухайн сардаа НӨАТ-ын 100 баримт бүртгүүлсэн бол эдгээр нь бүгд сугалаанд орсон гэдгийг утсан дээрээ харна. Хожих магадлал болон гарч буй тооны мэдээллийг шууд авдаг болно. Иргэн бүр өөрөө сугалаанд оролцогч болох дэвшилтэт, шударга, олон нийт хүлээн зөвшөөрөх хэлбэрээр явуулахаар судалгаа хийж, бэлтгэлээ хангаж байна. Есдүгээр сараас НӨАТ-ын сугалааг сэргээх төлөвлөгөөтэй.
Дөрөвдүгээр сард НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримтаа уншуулах тоо 50%-аар буурсан. Үүнээс үзэхэд сугалаа НӨАТ-ын орлогод том хөшүүрэг болдог байсан нь харагдаж байна.
НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхгүй. Сугалаа нь өөрөө буцаалтын нэг хэлбэр" гэлээ.