Баяр наадмын зохион байгуулах хороо, Бөхийн салбар комиссоос допингийн хариуг танилцууллаа.
Мэдээллийн эхэнд Үндэсний их баяр наадмын бөхийн салбар комиссын дарга П.Сайнзориг "Баяр наадмын тухай хууль энэ жил шинэчлэгдсэн. Хуучин 5 ба түүнээс дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг байсан бол энэ жил 4 ба түүнээс дээш давсан бөхчүүдээс авсан.
Өөрөөр хэлбэл, энэ жилийн баяр наадмаар 1024 бөх барилдсанаас 64 бөх, 16 харваач шинжилгээнд хамрагдсан.
64 бөхийн хамгийн сүүлийн хариу нь өнгөрөн баасан гаригт Өмнөд Солонгосоос ирсэн. Үүнээс 63 бөхөөс допинг илрээгүй харин нэг бөхөөс допинг илэрсэн. Тэр бөх дөрөв даваад тавын даваанд унасан. Түүний нэрийг зарлах боломжгүй. Түүнд шинжилгээний хариуг биечлэн танилцуулаад Б сорьцны шинжилгээ өгөх эсэхийг лавлана. Есдүгээр сарын 1-ний дотор хариугаа ирүүлэх ёстой. Хариуг хүлээн зөвшөөрнө гэвэл бөхийн нэрийг нийтэд зарлана. Дахин шинжилгээнд орно гэвэл шинжилгээний хариу гарах хүртэл бөхийн нэрийг олон нийтээс нууцална.
Тухайн бөх тавын даваанд унасан учраас бөхчүүдийн цол, эрэмбийн дэс дараалалд өөрчлөлт орох явдал болохгүй. Хэдийгээр тэрхүү бөх цолны даваанд барилдаагүй ч гэсэн хориотой бодис хэрэглэсэн учраас хариуцлага тооцно" гэлээ.