Энэ сарын 26-ны өдрийн 14:30 цагт Төрийн Соёрхолт Д.Сосорбарамын зуслангийн гадна талбайд нүүрээ багаар халхалсан 10 орчим иргэд жагсаал хийсэн. Бусдыг заналхийлэх, амгалан тайван байдал алдагдуулах зэрэг хууль бус үйлдэл гаргасан эдгээр хүмүүсийн үйлдэл олны анхаарлын төвд байгаа билээ.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах тайлбарыг өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай "Багтай жагсаал хийсэн үйлдэлтэй холбоотой асуудлыг харьяаллын дагуу Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс тухайн өдрөөс эхлэн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Уг жагсаалд оролцсон иргэд хэн болох зэрэг хувийн байдлын талаарх асуудлыг цагдаагийн байгууллагаас хууль тогтоомжид заасан хүрээнд тогтоож, мэдүүлэг тайлбар авч ажиллаж байгаа. Жагсаал цуглаан болсон газар нь нийт зургаан өрхийн эзэмшлийн зуслангийн газар байдаг бөгөөд үүний нэг нь иргэн Д.Сосорбарамын эзэмшилд байдгийг тогтоосон.
Багтай иргэд бүртгэлгүй жагсаал, цуглааныг зохион байгуулсан тул дээрх үйлдлүүд нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Тухайн иргэд бусдын амь насанд заналхийлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй" гэв.