Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Жайка-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд 2022 оны Наймдугаар сарын 19-ний өдөр “Монгол-Японы бизнес форум – 2022” боллоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Х. Кобаяши нар форумыг нээж үг хэлэв. Форумд Монгол Улсаас 300, Япон Улсаас 100 гаруй төлөөлөгч оролцов.
Гадаад харилцааны сайд хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн өгөөжийг нэмэгдүүлэх, дижитал эдийн засаг, цахим шилжилт, цахим арилжаа, цахим худалдаа, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриалав.
Монгол Улс “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай, “Гуравдагч хөрш”, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулсан Япон Улстай цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн шинэ шатанд гаргах, шинэ шийдэл, санааг хэрэгжүүлэн, хөрөнгө оруулалт, бизнесийг өргөжүүлэх өргөн боломж буйг форумд оролцогчид тэмдэглэв.
Манай улс 2025 онд Японд болох “Осака-Кансай EXPO” олон улсын үзэсгэлэнд албан ёсоор оролцоно. Монгол Улс анх 1970 онд Японы Осака хотод зохион байгуулсан ”Экспо 70” үзэсгэлэнд урилгаар оролцож байжээ. Манай улсад одоогоор Японы хөрөнгө оруулалттай 670 гаруй аж ахуйн нэгж компани үйл ажиллагаа явуулж байгаа аж.