Наймдугаар сарын 6-7-ны хооронд буюу ирэх амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар мэдээллээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг “Даншиг наадам-Хүрээ цам” нь шашин соёлын наадам төдийгүй нийслэл хотоос зохион байгуулдаг уламжлалт аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн юм.
Энэ удаагийн наадмын үеэр залуу лам нарын дунд ном хаялцах болон балингийн урлалын тэмцээн зохионо.
Цар тахлын өмнөх судалгаагаар нэг жуулчин өдөрт дунджаар 150 ам.доллар зарцуулдаг ба 5-7 хоног аялдаг. Тиймээс аялал жуулчлалын холбогдолтой үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэв.
Харин Гандантэгчэнлин хийдийн ХМОНХ албаны дарга Ч.Бямбажаргал "Даншиг наадмыг 1639 оноос Монголд хийж эхэлсэн байдаг. Цамын тухайд 1811 оны төмөр хонин жил дөрөвдүгээр Далай ламын үеэс Даншиг наадамтай хамтатган тэмдэглэж ирсэн. Түүнээс хойш Агваанхайдав ламтны зохиосон цамын дэг, хувцас тодорхой болсон юм. Бусад цам дэлгэрсэн улсуудаас Монголын хүрээ цам юугаараа ялгаатай вэ гэхээр Дамдинчойжил бурханыг сахиусыг голлосон онцлогтой.
Цам цамлаачид нь Ямандарын бясалгал, бүтээлийг хийсэн хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс нь бурханы шашны бага таван ухааны нэг болох бүжиглэхүйн ухааныг эзэмшсэн хүмүүс юм.
Цам нь гадаад дотоодын түйтгэрийг дарах, хар зүгийн лус савдаг тэргүүтнийг амирлуулах, хүмүүн бусын хорлолоос хол байлгах, дотоод түйтгэр болох хорт муу сэтгэл, нисванисыг дарах ач тустай. Тиймээс сүсэгтэн олон маань олноороо ирж, ажил үйлсээ даатгах боломжтой" гэлээ.