Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүд өнгөрөгч оны хичээлийн жилээс эхлэн харъяаллын дагуу сургууль, цэцэрлэгтээ хамрагдах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан. Хэдийгээр эцэг, эхчүүдийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэж байсан ч уг шийдвэр энэ хичээлийн шинэ жилд ч мөн хүчинтэй хэвээр байгаа гэдгийг салбарын яамнаас мэдээлжээ.
Тодорхой хэлбэл, Багахангай дүүргийн харъяалалтай иргэн өөр дүүрэгт байр түрээсэлж амьдардаг байсан ч заавал харъяа дүүргийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ хамруулах шаардлагатай юм байна. Тиймээс сургууль, цэцэрлэгүүд шаардлагатай тохиолдолд сурагчдын эцэг эхийн байрны ордерыг шалгах эрхтэй болжээ. Шалтгаан нь эцэг эхчүүд хуурамч бичиг баримт бүрдүүлж хүүхдээ сургуульд бүртгүүлэх тохиолдол цөөнгүй гардаг байна.
Энэ шийдвэр хэрэгжсэнээр түгжрэл буурч, цэцэрлэг сургууль ачааллаа дийлэхгүй байх, нэг ангид нэмэлтээр хүүхэд авснаас болж сургалтын чанар муудах зэрэг асуудал багасна гэж салбарын яам үзэж байна.