Шатахууны жижиглэнгийн үнэд хяналт тавин ажиллаж байгаа болон үнэ буурах боломжтой байгаа тухай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас/ШӨХТГ/ мэдээлэл гаргажээ.
Тус газраас мэдээлснээр ОХУ-ын "Роснефть" компаниас 2022 оны наймдугаар сард манай улсад нийлүүлэгдэх А-80, АИ-95, АИ-98 авто бензиний импортын хил үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар тус бүр буурсан байна.
Наймдугаар сард орж ирсэн дотоодод худалдаалагдах дизель түлш болон АИ-80, АИ-95, АИ-98 авто бензиний литр тутмын үнэ бууж, зургаадугаар сарын түвшинд очих боломжтой.
Шатахууны үнийн өсөлтийг барих зорилгоор Засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж гаалийн онцгой татварыг тэг болгож, валютын нөөц бүрдүүлэлтэд анхаарч, "Роснефть" компанитай болон ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийн ажиллаж байгаа билээ. Иймд ШӨХТГ-аас шатахуун импортлогчдын ашиг алдагдлын нарийвчилсан тооцоог валютын ханшийн зөрүүтэй уялдуулан гаргаж, шатахууны үнийн өөрчлөлтөд хяналт тавин ажиллаж байна.
Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүд дотоодод худалдаалж буй шатахууны үнийг буулгалгүй нэг түвшинд барьсан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана.
Өмнөх саруудад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны үнийг нэгэн зэрэг ижил хэмжээгээр өсгөхөд шатахуун импортлогч компаниудын ашиг алдагдлын зөрүү хасах гарч, УУХҮЯ-наас тодорхой хэлэлцээр, зохицуулалтууд хийсэн байсан учир үгсэн хуйвалдсан гэж үзээгүй болно хэмээн мэдэгджээ.