БГД-ийн 13-р хороонд байрлах 1-р байрны орчим, 13-р сургуулийн баруун тал, 77-р цэцэрлэгийн хойд талд явган хүний замгүй, үүнээс болж бороо орсон үед ус ихээр тогтдог, оршин суугчид зорчиход хүндрэл учруулдаг байсан юм. Үүнтэй холбоотойгоор иргэд оршин суугчдаас ус их тогтдог газарт явган хүний замтай болгож өгөх хүсэлтийг удаа дараа ирүүлж байсан удаатай. Тэгвэл иргэдийнхээ ирүүлсэн санал, хүсэлтийн хүрээнд энэ онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус хороонд 1070 мкв талбайд явган хүний замыг шинээр тавьж, 18 гишгүүртэй шат болон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулан налуу замыг шинээр тавилаа.
Дашрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэг 2022 онд иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт (ДТХО)-аар хэд хэдэн байршилд нийт 9383.14м2 явган хүний замыг шинээр тавих, засварлахаас гадна хашлага хийхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар 23 байршилд 6171 м2 явган хүний зам тавиад байгаа юм.