Цагдаагийн алба хаагчийг доромжилж, араас нь нулимсан Турк улсын иргэнийг 250,000 төгрөгөөр торгосон талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай мэдээллээ.
Тэрээр "Цагдаагийн байгууллагад энэ оны долдугаар сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22-ын товчоо Шинэ авто худалдааны цогцолборын ойролцоо "Каргоноос болж хүмүүс маргалдаад байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн.
Каргогоор ирсэн ачаатай холбоотой уг асуудалд харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа явуулахад гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг дүүрэг дэх прокурорын газарт хүргүүлсэн.
Мөн тухайн үед дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчдад Турк улсын иргэд буутай байна, машинд нь буу байж болзошгүй гэх мэдээлэл өгснийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад БНТУ-ын иргэний биеэс болон автомашинаас ямар нэгэн галт зэвсэг болон зэвсгийн чанартай эд зүйл илрээгүй байна.
Харин шалгалт хийж байсан цагдаагийн алба хаагчийг турк жолооч хэл амаар доромжилсон, араас нь нулимсан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан үндэслэлээр 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан" гэлээ.