БХБ-ын сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр болж, барилгын материалын үнийн өсөлтийг тооцох магадлалын ажлын дүнг хэлэлцжээ.
Барилгын хөгжлийн төвийн Зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангалын танилцуулснаар магадлалд материалаа ирүүлээгүй нийт 317 төслийг хүлээн авах хугацааг наймдугаар сарын 1 хүртэл сунгаж ажилласан. Хугацаа сунгаж явуулсан магадлалын дүгнэлтээр баталгаажих 122 төсөл арга хэмжээнд нийт 32.2 тэрбум төгрөгийн зөрүү санхүүжилт гарч, үүнийг гэрээний үнийн дүнгийн үлдэгдэлтэй харьцуулахад 12,8 хувийн үнийн өсөлт гарчээ. БХБ-ын сайд барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажилд ирэх сарын 1 гэхэд аудит оруулах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах үүрэг өгсөн байна.
Мөн Төв болон аймгуудын цэвэрлэх байгууламжуудын шинэчлэл, цементийн үйлдвэрлэлийн байдал, цэцэрлэгийн барилгын норм, нормативыг шинээр боловсруулж буй ажлын талаар тодруулж, нэмэлт мэдээлэл сонсож, шийдвэрлэх талаар холбогдох үүрэг даалгавар өгчээ. БХБ-ын сайд Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлыг шуурхайлах, төслийн явцыг газар дээр нь үзэж танилцахаа мэдэгдэж, Замын-Үүд боомтод барьж буй барилгын материалын хяналтын лабораторийн барилгын ажлыг эрчимжүүлэхээ амлалаа.