Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай "Ө" гэгч айлд засал хийгээд буцахдаа 15 настай охинд нь "Тусдаа засал хийнэ" хэмээн машиндаа дуудсан байна. Улмаар шашны зан үйл хийлгэх нэрийдлээр бэлгийн ёс бус үйлдэл гаргаж, хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан.
Тэгвэл уг хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан лам "Ө"-ийн гэм буруугийн шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.
Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад "Хэрэгт холбогдуулан шалгаж байсан "Ө"-г Эрүүгийн хуулийн 12.1.2.1-т зааснаар 10 жил хаалттай хорих ангид хорихоор шийдвэрлэсэн. Түүнчлэн хэрэг үйлдсэн автомашиныг улсын орлого болголоо" гэсэн юм.
Эрүүгийн хуулийн 12.1.2.1-т ингэж заажээ.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
12.1.2.1 Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн тохиолдолд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.